| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2023/00368/И |
| Дугаар | 156/ШШ2024/00300 |
| Огноо | 2024-06-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 156/ШШ2024/00300
2024 06 07 156/ШШ2024/00300
Гэрлэгчдийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2023/00387/и
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р баг, ... тоотод оршин суух, Тугчин овогт Б.Б ,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р баг, ... тоотод оршин суух, Боржигон овогт Б.Б ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваалгах, хүүхдийн хадгаламжийг эх Б.Б ын нэр дээр шилжүүлэхийг даалгах, цалингийн зээлийн 3,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Д т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, цалингийн зээл 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
2. Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Д тай 2012 онд танилцаж гэр бүл болж, бидний дундаас охинД.Б , хүү Д.Б , охин Д.Д нар төрсөн. Б.Д нь анх гэр бүл болсон цагаас эхэлж архи ууж, хайр халамжгүй, гадуур хонодог, хүүхдүүддээ халамжгүй, том охиноо төрөөд 7 хонож байхад Улаанбаатар хот руу ажил хийнэ гэж яваад огт эргэж ирээгүй. Ирэхгүй холбоо барихгүй болохоор нь би өөрөө хүүхдээ тэврээд Улаанбаатар хот руу араас нь очиж 3 сар хамт амьдарсан. Дараа нь Хэнтий аймагт буцаж ирээд Б.Д , ээж, эрэгтэй дүү нарын хамт амьдрах болсон. Ингээд байж байтал 2015 оны 03 дугаар сарын 08-ны шөнө намайг хэл амаар доромжилж зодож цохисон. Би тэр үед Б.Д т зодуулсны улмаас шагайгаа мулталж гэмтэж байсан. Дараа сард нь буюу 4 дүгээр сард Б.Д нь согтуу ирээд гудамжинд намайг зодож гэмтээсэн. Энэ үед би цагдаагийн байгууллагад хандаж байсан. Би Б.Д т хөөгдөөд Батноров сум руу өөрийн гэр лүү явсан. Харин Б.Д Улаанбаатар хот руу явсан. Одоо гэр бүлийн дундын эд хөрөнгөөс гаргуулж, хүүхдээ өөрийн асрамжид авч, хүүхдүүдийн хадгаламжийг эх Б.Б ын нэр дээр шилжүүлэхийг даалгаж, цалингийн зээл 3,500,000 төгрөгийг Б.Д аас гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
3. Хариуцагч Б.Д нь шүүх ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Миний хувьд эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулах хүсэлтгүй байсан. Цаашид эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдрахын тулд эхнэртэйгээ сайн ойлголцох нь чухал гэж бодож байна. Харилцаа хандлагын хувьд намайг ойлгохыг хичээж, аядуу зөөлөн байгаасай гэж хүсдэг. Дахин дахин саллаа гэж явмааргүй байна, муудалцсан ч гэсэн ойлголцохгүй зүйлээ харилцан ярилцаж хамт баймаар байна. Нөхөр гэдэг үүднээс ойлгодог хүндэлдэг байгаасай гэж хүсэж байна. Эвлэрч сайхан амьдарна гэж бодож байна гэжээ.
4. Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Бид энэ удаа ярилцаж ойлголцсон учир асуудлаа эвийн журмаар шийдэж үр хүүхдээ өнчрүүлэхгүй цаашид хамт амьдрах болсон. Нөхөр маань байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байдаггүй, нэг удаагийн үйлдэл дээр би шүүхэд өгсөн. Цаашид гэр бүлдээ цаг зав гаргадаг байсан. Цаашид гэр бүлээ нэгт тавьдаг, ямар нэг шийдвэр гаргахдаа ганцаараа биш ярилцдаг байгаасай гэж хүсэж байна. Гэрлэлтээ цуцлуулахгүй гэж шийдсэн. Бид 2 эвлэрч бие биедээ итгээд хамт сайхан амьдарна гэж бодож байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Д тай 2012 онд танилцаж, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2014 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр охинД.Б , 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүү Д.Б , 2022 оны 5 дугаар сарын 01-ний охин Д.Д нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байна.
Шүүхээс хэргийг хянаад 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 303 дугаартай шүүгчийн захирамжаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авч, эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авахыг тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид даалгаж хянан шийдвэрлэсэн. Улмаар тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 53 дугаартай эвлэрлийн гэрээгээр гэрлэгчид нь эвлэрсэн тул гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Б , хариуцагч Б.Д нарт шүүх хуралдааны товыг шүүхээс хуулийн хугацаанд мэдэгдсэн боловч тэрээр шүүхэд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хяна шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 100.3-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн эзгүйд хэргийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Б.Б ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Д т холбогдох иргэний хэрэг нь гэрлэлт цуцлуулах тухай маргаан байх тул тус маргаантай хамт хянан шийдвэрлэгдэх хүүхдийн асрамж, тэтгэлэг, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийн маргааны шаардлагад нийтэд нь 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөх бөгөөд гэрлэлт цуцлахтай холбогдолгүй маргаан болох цалингийн зээл 3,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагад үнийн дүнгээр нь буюу 3,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 74,150 төгрөгийг төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 361,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 220,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Б т олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 132 дугаар зүйлийн 132.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-д зааснаар нэхэмжлэгч Б.Б ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Д т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, цалингийн зээл 3,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 361,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 220,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Б т олгосугай.
3. Энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА