Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 156/ШШ2024/00290

 

2024 06 05 156/ШШ2024/00290

  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 156/2024/00256/и

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн ...оршин суух, Шарайд овогт Г.Ж ,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Г.Ж ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Г.Ж нь 1988 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд зоотехникчээр, 1991 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Холбооны газарт залгагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хүсэлт гаргагч Г.Ж нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн Өлзийт тосгонд 1988 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс зоотехникчээр томилогдон 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдөж, БНМАУ-ын Холбооны яамны харъяа Хэнтий аймгийн Холбооны газрын даргын 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 45 тоот тушаалаар Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Холбооны залгагчаар 1991 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс томилогдон 1999 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтрийн бичилт байхгүй тул шүүхэд хандаж байна. Иймд намайг 1988 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд зоотехникчээр, 1991 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Холбооны залгагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

Хүсэлт гаргагч Г.Ж нь 1988 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд зоотехникчээр, 1991 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Холбооны залгагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:

1. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 4 тал),

2. Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 5 тал),

3. Хүсэлт гаргагчийн нэр дээрх 699446 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, №2723000607 дугаартай нийгмийн даатгалын дэврийн баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6 тал),

4. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны 08/193 дугаартай ...Холбооны газрын 1990, 1995 оны санхүүгийн баримтад Г.Ж д холбогдох баримт гараагүй ба тус архивын сан хөмрөгт Нэгдсэн эмнэлгийн санхүүгийн баримт шилжиж ирээгүй болно гэх тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 7 тал),

5. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 08/107 дугаартай Г.Ж гийн Холбооны газарт 1992 оны 4, 8-10 дугаар сар, 1993 оны 1-7, 9-12 дугаар сар, 1994 оны 1-12 дугаар саруудад ажиллаж авсан цалингийн түүврийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8 тал),

6. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 9 дүгээр сарын 70 дугаартай Ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 9 тал),

7. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 54 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 10 тал),

8. Холбооны яамны харьяа Хэнтий аймгийн Холбооны газрын даргын 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 45 дугаартай Ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 11 тал),

9. Хүсэлт гаргагчийн нэр дээрх 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бичигдсэн ХААТР маягтын дэлгэрэнгүй лавлагаа (хх-ийн 14 тал)

10. Гэрч И.Б ын шүүхэд өгсөн ...Би 1988-1990 онд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн Сайхан бригадад зоотехникчээр ажиллаж байсан. Г.Ж нь 1988 оноос 1990 оныг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн Сайхан бригадад зоотехникчээр ажиллаж байсан. 1990 оноос хойш Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Холбооны газар залгагчаар ажиллаж байсан. Бид Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн техниккум сургуулийг 1988 онд төгсөж ирээд хамт Улаан-Од нэгдэлд ажилд орж байсан. 1990 оныг хүртэл хамт ажиллаж байгаад би цэргийн албанд татагдсан... гэх мэдүүлэг (хх-ийн 22 тал),

11. Гэрч Л.Ж ийн шүүхэд өгсөн ...Би 1982 оны 3 сараас 2012 оныг хүртэл Хэнтий аймгийн Холбооны газарт бүртгэлт хяналтын байцаагч, залгагч, үйлчилгээний тасгийн дарга зэрэг ажил хийж байсан. Г.Ж нь 1991 оноос 2000 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Холбоонд залгагчаар ажиллаж байсан. Сүүлийн 2 жилийн хугацаанд эрхлэгчээр ажилласан санагдаж байна. Би тухайн үед аймгийн төвийн холбоонд ажиллаж байсан тул Г.Ж г сайн мэднэ... гэх мэдүүлэг (хх-ийн 28 тал),

12. Монголын цахилгаан холбоо компанийн ХК Хэнтий аймгийн Холбооны газрын даргын 1999 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 33 тал) баримтууд хэрэгт авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч Г.Ж гийн 1988-1994 онд ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 8/193 дугаартай лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Г.Ж тай хамт ажиллаж байсан гэх И.Б , Л.Ж нараас гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч И.Б нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд 1988-1990 онд ажиллаж байсан болох нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 70 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 42 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Л.Ж нь Хэнтий аймгийн Холбооны газарт 1990-1994 онд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан түүний нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар нотлогдож байх тул гэрчийн мэдүүлгийг хэрэгт үнэлж шийдвэрлэсэн болно.

Түүнчлэн хэрэгт авагдсан 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бичигдсэн хүсэлт гаргагчийн нэр дээрх хэрэгт авагдсан ХААТР-1 маягтад /хх-ийн 14/ боловсрол-тусгай дунд, нийгмийн бүлэг-хоршоолсон ард, мэргэжил-зоотехникч, ажилладаг байгууллага-Улаан-Од, ажилд орсон он-1988, цех бригад-0, эрхэлдэг ажил-зоотехникч гэж бичигдсэнээс үзэхэд тэрээр 1988 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд зоотехникчээр, 1991 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Холбооны газарт залгагчаар тус тус ажиллаж байсан нь нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Г.Ж гийн 1988 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд зоотехникчээр, 1991 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Холбооны газарт залгагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Шарайд овогт Г.Ж /РД:.... /-г 1988 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд зоотехникчээр, 1991 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Холбооны газарт залгагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

   

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ        Б.МАРИНА