| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00227/И |
| Дугаар | 156/ШШ2024/00272 |
| Огноо | 2024-05-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 156/ШШ2024/00272
2024 05 27 156/ШШ2024/00272
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00227/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөх овогт Д Ц-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Миний бие 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын цэцэрлэгт сахиул, угаагч, асрагч хүмүүжүүлэгч багшаар ажилласан. 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас ажилласан жил баталгаажих боломжгүй болсон. Хэнтий аймгийн архиваас 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Цэнхэрмандал сумын цэцэрлэгт сахиулаар орсон 15 тоот тушаал, 1987 оны ээлжийн амралтын 03 тоот тушаал, 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс асрагчаар түр авч ажиллуулах 06 тоот тушаал, 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хүмүүжүүлэгч багшаар ажилд орсон 12 тоот тушаал, Цэнхэрмандал сумын 90 жилийн ойн Цэцдийн шастирт мөнхөрсөн Цэнхэрмандал миний нутаг номын 235 дугаар хуудас зэргийг өгсөн.
Иймд 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний хүртэл Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын цэцэрлэгт сахиул, угаагч, асрагч, хүмүүжүүлэгч багшаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Д.Ц нь 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын цэцэрлэгт сахиул, угаагч, асрагч хүмүүжүүлэгч багшаар ажилласан. 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтрээ хаяж үрэгдүүлсний улмаас ажилласан жил баталгаажих боломжгүй болсон. Хэнтий аймгийн архиваас 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Цэнхэрмандал сумын цэцэрлэгт сахиулаар орсон 15 тоот тушаал, 1987 оны ээлжийн амралтын 03 тоот тушаал, 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс асрагчаар түр авч ажиллуулах 06 тоот тушаал, 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хүмүүжүүлэгч багшаар ажилд орсон 12 тоот тушаал, Цэнхэрмандал сумын 90 жилийн ойн Цэцдийн шастирт мөнхөрсөн Цэнхэрмандал миний нутаг номын 235 дугаар хуудас цэцэрлэгийн хамт олны дурсамж зэргийг ирүүлсэн тул шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна. Иймд Д.Ц-ийн 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын цэцэрлэгт сахиул, угаагч, асрагч хүмүүжүүлэгч багшаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц нь 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Цэцэрлэгт сахиул, угаагч, асрагч, хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 0118 дугаартай Д.Ц гээс Г.М д олгосон итгэмжлэл /хх-ийн 3-р тал/,
2. Д.Ц-ийн иргэнийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4-р тал/,
3. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 41 дугаартай тодорхойлолт /хх-ийн 5-р тал/,
4. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 8/438 тодорхойлолт /хх-ийн 6-р тал/,
5. Цэнхэрмандал сумын 13-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1986 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаартай Сахиулаар түр ажиллуулах тухай тушаалын хуулбар /хх-ийн 7-р тал/,
6. Цэнхэрмандал сумын 13-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1987 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай 1987 оны ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 8-р тал/,
7. Цэнхэрмандал сумын 13-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1988 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаартай Асрагч түр авч ажиллуулах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 9-р тал/,
8. Цэнхэрмандал сумын 13-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1988 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 12 дугаартай Ажлаас чөлөөлж ажилд түр авах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 10-р тал/,
9. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 90 жилийн ойн Цэцдийн шастирт мөнхөрсөн Цэнхэрмандал миний нутаг номын 235 дугаар хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 11-12-р тал/,
10. Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн №2423490001000078 дугаартай Г.Алтангэрэлийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 14-р тал/,
11. 1987, 1990 онд дугаар гэх фото зургууд /хх-ийн 15-р тал/,
12. Гэрч П.Д гийн шүүхэд өгсөн ... Би 1975 оноос 1990 оныг хүртэл Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 13 дугаар цэцэрлэгт асрагч, нярав зэрэг ажил хийж байсан. Д.Ц нь 1986 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 13-р цэцэрлэгт туслах ажилтнаар ажилд орж байсан. Би 1990 оныг хүртэл цэцэрлэгт ажилласан тэр хугацаанд Д.Ц мөн ажиллаж байсан. Намайг ажлаас гарахад Ц ажиллаж байсан намайг гарснаас хойш хэдэн он хүртэл ажилласан талаар нь сайн мэдэхгүй байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,
13. Гэрч Н.Ц-ийн шүүхэд өгсөн ... Би 1989-1993 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 13 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан. Д.Ц нь 1989 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 13-р цэцэрлэгт туслах багшаар ажилд орж байсан. 1990 оноос нярваар ажилласан. 1993 онд жирэмсний амралтаа авч байсан. Ц бид хоёр 1996 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд нярваар хамт ажиллаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/,
14. Хэнтий аймгийн Улсын бүртгэлээс ирүүлсэн ХААТР-1 (A) маягтын хуулбар /хх-ийн 28-р тал/, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Д.Ц нь 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын цэцэрлэгт сахиул, угаагч, асрагч, хүмүүжүүлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хөх овогт Д Ц /РД:... /-ийг 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын цэцэрлэгт сахиул, угаагч, асрагч, хүмүүжүүлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ