| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 1805 01794 1666 |
| Дугаар | 2022/ДШМ/450 |
| Огноо | 2022-04-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2022/ДШМ/450
Н.Ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Отгонбаатар,
шүүгдэгч Н.А,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2022/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Бадамын гаргасан давж заалдах гомдлоор Н.Ад холбогдох 1805 01794 1666 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
..............., .............................../,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/623 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/667 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, урьд эдлээгүй үлдсэн ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 7 сар 9 хоногийн хугацаагаар тогтоосон ба Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 93 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 7 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон;
Н.А нь 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шонхор” худалдааны төвийн оёдлын газраас иргэн Д.Бадамын эзэмшлийн “Самсунг Жи-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Анхлхагвын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .....................ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А..ыг 6 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Ад оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 667 дугаар шийтгэх тогтоолоор түүнд 3 жил 7 сар 9 хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 93 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 7 хоногийн хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 11 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт зорчих эрх хязгаарлах ялыг 2 жил 6 сар 11 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Анхлхагвын 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 36 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 5 сар 5 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.А нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч Д.Бадам гаргасан давж заалдах гомдолдоо: “...Иргэн би хулгайд утас алдсан тухай анхны өргөдөл дээрээ 700.000 төгрөгийн утас биш 800.000 төгрөгийн утас алдсан тухай бичсэн. Тухайн онд би ажиллаж байсан тул 1 сарынхаа цалингаар шинэ утас аваад удаагүй байсан юм. Цагдаагийн байгууллагад утсаа хулгайд алдсан тухай анх өргөдөл бичихдээ “Шонхор” плазагаар ороод гарсан тухайгаа бичээгүй билээ. Яагаад гэвэл 2018 оны 3 дугаар сарын 10 нь амралтын өдөр байсан учраас “Шонхор” плазагаар 10 цагийн үед ороод гарахад хувцас захиалгын өрөөнд 1-2 оёдолчингоос өөр хүн байхгүй байсан ба оёдолчинд богино хугацаанд ороод гарсан учраас утсаа гаргах шаардлага байхгүй байсан ба ямарч эрэгтэй хүн надтай тааралдаагүйг би сайн санаж байгаа учраас “Шонхор” плазад утсаа хулгайд алдаагүй гэдэгт итгэлтэй байсан учраас өргөдөлд тусгаагүй. Анхлхагва гэгч яаж миний утсыг “Шонхор” плазад хулгайлж авсныг үнэхээр гайхаж байна. Харин “Шонхор” плазагаас гараад Төрийн банкинд очиход маш их хүнтэй байсан. Банкинд удсан учраас энд утсаа хулгайд алдчихлаа гэж бодсон. Ингээд утасны хохирлоо шийдүүлэхийн тулд Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээр жил гаруй явсан. Энэ хугацаанд миний хэрэг дээр 5-6 мөрдөн байцаагч солигдоход хэн ч миний утсыг хулгайлсан гэх Анхлхагвыг олдохгүй байна гэдэг байсан. Харин 2021 оны сүүл 2022 оны эхэн үеэр надтай урьд нь уулзаж байгаагүй мөрдөн байцаагч утасдаж “таны утсыг хулгайлсан Анхлхагва гэгч олдсон, таны утсыг “Шонхор” плазад байхад чинь хулгайлсан байна, та энэ хүнийг яллах материал дээр ирж гарын үсгээ зурах хэрэгтэй байна” гэсэн тул би материалтай танилцахгүйгээр гарын үсгээ зурчихаад явсан.
Иргэн би цагдаагийн байгууллагаар жил гаруй явахад мөрдөгчид Анхлхагва гэгчийг олохгүй байсан ба миний асуудал мөрдөгчөөс мөрдөгч дамжсаар Жавхлантөгс мөрдөгч дээр очсон. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2.2-т гэрч Билгүүн Анхлхагвын хулгайлсан утсыг 200.000 төгрөгөөр авсан байсныг Анхлхагва гэгч нь унтаж байхад нь уг утсыг буцаагаад аваад явчихсан мэт мэдүүлэг өгсөн байна. Харин Анхлхагва нь хулгайлсан утсаа түр бариулж байгаад Билгүүнээс гар утсаа авлаа шүү гэж хэлээд хулгайлсан утсаа буцааж аваад “Монтел” дээр 190.000 төгрөгөөр зарсан гэж мэдүүлэг өгсөн байна. Эндээс харахад Билгүүн гэгч миний утастай ямарч хамааралгүй мэт харагдаж байна. Гэтэл Жавхлантөгс мөрдөгч дээр Билгүүн нь “Мобиком”-оос зээлээр авсан, эхнэрийнхээ гар утсыг надад өгөхөөр авч ирсэн байсан. Би “1-д энэ утас чинь чиний утас биш эхнэрийн чинь утас байна, 2-д зээлээр авсан зээл нь төлөгдөж дуусаагүй утас байна, тийм учраас би энэ утсыг авахгүй, харин миний хулгайд алдсан утасны хагас үнэ болох 400.000 төгрөгийг бэлнээр өгч миний хохирлыг барагдуулаад энэ хэргийг дуусгаж хаая” гэж хэлсэн боловч Билгүүн болон Жавхлантөгс мөрдөгч хоёр уг зээлийн утсыг надад өгөх гэж тулгаснаар би авахгүй гэж Жавхлантөгстэй муудалцаад гараад явсан. Дараа нь миний утасны асуудал Жавхлантөгсөөс хошууч Жамъянд шилжсэн байсан. Хошууч Жамъян дахиад л Билгүүн гэгчийн эхнэрийнхэн зээл нь дуусаагүй утсыг авахаас өөр гарц байхгүй гэсэн учраас би аргагүйн эрхэнд уг утсыг авснаар миний асуудал дууссан. Гэтэл би Билгүүн гэгчээс авсан утсыг удахгүй дахиад хулгайд алдсан. Би буцаад энэ нөхдүүдийг хулгайлсан байж магадгүй гэж боддог. Яагаад гэвэл хошууч Жамъян Билгүүнтэй биечилж уулзахыг санал болгосон. Тухайн үед би бага насны хүүхэд асарч байсан учраас хүүхдээ тэврээд гэрээсээ холгүй Билгүүнтэй уулзсан юм. Ийм учраас эдгээр хулгайчид миний явах замыг мэдсэн байх гэж боддог. Шүүхийн шийтгэх тогтоолд Н.А нь миний хулгайлсан гар утсыг биет байдлаар өөрөө буцааж өгсөн мэтээр тусгасан байна. Жил гаруй би цагдаагийн байгууллагаар явахад Анхлхагва гэгч нь олдохгүй байсан бөгөөд хүнтэй үгсэж хохирлоо барагдуулчихаад ил гарч ирсэн нь тодорхой байна. Анхлхагва гэгч нь миний хохирлыг өөрөө биет байдлаар буцааж өгөөгүй бөгөөд энэ хүн олдохгүй байсаар миний хэрэг хаагдсан. Ийм учраас Анхлхагва гэгчид хуулийн зохих ёсны арга хэмжээ авч, суух ёстой хугацаанд нь шоронд нь хорих хэрэгтэй гэж хүсэж байна.” гэжээ.
Шүүгдэгч Н.А тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.
Прокурор П.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүх шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын хэм хэмжээнд, шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Н.Ад оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт зорчих эрх хязгаарлах ялыг 2 жил 6 сар 11 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд нийцсэн, ямар нэг хууль зөрчсөн асуудал байхгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогч Д.Бадамын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Ад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдлоо.
Анхан шатны шүүх 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байх бөгөөд хавтаст хэргийн 194-195 дугаар талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлийг үзвэл хэргийн оролцогч нарын тайлбар мэдүүлэг тусгагдаагүй, мөн шүүх хурал хэрхэн яаж явагдсан талаар шүүх хуралдааны явцыг дутуу бичсэн байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2-д “Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хэлэлцэж байгаа хэргийн дугаар, шүүгдэгчийн биеийн байцаалт, шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана.” гэж заасныг зөрчжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1-д “Дараахь нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ:” гэж, мөн хуулийн 1.9-д “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол” хуулийн ноцтой зөрчилд тооцохоор хуульчилсан.
Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2022/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Ад холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан хохирогч Д.Бадамын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Н.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Н.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ