| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00136/И |
| Дугаар | 156/ШШ2024/00316 |
| Огноо | 2024-06-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 156/ШШ2024/00316
2024 06 18 156/ШШ2024/00316
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00136/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, Ерөнхий шүүгч Б.Марина, Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* *******,
Хариуцагч: ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: Сэтгэл санааны гэм хорын хохирол 82 000 000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү сар бүр 220 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хариуцагч: ******* /цахим/,
Иргэдийн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би ам бүл тавуулаа нөхөр, 3 хүүхдүүдийнхээ хамт аз жаргалтай, эгэл жирийн, элэг бүтэн амьдарч байсан. Тэр нэгэн айшигт өдөр миний гэм зэмгүй явсан ханийг минь гэмт этгээд амь насыг нь ямар ч шалтгаангүйгээр зэрлгээр хохироож, бидний аз жаргалтай амьдралыг үгүй хийлээ. Бид өнчирч хоцороолоо. Бид тэр гэмт этгээдэд маш их гомдолтой байна. Миний гомдол, цөхрөл хэзээ ч барагдахгүй. Би хэзээ ч тэр яргачинг уучлахгүй. Тэр гэмт этгээд урьд нь 2 ч хүний амь насыг хохирсоон этгээд байсан. Магадгүй дахин гарч ирээд дахиад хэдэн хүний амь насыг хохироож, хэдэн хүүхдийг өнчрөөж, хэдэн гэр бүлийн аз жаргалтай амьдралыг үгүй хийхийг би мэдэхгүй байна. 2023 оны 05 дугаар сарын 17-ны шөнө хагаслаад унтаж байгаа гурван үрээ үнсээд, хүүгийнхээ үсэглэлийн баярын өмнө ирнээ гээд гэрээсээ эрүүл саруул инээгээд гарсан ханийгаа буцаж ирээгүйд итгэж өгөхгүй байна. Гэрээ тойруулаад харахаар ханийхаа зогсож байгаа, хоолоо идээд сууж байгаа нь, гэрээсээ гараад хамтдаа алхаж байсан нь нүдэнд харагдаж байна. Бодогдоод үнэхээр хэцүү хүнд байна. 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр энэ аймшигт мэдээг анх сонсоод хүүхдүүддээ хэлэлгүй Налайх явсан. Гэвч миний том охин ганцаараа байх үедээ аавынхаа эмгэнэлийг файсбүүкээр харсан байсан. Тухайн үед охин минь ганцаараа яаж айж цочирдож хүлээж авсан бол гэхээс одоо бодоход миний сэтгэл өвдөж өмөрч хэдэн хэсэг зүрх минь зүсэгдэх шиг болдог. Миний бага охин аавыгаа нас барсныг мэдсэн мөртлөө ажил явдлын үеэр аавыхаа утас руу "ааваа та яагаад намайг орхиод явж байгаа юм бэ" гэсэн мэссэжийг бичсэн байсан. Миний бага хүү ажил явдлын үеэр "ээжээ юу болоод байгаа юм бэ, яагаад олон хүмүүс ирээд байгаа юм бэ, аав маань хаачсан юм бэ" гээд уйлаад байсан. Миний хүүхдүүд өдөр бүр аавыгаа нэхэж, санаж уйлж байна. Би хүүхдүүддээ "аав нь одоо бид нарт ирэхгүй ээ, холоо тэнгэрт яваад өгсөн" гэж хэлэхэд хүү маань "ээжээ тэгвэл аав маань тамд байгаа юу, диваажинд байгаа юу" гэж хүү минь асуусан. Тэгэхэд нь "миний хүүгийн аав маш сайн хүн байсан болохоор диваажинд байгаа" гэж хэлэхэд хүү маань "ээжээ тэгвэл манай аав хэд хоноод ирэх вэ" гэж асуухад нь надад хэлэх үг олдоогүй, би хүүхдүүдээ тэврээд уйлахаас өөрөөр юу ч хийж чадаагүй. Одоо хоёр охин маань аавынхаа тухай юу ч ярихгүй, юу ч хэлэхгүй байдаг. Бодоход ээжийгээ уйлуулахгүй зовоохгүй гэсэндээ биеэ барьж байгаа байх. Надад ийм хүнд хэцүү байхад миний хүүхдүүдэд бяцхан зүрх сэтгэлд нь ямар хүнд хэцүү байгааг төсөөлөхөд үнэхээр аймшигтай байна. Миний бага хүү маань одоо "аав маань надад тэгж хэлсэн, аав бид хоёр ингэдэг, тэгдэг байсан" гэж байнга аавынхаа тухай ярьдаг олон зүйлийг надаас асуудаг. Одоо гурван хүүхэд маань хоол унд муу идэж байна. Цаашид эрүүл мэнд нь муудах вий гэхээс би айж байна. Би хүүхдүүдээ сэргээж өөрөө хүчтэй байхыг боддог боловч үнэхээр дийлэхгүй байна. Миний хань явахаасаа өмнө "хань нь 7-хон хоноод ирнэ" гээд явсан ч хэзээ ч бидэндээ ирэхээргүй холын хол бурханы оронд одлоо. Бид хоёр арван жилийн сургуулиа нэг ангид төгсөж, ангиасаа төрсөн цорын ганц хосууд байсан. Бага наснаасаа бид биенээ мэдэж өссөн болохоор бидний амьдралд хэрүүл, маргаан гэж огт байгаагүй. Үүнийг манай олон жил хөрш байгаа айлууд, орцныхон, байрныхан, нөхрийн маань найз нөхөд, ах дүү хамаатан садан бүгд мэднэ. Миний хань хүнд тусч, нэг ч удаа хүнтэй ам зөрж, гар зөрүүлж үзээгүй, хүн рүү муухай ч харж чаддаггүй тийм хүн байсан. Миний хадам аав ээж Хэнтий аймгийн Дадал сумын Онон багийн харъяат малчин хүмүүс байдаг. Миний хань аав ээждээ ах дүү нараасаа хамгийн ойр амьдардаг нь болохоор аав ээжийнхээ бүхий л ажилд их тустай, намар болгон өвлийн бэлтгэл ажил, хадлан тэжээл авах, өвөлжөө зусланд нь нүүлгэх, тэр ч байтгуай түлээгүй боллоо гэхэд нь аймгийн төвөөс Далал сум руу 300 км-с зорин очиж түлээ мод уулнаас бэлтгэж хөдөө гэрийнхээ бас бус ажлыг амжуулж өгөөд ирдэг байсан. Одоо аав ээж хоёр нь гар мухар боллоо. Аймгийн төв дээр гэртээ байх үедээ өглөө бүр надад өглөөний цай бэлдэж өгнө, ажил минь хүргэж өгнө, ажлаас тараад ирэхэд халуун хоол цайтай хүүхдүүдээ сургуулиас нь аваад хичээл даалгаврыг нь хийлгэчихсэн, орой бүр намайг ажлаа тарахад ирж авдаг байсан. Ажлын гадаа нь ирсэн байна шүү ханиа гээд мэссэж чат бидэг байсан. Миний хань ийм л сайн хань, сайн аав байсан. Миний хань урьд нь Хэнтий аймгийнхаа Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр үр бүтээлтэй сайн ажиллаж, гавъяа шагнал авч, олон хүмүүсийн групп тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэдэг байсан. Миний хань амьдрал ахуйгаа хүний дайтай авч явах гэж их хичээсэн. Халамжийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авч сум хөгжүүлэх сангаас би зээл авч өрхийн үйлдвэрлэл эрхэлсэн ч тэр бүхэн бидний санаснаар бүтэмжтэй сайхан байсангүй. Урьдын адилаар хөдөө явж аав ээждээ туслаж байгаад гэртээ ирж цөөхөн хэдхэн хоноод Улаанбаатар хотод төрсөн ахынхаа ажилд туслангаа барилга дээр нь ажиллаад 7 хоноод ирнээ гээд явсан юм. Амьдрал ахуйгаа төвхнүүлж ид сайхан хийж бүтээх насан дээрээ явсан хүн шүү дээ. Хүмүүст хүнд хэцүү зовлон тохиолдсныг сонсдог байсан ч бидэнд ийм зовлон шаналал ирнэ гэж бодсонгүй. Миний хань шиг хорхойд ч хоргүй сайхан түүнд минь ийм аймшигтай зүйл, сайхан ханиа бусдын гарт цаг бусаар алдана гэж, ийм эрт бяцхан гурван үртэйгээ өнчирч хоцроно гэж мэдсэнгүй. Миний хань 1984 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн. Тэр аймшигт өдрөөс хойш 15-хан хоногийн дараа хайртай хань минь 39 нас хүрэх байлаа. Хайртай ханьдаа сайхан бэлэг барьнаа, утастай мэндчилгээ илгээнэ гэж төлөвлөж байсан ч тэр өдөр нь зурагных нь өмнө зул бариад сууна гэж үнэхээр би бодоогүй. Ажил явдал өнгөрсний дараа би ханийхаа хувцас эдлэл хэрэглэлийг эвлүүлэн суухдаа ханийхаа надад өгч байсан захиаг олж уншсан.
Уг захианд:
Чи миний бүдэгхэн зүүдэнд тусах гэрлийг тод болгодог гэгээн хайр
Чи миний бяцхан зүрхэнд нь эзэн суусан үүрдийн хайр
Чи миний зүрхэнд минь гэрэлтэх нандин хайр
Чи миний алдаж боломгүй мөнхийн хайр
Чи бид хоёр 10 жил хамт байжээ, гурван сайхан үртэй болсон, сайхан мөчүүд саяхан юм шиг санагдаж байна, би чамдаа хайртай, 10 жил ойн мэндийг хүргье хайрт хань... гэсэн захидлыг уншиж зөндөө их уйлсан. Цаашид бид яаж амьдрах юм бэ? Ар гэрийнхээ бүхий л ажлыг миний хань зохицуулдаг байсан. Би гэдэг хүн гэрлийн шил шатсан ч сольж чадахгүй, хоолны махаа яснаас нь шулж янзалж чадахгүй, энэ гэр үр хүүхдүүдээ яаж авч явах юм бэ? Би мэдэхгүй байна. Миний эргэн тойронд хүүхдүүд, аав, ээж, ах дүүс, найз нөхөд минь байгаа ч би дэндүү ихээр ганцаардаж байна. Гадаа халуун байгаа ч би даарч байна. Би хайртай ханийгаа маш ихээр санаад байна. Болдогсон бол цаг хугацааг ухраамаар, тэр алуурчнаас амийг амиар гэж нэхмээр байна. Миний хань сайн хань, маш сайн аав, маш сайн хүү байсан. Дэндүү сайхан ханийгаа, дэндүү сайхан аавыгаа, дэндүү сайхан хүүгээ бид дэндүү эрт алдлаа. Тэр хүн яг яасан гэж миний ханийн алтан амийг авав.... гэмт этгээд бид бүхэнд гурван том зовлонг үүрүүллээ. Өсөж өндийх насандаа аавыгаа алдахын зовлонг миний гурван хүүхдэд, ид сайхан залуу насандаа ханийгаа алдахын зовлонг надад, өтлөх насандаа үр хүүхдээ алдахын зовлонг миний аав ээжид амсууллаа... Тэр хүний гарт алтан амиа өгтлөө миний хань ямар буруу хэрэг хийсэн гэж... Энэ хүн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор 14 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлэхээр ял шийтгүүлсэн. Би маш их гомдолтой байгаа учир түүнээс хуулийн дагуу гаргуулж болох бүх зүйлийг гаргуулмаар байна. Иймд *******гээс сэтгэл санааны хохирол 82 000 000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү сар бүр 220 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, өмнө нь шүүхэд тайлбараа ирүүлсэн байсан. Нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.
Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ******* миний бие ******* ******* /РД:*******/-д холбогдуулж гэм хорын хохирлын нэхэмжлэл гаргасан юм. ******* гэгч нь ямар ч гэмгүй явж байсан миний нөхрийг, миний хүүхдүүдийн аавыг ямар ч шалтгаангүйгээр алж, бидэнд маш хүнд зовлонг үүрүүлсэн. Би *******г маш их үзэн ядаж байна. Тэрээр одоог хүртэл Эрүүгийн хэргийн шүүхээр тогтоож өгсөн оршуулгын зардал хохирлыг нэг ч удаа төлж барагдуулаагүй байгаа. ******* эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дээрээ огт гэмшсэн шинжгүй бохь зажлан сууж, миний нөхрийг өөрөө л хутгатай гаран дээр нь уначихсан мэтээр хээв нэг худал мэдүүлэг өгөн сууж байсан. Би энэ иргэний нэхэмжлэлийг гаргасан учир нь одоо чанга дэглэмтэй шоронд ороод өөрийнхөө хийсэн гэм бурууг жаахан ч гэсэн ухаарсан болов уу, ийм нэхэмжлэл гаргахад төлж чадахгүй ч гэсэн хүний урманд төлөхийг хичээе гэж хэлэх болов уу, надаас болон 3 үрээс минь уучлалт гуйх болов уу гэж найдаж энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Гэвч тэр хэзээ ч гэмшихгүй, хийсэн жигшүүрт хэрэгтээ хэзээ ч харамсахгүй юм байна гэдэг нь энэ нэхэмжлэлд хандаж байгаа байдал, тайлбараас нь харагдаж байна. Би жигшүүрт ялтан *******гийн царайг харж, дуу хоолойг нь сонсмооргүй байгаа тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авч байна. Монгол улсын хууль, төрийн чанга хяналтан дор хийсэн хэрэгтээ гэмшин гэмштлээ үүрд алтан нарыг үзэхгүй байх болтгуай гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь *******д холбогдуулан сэтгэл санааны гэм хорын хохирол 82 000 000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү сар бүр 220 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.******* нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх ба нэхэмжлэгч нь хэдийд ч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлээлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч А.******* нь энэ асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй, энэхүү шүүхийн тогтоолд зохигч нь гомдол гаргах эрхгүй болохыг дурдаж байна.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар А.*******ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох, сэтгэл санааны гэм хорын хохирол 82 000 000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү сар бүр 220 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ тогтоолд зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ