Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 156/ШШ2024/00309

 

2024 06 12 156/ШШ2024/00309

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 156/2024/00258/и

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р баг,, ... тоотод оршин суух, Боржгин овогт Ж.М ,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын ... тоотод оршин суух, Халбин овогт Я.Б ,

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, 4-н ханатай монгол гэрийн үнэ 3,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.М

Хариуцагч Я.Б /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Я.Б ад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, 4-н ханатай монгол гэрийн үнэ 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ

2. Нэхэмжлэгч Ж.М нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Я.Б тай 2013 онд Хэрлэн суманд анх танилцаж түүнээс хойш 3 жил гаран Я.Б тай өөрийн гэрт хамтран амьдарсан. Энэ хугацаанд хүү Халбин ургийн овогт Б Ө төрсөн. Одоо 8 настай, миний асаргаа, халамжид эсэн мэнд, эрүүл саруул өсөн торниж байна. Я.Б нь надтай хамтран амьдрах хугацаандаа Хэрлэн сумын 1-р баг, Хийдийн 18-9 тоот хашаанд болон Дадал сумын төв рүү нүүлгэж аваачсан миний өөрийн хувийн эзэмшлийн иж бүрэн тавилгатай 4 ханатай монгол гэрт маань надтай хамтран амьдарч байсан. Дадал суманд байхдаа миний өөрийн гэр орноос 1 сар гаруйтай хүү Б.Ө ын хамтаар байнга хөөж, байнгын архи ууж, удаа дараа зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнгын согтуу, агсарч намайг ална гэж хэл амаар доромжилж харааж зүхдэг байсан тул арга буюу салсан боловч өөрийн ганц эд хөрөнгө байсан 4 ханатай монгол гэрээ авч чадаагүй. Энэ байдал нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж гэр орны амгалан тайван байдал алдагдаж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд хүүхдийн тэтгэлэг тогтоож, эд хөрөнгө болох 4 ханатай монгол гэрийн үнэ 3,500,000 төгрөгийг Я.Б аас гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч Я.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ө нь миний хүүхэд мөн. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би 427 дугаар хорих ангид хоригдож байгаа, эндээс гараад гэр оронтой болгож өгнө. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 4 ханатай монгол гэрийн үнэ 3,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

2. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараас үзэхэд нэхэмжлэгч Ж.М , хариуцагч Я.Б нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч 2013 онд танилцан хамт амьдарч байсан, тэдгээрийн дундаас 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүү Б.Ө төрсөн болох нь нотлогдож байна.

3. Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулсан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.М , хариуцагч Я.Б нар нь гэр бүлийн баталгаагүй боловч тэдгээрийн дундаас төрсөн хүүхдийг эцэг, эх нь тэжээн тэтгэх үүрэгтэй тул 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Б.Ө д эцэг Я.Б аас Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг Я.Б нь Б.Ө ыг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцоно.

4Иймд 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Б.Ө ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Я.Б аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ж.М д даалгах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Я.Б нь 4 ханатай монгол гэрийн үнэ 3,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.М д төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулах нь зүйтэй байна.

6. Нэхэмжлэгч Ж.М ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Б аас улсын тэмдэгтийн хураамж 141,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.М д олгож шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Б.Ө ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Я.Б аар сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ж.М д даалгасугай. 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Я.Б нь нэхэмжлэлийн шаардлага 4 ханатай монгол гэрийн үнэ 3,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.М ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Б аас улсын тэмдэгтийн хураамж 141,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.М д олгосугай.

5Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАРИНА