Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2022/ДШМ/449

 

 

Г.Э, М.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Д.Чинзориг,

шүүгдэгч М.Бий өмгөөлөгч Ч.Болдбаатар,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/315 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Д.Чинзориг, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Э, М.Б нарт холбогдох 2102 00000 0338 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. .................../,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 913 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн;

2. .........................../;

Г.Э нь 2021 оны 10 дугаар сарын дунд үед Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 40,1806 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн,

2021 оны 10 дугаар сарын дунд үед Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтай 3 гудамж 362 тоотод оршин суух М.Бд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 32,4451 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн,

2021 оны 10 дугаар сарын дунд үеэс 2021 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хүртэл хугацаанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 7,7355 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 65 дугаар байрны 16 тоот өрөөнд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

М.Б нь 2021 оны 10 дугаар сарын дунд үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол замчид гудамж давхрын 14 дүгээр байр 2 тоотод оршин суух хаягтай Г.Эгээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 32,4451 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

2021 оны 10 дугаар сарын дунд үеэс 2021 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 64 дүгээр байрны гадна зогсоолд байрлуулсан 51-90 УАА улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 32,4451 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.Э, М.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .............................ийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалж “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ..............................г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалж, бусдад өгч “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил есөн сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч М.Бийг, таван жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Г.Эг тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 1 жил 9 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г.Эд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн мөрдөн шалгах ажиллагааны явцыг бэхжүүлсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 32,4451 грамм, 7,7355 грамм цэвэр жинтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, 3 ширхэг гааз, бор өнгийн гаанс зэрэг эд зүйлсийг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э, М.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, харамсаж байна. Хэрэг гардаг өдрөөс хойш өдөр болгон гэм буруудаа гэмшиж байна. Дахиж тийм муухай зүйл сонирхож болон хэрэглэж болохгүйг маш сайн ойлгож авлаа. Миний бие анх удаа хэрэгт холбогдож байгаа учраас харж үзэж нийгмээс тусгаарлахгүйгээр ялыг минь хөнгөрүүлж тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү.” гэжээ.

            Шүүгдэгч Г.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие ам бүл 4 эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг. Охин дүү Ж.Анужин дунд сургуулийн нэгдүгээр ангид суралцдаг. Хойд эцэг Жавхлантөгс, ээж Жаргалсайхан нар нь тогтсон эрхэлсэн ажилгүй байдаг. Манай гэр бүл олон жил түрээсийн байраар амьдарч байгаа бөгөөд өрхийн орлогын хувьд тодорхой бус. Миний бие өөрийн машинаар таксинд явж халтуур хийж гэр бүлээ тэжээдэг. Би өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй ба 2015 оноос эхлэн бие хүндээр өвдөж эхэлсэн. Өвчний онош бөөрний түүдгэнцэр эмгэгтэй болсон бөгөөд уургаа алдаж цагаан эс, улаан эсээ алддаг ховор төрлийн өвчин туссан юм. Үүний улмаас бие эрхтэн огцом доройтсон. 2015 оноос эмнэлгээр удаа дараа хэвтэн эмчлүүлэх, байнгын хараа хяналтад орсон. 2019 онд дээрх өвчнөөр хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдаж групп тогтоолгосон. Анхан шатны шүүхээс надад 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Гэвч дээрх надад оноосон ял шийтгэл нь хэтэрхий эсрэг талд үйлчилсэн бөгөөд миний эрх зүйн байдлыг дордуулсан ялаар шийтгэлээ. Хэргийн тухайд миний бие хэрэг үйлдэгддэг өдөр болох 2021 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө сэтгэцэд нөлөөлөх өвсийг бусдын нөлөөнд автаж татсан нь үнэн. Харин би дээрх өвсийг олж бэлтгээгүй, хадгалаагүй нь үнэн болно. Найз хэрэгт хамт холбогдсон М.Б илт миний талаар огт ор үндэсгүй, нотолгоогүйгээр худал мэдээлэл өгч, өөрийгөө өмгөөлөн, өөрт ашигтай байдлаар шийдвэрлүүлсэн нь миний хувьд огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл хэргийн талаар түүний найзууд болох Д.Анхбаяр, н.Ганцэцэг нарын гэрчийн мэдүүлгээр илт давуу байдлаа ашиглан миний эсрэг гүтгэсэн гэж үзэж байна. М.Б нь хэдийгээр миний найз боловч бүх хэргээ чихсэнд би үнэхээр гайхаж бас харамсаж байна.

            Мөн 2021 оны 4 сард хэсэг бүлэг хүмүүсийн ятгалгаар цахим гэмт хэрэгт холбогдсон. Тухайн гэмт хэрэг нь автомат тоолуурын машин буюу АТМ-ээс хууль бусаар мөнгө авдаг гэмт хэрэг байсан. Энэ хэрэг нь Нийслэлийн цахим гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгагдаж байгаа бөгөөд Нийслэлийн прокурорын газарт шалгагдаж байна. Анхан шатны шүүхээс тогтоосон ялыг хөнгөрүүлж, хорихоос бусад ялаар сольж өгнө үү. Миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, дээрх 2 хэргийг нэгтгэн миний эрх зүйн байдлыг дээрдүүлэх, мөн хэргийг дахин хянан шалгаж өгнө үү гэж гуйж байна. Миний бие гаргасан үйлдэлдээ туйлын ихээр гэмшиж, алдаагаа ухамсарлан ойлгож, дахин шинээр нийгэмшиж, хууль дүрэм журмын дагуу зөв амьдрах, нийгэмд үлгэр дуурайлалтай иргэн болохоо амлаж байна. Би хэрэгт холбогдож, цагдаад шалгагдсанаас хойш гэм буруугаа ухаарч Есүс-Христийн сүмд явж эхэлсэн. Сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, хориотой өвс ургамлыг хэрэглэж болохгүй, хуулинд харш нийтийн эсрэг дайсан гэдгийг өөрийн ойр дотны болон найз нөхөд, хамаатан садандаа таниулан суртчилан мэдээлэх нь чухал гэдгийг миний бие ухаарч ойлголоо. Иймд миний үйлдлийн талаар үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Эгийн өмгөөлөгч Д.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, уг хэсгийн 1.2 “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3 “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэх үндэслэлүүдээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд, анхан шатны шүүхээс “...шинжлэн судлаад дүгнэхэд шүүгдэгч Г.Э нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан ...зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.” гэх дүгнэлтийг хийн, түүнд 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Гэвч хавтаст хэрэгт авагдан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудаас харвал шүүгдэгч Г.Э, М.Б нар нь 2021 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Ч.Ганцэцэг, Д.Анхбаяр нарын хамтаар өвс гэх нэршилтэй хориотой бодисыг хэрэглэсэн гэдгийг нотлохоос бус харин Г.Эг 2021 оны 10 дугаар сарын дунд үед Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутаг дэвсгэрээс 40.1806 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн гэдгийг огтоос нотлохгүй байгаа юм. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” гэх үндэслэлд хамаарч байна. Мөн энэ хэрэгт гурван ч удаа гэрчээр мэдүүлэг өгсөн Ч.Ганцэцэгийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байхад буюу М.Б нь анх өвсийг машины арын багаажнаас гаргаж хэрэглэсэн үү, эсхүл урд хайрцагнаас гаргаж хэрэглэсэн үү гэдэг дээр шүүх дүгнэлт хийгээгүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хоёр ууттай өвс хураагдсан байдаг бөгөөд нэг нь Г.Эгийн гэрээс, нөгөө нь М.Бий автомашины урд хайрцагнаас олдсон. Нөгөөтэйгүүр нэр бүхий шүүгдэгч, гэрч нарын хэрэглэсэн өвс нь машины арын багаажнаас М.Бий гаргаж ирсэн өвс, тухайн өвсийг үргэлжлүүлэн хэрэглэх зорилгоор Г.Эгийн гэрт авч орсон гэж үзвэл Г.Эгийн хууль бусаар хадгалсан эсэх гэм буруугийн асуудал ч хөндөгдөнө. Түүнчлэн бусад гэрчүүд болох А.Энхтуул, Д.Анхбаяр нарын мэдүүлгүүдийг эцэслэн нэг мөр шалган тогтоох ажиллагааг хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл “Хэргийн бодит байдлыг тогтоох”, 16.2 дугаар зүйл “Нотолбол зохих байдал” зэргийг баримтлаагүй, хэт нэг талыг барьсан мөрдөн шалгах ажиллагаа явагдсан гэдгийг дурдмаар байна. Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол“ гэх үндэслэлд хамаарч байна. Шийтгэх тогтоолын үндэслэлд дурдагдсан Г.Э, М.Б нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт ноцтой зөрүүтэй (түүж бэлтгэсэн, олж авсан, бусдад өгсөн гэх талаар) байдал байсаар байхад анхан шатны шүүхээс энэ талаар огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзнэ. Хэдийгээр шүүх хуралдааны явцад шүүгдэгч нар нь хэргээ хүлээн зөвшөөрсөн нөхцөл үүссэн хэдий ч шүүх тэднийг түүж бэлтгэсэн, бусдад өгсөн, олж авсан гэдгээр гэм буруутайд тооцохдоо харилцан эсрэг сонирхолтой яллагдагч нарын мэдүүлэгт эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөх учиртай. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэх үндэслэлд хамаарч байна.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд, шүүгдэгч М.Б нь 51-90 УАА улсын дугаартай автомашиндаа сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэдгээр яллагдагчаар татагдан, яллах дүгнэлт үйлдэгдэн шүүхэд шилжсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэх зохицуулалт бий. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх үндэслэлд хамаарч байна гэж үзэхээр байх тул зохих дүгнэлтийг хийлгэх үүднээс хэргийг дахин анхан шатаар хэлэлцүүлэхэд ч буруудахгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тухайд, 2021 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө нэр бүхий шүүгдэгч, гэрч нарыг саатуулан шөнийн 03 цаг 58 минутаас 05 цаг 40 минутын хооронд гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Энэ хуульд заасан хойшлуулшгүй, эсхүл тухайн хүн хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шөнийн цагаар мэдүүлэг авахыг хориглоно.” гэж хуульчилсан. Тэгэхээр тухайн мэдүүлгийг заавал шөнийн цагаар авахаар хойшлуулшгүй нөхцөл байдал үүссэн байсан уу гэвэл үгүй юм. Харин ч эсрэгээрээ сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мэдүүлэг өгөхөд учир дутагдалтай этгээдүүдээс мэдүүлэг авахаа хойшлуулах нь зүйд нийцнэ. Прокурорын хувьд ч энэ ажиллагааг хүчинтэйд тооцон, хойшлуулшгүй ажиллагаа гэж үзээгүй. Мөн дээрх хуулийн зохицуулалтаас харвал “...эсхүл тухайн хүн хүсэлт гаргасан...” байхыг шаардахаар байна. Гэтэл хүсэлт гаргасан гэх баримт хэрэгт байхгүй байгаа нь тухайн ажиллагаа хууль бус болохыг харуулж байна. Энэ хууль бус ажиллагаагаар бүрдүүлсэн гэрчийн мэдүүлэг нь цаашлаад дангаараа шүүгдэгч Г.Эг “түүж бэлтгэсэн, бусдад өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон гэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан “шүүх шийдвэр гаргахдаа энэ хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 16.11, ...дугаар зүйлд заасан нотлох баримтыг ашигласан” гэх үндэслэлд хамаарч байна.

Мөн энэ хэрэг илрэхэд хэн нэгэн этгээд хамтран ажиллах этгээдээр ажиллан, гэрчийн мэдүүлэг өгч мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон байх магадлалтай бөгөөд хэрэв тийм бол түүний мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.2-т зааснаар шүүгдэгч нарын гэм бурууг нотлох чадвараа алдана гэдгийг анхаарч, хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ дан ганц мэдүүлгүүдээр бус, харин бусад байдлаар эргэлзээгүйгээр тогтоох учиртай.

Энэ хэрэг дээр нэмж хэлэхэд яллагдагчийн өмгөөлөгч С.Төмөрбаатарын зүгээс шүүхэд 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүсэлт гарган, урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулахдаа “...Г.Эд холбогдох хэргийг нэг мөр, эрх зүйн байдлыг дордуулалгүйгээр нэгтгэн шийдвэрлэх үүднээс хэргийг прокурорт буцааж өгнө үү” хэмээн холбогдох баримтаа өгч, хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байсаар атал хүсэлтийг хангахаас татгалзан яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн нь Г.Эгийн эрх зүйн байдлыг дордуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн зааптыг чанд сахина”, 32.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 “эрүүгийн хэргийг нэгтгэх...” зэргийг зөрчсөн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол” гэх зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байгаа юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” гэх зохицуулалт нь 1-т ялтан ял эдэлж байхдаа шинээр гэмт хэрэг үйлдсэн, 2-т эсхүл өөр гэмт хэрэг нь шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон гэх зөвхөн хоёрхон нөхцөл байдлыг л хуульчилж өгсөн байдаг. Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй энэ цаг хугацаанд Г.Эгийн үйлдсэн хэргүүдийг нэгтгүүлэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа үүгээр илэрхийлж байна.

Эцэст нь хэлэхэд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Эд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй, уг зүйлийн 5 дахь хэсэг болон 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг харгалзан үзээгүйгээс үүдэн үйлдэгдсэн хэргийн шинж, хувийн байдал зэрэгт огтоос тохироогүй, илэрхий хүндээр 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байгааг анхааралдаа авна уу. Давж заалдах шатны шүүх хуралдаанд Г.Эгийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтыг гаргаж өгч байна. Шүүгдэгч нь бөөрний үрэвсэлтэй болсон бөгөөд зайлшгүй эмчилгээ хийлгэж байгаа тул хэргийг прокурорт буцааж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч М.Бий өмгөөлөгч Ч.Болдбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн буюу хуульд заасан журмыг баримтлаагүй асуудлыг авч хэлэлцээгүй орхигдуулсан. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хууль хэрэглэхтэй холбоотой асуудлаар мэтгэлцэж, шүүх энэ талаар дүгнэлтдээ тайлбарлаж оруулсан. М.Бий үйлдэл холбогдлын тухайд шүүгдэгч нь өөрт байсан өвсийг сайн дураараа гаргаж өгсөн. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн тайлбарт заасан “сайн дураараа шилжүүлэн өгсөн” гэх агуулгатай тохирч байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд заасантай нийцсэн. Өөрөөр хэлбэл, үзлэг хийх явцад “танд сайн дураараа гаргаж өгөх зүйл бий юу” гэж асуухад гаргаж өгсөн үйлдэл нь дээрх хуулийн зохицуулалттай нийцсэн гэж үзэхээр байна. Гэтэл шүүх үүнийг эсрэгээр нь хүндрүүлэх байдлаар тайлбарласан. Хэрэв мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн бол сайн дураараа гаргаж өгсөнд тооцохгүй байхаар зохицуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлд зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа явагдсанаар мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэнд тооцно. Мөрдөн шалгах ажиллагаа нь прокурорын зөвшөөрлөөр болон мөрдөгч бие дааж явуулдаг хоёр зохицуулалттай. Тухайн үзлэг хийсэн ажиллагаа нь прокурорын зөвшөөрөл шаардлагагүй ч прокурорын дүгнэлтэд орж байгаа зүйл нь үүнийг зөвтгөсөн өнгө аястай бичигдсэн нь буруу юм. Мөрдөн шалгах ажиллагаа гэж яригдаж байгаа тухайн цаг үед хийгдсэн ажиллагаа нь өвсийг хураан авсан тэмдэглэл байдаг бөгөөд уг тэмдэглэлд ямар нэг байдлаар гарч ирсэн зүйлийг хураан авсан талаар тэмдэглэсэн зүйл байхгүй. /хх8/ Прокурор дараа нь уг тэмдэглэлийн дагуу зөвшөөрөл олгож, 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 155 дугаартай тогтоолоор мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон. /хх38/ Ингэхдээ үзлэг хийсэн асуудал огт тусгагдаагүй, нэгжлэг хийх, хураан авах гэсэн зөвшөөрөл олгосон байсан. хэрэв нэгжлэг, хураан авч байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлд заасныг баримтлах ёстой. Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 4, 7, 8 дахь хэсгүүдийг огт дурдаж оруулаагүй, холбогдох журмыг баримтлаагүй. Түүнчлэн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үзлэг явуулахдаа мөрдөгч нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 30 минутад прокурорт зөвшөөрөл хүсч өгсөн байдаг. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 24 цагийн дотор зөвшөөрөл олгож, хүчинтэйд тооцох ёстой. Гэтэл бараг 4 өдрийн дараа тооцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлд зааснаар хугацааг тоолж үзэхэд хугацаа хэтэрсэн байсан. Хуанлигаас харахад хагас, бүтэн сайн өдөр таарсан байсан ч бидэнд үүнийг зөвтгөх үндэслэл хуулиар олгогдоогүй  тул уг ажиллагааг хүчинтэй гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үндэслэл журмын дагуу аваагүй тул тооцохгүй. Ийм учраас өмгөөлөгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдээгүй тул М.Б өвсийг сайн дураараа гаргаж өгсөн гэж үзэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх өмгөөлөгчийн энэхүү тайлбарыг М.Бий эрх зүйн байдлыг дордуулах байдлаар дүгнэлтдээ оруулсан байсан. Хэрвээ сайн дураараа гаргаж өгч байгаа бол мөрдөн байцаалтын ажиллагаанаас өмнө гаргаж өгөх ёстой байсан. Гаргаж өгөөгүй нь зөвтгөх үндэслэл болохгүй гэх агуулгаар дүгнэснийг буруу гэж үзэж байна. Нөгөө талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж “М.Б анх удаа, тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт үйлдсэн байна”, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй болохыг дурдсан боловч үүнийг хэрэгжүүлэлгүйгээр 1 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэхгүй биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. М.Бий хувийн байдлын хувьд, шинжээчийн дүгнэлтээр “ямар нэг байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж үгүй байна. Донтох, автах зүйл байхгүй” гэж тодорхойлсон баримт хэрэгт авагдсан. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шийдвэрлэсэн шүүхийн жишгийг үзэхэд маш олон тохиолдолд тэнсэх, зорчих эрх хязгаарлах ял шийтгэж байсан. Шүүхийн дүгнэлтэд дурдсан эрүүгийн хариуцлагын зорилго нь нийгэмшүүлэх тул энэхүү зорилготой нийцэх ёстой гэсэн агуулга байх ёстой байтал анхан шатны шүүх хэрэглээгүй нь  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Иймд давж заалдах шатны шүүх үүнийг харгалзан үзэж М.Бий хувийн байдалд тохирсон шийдвэр гаргаж өгнө үү.” гэв.

            Прокурор Н.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Э түүний өмгөөлөгч нараас шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй тул хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаалгах талаар гомдол гаргасан байна. 2021 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хойшлуулшгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тухайн гэмт хэрэг үйлдэгдэж байсан нөхцөл байдал нь цагдаагийн алба хаагч нар ирснээр таслан зогсоогдож, хэргийн газрын үзлэгээр бодисыг хураан авсан. Уг ажиллагаа прокурорын зөвшөөрөлгүй явагдсан бөгөөд тухайн нэгжлэг, үзлэгийг прокуророос хуульд заасан хугацаанд хүчинтэйд тооцсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Г.Эгийн түүж бэлтгэсэн үйлдлийн талаарх нотлох ажиллагааг хангалттай хийгээгүй гэж байна. Гэтэл Г.Э нь хойшлуулшгүй ажиллагааны явцад хаанаас түүсэн эх сурвалжаа заасан. Мөн хэрэгт Сэлэнгэ аймагт мансууруулах төрлийн ургамал ургадаг талаар тархацын судалгаа хийсэн тул тус газраас түүсэн болох нь нотлогдсон гэж үзэж байна. Гэрч Ч.Ганцэцэгийн хувьд өөр өөр мэдүүлэг өгсөн гэж ярьж байгаа ч тэрээр 3 дахь удаа мэдүүлэг өгөхдөө “автомашины хойд багажнаас гэж буруу мэдүүлэг өгсөн байна. Урд хайрцагнаас гарч ирсэн” гэж мэдүүлдэг. Хэргийн газрын үзлэгээр тухайн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр урд хайрцагнаас гарч ирсэн гэдэг тул уг үйлдэл нотлогдсон гэж үзэх үндэслэлтэй. Тээврийн хэрэгсэлд тухайн бодисыг хадгалсан талаар шүүгдэгчийн өмгөөлөгч хууль буруу хэрэглэсэн гэж байна. Гэвч прокуророос энэ талаар хэлэх тайлбар байхгүй. Учир нь, үүнтэй холбоотой тодорхой тайлбар байхгүйн улмаас шүүх янз бүрээр шийдвэрлэж байгаа. Сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалах гэдэг нь ямар нэг байр саванд агуулахыг хэлнэ гэж үзээд прокуророос үнэлсэн. Гэвч шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, шийтгэх тогтоолд дурдаагүй байна. Шийтгэх тогтоолд Г.Эгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарыг тодорхой дурдаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь тохирсон. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эрх давж заалдах шатны шүүхэд байгаа тул энэ талаар хэлэх тайлбар байхгүй. Шүүгдэгч М.Бий хувьд анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч нь хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцож байсан бол давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, өөр төрлийн ял шийтгэл оногдуулах талаар ярьж байна. Шүүгдэгч М.Бий үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүх үүнд хууль ёсны бөгөөд үндэслэлтэй тайлбар хийсэн. Иймд мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж байх тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар М.Б, Г.Э нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаартай яллах дүгнэлтээр:

Яллагдагч Г.Эг 2021 оны 10 дугаар сарын дунд үед Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 40,1806 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн,

2021 оны 10 дугаар сарын дунд үед Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтай 3 гудамж 362 тоотод оршин суух М.Бд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 32,4451 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн,

2021 оны 10 дугаар сарын дунд үеэс 2021 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хүртэл хугацаанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 7,7355 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 65 дугаар байрны 16 тоот өрөөнд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

яллагдагч М.Бийг 2021 оны 10 дугаар сарын дунд үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол замчид гудамж давхрын 14 дүгээр байр 2 тоотод оршин суух хаягтай Г.Эгээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 32,4451 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

2021 оны 10 дугаар сарын дунд үеэс 2021 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 64 дүгээр байрны гадна зогсоолд байрлуулсан 51-90 УАА улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 32,4451 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэх үндэслэлтэй гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоож анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх аливаа хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцсэн байхаас гадна хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агууллагад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.

 

Эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгч нарын гэм бурууг нэг бүрчлэн тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон байх хэргийн бүх үйл ажиллагааг хянах үүрэгтэй бөгөөд ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар шүүх хууль зүйн дүгнэлт хийдэг учиртай.

Нэгдүгээр хавтаст хэргийн 139 дүгээр хуудсанд яллагдагч Г.Эгээс “Асуулт: Та өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 65 дугаар байрны 16 тоотоос хураагдсан өвсийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны үед Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумаас түүсэн гэж мэдүүлсэн байна. Энэ талаараа ярина уу? гэсэн асуулт,

Хариулт: Өмнө нь надаас мэдүүлэг авсан байцаагч “чи эд нарыгаа уруу татсан юм биш үү? Хамгийн хөгшин нь юм байна гэж хэлсэн. Тэгээд хэлэх үг олдохгүй болохоор нь Сэлэнгээс түүсэн гэж хэлсэн. Өмнө нь хүмүүс Сэлэнгээс өвс түүгээд авдаг гээд яриад байхаар нь Сэлэнгээс түүсэн гэж хэлчихсэн юм” гэж хариулжээ.

  Энэхүү асуулт, хариулт нь Монгол Улсын нэгдэн орсон гэрээг буюу Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн (е)-д “өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгч байгаа гэрчийг байцаалгах буюу байцаалгуулах, эсрэг гэрчтэй адил нөхцөлөөр өөрийн өмнөөс гэрч оролцуулах болон шалгуулах”, (g)-д “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй байх” гэж заасан наад захын баталгааг хангаагүй байна.

Хүний эрх нь Монгол Улсын Үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын гэрээгээр баталгаажсан хүний эрхийн хэрэгжилтээр тодорхойлогддог бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтнаас хүний эрхийг хангаж, хамгаалж чадахгүй байгаагаас үүдэн гарч буй зөрчил нь хүний эрхийн зөрчил болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүний халдашгүй байдал болон өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг баталгаажуулсан ба 14 дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох ...эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, өөрийгөө өмгөөлөх, нотлох баримтыг шалгуулах, өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардахыг хуулиар хориглосон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөрдөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тодруулах зорилгоор мэдүүлэг авч болох боловч яллагдагчийн “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэсэн заалтыг анхаарах нь чухал юм.

Шүүгдэгч Г.Эг, хэргийн нэгдүгээр хавтсын 42 дугаар хуудсанд авагдсан гэрчийн мэдүүлгээр “2021 оны 10 дугаар сарын дунд үед Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 40,1806 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн” гэж яллах дүгнэлт үйлдсэн нь Үндсэн хуулиар баталгаажсан эрх болох “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” буюу “дуугүй байх” эрхийг мэдүүлэг авах эрх бүхий этгээд зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгт, “Хэргийн газрын үзлэг хийсэн, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн, Г.Эгийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон гэрч А.Энхтуул, Ч.Ганцэцэг, Д.Анхбаяр нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжилгээний шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч М.Б, Г.Э нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна” гэжээ.

 Дээрх байдал нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараахь зүйлийг тусгана:

- гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал;

- шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр;

- шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлүүдийг тус тусад нь дүгнэлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтад нийцэхгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болох нь Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолсон байх ёстой бөгөөд энэхүү хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд дээрх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл”-ийн 1 дэх хэсгийн 1.3 “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн”, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, ...36.7, ... дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” нөхцөл байдал тогтоогдож байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/315 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Б, Г.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Д.Чинзориг, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/315 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Б, Г.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл М.Б, Г.Э нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ