Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 141/ШШ2024/00104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Нарийн бичгийн даргаар Л.Золбоог оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  оршин суух хаягтай Ө овогт Н.Д нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Д нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие 1989 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн 8-р ангийг төгссөн. 1989 онд Завхан аймгийн МСҮТ-д элсэн орсон. 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “Баянбүрд” компанид нормын ажилчнаар ажилласан. Миний ажилд орсон тушаал олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “Баянбүрд” ХК-д нормчноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Миний бие Улаанбаатар хотод хүүхдээ эмнэлэгт үзүүлж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Н.Д нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “Баянбүрд” хувьцаат компанид нормчноор 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болох нь:

Завхан аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс 1992 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ******* ******* нээн олгож, түүний зургийг нааж, зургийн баруун доод өнцгийг оруулан тэмдэг дарж, хөдөлмөрийн хөлсний мэдээлэлд 1992 оны 9-10 сар, 1993 оны 4-12 сарыг дуустал, 1994 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал авсан хөдөлмөрийг хөлсийг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр дэх мэдээлэл,

Завхан аймгийн Булнай сумын нийгмийн даатгалын хэлтсээс 1995 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Бэгз овогт Н.Д нээж олгож, түүний зургийг нааж, зургийн баруун доод өнцгийг оруулан тэмдэг дарж, 1995 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг бичиж тэмдэглэсэн 290500 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр дэх мэдээлэл,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...нөхөр  сум Д Э, РД:, боловсролтой, Баянбүрд компанид ажилчин, эхнэр Н Д, РД:И, Баянбүрд компанид ажилчин, боловсролтой. ..” гэж тэмдэглэсэн гэрлэснийг бүртгэх анкетын хуулбар,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...*******ын ******* Завхан аймгийн Булнай суманд 1994 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 1994 оны 06 дугаар сарын 04-ний өдөр бүртгэсэн, эх ******* Дайриймаа, РД:, Баянбүрд компанид ажилчин, эцэг Д Э, РД:, Баянбүрд компанид ажилчин,...” гэж тэмдэглэсэн төрснийг бүртгэх анкетын хуулбар,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баянбүрд компанийн 1996 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаартай хүүхдээ асрахыг хүссэн эхчүүдэд энэ тушаалын дагуу 1996 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал чөлөө олгосугай” гээд жагсаалтын 4 дүгээрт *******, төрсөн он сар өдөр 1994 оны 05 дугаар сарын 15-нд төрсөн,  дууссан 1996 он 05 дүгээр сарын 15-ны өдөр....гэсэн тушаалын хуулбар,

“...Тосонцэнгэл сумын “Баянбүрд” ХК нь 78999 дугаартайгаар 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бүртгэгдэж, 1996 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “Зост өргөө” ХХК болон бүртгэгдсэн байна...” гэсэн хуулийн этгээдийн лавлагаа,

Гэрч Ц.Б “...Н.Д нь техник мэргэжлийн сургууль төгсөөд 1992 онд манай Баянбүрд компанид ажилд анх орж байсан. Манай Баянбүрд компанийн захирлаар , даамлаар Баянаа гэдэг хүмүүс байсан. Тэр үед би өрлөгийн ажлыг, ******* нь шавар, заслыг хийдэг байсан бөгөөд Тосонцэнгэлийн банкны барилгын барьж байх үедээ гэр бүлтэй болсон юм. Нөхрийг ******* гэдэг, 4 хүүхэдтэй айл  юм. Нөхөр нь бас манай барилгад ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан болохоор тэдний талаар сайн мэднэ. Дайриймаа нь 1992-1995 оны хугацаанд Баянбүрд компанид надтай хамт ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.И “...Н.Д нь Завханы ТМС-ийг төгсөж ирээд манай Баянбүрд компанид засалчаар ажиллаж эхэлсэн. Баянбүрд компани нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд Тосонцэнгэл сумын Нисэг буудал, Хаан банк, Төрийн банк, дэлгүүрүүдийн барилгуудыг барьж, мөн барилгын засвар үйлчилгээ эрхэлдэг байсан. Манай Баянбүрд компанийн захирлаар С, мастераар Марзмаа, инженерээр , боловсон хүчнээр Самбал зэрэг хүмүүс ажиллаж байсан. Би Барилга угсралтын контор байх үеэс эхлээд Баянбүрд, Зост өргөө компани хүртэл тасралтгүй ажилласан. Манай Барилга угсралтын контор нь эхлээд анх хувьчлагдахдаа Баянбүрд компани, дараа нь Зост өргөө нэртэй болсон. ******* нь 1992-1996 он хүртэл ажилласан...” гэсэн агуулга бүхий мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, түүний мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

Иймд нэхэмжлэгч Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө овогт Н.Д Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “Баянбүрд” хувьцаат компанид нормчноор 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Д нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ӨЛЗИЙХИШИГ