| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00220/И |
| Дугаар | 156/ШШ2024/00289 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 156/ШШ2024/00289
2024 06 05 156/ШШ2024/00289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00220/и
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ... тоотод оршин суух, Борижгон овогт Н.С ,
Хүсэлтийн шаардлага: Хөдөлмөрийн дэвтэр, бусад эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчД.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Н.С нь хөдөлмөрийн дэвтэр, бусад эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгож, 1984 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл малын өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжилгээний ажилд шил угаагчаар, 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн Чандган бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
2. Хүсэлт гаргагчН.С нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1968 онд төрсөн. 1984 онд Өмнөдэлгэр сумын 10 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд тус сумын Шинэ-Өрнөлт нэгдэлд 1984.05.23-ны өдрийн 23 тоот тушаалаар 1984.05.17-ны өдрөөс малын өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжилгээний ажилд шил угаагчаар түр томилогдон ажиллаад 1984.06.25-ны өдөр Чандган бригадад саальчнаар томилогдон ажилласан. 1985.06.15-ны өдрөөс Чандган бригадад хоньчноор 1992 оны 8 дугаар сарыг дуустал ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гээд архиваас баримт шүүлгэхэд Ч.С , Ч.С гэсэн нэрээр цалингийн лавлагаа, ажилд томилсон болон ээлжийн амралтын тушаал гарсан. Мөн хөдөлмөрийн дэвтэр анх нээхдээ Ч.С гэж бичсэн байна. Харин иргэний үнэмлэх, төрсний лавлагаагаар би Н.С гэж бүртгэгдсэн. Миний эцгийг Б.Н , эхийг Д.Ч гэдэг юм. 1970 оны эхэн үед аав маань нас барсан тул ээж Ч хамт хөдөө амьдарч байсан. Ээж маань 2005 оны үед нас барсан. Ээжтэйгээ хамт амьдардаг байсан тул тухайн үеийн хүмүүс Ч.С гэж дууддаг байсан нь буруу бичиж бүртгэгдсэн байх. Надаас өөр С нэртэй хүн манай бригадад байгаагүй. 1990-2000 онд ажилласан жил, шимтгэлийг нөхөн тооцуулсан. Иймд
- Хэнтий аймгийн Архивын тасгийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 8/93 дугаартай тодорхойлолтоор гарсан Ч.С гийн 1984.05-1992 оны цалингийн түүвэр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн даргын 1984.05.23-ны өдрийн 29 тоот, 1985.06.12-ны өдрийн 48 тоот тушаалуудад Чунагийн С , 1987.07.25-ны өдрийн 94 тоот, тушаалын 1-р хавсралт дахь нэрийн д/д 45-д, 1988.08.25-ны өдрийн 156 тоот тушаалын 1-р хавсралтын нэрсийн 14 дугаарт, 1989.11.15-ны өдрийн 126 тоот тушаалын 1-р хавсралт дахь нэрийн 7 дугаарт тус тус Ч.С гэсэн. Мөн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн даргын 1984.07.04-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт эзэмшигч Ч.С гэсэн нь иргэний үнэмлэхийн бичигдсэн Н.С гэсэнтэй зөрүүтэй тул дээрх тушаалууд, лавлагаа хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоож өгнө үү.
Мөн 1992 онд ажлаас чөлөөлсөн тушаал архиваас гараагүй тул дээр дурдсан баримтуудыг үндэслэн Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдэлд 1984 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл малын өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжилгээний ажилд шил угаагчаар, 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Н.С нь 1968 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн. 1984 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн малын өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжилгээний ажилд шил угаагчаар түр томилогдож ажиллаад 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс тус сумын Чандган бригадад саальчнаар томилогдон ажилласан. 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс Чандган бригадад хоньчин, малчнаар 1992 оны 08 дугаар сарыг дуустал хугацаагаар тасралтгүй ажилласан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилготой Хэнтий аймгийн Архивын тасгаас тухайн үед ажиллаж байсан баримтуудаа шүүлгэж үзэхэд Ч.С гэсэн нэрээр цалингийн лавлагаа, ажилд томилсон болон ээлжийн амралт олгож байсан тушаалууд гарсан, мөн хөдөлмөрийн дэвтэр дээр Ч.С гэж бичигдсэн байдаг. Гэхдээ хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэх болон төрсний лавлагаагаар Н.С гэсэн бүртгэлтэй. Хүсэлт гаргагчН.С гийн эцгийг Б.Н , эхийг нь Д.Ч гэдэг бөгөөд аав нь 1970-аад оны үед нас барж, ээж Д.Ч гаа багаасаа хамт байж хөдөө мал малладаг байсан тул Н.С г багаас нь нутгийн хүмүүс Ч.С гэж нэрлэж, тухайн үеийн баримтууд дээр Ч.С гэснээр бүртгэгдсэн байдаг.Н.С нь С гэдэг адил нэртэй эгчтэй байсан бөгөөд эгч Н.С нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн Наран бригадад ажилладаг байсан. Хүсэлт гаргагчН.С нь Чандган бригадад ажилладаг байсан.
Тэрээр 1990-2000 оны хооронд ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан. Хэнтий аймгийн Архивын тасгаас гарч ирсэн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 8/93 тоот тодорхойлолтоор Ч.С гийн цалингийн түүвэр гарч ирсэн, мөн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн даргын 1984 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 29 тоот, 1985 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 48 тоот ажилд томилох тухай тушаалуудад Ч.С гэсэн нэртэй, 1987 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 94 тоот Малчдад ээлжийн амралт олгох тухай тушаалын 1-р хавсралт дахь нэрсийн 45-д, 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 156 тоот Малчин гишүүдэд ээлжийн амралт олгох тухай тушаалын 1-р хавсралтын нэрсийн 14-т, 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 126 тоот Малчин гишүүдэд ээлжийн амралт олгох тухай тушаалын 1-р хавсралт дахь нэрсийн 7-д тус тус Ч.С гэсэн нэрээр бичигдсэн. Мөн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн даргын 1984 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт дэвтэр эзэмшигч Ч.С гэсэн нь иргэний үнэмлэхэд бичигдсэн Н.С гэснээс овгийн зөрүүтэй тул дээрх тушаалууд, лавлагаа болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоож өгнө үү.
Дээр дурдсан баримтуудыг үндэслэнН.С г Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдэлд 1984 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл шил угаагчаар, 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Шинэ-Өрнөлт нэгдлийн Чандган бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаарН.С нь ажиллаж байсан байдлаа болон хөдөлмөрийн дэвтэр, бусад эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Н.С нь дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:
1. 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 0355 дугаартайН.С гаасД.О т олгосон итгэмжлэл (хх-ийн 4 тал),
2. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 24-р хорооны Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1012 дугаартай тодорхойлолт (хх-ийн 5 тал),
3. 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн CVL2423000001001828 дугаартай төрсний бүртгэлийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6 тал),
4. Хүсэлт гаргагчийн нэр дээрх 2014 оны 4 дүгээр сарын 25-ны нээлгэсэн №0902376 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 7 тал),
5. Хүсэлт гаргагчийн нэр дээрх №1808000014 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 7 тал),
6. Хүсэлт гаргагчийн нэр дээрх 1984 оны 7 дугаар сарын 04-ний нээлгэсэн 1984-1990 оны авсан цалингийн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8-10 тал),
7. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 8/93 дугаар тай Ч.С гийн нэр дээрх Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдэлд 1984 оны 5-11 дүгээр сар, 1985 оны 1-2, 4-12 дугаар сар, 1986 оны 1-9, 11 дүгээр сар, 1987 оны 1, 3-5, 7-12 дугаар сар, 1988 оны 1-12 дугаар сар, 1989 оны 1-5, 7-12 дугаар сар, 1990 оны 1-8, 12 дугаар сар, 1991 оны 1, 4-12 дугаар сар, 1992 оны 3-8 дугаар саруудад ажиллаж авсан цалингийн түүврийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 11 тал),
8. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2023 оны 4 дүгээр 07-ны 8/148 дугаартай ...Шинэ-Өрнөлт нэгдлийн 1986, 1990-1991 оны удирдлагын баримтад Ч.С д холбогдох баримт гараагүй болно гэх тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 11 тал),
9. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн даргын 1984 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 29 дугаартай Ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 12 тал),
10. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 48 дугаартай Ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 13 тал),
11. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 94 дугаартай Малчдад ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 14 тал),
12. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 156 дугаартай Малчин гишүүдэд ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 15 тал),
13. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 126 дугаартай Малчин гишүүдэд ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 16 тал),
14. Хүсэлт гаргагчийн нэр дээрх 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдөр олгосон ХААТР маягтын лавлагаа (хх-ийн 22 тал),
15. Гэрч Ц.Баатарцогтын шүүхэд өгсөн ...Би 1983 оноос 1994 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Мод бэлтгэлийн цехид цахилгаанчин, дизельчин зэрэг ажил хийж байсан.Н.С нь 1984 онд сургуулиа төгсөөд илгээлтээр гарч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн Чандган бригадад малчнаар ажилд орж байсан. 1993 оныг хүртэл ажилласан. Би модны үйлдвэрт ажиллаж байсан. Нэг суманд байсан ч өөр өөр газар ажиллаж байсан тул нэгдэл хэдэн онд хувьчлагдаж тарсан талаар сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг (хх-ийн 24 тал),
16. Гэрч Д.Цэрэндагвын шүүхэд өгсөн ...Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн Чандган бригадад илгээлтээр гарч малчнаар ажиллаж байгаад 1978-1981 онд цэргийн алба хааж, халагдаж ирээд 1984 оны 8 дугаар сарыг хүртэл Чандган бригадад малчин, 1984-1992 оныг хүртэл хэсгийн ахлагч тоо бүртгэгчээр ажилласан.Н.С гийн эцгийг нь сайн танихгүй байна. Эх нь Чунаг гэж хүн байсан. Аав нь Норов гэж хүн байсан гэж сонсож байсан. Н.С гэдэг байсан шиг санагдаж байна.Н.С Шинэ-Өрнөлт нэгдлээс өөр газар ажиллаж байгаагүй... гэх мэдүүлэг (хх-ийн 28 тал),
17. Гэрч И.Амгаланцэцэгийн шүүхэд өгсөн ...Би 1980-1984 оныг хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн Чандган бригадад малчнаар ажиллаж байгаад, 1984-1989 хүртэл Шинэ-Өрнөлт нэгдлийн Чандган бригадад худалдагчаар ажилласан.Н.С нь 1984 оноос 1992 оныг хүртэл Хэнтий аймгийн Шинэ-Өрнөлт нэгдлийн Чандган бригадад малчнаар ажиллаж байсан. С нь нэгдлийн малчин саальчнаас өөр ажил эрхэлж байгаагүй... гэх мэдүүлэг (хх-ийн 35 тал) зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүх хуралдаан дээр түүний эх хувиудтай нь тулган үзэхэд 1984 оны 7 дугаар сарын 04-ний өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтрийн бичилт дээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдэл гэсэн тамга дарагдсан, дэвтэр эзэмшигчийн мэдээлэлд 1968 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, Чунагийн С , 1984 оны ажлын тухай болон 1984-1990 оны цалингийн талаар бичилттэй, төрсний гэрчилгээ нь Н.С 1968-11-02-нд Хэнтий, Өмнөдэлгэр төрөх тасагт төрсөн, эцгийн нэр Б.Н , овог Боржигон, эхийн нэр Норовын Чунаг гэжээ.
Мөн хүсэлт гаргагчН.С гийн эцгийг Б.Н , эхийг Норовын Чунаг гэдэг болох нь түүний нэр дээрх 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдөр олгосон ХААТР маягтын лавлагаа (хх-ийн 22 тал)-гаар нотлогдож байна.
Иймд Чунагийн С гийн нэр дээр бичигдсэн 1984 оны 7 дугаар сарын 04-ний өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигч нь СР68110203 регистрийн дугаартай Н.С мөн болох нь нотлогдож байна.
Харин архивын сан хөмрөгт хадгалагдаж буй нэгдлийн даргын тушаал, цалингийн түүврийн эзэмшигч мөн болохыг тогтоох боломжгүй тул хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан Хэнтий аймгийн Архивын тасгийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 8/93 дугаартай тодорхойлолтоор гарсан Ч.С гийн 1984.05-1992 оны цалингийн түүвэр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн даргын 1984.05.23-ны өдрийн 29 тоот, 1985.06.12-ны өдрийн 48 тоот, 1987.07.25-ны өдрийн 94 тоот, тушаалын 1-р хавсралт, 1988.08.25-ны өдрийн 156 тоот тушаал, тушаалын 1-р хавсралт, 1989.11.15-ны өдрийн 126 тоот тушаалын 1-р хавсралтад дурдагдсан С -гийн овог зөрүүтэй тул эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчийн дараагийн шаардлага болох ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагын тухайд:
Түүнийг 1984-1989 онд ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 8/148 дугаартай лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ч.С гийн нэр дээрх 1984 оны 7 дугаар сарын 04-ний өдөр нээлгэсэн 1984 оны эрхэлсэн ажил болон 1984-1990 оны авсан цалингийн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүх хуралдаан дээр түүний эх хувьтай нь тулган үзэхэд тус хөдөлмөрийн дэвтэр нь 1984 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Шинэ-Өрнөлт нэгдлийн даргаас олгож, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдэл гэсэн тамга дарсан байна. Тус тамга нь дэвтэр дээр наасан эзэмшигчийн гэрэл зургийн баруун доод өнцөгт мөн дарагдсан байна. Мөн тус дэвтрийн 2 дугаар хуудсанд бичигдсэн ажилд томилсон болон 1984-1990 оны цалингийн талаарх бичилтүүдэд засвар ороогүй, байгууллага бүр өөр, өөр бичгийн хэвтэй хүмүүс бичилт хийгдэж байгууллагын тамга дарж баталгаажуулсан байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлсэн болно.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Н.С тай хамт ажиллаж байсан гэх Ц.Баатарцогт, Д.Цэрэндагва, И.Амгаланцэцэг нараас гэрчийн мэдүүлэг авсан ба тэдгээр нь 1984-1989 оныг дуустал Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдэлд ажиллаж байсан болох нь гэрч Ц.Баатарцогтын нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 26/, гэрч Д.Цэрэндагвын нэр дээрх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 62 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, И.Амгаланцэцэгийн нэр дээрх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн даргын 1980 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 81 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байна.
Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Н.С гийн нь 1984 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн малын өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжилгээний ажилд шил угаагчаар, 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн Чандган бригадад малчнаар тус тус ажиллаж байсан нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан Чунагийн С гийн нэр дээрх 1984 оны 7 дугаар сарын 04-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь СР68110203 регистрийн дугаартай, Боржигин овогт Н.С мөн болохыг тогтоож, Хэнтий аймгийн Архивын тасгаас авсан он бүхий тушаалууд, цалингийн түүврийн эзэмшигчээр тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Боржигин овогт Н.С /РД:СР68110203/-г 1984 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдэлд шил угаагчаар, 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн Чандган бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА