Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 462

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч Д.Дэлгэрмаа,

Шүүгдэгч ижиддорж, үрэвдорж  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ижиддорж, үрэвдорж нарт холбогдох эрүүгийн 1711008540160 дугаартай хэргийг 2017 оны 10  сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 4 сарын 7-ны өдөр Архангай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Чулуут 1 дүгээр баг, Өлзийт голд оршин суух хаягтай боловч одоогоор Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 3-23 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Цагаан төмөр овогт Ганбаатарын Мижиддорж, 1994 оны 4 сарын 24-ний өдөр Архангай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, “Буянт хайрхан” вакум цонхны үйлдвэрт туслах ажилтнаар ажилладаг, Архангай аймгийн Чулуут 2 дугаар багт суух хаягтай боловч одоогоор Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хороо, Нуурын 3-23 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар

Шүүгдэгч үрэвдорж  нь 2017 оны 9 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 7-215 тоотод хохирогч Б.Барсболдтой маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж хамрын нуруу, зүүн нүдний доод зовхины няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулан зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ижиддорж нь /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 2017 оны 9 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 7-215 тоотод найзыгаа өмөөрч хохирогч Б.Барсболдтой маргалдан түүний шүд, уруул хэсэгт нь гараараа цохиж уруулын зөөлөн эдийн няцрал, нэг шүдний булгарал, хоёр шүдний сулрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч үрэвдоржоос мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ..2017 оны 9 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүрэг Дэнжийн мянгад байрлах манай ангийн хүүхэд болох Лхагвасүрэнгийн гэрт Жаргалсүрэн, Барсболд, Батмягмар, Мижиддорж, Лхагвасүрэн бид хэд уулзаж нэг шил 0.75 граммтай Улаанбаатар архи хувааж уусан. Тэгээд Жаргалсүрэн, Барсболд хоёр G1 гэх нэртэй утаснаас болж муудалцан зодолдоод байхаар нь би тэр хоёрыг салгасан. Тэгээд намайг салгаж байхад Барсболд намайг нэг цохьсон тэгэхээр нь би Барсболдыг зөрүүлээд цохьсон. Тэгээд би Барсболдыг байшингаас нь гадаа авч гараад Барсболд бид хоёр хоорондоо эвлэрсэн Барсболд бид хоёрыг гадаа байж байхад Мижиддорж гарч ирээд би байшин руу зөрөөд орсон. Тэгээд Барсболд, Мижиддорж хоёр тамхилах гээд үлдсэн. Тэгсэн удаагүй намайг байшинд байж байтал Барсболд, Мижиддорж хоёр гадаа маргалдаад зодолдсон. Тэгэхээр нь би очиж зодооныг салгасан Барсболд, Мижиддорж миний шүдийг унагаачихсан гэж бид нарт хэлсэн.. гэсэн мэдүүлэг /хх 41/

 

            Шүүгдэгч ижиддоржоос мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ..2017 оны 9 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүрэг Дэнжийн мянгад байрлах манай ангийн хүүхэд болох Лхагвасүрэнгийн гэрт Жаргалсүрэн, Барсболд, Батмягмар, Мижиддорж, Лхагвасүрэн бид хэд уулзаж нэг шил 0.75 грамм Улаанбаатар архи, 2.5 литртэй Нийслэл гэх нэртэй 4 пиво хувааж уусан. Тэгээд Жаргалсүрэн, Барсболд хоёр G1 гэх нэртэй гар утаснаас болж муудалцаад зодолдсон. Тэгээд Пүрэвдорж тэр хоёрын зодооныг салгасан. Тэгээд Пүрнвдорж Барсболдыг нэг удаа баруун гараараа нүүрлүү цохьсон. Тэгээд бид хэд нийлээд ширээн дээрээ суусан. Удалгүй дахиад Жаргалсүрэн, Барсболд хоёр муудалцаад зодолдсон. Тэр хоёрийг Лхагвасүрэн салгасан. Тэгээд Барсболдыг Пүрэвдорж аваад гарсан. Тэгээд араас нь Жаргалсүрэн гарсан. Тэгээд удаагүй байж байтал Жаргалсүрэн байшинд дахиад гадаа Барсболдод зодуулчихлаа гэж орж ирсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд найз Жаргалсүрэнг өмөөрөөд Барсболдыг нэг цохьсон. Тэгсэн Барсболд зөрүүлээд намайг нэг цохьсон. Тэгээд Лхагвасүрэн салгасан. .. гэсэн мэдүүлэг /хх 44/

 

Хохирогч Б.Барсболдоос мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг: ..2017 оны 9 сарын 24-ний орой дүү Т.Батмягмарын гэрт очиж хонох гэж байсан юм. Тэгээд би утас руу нь залгахад Дэнжийн мянгад байна гэж хэлж байсан. Тэгээд намайг хүрээд ирээд хамт манайх руу явья гэж надад хэлсэн. Тэгээд би Дэнжийн мянгад Лхагвасүрэнгийн гэрт очсон. Намайг очиход манай дүү Т.Батмягмарын ангийн Пүрэвдорж, Мижиддорж, Лхагвасүрэн, Жаргалсүрэн гээд хүүхдүүд байсан. Бас тухайн үед манай ээжийн дүүгийн хүүхэд Сэргэлэнбаяр байсан. Намайг очиход дээрх хүмүүс нилээн согтолттой байсан. Манай дүү Батмягмар ангийнхаа Жаргалсүрэнтэй маргалдаад байсан юм. Тэгэхээр нь би дүүгээ гэр рүүгээ явах уу гэж хэлсэн юм. Тэгэхэд Жаргалсүрэн, Пүрэвдорж нар дүүгээ явуулчих чи байж бай гээд байсан. Батмягмарыг, Сэргэлэнбаяр хүргэж өгөөд буцаж ирэхээр явсан, Тэгээд Батмягмар, Сэргэлэнбаяр хоёр яваад өгсөн. Пүрэвдорж, Жаргалсүрэн, Лхагвасүрэн, Мижиддорж бид нар үлдсэн. Ерөнхийдөө суугаад Сэрүүн гэх нэртэй 2,5 литрийн пиво 2 уусан. Тэгээд байж байгаад 2-3 жилийн өмнөх асуудлаас болж Жаргалсүрэнтэй муудалцаад барьцалцаж авсан. Барьцалдаж аваад байж байсан чинь Пүрэвдорж бид хоёрыг салгаад байж байгаад Жаргалсүрэнг түлхээд эргэж хараад миний хамар руу гараараа нэг удаа цохьсон. Хамар руу яагаад цохьж байгаа юм бэ гэсэн чинь хоёулаа гаръя гэж Пүрэвдорж хэлсэн. Гадаа гараад Пүрэвдоржтой ярилцаад учраа олоод байж байсан чинь Мижиддорж гарч ирээд найзыгаа өмөөрч байна гээд миний толгой болон шүд рүү гараараа 2-3 удаа цохьсон. Намайг Мижиддорж цохиж байхад дүү Сэргэлэнбаяр ирээд бид хэдийг салгасан. Тэгээд би хашаанаас гараад Петровис клонкийн ойролцоогоос цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед миний цагдаа дуудах шалтгаан нь миний хамар амнаас цус гараад байсан, Сэтгэл зүйн цочролд орчихсон байсан юм уу даа .. гэсэн мэдүүлэг  /хх 10, 11/

 

Гэрч Д.Лхагвасүрэнгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2017 оны 9 сарын 24-нөөс 25-ны өдөр манай гэр болох Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 7-215 тоотод манай найзууд болох Пүрэвдорж, Мижиддорж, Жаргалсүрэн, Барсболд, бид нар цуглаж уулзалдсан. Тэгээд бид хэд хоорондоо яриад сууж байсан чинь Барсболд, Жаргалсүрэн хоёр маргалдаж, зодолдсон. Тэгээд Барсболд Жаргалсүрэнг цохьсон. Тэгээд Пүрэвдорж тэр хоёрын зодооныг салгасан. Тэр үед Пүрэвдорж салгаж байхад Барсболд Пүрэвдоржийг цохьсон. Тэгээд Пүрэвдорж зөрүүлээд Барсболдыг цохьсон. Барсболд, Пүрэвдорж хоёр эвлэрнэ гээд байшингаас гараад явсан. Тэгээд Мижиддорж бид хоёр Барсболд, Пүрэвдорж хоёрын араас нь гадаа гарсан. Тэгээд Мижиддорж Жаргалсүрэнг өмөөрөөд Барсболдтой муудалцаад Барсболдыг цохьсон. Тэгээд би Барсболд, Мижиддорж хоёрын зодооныг салгасан.. гэсэн мэдүүүлэг /хх 19/

Гэрч Б.Жаргалсүрэнгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2017 оны 9 сарын 24-нөөс 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 7-215 тоотод байрлах манай найз Лхагвасүрэнгийн гэрт Пүрэвдорж, Мижиддорж, Барсболд, бид нар цуглаж уулзалдсан. Тэгээд бид хэд хоорондоо яриад сууж байсан чинь Барсболд бид хоёр хоорондоо муудалцсан. Тэгээд Барсболд намайг цохьсон. Тэгээд Пүрэвдорж бид хоёрын зодооныг салгасан. Тэр үед Пүрэвдорж зодооныг салгаж байхад Барсболд Пүрэвдоржийг цохьсон. Барсболд, Пүрэвдорж хоёр эвлэрнэ гээд байшингаас гараад явсан. Тэгээд миний хамарнаас цус гоожоод би цусаа тогтоосон. Тэгээд Барсболд, Пүрэвдорж хоёрын араас гадаа Лхагвасүрэн, Мижиддорж хоёр гарч явсан. Тэгээд би нилээн байж байгаад гадаа гарсан чинь Барсболд яваад өгсөн байсан. Тэгээд удаагүй байж байтал Барсболд цагдаа дагуулаад ирсэн.. гэсэн мэдүүлэг /хх 20/  

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  ¹12192 дугаартай дүгнэлтэнд: .. Б.Барсболдын биед хамрын нуруу, зүүн нүдний зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 1 шүдний булгарал 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.. гэсэн дүгнэлт. /хх-30/

 

Шүүгдэгч үрэвдоржийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 47/,оршин суугаа газрын тодорхойлолт /хх-46/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 48/, Шүүгдэгч ижиддоржийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 71/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-70/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-72/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан дээрхи нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгч нараас яллагдагчаар татагдаад өгсөн мэдүүлэг үнэн зөв талаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээс үзэхэд 2017 оны 9 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 7-215 тоотод шүүгдэгч үрэвдорж  нь хохирогч Б.Барсболдыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, шүүгдэгч ижиддорж нь шүд, уруул хэсэгт нь гараараа цохиж, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч үрэвдорж, ижиддорж нар нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд, уг хүсэлтийг прокурор хүлээн авч түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн тэднийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг танилцуулж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч нарт холбогдох хэрэг нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлж, хохирогчтой эвлсэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон зэрэг хуульд заасан шаардлага хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

үүгдэгч үрэвдорж, ижиддорж нарыг Эрүүгийн хууулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч үрэвдорж, ижиддорж нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг хязгаарлаагүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  үрэвдорж, ижиддорж  нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгуулийн ялыг 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үрэвдорж, ижиддорж нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч үрэвдорж, ижиддорж нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шүүгдэгч үрэвдорж, ижиддорж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.МӨНХБАЯР