| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00297/И |
| Дугаар | 156/ШШ2024/00299 |
| Огноо | 2024-06-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 156/ШШ2024/00299
2023 06 06 156/ШШ2024/00299
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00297/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...т байрлах, М Б ХХК,
Хариуцагч: Хэнтий аймгийн Ш Ш Г дүгээр нээлттэй хорих анги, хоригдож байгаа Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ...хаягтай, Г.Б ,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,213,760 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Б нь "М Б -ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 140000403430 тоот зээл, зээлийн эрх, нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Г.Б нь уг гэрээний үндсэн дээр 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр сарын 2,9% хүүтэй 500,000 төгрөгийг зээлээр авсан ба 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төлж барагдуулах байсан боловч төлөөгүй. Г.Б ийн зээлийн гэрээний үүргийг шаардан зээл авах үедээ тодорхойлсон Дархан-Уул аймгийн ... тоот хаягаар 2020 онд шүүхэд хандахад Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 3302 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч тус хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гарган, тус шүүхээс 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 643 дугаартай шийдвэр гарч Г.Б ийн хаягийг тогтоосон. Г.Б нь Хэнтий аймгийн Ш Ш Г дүгээр нээлттэй хорих ангид хоригдож байгаа гэсэн тул танай шүүхэд хандсан боловч 461 дүгээр хорих ангид хоригдож байгаа үндэслэлээр хэргийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Гэвч Г.Б нь Хэнтий аймгийн Ш Ш Г дүгээр нээлттэй хорих ангид хоригдож байгаа гэсэн тул танай шүүхэд дахин хандаж байна.
Иймд Г.Б ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 1,213,760 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Г.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлага 1,213,760 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М Б нь хариуцагч Г.Б т холбогдуулан 1,213,760 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М Б -ийн шүүхэд гаргасан зээл, зээлийн хүү нийт 1,213,760 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Б нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Г.Б нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М Б -ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,681 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16,840 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Б ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16,840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М Б -д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М Б -ийн нэхэмжилсэн 1,213,760 /нэг сая хоёр зуун арван гурван мянга долоон зуун жар/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Б нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М Б -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,681 /гучин гурван мянга зургаан зуун наян нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16,840 /арван зургаан мянга найман зуун дөч/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Б ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 16,840 /арван зургаан мянга найман зуун дөч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М Б -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Б нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА