| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2023/00793/И |
| Дугаар | 156/ШШ2024/00302 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Газартай холбогдсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 156/ШШ2024/00302
2024 06 10 156/ШШ2024/00302
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2023/00793/и
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2-р баг, ... тоотод оршин суух, Боржигон овогт Ц.Г ,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын...гэх газарт оршин суух, Б.А ,
Нэхэмжлэлийн шаардлага: Хэнтий аймгийн Хэрлэн сумын ...торлогтын энгэрийн 10000м2 өвөлжөөний газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Б.А т холбогдуулан Хэнтий аймгийн Хэрлэн сумын ...торлогтын энгэрийн 10000м2 өвөлжөөний газрыг иргэн Ц.А ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Тахилт тосгоны Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/147 тоот шийдвэрээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын ... энгэрт 10000 м2 газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлж, Э-1817000445 дугаартай гэрчилгээг олгосон. Гэтэл миний эзэмшлийн 10000 м2 өвөлжөөний газар дээр Б.А гэх айл хаваржиж, намаржиж намайг өвлийн бэлчээргүй болгохын зэрэгцээ хадлан бордоо авахуулахгүй бэлчээрийг талхалж намайг хохироож байна. Өвлийн бэлчээр болон хадлан бордоогоо сайн авч чадахгүй байгаагаас болж мал олноор хорогдох болсон. Иймд миний эзэмшлийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны... энгэрийн 10000 м2 Э-1817000445 дугаарын гэрчилгээтэй газрыг Б.А ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Б.А нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие хамаатны ах С.Г ын малыг маллаж түүний эзэмшлийн өвөлжөөн дээр өвөлждөг юм. Ах С.Г нь Тахилгат тосгоны Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/147 тоот шийдвэрээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8-р баг Тахилгат тосгоны Хутаг уулын баруун хойд салаа гэх газар 10000 мкв газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшдэг бөгөөд Э-1817000437 дугаартай гэрчилгээтэй. Ах С.Г нь гэрчилгээнд заагдсан талбайд өвөлжөө барьж малаа хариулж байсан бөгөөд одоо би гэр бүлийн хамт түүний малчнаар ажиллаж байна. Хууль ёсны дагуу эзэмшиж байгаа Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8-р баг Тахилгат тосгоны Хутаг уулын баруун хойд салаа гэх өвөлжөөний газрыг минь чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Ц.Г нь шүүхэд гаргасан байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч Ц.Г нь миний эзэмшлийн өвөлжөөний газар дээр Б.А намайг хаваржиж, намарждаг талаар бичсэн байна. Энэ нь мөн үндэслэлгүй юм. Би Ц.Г ийн өвөлжөөний газарт нэг ч удаа өвөлжиж, хаваржиж байгаагүй. Тахилгат тосгоны Засаг даргын тамгын газраас намар хэний эзэмшлийн өвөлжөө байхыг нь үл харгалзан өвөлжөөний өвс хадах зөвшөөрөл олгодог тул Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8-р баг Тахилгат тосгоны Хутаг уулын баруун дор иргэд очиж өвөлжөөний өвс бэлтгэж авдаг. Түүнээс биш би ганцаараа иргэн Ц.Г ийн өвөлжөөний өвсийг хадаж авч байсан зүйл байхгүй. Тахилгат тосгоны Засаг даргын тамгын газраас олгосон зөвшөөрлийн хүрээнд өвөлжөөний өвс бэлтгэж байсан нь үнэн гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 3/, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2-р багийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 6/, №000104261 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6/, гэрэл зургууд /хх-ийн 7-9/-ыг баримтаар шүүхэд ирүүлсэн байна.
6. Хариуцагч талаас шүүхэд хариу тайлбар /хх-ийн 15/, №00053917 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 16/, Хэнтий аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газар ...нэгж талбарын дугаар: 2311036083, эрхийн төрөл: эзэмших, Регистрийн дугаар: УК67043014, Хуулийн этгээдийн нэр: С.Г гэх кадастрын зургийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 15/, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн №02301-2020/00255 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 18-19/, Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/50 дугаартай Зөвшөөрөл олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 20/-ыг баримтаар шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Миний эзэмшлийн 10000 м2 өвөлжөөний газар дээр Б.А гэх айл хаваржиж, намаржиж намайг өвлийн бэлчээргүй болгохын зэрэгцээ хадлан бордоо авахуулахгүй бэлчээрийг талхалж байна. Өвлийн бэлчээр болон хадлан бордоогоо сайн авч чадахгүй байгаагаас болж мал олноор хорогдох болсон. Иймд миний эзэмшлийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны... энгэрийн 10000 м2 өвөлжөөний газрыг Б.А ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Тухайн газрыг нэхэмжлэгч өөрөө эзэмшиж, ашиглаж байгаа. Нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа өвөлжөөнөөс Б.А ийн одоо амьдарч байгаа газар нь 3,5 км-ийн зайтай, нэхэмжлэгчийн газар дээр ямар нэгэн байдлаар давхацсан зүйл байхгүй.
Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч ямар нэгэн байдлаар саад болсон зүйл байхгүй гэжээ.
4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Хэнтий аймгийн Хэрлэн сум, Тахилгат тосгоны Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/147 дугаартай захирамжаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8-р баг, ...торлогтын энгэрийн 10000м2 газрыг өвөлжөөний зориулалтаар 15 жилийн хугацаагаар иргэн Ц.Г т эзэмшүүлэхээр шийдвэрлэж, эрхийн улсын бүртгэлийн Э-1817000445 дугаарт бүртгэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогдсон ба тус газрыг нэхэмжлэгч Ц.Г эзэмшиж байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6/, гэрэл зураг /хх-ийн 7-9/-аар нотлогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэгч Ц.Г нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигч байна.
Харин нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Б.А ийг өөрийн эзэмшлийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын ...торлогтын энгэрийн 10000м2 өвөлжөөний газарт хаваржиж, намаржиж миний эзэмших эрхэд халдаж байна хэмээн маргаж /хх-ийн 32-38, 70-73/ мэтгэлцсэн.
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 3-д Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно гэж, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д ...хуульд өөрөөр заагаагүй бол бэлчээрийн газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана гэж тус тус заасан байдаг.
Хариуцагч Б.А нь Хэрлэн сумын ...торлогтын энгэрт газар эзэмшдэггүй болох нь түүний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан миний ах С.Г Хэрлэн сумын ...баруун хойд салаанд өвөлжөөний газар эзэмшдэг. Би ах С.Г ын энэхүү өвөлжөөний газар дээр хаваржиж, намарждаг... гэх /хх-ийн 15, 35/ тайлбараар тогтоогдсон.
Хариуцагч Б.А нь нэхэмжлэгч Ц.Г ийн эзэмшлийн газарт хаваржиж, намаржиж байгаа эсэхийг тогтоохын тулд тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 780 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Ц.Г ийн эзэмшлийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын ...торлогтын энгэрийн 10000м2 өвөлжөөний газарт нь хэмжилт хийлгэхээр Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрыг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулахад Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн Газрын хэмжилт хийсэн дүгнэлтэд ...иргэн Ц.Г ийн эзэмшлийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын ...торлогтын энгэрийн 10000м2 өвөлжөөний газарт кадастрын зургийн дагуу хяналтын хэмжилт хийхэд ямар нэгэн зөрчилгүй, бусдын эзэмшлийн газартай давхцаагүй... гэжээ.
Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар нэхэмжлэгч нь маргаж буй газрыг эзэмших эрхтэй боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт хаваржиж, намаржиж нэхэмжлэгчийн эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч тал өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1, 107.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, татгалзлын үндэслэлийн талаарх нотлох баримтыг зохигчид өөрсдөө бүрдүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим юм.
5. Иймд нэхэмжлэгч Ц.Г ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.А т холбогдох Хэнтий аймгийн Хэрлэн сумын ...торлогтын энгэрийн 10000м2 өвөлжөөний газрыг иргэн Ц.А ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Г ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.А т холбогдох Хэнтий аймгийн Хэрлэн сумын ...торлогтын энгэрийн 10000м2 өвөлжөөний газрыг Ц.А ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА