| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00242/И |
| Дугаар | 156/ШШ2024/00271 |
| Огноо | 2024-05-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 156/ШШ2024/00271
2024 05 27 156/ШШ2024/00271
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00242/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хуацай овогт Д Б-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие Хэнтий аймгийн Мөрөн сумын Хэрэглээний хоршоонд 1991 оны 11 дүгээр сараас 1992 оны 11 дүгээр сарыг дуустал 1 жилийн хугацаанд эдийн засагчаар ажиллаж байсан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Мөрөн сумын Хэрэглээний хоршоонд нягтлан бодогч, эдийн засагчаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Д.Б-ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 2-р тал/,
2. Хэнтий аймгийн Мөрөн сумын Хэрэглээний хоршооны 1991 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 36 дугаартай Ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4-р тал/,
3. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 8/285 дугаартай Б.Б-ийн нэр дээрх Хэнтий аймгийн Мөрөн сумын Худалдаа бэлтгэлийн анги цалингийн түүврийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5-р тал/,
4. Д.Б-ийн нэр дээрх 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №268938 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6-р тал/,
5. Хэнтий аймгийн Улсын бүртгэлээс ирүүлсэн ХААТР-1 (A) маягтын хуулбар /хх-ийн 9-р тал/,
6. 1991 оны 12 дугаар сард авхуулсан гэх фото зураг /хх-ийн 12-р тал/,
7. Гэрч Л.Д гийн шүүхэд өгсөн ... Би 1990 оны 8 дугаар сараас Мөрөн сумын Худалдаа бэлтгэлийн анги нь Хэнтий аймгийн Мөрөн хэрэглээний хоршоо нэртэй болж нэрээ өөрчилсөн. Д.Б нь 1991 оны 6 сарын үед Хэнтий аймгийн Дадал сумаас Мөрөн сумын хэрэглээний хоршоонд шилжин ирж, тооцооны нягтлан бодогч, эдийн засагчаар ажиллаж байсан. Бид 1 жил гаран хугацаанд хамт ажиллаж байгаад би 1991 оны 11 сард Хаан банкны эрхлэгчээр шилжиж ажилласан ... гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,
8. Гэрч С.Ж ын шүүхэд өгсөн ... Би 1991 оноос 1997 оныг Хэнтий аймгийн Мөрөн сумын Худалдаа бэлтгэлийн ангид ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан. Д.Б нь 1991 оны намар манай Хэнтий аймгийн Мөрөн сумын хэрэглээний хоршоонд нягтлан бодогчоор ажилд орж, сүүлдээ эдийн засагчаар ажилласан. 1996 оныг хүртэл ажилласан байхаа би дундуур нь хүүхэд асрах чөлөөтэй байсан. Т.Б нь 1994, 1995 оны үед ажиллаж байсан яаг хэдэн онд ажлаас гарсныг одоо санахгүй байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/ нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Д.Б нь 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Мөрөн сумын Хэрэглээний хоршоонд нягтлан бодогч, эдийн засагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Д.Б /РД:.../-г 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Мөрөн сумын Хэрэглээний хоршоонд нягтлан бодогч, эдийн засагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ