| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00299/И |
| Дугаар | 156/ШШ2024/00297 |
| Огноо | 2024-06-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 156/ШШ2024/00297
2024 06 06 156/ШШ2024/00297
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00299/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...тоотод байрлах, М Т ХХК
Хариуцагч: Хэнтий аймгийн Б сумын 5-р багт байрлах, Б А ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,401,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М Т ХХК нь хариуцагч Б А ХХК-д холбогдуулан 1,401,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч М Т ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М Т ХХК нь тус компанид 1,901,700 төгрөгийн эм, эмийн бүтээгдэхүүнийг зээлээр худалдан борлуулсан. Үүнээс хариуцагч нь 500,000 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэгдэл 1,401,700 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч компаниас 1,401,700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Б А ХХК-ийн төлөөлөгч С.А нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аавын минь хоёр дүү өвчний улмаас сар дараалан нас барсан учир энэ мөнгийг төлж чадаагүй. Одоо нэхэмжлэлийн шаардлага 1,401,700 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэг маргаан байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд хандан гаргасан 1,401,700 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б А ХХК-ийн захирал С.А нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Хариуцагч Б А ХХК нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,690 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,690 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М Т ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М Т ХХК-ийн нэхэмжилсэн 1,401,700 /нэг сая дөрвөн зуун нэг мянга долоон зуу/ төгрөгийг хариуцагч Б А ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,380 /гучин найман мянга гурван зуун ная/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,690 /арван найман мянга зургаан зуун ер/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,690 /арван найман мянга зургаан зуун ер/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М Т ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б А ХХК нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА