Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/484

 

 

Л.Уд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

шүүгдэгч Л.У,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/348 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Уын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2208 00000 0285 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

......................./;

 

Л.У нь 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байрны 2 дугаар орцны гадна архидан согтуурсан үедээ Х.Бийг “ажлын байран дээр архи уулаа” гэж хэллээ хэмээн маргалдан Х.Бийн цамцны захаас заамдан түүнийг орцны хажуугийн хонгилын шат руу түлхэж унаган эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун сарвуу, зүүн гуянд цус хуралт, баруун өгзөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Л.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .........................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Уыг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Л.Уд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Уаас 312.600 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Б “Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, 11-229 тоотод оршин суух, РД:ЧП78120166, утас 88870703, 99754947”-т олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад улсын яллагчаас өгсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ялыг хэвээр үлдээж өгнө үү. Учир нь, надад тодорхой хэмжээний хохирол учирч байсан. Тархи толгойгоо дахин давтан цохиулаад шалбарч байсан. Мөн шилэн хүзүүн дээрээ хүнд юмаар цохиулаад толгой унжаад даагдахгүй, хөдөлж чадахгүй болж хэвтрийн дэглэм сахиж эдгээсэн. Мөн хоёр гар дахин давтан гэмтсэнээс болж атгаж барих чадвар суларч, янгинах зовиуртай байгаа. Мөн хоолойгоо боолгосноос болж толгой балартаж, зүүн тохойгоороо тулж унан гар янгинаад байгаа. Мөн шилэн хүзүүн дээрээ өмнө нь цохиулаад, нуруу хөдөлж чадахгүй болж байгаад эдгээсэн. Надад 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг хийж байгаа ажлаараа дүйцүүлээд тооцуулах саналтай байгаагаа шүүх хуралдаанд хэлэх гэж байсан боловч тэр үед ярьж чадаагүй. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг багасгах ёстой байсан. Тэрийгээ тухайн үед хэлж чадаагүй. Одоо бол 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.” гэв.

Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт прокуророос 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын санал гаргасан боловч шүүгдэгч Л.Уаас торгуулийн ялыг зөвшөөрөхгүй, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлнэ гэх санал гаргасан. Тухайн үед хохирогчид хохирлын 312.600 төгрөгийг төлөөгүй байсан тул шүүхээс 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Шүүгдэгч Л.Уаас 312.600 төгрөгийг төлсөн гэх боловч энэ талаарх баримт байхгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Л.Уын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих болон хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Л.У нь 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байрны 2 дугаар орцны гадна архидан согтуурсан үедээ Х.Бийг “ажлын байран дээр архи уулаа” гэж хэллээ хэмээн маргалдан Х.Бийн цамцны захаас заамдан түүнийг орцны хажуугийн хонгилын шат руу түлхэж унаган эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун сарвуу, зүүн гуянд цус хуралт, баруун өгзөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Х.Бийн “...2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр би ажил дээрээ байж байгаад 11 дүгээр байрны 2 дугаар орцны айлуудаар ороод явж байтал орцны жижүүр Уранжаргал орилоод байсан. Тэгэхээр нь би жижүүрийн өрөө рүү нь орж хартал архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Тэгэхээр нь би Уранжаргалд хандаж “чи яагаад ажлын байран дээр согтуу байгаа юм бэ” гэхэд намайг орцноос түлхээд гаргасан. Тэгээд би орцны гадна СӨХ-н дарга руу залгаж хэлэхэд Уранжаргал гарч ирээд намайг “чиний ажил гэж юу юм” гэж хэлээд намайг түлхээд, гараараа хоолойноос боогоод намайг байрны хонгилын хэсэг рүү түлхэж унагаагаад өөрөө миний дээрээс дараад унасан. Тэгээд миний дээр гарч суугаад хоолойноос боогоод байхаар нь би арай хийж түлхэж холдуулаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” /хх 18-19/ гэсэн мэдүүлэг,

камерын бичлэгт үзлэг хийсэн “...цэнхэр өнгийн куртиктэй, цагаан өнгийн масктай, хар өнгийн өмдтэй махлаг эмэгтэй хүн гарч ирэв. Орцны гадна зогсож байсан эмэгтэй хүний хажууд очоод юм ярьж байгаад нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохив. Улмаар тухайн эмэгтэйг энгэрээс нь барьж өөдөөс нь түлхсээр орцны зүүн талд байрлах подволь хэсэг рүү ордог шаттай хэсгийн дээр ирж тухайн цементэн хэсэг дээр дарж унагаагаад дээрээс нь дарсаар байгаад тухайн хоёр хүний орцны подволь хэсэг рүү цэнхэр өнгийн куртиктэй эмэгтэй хар өнгийн куртиктэй эмэгтэйг дээрээс нь дарж хамт унав. ...” /хх 7-12/ гэх тэмдэглэл,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2051 дугаартай “...Х.Бийн биед тархи доргилт, баруун сарвуу, зүүн гуянд цус хуралт, баруун өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. ...” /хх 36-37/ гэх дүгнэлт,

шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх 2/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

            Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад бичмэл нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Л.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халддаг бөгөөд шүүгдэгч Л.У, хохирогч Х.Бийг “ажлын байран дээр архи уулаа” гэж хэллээ хэмээн маргалдан цамцны захаас заамдан түүнийг орцны хажуугийн хонгилын шат руу түлхэж унаган, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун сарвуу, зүүн гуянд цус хуралт, баруун өгзөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Л.У “...надад тодорхой хэмжээний хохирол учирч байсан. Тархи толгойгоо дахин давтан цохиулаад шалбарч байсан. Мөн шилэн хүзүүн дээрээ хүнд юмаар цохиулаад толгой унжаад даагдахгүй, хөдөлж чадахгүй болж хэвтрийн дэглэм сахиж эдгээсэн. Мөн хоёр гар дахин давтан гэмтсэнээс болж атгаж барих чадвар суларч, янгинах зовиуртай байгаа. Мөн хоолойгоо боолгосноос болж толгой балартаж, зүүн тохойгоороо тулж унан гар янгинаад байгаа. Мөн шилэн хүзүүн дээрээ өмнө нь цохиулаад, нуруу хөдөлж чадахгүй болж байгаад эдгээсэн. ...Иймд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэргээс үзэхэд, шүүгдэгч Л.Уын гомдолд дурдсан эрүүл мэндийн байдалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Л.Уын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Л.Уын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/348 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Л.Уын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/348 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Уыг 480 /дөрвөн зуун наян/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Уыг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Уын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ        

ЕРӨНХИЙ

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ