| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 2106043680174 |
| Дугаар | 2022/ДШМ/502 |
| Огноо | 2022-05-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Галав |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2022/ДШМ/502
2022 05 10 2022/ДШМ/502
Б.Э, Б.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Л.Галав,
шүүгдэгч/хохирогч Б.Э,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/392 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч/хохирогч Б.Эийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Э, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2106043680174 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Борлууд овгийн Батсүхийн Э, 1982 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Увс аймагт төрсөн, эмэгтэй, 39 настай, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хамтран амьдрагч, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, ... гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:/;
Чой овгийн Базарсадын Б, 1981 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Төв аймагт төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Мяралзаа автобус баазад жолооч ажилтай, ам бүл 5, хамтран амьдрагч, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ... гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, ... гудамжны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;
Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, ... тоот хашаандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч болох Б.Бтай дахиж пиво уух гэлээ, гар утсаа өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдан, гараараа толгой тус газар нь цохих, зүүн гарын сарвуу хэсэгт хутгаар зүсэх зэрэг үйлдлээр хүзүүнд цус хуралт, зүүн сарвуунд зүсэгдсэн шарх, баруун шилбэнд зулгаралт, зүүн тавхайнд эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, ... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн хамтран амьдрагч Б.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа бор өнгийн бариултай хутгаар түүний зүүн гарын булчин хэсэгт хатгаж, эрүүл мэндэд нь зүүн бугалгад шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”,
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, ... тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.Этэй пиво авч өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж, хүүхдээ хөхүүлээд сууж байхад нь гараараа толгой хэсэгт нь цохих, хоолойг нь боох, өвдөг орчимд нь өшиглөх зэргээр биед нь халдаж зүүн хацар, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун шуу, хүзүүний цус хуралт, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Э, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Борлууд овгийн Батсүхийн Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд,
Чой овогт Базарсадын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Б.Э, Б.Б нарт оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Э, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2 дагавар хүүтэйгээ амьдарч байгаад Б.Бтай сууж дундаасаа нэг хүүтэй, хүү маань одоо ой гаруйтай.
2021 оны 11 дугаар сарын 29-ний өдөр нөхөр Б.Б бид хоёр муудалцаж, хоёр биендээ харилцан хөнгөн гэмтэл учруулсан. Бид хоёр гэр орондоо хүүхдүүдийнхээ хажууд согтууруулах ундааны зүйл хэрэглэж ийм байдалд орсондоо маш их дүгнэлтийг хийж гэмшиж байгаа, дахиж архи дарсны зүйл уухгүй амьдрал ахуйгаа бодъё гэж хоорондоо ярилцаж, хоёр талынхаа ах дүү нарт амлалт өгсөн. Шүүхээс намайг 1.200.000 төгрөгөөр торгож, 3 сарын дотор биелүүлэх ёстойг сайн тайлбарлаж өгсөн, буруу зүйл хийснээ ч ойлгосон.
Миний бие одоо 6 сартай жирэмсэн, ажил хийхгүй хүүхдүүдээ гэртээ хараад сууж байгаа, өөрийн гэх ямар ч орлогогүй, ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа, нөхөр маань автобус баазад жолоочоор ажилладаг, нэг хүний цалингаар 5 ам бүл амьдардаг, 90 хоногийн дотор төлж үнэхээр чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Би хийсэн хэрэгтээ маш сайн гэмшиж ойлгож байгаа тул надад оногдуулсан 1.200.000 төгрөгийн торгуулийн ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэв.
Прокурор Л.Галав тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн. Энэ хэрэг нь шалгагдаж байх хугацаанд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дахин гэмт хэрэг үйлдэж, эдгээр хэргүүдийг нэмж, нэгтгэж анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.Э нь үргэлжилсэн үйлдлээр 2 удаагийн гэмт хэрэг үйлдсэн. Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан. Б.Бгийн биед 2 удаа хөнгөн гэмтэл учруулахдаа хоёуланд нь хутгаар зүсэж гэмтэл учруулсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй учраас хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Эт мэдүүлэхдээ жирэмсэн, ам бүлээ ганцаараа тэжээн тэтгэдэг, өөр орлого байхгүй гэж мэдүүлдэг. Мөн шүүхээс шүүгдэгчийн биеийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахгүйгээр торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн. Шүүхээс шүүгдэгч Б.Эт 1.200.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар зэрэгт тохирсон гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, ... тоот хашаандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.Бтай дахиж пиво уух гэлээ, гар утсаа өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдан, гараараа толгой тус газар нь цохих, зүүн гарын сарвуу хэсэгт хутгаар зүсэх зэргээр хүзүүнд цус хуралт, зүүн сарвуунд зүсэгдсэн шарх, баруун шилбэнд зулгаралт, зүүн тавхайн эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, ... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа бор өнгийн бариултай хутгаар түүний зүүн гарын булчин хэсэгт хатгаж, эрүүл мэндэд нь зүүн бугалгад шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, ... тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.Этэй пиво авч өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж, хүүхдээ хөхүүлээд сууж байхад нь гараараа толгой хэсэгт нь цохих, хоолойг нь боох, өвдөг орчимд нь өшиглөх зэргээр биед нь халдаж зүүн хацар, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун шуу, хүзүүний цус хуралт, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Б.Бгийн “...бид хоёрын ярианы өнгө аяс таарамжгүй болоод маргалдаж эхэлсэн. Намайг хүүхдээ аваад зайл гээд байхаар нь тэгье гээд утсаа автал утас булаацалдаад байсан. Тэгтэл миний толгой руу гараараа 3-4 удаа цохиход нь гараад явахад араас гарч ирсэн. Буцаад ороход газар хөдөөнөөс авч ирсэн ямааны мах янзлах гээд тавьсан байсан хутгаар миний зүүн гарын гадар хэсэгт зүсэх шиг болсон. Удалгүй цагдаа нар ирсэн байсан...” /хх 27-29/,
“...архи ууж байхад Гансүх лам надад хандан “чамд нэг шар авгай байна, тэр авгай чинь чамд юм хийгээд байна, чи тэр авгайтай учирдаг юм байна” гэж хэлтэл манай эхнэр “наадахад чинь байдаг байх, гэрээсээ гараад явчихдаг юм, тэрэн дээрээ очдог байх” гээд хэрүүл хийж эхэлсэн. Тэгээд манай эхнэр намайг тархи толгой чинь өвдөж байж архи уулаа, хүн өчнөөн мөнгө төгрөг зарж эм тариа авч өгч байхад гээд загинаад байхаар нь би наад эм тариагаа тэр эмийн санд нь аваачиж өгөхгүй юу гэж хэлээд гадаа гарч тамхи татчихаад ороод иртэл хэрүүл хийсээр байсан. Тэгтэл манай эхнэр уур нь хүрсэн бололтой хутга бариад авахаар нь арай ч хатгалчихгүй байлгүй дээ гэж бодтол миний зүүн гарын булчин хэсэгт зүсэх шиг болсон. Тэр үед хэзээ нь мэдэхгүй Гансүх лам гараад явсан байсан...” /хх 104-106/,
гэрч Ж.Гансүхийн “Миний таньдаг Э 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр намайг ирж авсан. Өмнө нь утсаар гэртээ засал хийлгэмээр байна гэж холбогдсон байсан. Би урд өдөр нь жоохон уусан байсан тул замдаа 1 шил архи авахуулсан. Тэгээд гэрт нь ирээд хоол цай идэж уугаад номоо уншиж байгаад нөгөө авч ирсэн архиа уусан. Орой болсон байсан тул танайд хоноод явья өглөө гал усыг чинь тахиж өгнө гээд ахиад 1 шил архи авахуулаад тэрнээсээ тэр 2-т рашаан болог гээд хийж өгсөн. Би гарч ороод утсаар яриад бие засаад ороод ирэхэд Э би нөхөрийгөө хутгалчихлаа, намайг ирээд бариарай гээд цагдаа руу яриад байгаа бололтой байсан...” /хх 115/,
хохирогч Б.Эийн “...манай нөхөр хэрүүл өдөж байгаад миний баруун чих рүү цохиод намайг боож унагаад байсан. Тухайн үед намайг боогоод байхаар нь би Бтай зууралдаад хоолойг нь боож ноцолдсон. Манай том хүү цагдаа дуудсан байсан тул Бат- Амгалан зугтаах гээд байхаар нь би хориглоод явуулахгүй байж байхад цагдаа нар ирсэн. Цагдаа нарыг ирэхээс өмнө намайг үстээд бас хөл рүү өшиглөсөн...” /хх 21-22/ гэх мэдүүлгүүд,
“Б.Бгийн биед хүзүүнд цус хуралт, зүүн сарвуунд зүсэгдсэн шарх, баруун шилбэнд зулгаралт, зүүн тавхайн эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн сарвууны зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11953 дугаартай дүгнэлт /хх 40-41/,
“Б.Бгийн биед зүүн бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн 1559 дугаартай шинжилгээ /хх 118-119/,
“Б.Эийн биед зүүн хацар, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун шуу, хүзүүний цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12033 дугаартай дүгнэлт /хх 33/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 92-98/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Борлууд овгийн Батсүхийн Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Харин Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн прокурорын тогтоол /хх 71/-оор шүүгдэгч Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд шүүх Б.Бг үргэлжилсэн үйлдлээр “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй болсон байх тул шийтгэх тогтоолын 1 дэх заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх, шүүгдэгч Б.Эийг үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна.
Шүүгдэгч Б.Эийн “...би хийсэн хэрэгтээ маш сайн гэмшиж ойлгож байгаа тул надад оногдуулсан 1.200.000 төгрөгийн торгуулийн ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, шүүгдэгч Б.Э нь 2006 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн 15 настай хүү Э.Баасансүх /хх 52/, 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрсөн 9 настай М.Тэмүүлэл /хх 51/, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Б.Баяржаргал /хх 53/ буюу бага насны болон өсвөр насны хүүхдүүдтэй, мөн давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 6 сартай жирэмсэн гэж мэдүүлсэн зэрэг хувийн байдал, гэм буруугаа ухамсарлаж гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Эийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/392 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 1 дэх заалтыг “...Чой овогт Базарсадын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
- 2 дахь заалтыг “...шүүгдэгч Б.Эийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ