| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00219/И |
| Дугаар | 156/ШШ2024/00269 |
| Огноо | 2024-05-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 156/ШШ2024/00269
2024 05 27 156/ШШ2024/00269
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00219/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар С.Л Г-ын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Л.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 1964 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн. 1980 оны 12 дугаар сараас 1982 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт нормчноор ажиллаж, 1982 оноос 1985 он хүртэл цэргийн алба хааж ирээд 1985 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт жолоочоор ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажилласан хугацаа маань баталгаажаагүй, санхүүгийн баримтууд архивт шилжиж ирээгүй гэсэн. Иймд 1980 оны 12 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт норомчноор, 1985 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Г нь 1980 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 1985 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт жолоочоор ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Санги овогт Лувсангийн Г-ын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 4-р тал/,
2. Лувсангийн Г-ын нэр дээрх 1980 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5-6-р тал/,
3. Лувсангийн Г-ын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7-р тал/,
4. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 08/95 дугаартай Л.Г-ын нэр дээрх Хэнтий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн цалингийн түүврийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 8-р тал/,
5. Хэнтий аймгийн ХАА-н нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1980 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 131 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 10-р тал/,
6. Хэнтий аймгийн Өмч хувьчлалын комиссын 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай Нэгдэл дундын үйлдвэрийг хувьчлах тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 11-р тал/,
7. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 08/755 дугаартай тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 12-р тал/,
8. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 08/168 дугаартай тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 13-р тал/,
9. Хэнтий аймгийн Улсын бүртгэлээс ирүүлсэн ХААТР-1 (A) маягтын хуулбар /хх-ийн 18-р тал/
10. Гэрч Л.Э-ийн шүүхэд өгсөн Би 1973-1974 онд Дорнод аймгийн Хүнсний үйлдвэрт, 1974-1986 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгын инженер боловсон хүчнээр ажиллаж байсан. Л.Г нь 1980 онд цэргийн албанаас халагдаж ирээд манай Хэнтий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгын нормчноор ажилд орсон. Бид 1983 оныг хүртэл хамт ажиллаж байгаад би 1983 онд өөр ажилд шилжсэн. Г түүнээс хойш Нэгдэл дундын үйлдвэртээ жолоочоор ажиллаж байгаа гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,
11. Гэрч С.Т гийн шүүхэд өгсөн ... Би 1976 оноос 1991 он хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт жолоочоор ажиллаж байсан. Л.Г нь 1980 оноос Хэнтий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байгаад 1982 онд цэргийн албанд татагдсан. Цэргээс ирээд Нэгдэл дундын үйлдвэртээ жолоочоор ажилд орж 1992 оны хүртэл ажилласан. Би 1991 онд ажлаасаа гарсан. Тэр үед Г ажиллаж байсан. Нэгдэл дундын үйлдвэр 1992 онд хувьчлагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Л.Г нь 1980 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 1985 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Санги овогт Л Г /РД:.../-ыг 1980 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 1985 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ