Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 459

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

Улсын яллагч Э.Бадрал,

Хохирогч Х.Баттулга,

Шүүгдэгч одбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн одбилэгт холбогдох эрүүгийн 1711002070132 дугаартай хэргийг 2017 оны 10  сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, , 1960 оны 12 сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, улсын филармонд хөгжимчин ажилтай, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 79 дугаар гудамжны 912 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар

 

Шүүгдэгч одбилэг  нь 2017 оны 7 сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 79-912б тоот хашаанд хохирогч Х.Баттулгатай маргалдаж, улмаар модоор толгойн тус газарт нь цохиж толгойн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч одбилэгээс мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ..2017 оны 7 сарын 9-ний өдөр 22 цагийн үед би өөрийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 79-912 тоот хашаандаа моднуудаа усалчихаад аргал уугиулаад сууж байтал гэнэт хэн нэгэн “хөөе хошногоны үсээ” гэж дуудсан юм. Тэгээд гайхаад эргээд харсан чинь хөрш айлын залуу Баттулга байсан юм. Тэгээд намайг “наашаа хүрээд ир чи яагаад хулгайч нохой шиг хашаа руу юм шидээд байгаа юм бэ?, чиний шидсэн юманд манай хүүхэд хөлөө гэмтээгээд байна” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би чи юу яриад байгаа юм бэ танай хашаа руу юм шидээгүй танай хүүхдүүдийг хөлийг гэмтээх байтугай би танай хүүхдүүд рүү муухай ч хардаггүй” гэж хэлсэн юм. Баттулга болон манайх дундуураа хальсан төмөр хашаагаар тусгаарлагддаг юм. Тэгээд бид 2 хашааны наана цаанаас маргалдаж байсан чинь Баттулга миний өмсөж байсан малгайг шууд миний толгойноос булааж аваад газар хаячаад дээрээс нь шээнэ гэхээр нь би хашааг давж ороод барилцаж аваад бид хоёр газар унасан юм. Бид хоёр газар унаад зууралдаад хоёр, гурав эргэж босоод ирсэн чинь Баттулгын духнаас нь цус гарчихсан байсан юм. Тэгээд босож ирээд “Содбилэгээ чи намайг зодчихлоо” гэж хэлээд утсаар хүн дуудаад байсан юм. Тэгээд би хашаандаа ороод байж байсан чинь Баттулгын хүүхэд нь ирээд намайг ална гэж хутга бариад надтай хэрэлдээд байхаар нь би өөрөө цагдаа дуудсан юм. Тэгээд цагдаа ирэх хооронд Баттулга хүүтэйгээ манай хашаанд орж ирээд намайг барьж аваад тохойгоороо миний эрүү лүү дарсан юм тэр үед миний үүдэн шүд хөдөлчихсөн юм. Тэгээд би “шүд, шүд” гэж орилсон чинь хүү нь аавыгаа боль гэж хэлээд надаас холдуулсан юм. гэсэн мэдүүлэг /хх 38/

Би хууль зөрчиж энд ирсэн байгаа тул би буруугаа хүлээж байна. Би энэ хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах гээгүй. Бид хоёр олон жил айл хөрш явж байгаа хүмүүс. Баттулгын авга ахыг танина. Би ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Хүний толгой гэмтээсэн нь миний буруу тул надад хөнгөн ял оноож өгнө үү. Миний доод үүдэн шүд гэмтсэн. Би Анхбаяр байцаагчид энэ тухай хэлэхэд одоо хэрэг гараад сар гаран болсон юм чинь наана чинь гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэсэн. Тухайн үед би хөдөө орон нутагт ажлаар явах болсон тул надад энэ байдлыг хөөцөлдөх зав байгаагүй тул тэр чигт нь орхисон. Тэр өдрөөс хойш миний үүдэн шүд хөдөлдөг болсон. Би энэ асуудлыг хүүхэддээ ч хэлээгүй. Манай охин гэр бүл болсон тусдаа амьдардаг хүн гэсэн мэдүүлэг

            Хохирогч Х.Баттулгаас мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ..Содбилэг хашаанаасаа манай хашааг давуулж юм шидээд байсан юм. Тэгээд очоод үзсэн чинь хашаанаасаа манай хашаа руу давуулж хог шидээд байсан. Тэгээд тэрнээс болж бид хоёр маргалдсан. Бид хоёрын хооронд өш хонзон, өр авлагын асуудал байхгүй, Газрын маргаантай холбоотой асуудал байгаа. Тухайн газрын маргаантай холбоотой асуудалыг шүүхэд хандах гэж байгаа. .. гэсэн мэдүүлэг  /хх 19/

Тэгээд би цагдаад хэлээд яахав дээ гэж бодоод гомдлоо татсан. Одоо надад гомдол алга гэсэн мэдүүлэг.

 

Гэрч Б.Хосбаяраас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2017 оны 7 сарын 10-ны өдөр би эмээгийнхээ гэрт байж байтал ээж Мөнхтулга утсаар залгаж “аав чинь тархиа Содбилэгт хагалуулчихсан байна чи очоорой” гэж надад хэлсэн. Тэгээд би Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 79-912б тоотод байрлах өөрийн гэртээ иртэл аав байшингынхаа үүдэнд сандал дээр толгойгоо хаглуулчихсан, толгойноос нь цус гарсан байдалтай сууж байсан. Аав надад хандаж  “аавынх нь толгойг Содбилэг модоор цохичихлоо” гэсэн. Тэгээд би цааш лавлуулаад хартал манай байшингийн хажууд хугарсан банз байсан. Цагдаад дуудлага өгчихөөд байж байтал аав Баттулга, Содбилэгтэй хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гараад Содбилэгт хандан “та одоо болиочээ хүний тархи толгой хагалчихаад дахиад хэрүүл хийгээд байх юм. Цагдаа ирээд учрыг нь олно шүүдээ” гэж хэлтэл. Надтай бас хэрэлдээд эхлэхээр нь би “чиний алдаг барьдаг гэж юу байдаг юм бэ” гэж хэлтэл над руу бас мод бариад дайрахлаар нь аав дундуур орж ирж модыг нь аваад Содбилэгийг түлхтэл Содбилэг газар гараараа тулаад унасан. Харин аавыг буцааж аваад хашаандаа орсон.. гэсэн мэдүүүлэг /хх 24

  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  ¹8917 дугаартай дүгнэлтэнд: ..Х.Баттулгын толгойн хуйханд шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна .. гэсэн дүгнэлт. /хх 31/

 

Шүүгдэгч одбилэгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 41/,оршин суугаа газрын лавлагаа /хх-42/, ажлын газрын тодорхойлолт /хх-40/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч одбилэг нь 2017 оны 7 сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 79-912б тоотод Х.Баттулгыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан модоор толгой руу нь цохиж түүний биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь нотлогдож байна.

Шүүгдэгч одбилэг нь нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд, уг хүсэлтийг прокурор хүлээн авч түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн түүнийг 450 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ялын саналыг танилцуулж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэрэг нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлж, хохирогчтой эвлсэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон зэрэг хуульд заасан шаардлага хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч одбилэгийг Эрүүгийн хууулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд прокурорын саналын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч одбилэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг хязгаарлаагүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. о Эрүүгийн хууулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар одбилэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч одбилэгт торгуулийн ялыг 1 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар одбилэг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч одбилэг нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шүүгдэгч одбилэгт авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч болон хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.МӨНХБАЯР