| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00265/И |
| Дугаар | 156/ШШ2024/00288 |
| Огноо | 2024-05-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 156/ШШ2024/00288
2024 05 31 156/ШШ2024/00288
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00265/и
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ... тоотод оршин суух, Боржигон овогт Ж.Б ,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Ж.Б ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ж.Б нь 1987 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өндөрхаан хотын бага сургуульд ангийн багш, пионерийн ахлах удирдагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хүсэлт гаргагч Ж.Б нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1987 оноос 1905 он хүртэл Хэнтий аймгийн Өндөрхаан хотын бага сургуульд бага ангийн багш, пионерийн ахлах удирдагчаар ажиллаж байсан. Би 1989 онд охин Халиунаа, 1992 онд хүү А нарыгаа төрүүлсэн бөгөөд тухайн үеийн хуулиар 2 жилийн тэтгэмжтэй чөлөө, 1 жилийн тэтгэмжгүй чөлөөг авч байсан. Намайг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд буюу 1995 оноос Өндөрхаан хотын бага сургууль нь Өндөрхаан хотын 8 жилийн сургуультай нэгдсэн. Одоо Өндөрхаан хотын 8 дугаар сургууль Ерөнхий боловсролын Тэмүүжин цогцолбор сургууль болсон. Ажиллаж байсан үеийнхээ тушаал шийдвэр, цалин хөлс авч байсан талаар лавлагааг авах гэхэд миний ажиллаж байсан Өндөрхаан хотын бага сургуулийн бичиг баримтууд аймгийн архивын тасагт шилжиж ирээгүй гэсэн байна. Тэр үед бага сургуульд бага ангийн багш нь пионерийн ахлах удирдагчийн ажлыг хавсарч хийдэг байсан. Иймд миний хөдөлмөрийн дэвтэр, гэрчийн мэдүүлэг, архивын лавлагаа зэргийг үндэслэн 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн Өндөрхаан хотын бага сургуульд бага ангийн багш, пионерийн ахлах удирдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Б 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өндөрхаан хотын бага сургуульд бага ангийн багш, пионерийн удирдагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:
1. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 3 тал),
2. Хүсэлт гаргагч Ж.Б гийн нэр дээрх 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 4-5 тал),
3. Хүсэлт гаргагч Ж.Б гийн нэр дээрх 1995 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн №105607 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6-9 тал),
4. Хүсэлт гаргагч Ж.Б гийн нэр дээрх 2005 оны 2 дугаар сарын 21-ний өдөр нээлгэсэн №694768 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 10-11 тал),
5. Хүсэлт гаргагч Ж.Б гийн нэр дээрх 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдөр нээлгэсэн №0434076 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 12-14 тал),
6. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 8/319 дугаартай ...Өндөрхаан хотын бага сургуулийн санхүүгийн болон 1987-1991, 1993-1995 оны удирдлагын баримт шилжиж ирээгүй бөгөөд 1992 оны удирдлагын баримтад Ж.Б д холбогдох баримт гараагүй болно гэх тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 15 тал),
7. Хэнтий аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 16-17 тал),
8. 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн CVL2461010001001230 дугаартай Э.Халиунаагийн төрсний бүртгэлийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 18 тал),
9. 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Ө.А ын төрсний бүртгэлийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 19 тал),
10. 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 0351 дугаартай Н.Т гийн тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 20-21 тал),
11. 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 0350 дугаартай Ц.Энхжаргалын тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 22-23 тал),
12. 1987 оны 8 дугаар сарын 31-ний өдөр сургуулийн захиргаанаас олгосон баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 24 тал),
13. 1987 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр сургуулийн захиргаанаас олгосон баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 25 тал),
14. 1989 оны 10 дугаар сарын 25-ны өдөр сургуулийн захиргаанаас олгосон баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 26 тал),
15. 1989 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бага сургуулийн захиргаанаас олгосон баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 27 тал),
16. 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдөр сургуулийн захиргаанаас олгосон баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 28 тал),
17. 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдөр сургуулийн захиргаанаас олгосон дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 29 тал),
18. 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бага сургуулийн захиргаанаас олгосон баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 30 тал),
19. 1995 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр сургуулийн захиргаанаас олгосон дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 31 тал),
20. 1995 оны 12 дугаар сарын 30-ны өдөр сургуулийн захиргаанаас олгосон талархлын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 32 тал),
21. Хүсэлт гаргагчийн ажиллаж байх хугацаандаа авахуулсан гэх гэрэл зургуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 33-41 тал),
22. Гэрч Н.Т гийн шүүхэд өгсөн ...Би 1986 оноос 1993 оныг хүртэл Хэнтий аймгийн Өндөрхаан хотын бага сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан. Ж.Б нь 1987-1995 оныг хүртэл Хэнтий аймгийн Өндөрхаан хотын бага сургуульд бага багшаар ажиллаж байсан. Би 1993 оноос Өндөрхаан хотын 1-р сургууль руу шилжсэн. Ж.Б 1995 оныг хүртэл ажиллаж байгаад мөн Өндөрхаан хотын 1-р сургууль руу шилжсэн. Бид 1987-1993 оныг хүртэл хамт ажилласан... гэх мэдүүлэг (хх-ийн 49 тал),
23. Гэрч Д.А-ийн шүүхэд өгсөн ...Би 1983 оноод Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ерөнхий боловсролын 10 жилийн сургуульд бага ангийн багшаар 1990 оныг хүртэл ажиллаж байгаад, 1992-1995 оныг хүртэл Өндөрхаан хотын бага сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан. Ж.Б нь намайг 1992 онд Өндөрхаан хотын бага сургуульд ажилд ороход бага ангийн багшаар ажиллаж байсан. Бид 1995 оныг хүртэл Өндөрхааны бага сургуульд ажиллаж байгаад 1995 оны намар хамтдаа Өндөрхаан хотын 1-р сургууль руу шилжсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 53 тал),
24. Хүсэлт гаргагчийн нэр дээрх 1988 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бичигдсэн ХААТР маягтын дэлгэрэнгүй лавлагаанд ...мэргэжил-бага ангийн багш, ажилладаг байгууллага-бага сургууль, ажилд орсон-1987 он, эрхэлдэг ажил-бага ангийн багш гэх (хх-ийн 59 тал) баримтууд хэрэгт авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч Ж.Б гийн 1987-1995 онд ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 8/319 дугаартай лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ж.Б тай хамт ажиллаж байсан гэх Н.Т , Д.А- нараас гэрчийн мэдүүлэг авсан ба тэдгээр нь Хэнтий аймгийн Өндөрхаан хотын бага сургуульд 1987-1995 онд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан тэдний нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар нотлогдож байх тул гэрчийн мэдүүлгийг хэрэгт үнэлж шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн хэрэгт авагдсан хүсэлт гаргагч Ж.Б гийн нэр дээрх 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн 1987-1995 оны эрхэлсэн ажлын талаарх бичилттэй Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүх хуралдаан дээр түүний эх хувьтай нь тулган үзэхэд тус хөдөлмөрийн дэвтэр нь 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Багшийн сургуулийн захиргаанаас олгож, БНМАУ, Боловсролын яам, багшийн сургууль гэсэн бичвэртэй, төрийн сүлдтэй тамга дарагдсан байна. Тус тамга нь дэвтэр дээр наасан эзэмшигчийн гэрэл зургийн баруун доод өнцөгт мөн дарагдсан байна. Мөн тус дэвтрийн 4-11 дугаар хуудсанд бичигдсэн ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн талаарх бичилтүүдэд засвар ороогүй, байгууллага бүр өөр, өөр бичгийн хэвтэй хүмүүс бичилт хийгдэж байгууллагын тамга дарж баталгаажуулсан байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлсэн болно.
Мөн 1988 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бичигдсэн хүсэлт гаргагчийн нэр дээрх хэрэгт авагдсан ХААТР-1 маягтад /хх-ийн 59/ боловсрол-тусгай дунд, нийгмийн бүлэг-албан хаагч, мэргэжил-бага ангийн багш, ажилладаг байгууллага-бага сургууль, ажилд орсон он-1987, цех бригад-0, эрхэлдэг ажил-бага ангийн багш гэж бичигдсэнээс үзэхэд тэрээр 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өндөрхаан хотын бага сургуульд бага ангийн багш, пионерийн удирдагчаар тус тус ажиллаж байсан нь нотлогдож байна.
Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Ж.Б гийн 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өндөрхаан хотын бага сургуульд бага ангийн багш, пионерийн удирдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Боржигон овогт Ж.Б /РД:.../-г 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өндөрхаан хотын бага сургуульд бага ангийн багш, пионерийн удирдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА