Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
Хэргийн индекс | 141/2024/00052/И |
Дугаар | 141/ШШ2024/00103 |
Огноо | 2024-06-07 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 141/ШШ2024/00103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж
Нэхэмжлэгч Г.Ууганбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар багт оршин суух хаягтай Б овогт Г.У нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Унь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие 1969 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Тосонцэнгэл суманд төрсөн. 1986 онд Т сумын Б 8 жилийн сургуулийг төгссөн. 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Тосонцэнгэл хотын барилга угсралтын конторын блокны цехэд нормчноор конторын даргын 1989 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 113 дугаар тушаалаар томилогдон ажилласан. Барилга угсралтын контор нь хувьчлагдаж 1991 онд “Баянбүрд” ХК болоход тус компанид үргэлжлүүлэн 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байгаад хөдөө гарсан тул ажлаасаа чөлөөлөгдсөн. Ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ч чөлөөлөгдсөн тушаалыг Завхан аймгийн Архивын тасгаас шүүлгэхэд олдохгүй байна. Иймд намайг Тосонцэнгэл хотын барилга угсралтын конторт нормчноор 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, Тосонцэнгэл сумын “Баянбүрд” ХК-нд нормчноор 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:.
Нэхэмжлэгч Г.Ууганбаяр нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Г.У нь Тосонцэнгэл хотын Барилга угсралтын конторт нормчноор 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, Тосонцэнгэл сумын “Баянбүрд” ХК-нд нормчноор 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болох нь:
БНМАУ-ын Улсын барилгын хорооны харъяа Тосонцэнгэл хотын Барилга угсралтын конторын даргын 1989 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 113 дугаартай “...Блокийн цехэд ажиллах хүчин дутагдалтай байгаа талаар Захиргааны зөвлөлийн хурлаар яригдаж, тэнд хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийг ажиллуулахаар шийд өгсөн, БНМАУ-ын хөдөлмөрийн хуулийн 26, 27-р зүйлүүдийг үндэслэн тушаах нь: 1. ...Г.У ...нарыг 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс түр 2 сарын хугацаатай ажилчнаар ажиллуулсугай. Дарга А.Ч..” гэсэн түр ажилчдыг ажиллуулах тухай тушаалын хуулбар,
БНМАУ-ын Улсын барилгын хорооны харъяа Тосонцэнгэл хотын Барилга угсралтын конторын даргын 1990 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 323 дугаартай “...Шинээр гэр бүл болж байгаа блокон цехийн ажилтан Г.У 300 төгрөгийн шагнал олгосугай. Дарга Н.С..” гэсэн шагнал олгох тухай тушаалын хуулбар,
Тосонцэнгэл хотын Барилгачин пүүсийн захирлын 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 138 дугаартай: “...ажилчин албан хаагч, ИТА тээвэрчид 93 хүнд энэ тушаалын хавсралтад зааснаар ээлжийн амралтыг 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгосугай. Тушаалын хавсралтын 68 дугаарт Г.У блокон салбар, мэргэжил нормчин, улсад ажилласан жил 2, үндсэн хоног 21, нийт хоног 21. Захирал Н.С...” гэсэн тушаалын хуулбар, түүний хавсралт,
Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Барилга угсралтын контороос 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Г.У нээн олгож, түүний зургийг нааж, зургийн баруун доод өнцгийг оруулан тэмдэг дарж, ажлын тухай мэдээлэлд 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдөр блокны цехэд нормчноор томилон ажиллуулав, 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хөдөө гарсан тул ажлаас чөлөөлөв...” гэж бичиж тэмдэглэн байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтэр дэх мэдээлэл,
“...Хүндэт Г.У танд хөдөлмөр бүтээлээрээ салбарын хамт олноо манлайлан ажиллаж БАРИЛГАЧИД-ын баярын өдрийг ажлын өндөр амжилтаар угтсанд баяр хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэж ерөөе “Баянбүрд” компанийн захиргаа...” гэсэн баярын бичгийн хуулбар,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...У Д 1990 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, ...эцэг Гомбоо Ууганбаяр барилгад нормчин ажилтай,...” гэсэн төрснийг бүртгэх ХААТР-11 маягтын хуулбар,
“...Тосонцэнгэл сумын “Баянбүрд” ХК нь 78999 дугаартайгаар 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бүртгэгдэж, 1996 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “Зост өргөө” ХХК болон бүртгэгдсэн байна...” гэсэн хуулийн этгээдийн лавлагаа,
гэрч Х.М “...Г.Ууганбаяр нь цэргээс ирээд Тосонцэнгэл сумын Барилга угсралтын конторт шохой, блокон цехэд нормчноор ажилд орж бид 1994 оныг хүртэл хамт ажиллаж байгаад ажлаас гарсан. Манай Барилга угсралтын контор нь Тосонцэнгэл сумын төвд байршилтай байсан ба хөдөө орон нутгаар албан байгууллагын барилгыг барьж байсан. Тухайн үед Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд клуб, эмнэлгийн засвар Цэцэн-Уул, Сант сумын сургуулийн барилгыг барьж байсан. Нормчноор ажиллаж байх үед зуны улиралд 700 орчим, өвлийн улиралд 300-400 орчим төгрөгийн цалинтай байсан. Манай байгууллага нь өглөө 06 цагаас 14 цагт 1 ээлж, 14 цагаас 24 цаг хүртэл 1 ээлж, нийт 2 ээлжээр ажилдаг байсан. Барилгын угсралтын конторын даргаар *******, бригадын даргаар*******, ******* гэдэг хүмүүс ажиллаж байсан. Барилга угсралтын контор нь хувьчлагдаад Баянбүрд ХХК болсон. Баянбүрд ХХК-ийн захирлаар Сүрэнжав гуай ажиллаж байсан. Барилга угсралтын контор Баянбүрд компани болсны дараа 1994 он хүртэл бид хамт ажилласан...” гэсэн мэдүүлэг,
гэрч Ч.Э “...Г.Ууганбаяр нь цэргээс ирээд 1989 онд Тосонцэнгэл сумын Барилга угсралтын конторт ажилчнаар ажилд орсон. Тэр үед би Барилга угсралтын конторт машинист хийж байсан. Барилга угсралтын конторын даргаар ******* гэж хүн байсан. Тосонцэнгэл сумын Барилга угсралтын контор нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж албан байгууллагуудын барилга барьдаг байсан. Г.Ууганбаяр нь манай байгууллагад туслах ажилтан нормчин хийдэг байсан бөгөөд тэр үед *******, *******, Ганбаатар, Аюуш зэрэг туслах ажилтнууд ажиллаж байсан. Тухайн үед улирлын байдлаас шалтгаалан 300-800 орчим төгрөгийн цалинтай байсан. Барилга угсралтын контор нь 1991 онд татан буугдаж, Баянбүрд ХХК болон өөрчлөгдсөн бөгөөд бид үргэлжлүүлэн Баянбүрд ХК-д 1994 он хүртэл ажилласан ...” гэсэн агуулга бүхий мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, тэдгээрийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.
Иймд нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б овогт Г.У Тосонцэнгэл хотын Барилга угсралтын конторт нормчноор 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, Тосонцэнгэл сумын “Баянбүрд” ХК-нд нормчноор 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ