Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 24

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүгч С.Болортуяа даргалж

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Дашдорж,

           Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Э.Ууганзаяа,

            Шүүгдэгч нарын  өмгөөлөгч: М.Мөнхөө,

            Насанд хүрээгүй шүүгдэгч О.Лхагвын  хууль ёсны төлөөлөгч: Б.Загдбаяр,

            Насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Хишигдоржын хууль ёсны төлөөлөгч: Г.Дэжидмаа,

         Насанд хүрээгүй шүүгдэгч: О.Лхагва, Г.Дэжидмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2  дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тонч овогт Батбаярын Бадрах, Хоньч овогт Цэдэнбалын Хишигдорж, Бууч овогт Одгэрэлийн Лхагва нарт холбогдох 201720000036 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: /яллах дүгнэлтэд дурдснаар/

          1. Монгол Улсын иргэн, 1984 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, /ОК84072311/ Тонч овогт Батбаярын Бадрах. 

           2. Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй. Гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 0 сар 7 хоногтой байсан. /ОК99120911/ Хоньч овогт Цэдэнбалын Хишигдорж.

            3. Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, 4 дүүгийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй. Гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 1 сар 21 хоногтой байсан. /ОК99102512/ Бууч овогт Одгэрэлийн Лхагва.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн товч утга: /яллах дүгнэлтэд дурдснаар/

        Шүүгдэгч Б.Бадрах нь насанд хүрээгүй шүүгдэгч О.Лхагва, Ц.Хишигдорж нарыг гуйж, ятган бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүүгдэгч Б.Бадрах, насанд хүрээгүй шүүгдэгч О.Лхагва, Ц.Хишигдорж нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм хэрэглэж 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант баг “Уушгийн улаан” гэх газраас хохирогч Б.Пүрэвсүрэнгийн 9 тооны бог мал хулгайлж, нийт 465000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдаанаар дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            1. Хохирогч Б.Пүрэвсүрэнгийн  мөрдөн байцаалтанд өгсөн: “Багийн сонгууль 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр болсон тул оролцоод 2016 оны 12 дугаар сарын 24-нд хөдөө мал дээрээ очиж малаа бүртгэж үзэхэд нэмж 9 тооны мал дутсан бөгөөд тэдгээрээс 1 хонь, , 8 ямаа дутсан юм. ...Одгэрэлтэй уулзахад миний хүү О.Лхагва нь Ц.Хишигдоржтой хамтарч танай малаас таслаад Б.Бадрахад өгч явуулсан сурагтай, чи хайлтгүй гэж хэлсэн тул О.Лхагва, Ц.Хишигдорж, Б.Бадрах нартай уулзахад 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай малаас 9 тооны бог мал тасалж Ц.Хишигдоржийн мал руу нийлүүлж байгаад Б.Бадрахад 3 ямаа, 1 хонь өгч явуулсан. Бусад мал нь Ц.Хишигдоржийн малд байж байгаад алга болчихсон гэж хэлсэн юм. ...Сүүлийн 9 бог малыг хулгайлсанаа өөрсдөө надад хэлсэн юм” гэх мэдүүлэг гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/

         2. Гэрч Ц.Алтан-Одын  мөрдөн байцаалтанд өгсөн: “Тэр өдөр би гудамжинд ус авахаар явж байтал Гэрэлт-Од, Б.Бадрах нар мотоцикпьтай ирээд Б.Бадрах нь надад манай малнаас очоод хэдэн мал аваад ирье. Хамт явалцаад өг гэсэн тул би зөвшөөрч явахаар болоход тэр хоёр Рагчаасүрэнгийнд очоод хүлээж байя. Чи араас хүрээд ир гэсэн тул усаа хүргээд явган тэднийд очоод Рагчаасүрэн, Гэрэлт-Од нарын мотоцикльд Б.Бадрах бид 2 сундлаад 13:00 цаг орчимд урагш хөдөлж Уушгийн улааны наахан талаас буюу 35 орчим км зайд очиж хотын төв замын урд талд 2 хүүхэд хонь хариулж байхад нь очоод Б.Бадрах тэр малнаас 3 ямаа, 1 хонь ялган аваад тэнд нь амийг таслаад гэдэс дотрыг нь гаргахгүй авч яваад наана нь байдаг Баяндалай гэх айлд очиж гэдэс дотрыг нь гаргаад тэндээсээ сумын төвд бүрий болж байхад буюу 18:00 цагийн орчимд ирээд замын мах авсан хүмүүст жинлэж кг- аар тооцож мөнгийг нь Б.Бадрах авсан. Б.Бадрах тухайн үед мөнгөний хэрэг гараад малаа нядалж байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/,

           3. Гэрч Г.Рагчаасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Тэр өдөр намайг гэртээ байж байтал Гэрэлт Од, Б.Бадрах нар ирсэн. Араас нь Ц.Алтан-Од ирсэн бөгөөд Бадрах надад хэлэхдээ хөдөөнөөс малаа авч ирмээр байна. 3-4 мал авч ирэх шаардлагатай байна. Хамт яваад өг гэсэн тул миний Даюун маркийн өнгөрсөн намар 8 сард 1,9 саяар худалдаж авсан мотоцикпь болон Гэрэлт-Одын мустанг маркийн мотоцильтай явахаар болж Б.Бадрах 6000 төгрөгөөр бензин хийж өгөөд Уушгийн улаан гэх газар луу өдөр 13 цаг орчимд хөдөлсөн юм. Тэнд очиход танихгүй 2 хүүхэд хонь хариулж байсан. Б.Бадрах очоод тэр хоёр хүүхдийн малнаас 3 ямаа, 1 хонь аваад амийг нь таслаад мотоцикльд 2, 2-оор дамнаад тэндээс хөдөлж ойрхон байдаг Баяндалай гэх айлд очиж гэдсийг нь гаргаж орхиод малаа тэр чигт нь авч яваад сумын төвд 18 цаг болж байхад орж ирээд явуулын мах авч байсан хүнд кг-аар нь жинлэж өгөөд мөнгийг нь Б.Бадрах авсан. Б.Бадрах бидэнд мөнгө өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал/,

           4. Гэрч Б.Загдбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “О.Лхагвыг мал хулгайлсан талаар 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Цэдэнбал манай нөхөртэй утсаар ярьж хэлэхэд анх мэдсэн. Сүүлд тэр мал нь Б.Пүрэвсүрэнгийн мал болж таарсан. Тухайн үед Б.Бадрах утсаар О.Лхагваатай ярьж мал таслуулаад, тасалсан малаа Ц.Хишигдоржийн малтай нийлүүлсэн малаас 4 мал мотоциклиор авч явсан талаар О.Лхагва надад сүүлд хэлсэн. Миний хүү О.Лхагва нь миний том хүү бөгөөд багаасаа сургуульд суугаагүй мал дээр өссөн одоо 17 настай, бичиг үсэг мэдэхгүй. Найз нөхөд цөөхөн ойролцоо байдаг миний эгчийн хүүхэд болох Ц.Хишигдоржтой найзалж нөхөрлөдөг. Үгнээс гардаггүй төлөв даруу зантай. Манай малыг гардан малладаг. Малд нүдтэй, хар бор ажилд сайн, хойшоо суугаад байдаггүй. Элдэв муу зуршилгүй хүүхэд байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/,

              5. Гэрч Т.Сэр-Одын мөрдөн байцаалтанд өгсөн: “Тэр талаар 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Цэдэнбал утасдаж: Б.Бадрах юун хонь аваад явчихваа. Гэртээ хонь мал авч очсон уу? Хонь дүүрээд явчихлаа гэж хэлсэн. Би мэдэхгүй гэдгээ хэлээд Бадрах руу утасдаж асуухад дугарахгүй байсан. Сүүлд ирэхэд асуухад 3 ямаа, 1 хонь авч ирээд зарсан, Б.Пүрэвсүрэнгийн мал гэж хэлсэн юм. 2 мотоцикльтой хүмүүс явсан гэж хэлсэн. Б.Бадрах нь төлөв даруу, үг дуу цөөтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, цөөн тооны бог малтай, Б.Бадрах хүний малыг туслах малчинаар очиж малладаг, хаварт ноолуурт явж самнах, өвөлд нь нядалгаа хийх зэргээр амьдардаг хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/,

         6. Гэрч Д.Одгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Цэдэнбал миний баз залуу надруу утасдаж Б.Бадрах манай малнаас 2 мотоцикльтой ирээд мал дүүрээд аваад явчихлаа. Хонь мал бөөгнөөд байхаар нь харж байтал аваад явсан гэж хэлсэн юм... Тэр өдөртөө хүү О.Лхагваас асуухад 2016 оны 12 дугаар сарын 16-нь өдөр Б.Бадрах утасдаад мал таслаад байж бай гэж хэлэхээр нь Ц.Хишигдорж, О.Лхагва 2 хэсэг мал тасалж Ц.Хишигдоржийн малтай нийлүүлсэн байтал үдээс хойш Б.Бадрах 3 хүний хамт 2 мотоцикпьтой ирээд 4 мал дүүрч авч явсан гэж хэлсэн юм. Уг малыг Б.Пүрэвсүрэнгийн малаас тасалсан байсан. О.Лхагва нь багаасаа мал дээр өссөн. Сургуульд оруулсан боловч 1 жил суугаад гарчихсан, бидэнтэй хамт амьдардаг, одоо 17 настай тусдаа гараагүй бичиг үсэг мэдэхгүй. Хувьд ногдох хөрөнгө байхгүй. Зан араншингын хувьд даруу төлөв зантай, үгэнд дуулгавартай ордог, хар бор ажил сайн хийдэг, хөдөө өссөн тул найз нөхөд цөөхөн хүүхэд байгаа юм. Дутагдах гачигдах зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р тал/,

            7. Гэрч С.Батбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “Хүү Б.Пүрэвсүрэн маань манайд ирж мал малладаг юм. Б.Пүрэвсүрэн малаа хайж 2-3 хоног явсан бөгөөд сүүлд нь Цэдэнбал гэх хүнээс Б.Бадрах нь тэдний малаас 4 мал мотоцикльтой ирж авч явсан бөгөөд Ц.Хишигдорж, О.Лхагва гэх 2 хүүхэд намайг байхгүй байх хооронд мал тасалж түүнээсээ Б.Бадрахад өгч явуулсан талаар мэдэж ирсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/,

              8. Гэрч Ж.Агиймаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Тухайн үед намайг гэртээ байтал Б.Бадрах хажуудаа 3 залуугийн хамт 2 мотоцикльтой ирсэн бөгөөд мотоцикльдоо 3 ямаа, 1 хонь дүүрчихсэн амийг нь тасалсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р тал/,

           9. Гэрч Б.Загдгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Д.Хишигсүрэн нь миний хамгийн бага хүүхэд байгаа юм. 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үдээс хойш нөхөр Цэдэнбалын хамт Одгэрэлийн гэрт очисон юм. Тухайн үед Одгэрэл эхнэрийн хамт сумын төвд байсан бөгөөд хүү Лхагва нь гэртээ ганцаараа байсан. Бид тэдний гэрт очиж боов хийж өгөх, эргэхээр очисон юм. Бид 2 тэдний гэрт очиход хүн байхгүй байсан бөгөөд тэднийхээс зүүн байсан манай хонин сүрэг орчимоос 2 мотоцикльтой 4 хүн сумын төв чиглээд явсан юм. Нөхөр маань түүнийг харчихаад энэ мотоцикльтой хүмүүс манай малаас мал дүүрээд явчихлаа гэж хэлээд хонин сүрэг дээрээ очсон юм. Би Одгэрэлийн гэрт хоцорсон юм. Нөхөр маань буцаж ирээд манай хонин дээр Ц.Хишигдорж, О.Лхагва нар 2 байна. Тэд мал өгч явуулаагүй гэж хэлээд байна яалтачгүй манай малнаас 4 бог 2, 2-р нь дүүрээд явчихлаа гэж хэлээд Одгэрэл рүү утасдаж энэ талаар хэлсэн юм. Тэр орой нь хүүгээ малаас ирэхэд нь юун мал хэнд өгч явуулсаныг асуухад юм дуугарахгүй байсан. Тэр орой малаа бүртгэж үзээгүй. Маргааш нь тоолж үзэхэд манай мал бүрэн байсан. Мөн Б.Пүрэвсүрэнгийн бололтой эвэр дээрээ ногоон өнгийн будагтай ямаанууд байсан юм. Сүүлд Б.Пүрэвсүрэн манайд ирээд танай хүүхдүүд манай малнаас 9 мал тасалж хүнд өгсөн байна гэж хэлэхэд хэрэг явдлын талаар анх мэдсэн.Ц.Хишигдорж, О.Лхагва 2-г мал хариулж байхад нь Б.Бадрах утсаар ярьж Б.Пүрэвсүрэнгийн малнаас хэдэн мал таслаад хадгалж бай би одоо очиж авна гэж хэлсэн байсан. Тэгээд 2 мотоцикльтой ирж 3 ямаа, 1 хонь хулгайлж авч явсан байсан. Түүнээс биш дарамталж, заналхийлсэн зүйл байхгүй гэж байнлээ. Ц.Хишигдорж нь миний бага хүү бөгөөд багаасаа мал дээр өссөн бага сургуульд суралцаж байгаад 5 дугаар ангиасаа гарч мал малладаг болсон. Хөдөө гэрт байдаг тул найз нөхөд цөөнө. О.Лхагваатай найзалдаг. Малд нүдтэй хар бор ажилд сайн. Бидэнд тус болж мал хариулж амьдардаг. Одоо 17 настай, насанд хүрээгүй. Зан араншингын хувьд төлөв даруу, үгнээс гардаггүй. Тусархаг хүнтэй зөв боловсон эелдэг харьцаатай хүүхэд байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/,

          10. Гэрч Т.Гэрэлт-Одын мөрдөн байцаалтанд өгсөн: “Тэр өдөр би гудамжинд Б.Бадрахтай тааралдаад Б.Бадрах намайг хөдөөнөөс хэдэн мал авч ирж зарахаар мөнгөний хэрэг гараад байна. Чи мотоциклиороо надтай хамт яваад мал дөхүүлээд өгөөч машин олдохгүй байна гэж хэлсэн юм. Тиймээс би зөвшөөрч бид хоёр яваад Рагчаагийн гэрт очиж түүнийг болон Алтан-Од гэх залууг аваад бид 4 Уушгийн улаан гэх газар луу явсан юм. Тухайн үед миний Мустанг 5 маркийн мотоцикль болон Рагчаасүрэнгийн Даюун маркийн мотоцикльтой явсан бөгөөд Б.Бадрах бидэнд тус бүрд нь 6000 төгрөгийн бензин хийсэн юм. Бид уушгийн улаан гэх газарт Улаанбаатар хотруу явдаг төв хатуу хучилттай замын урд талд хонины бэлчээрт 2 хүүхэд мал хариулж байхад нь очиж 3 ямаа, 1 хонь тасалж барьж аваад амийг таслаад хөдөлсөн бөгөөд замдаа Баяндалай гэх айлд очиж малынхаа гэдсийг гаргаж орхиод сумын төв орсон юм. Бидэнд өөрийнхөө малыг авна гэж хэлсэн тул би итгэсэн юм. Өдрийн цагаар бэлчээрээс очиж тэр хүүхдийн хариулж байсан малнаас авсан юм. Би хулгайн мал гэж мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р тал/,

           11. Гэрч М.Цэдэнбалын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би тэр талаар сүүлд Б.Пүрэвсүрэнг мал хайж ирэхэд нь гадарлаж хүүхдээсээ асууж мэдсэн юм. Ц.Хишигдорж хэлэхдээ Б.Бадрах О.Лхагвааруу утасдаж мал тасалж бай гэж хэлсэн тул О.Лхагва, Ц.Хишигдорж нар Б.Пүрэвсүрэнгийн малаас цөөн тооны мал тасалж манай мал руу нийлүүлсэн байтал Б.Бадрах 3 хүний хамт мотоцикльтой ирж 3 ямаа, 1 хонь дүүрч авч явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р тал/,

              12. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан 11 дугаартай “Бүх насны хонь, ямаа үнэлсэн” дүгнэлт, тайлан, танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 47-52-р тал/,

              13. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр гаргасан 99 дугаартай “Мал болон мотоцикль үнэлсэн” /шүүгдэгч Б.Бадрахаас битүүмжилсэн/ дүгнэлт, тайлан, танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 54-58-р тал/,

               14. Шүүгдэгч нарт батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-ийн 59-68-р тал/,

              15. Шүүгдэгч Б.Бадрахыг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, түүний хувийн байдлыг тогоосон баримтууд /хх-ийн 87, 89-95-р тал/,

           16. Насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Хишигдоржыг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, түүний хувийн байдлыг тогоосон баримтууд, нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 97, 99-103, 104 -р тал/,

           17. Насанд хүрээгүй шүүгдэгч О.Лхагвыг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, түүний хувийн байдлыг тогоосон баримтууд, нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 106, 108-112, 113-р тал/,

               18. Шүүгдэгч нарын хувийн байдалыг тогтоосон баримтууд /хх-ийн 114-122-р тал/,

               19. Иргэн Б.Пүрэвсүрэнд учирсан хохирлын тооцоо /хх-ийн 123-р тал/,

              20. Хохирогч Б.Пүрэвсүрэнгийн 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн шүүгдэгч нарт гомдолгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан гэсэн тодорхойлолт /хх-ийн 130-р тал/,

          21.  Шүүгдэгч Б.Бадрахын мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн: “Миний гэр сумын төв дээр байдаг юм. Бм хувьдаа 100 гаруй тооны бог малтай бөгөөд миний малыг миний төрсөн эгчийн хүү О.Лхагвамүрэн малладаг юм. 2016 оны 12 сарын 10-ны өдөр надруу утасдаж манай мал дотор ногоон будагтай тэмдэг бүхий хүний 1 ямаа ирж нийлсэн байна. Миний бодлоор Пүүжиг буюу Б.Пүрэвоүрэнгийн мал байх гэж надад хэлсэн юм. Би 2016 оны 12 сарын 13-ны шөнө О.Лхагвасүрэнгийн гэрт очиход гэрт нь хүн байгаагүй. Мал нь гэрийнх нь дэргэд хотондоо байсан тул би тэр шөнө сартай ойр зуурын зүйл харагдахаар байсан тэдний малд ирж нийлсэн хоёр эвэртээ ногоон өнгийн будагтай 4 орчим насны ямааг унаж явсан хүргэн Алтанбаганы Мустанг 5 маркийн улаан өнгийн мотоциклоор тээвэрлэж сумын төвд байдаг гэртээ авч ирж хонуулаад маргааш нь нядлаад махыг нь гулуузаар нь Батдорж гэх мал худалдаж авдаг ченж хүнд 50,000 төгрөгөөр тооцон бэлэн мөнгөөр зарсан юм. Түүнээс хойш 3 хоногийн дараа буюу 2016 оны 12 сарь 16-ны өдөр би О.Лхагвасүрэнлүү утсаар ярьж “Ахад нь мөнгө хэрэгтэй болоод байна хэдэн мал хэрэгтэй байна. Чи хүний малнаас хэдэн бог мал таслаад бэлдэж бай” хэлэхэд О.Лхагвасүрэн зөвшөөрч “Мал таслаад байж байяа. Та хүрээд ир” гэж хэлсэн тул би өөрийн найз Гэрэлт-Од, Рагчаасүрэн, Алтан-Од нарыг гуйж Гэрэлт-Од болон Рагчаасүрэн нарын эзэмшлийн Мустанг, Даюун маркийн мотоциклуудад тус тусад нь 6000 төгрөгний бензин хийгээд О.Лхагвасүрэнгийн малын бэлчээрт буюу Уушгийн улаан гэх газарт очиход засмал замын урд талд гэрийнх нь ойролцоо газар О.Лхагвасүрэн эгч дүүгийн хүүхдүүд болох Ц.Хишигдоржийн малруу хүний мал таслаад хөөгөөд нийлүүлчихсэн байсан юм. Тэдгээр мал нь тэр хоёрын мал биш өөр хүний мал байсан бөгөөд эвэр дээрээ ногоон будагтай ямаанууд хондлой дээрээ улаан зос түрхсэн мал байсан нийтдээ хэдэн мал байсныг мэдээгүй юм. Бид тэндээс 3 ямаа 1 шүдлэн хонь ээрч байгаад барьж амийг нь таслаад тэр чигт нь хоёр мотоцикльдоо ачиж яваад замдаа Баяндалай гэх айлд очиход Баяндалайгын эхнэр нь ойрхон малаа эргүүлж явахыг хараад очиж уулзаад хэдэн мал нядлаад гэдсийг нь гаргачихаа гэж хэлэхэд зөвшөөрсөн тул 4 малаа нядалж гэдэс дотрыг нь Баяндалайгын гэрийн ойролцоо хадны ёроолд хаяад бусдыг нь авч яваад сумын төв оруулж явуулын өөр сумын мах авч яваа хүмүүст нөгөө малын мах аа жинлэж хонины махыг 1 кг нь 2001 төгрөг, ямааны махыг 1кг нь 1600 төгрөгөөр тооцож өгсөн нийтдээ 190,000 төгрөг бэлнээр авсан юм. Тэгээд хамт явсан гурван залууд 1 шил архи задалж өгөөд тэр оройгоо урьд нь ярьсан байсан Баавгайн Мэндээ гэх хүний нядалгааны малыг Завхан аймгийн Ургамал сумаас тууж ирэхээр яваад 3 хоногийн дараа мал тууж буцаж ирсэн юм. Ургамалаас тууж ирсэн 220 бог мал нь Мэндээгийн өөрийнх нь нядлах мал байсан юм. Би гэмт хэрэг үйлдсэндээ ихээр харамсаж байна. Би дахиж ийм хэрэг хийхгүй. Тухайн үед мөнгөний хэрэг их байсан юм. Би эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Хувьдаа 100 орчим бог малтай, эхнэр бид хоёр тодорхой эрхэлсэн ажил байхгүй. Би өөрөө хүний мал хөлсөөр маллаж хөдөө явж ажиллаж түүгээр хэдэн төгрөгний цалин авч амьдралаа залгуулдаг, 4 хүүхдийн 2 нь сургуульд, 2 цэцэрлэгт байдаг. Амьдралын түвшин ядуу зэрэг байдлыг минь харгалзан үзэж надад хөнгөн шийтгэл ноогдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71-р тал/,

            22. Насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Хишигдоржын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манайх 2016 оны 12 сард Өндөрхангай сумын Жаргалант багийн нутаг Хонгилт гэдэг газарт өвөлжиж байсан юм. 2016 оны 12 сарын 16-ны өдөр 11:00 цаг орчимд би эгч дүүгийн хүүхдүүд болох О.Лхагвасүрэнгийн хамт хонины бэлчээрт хонь хариулж байтал О.Лхагвасүрэнгийн утас дуугарч утсаар ярьчихаад Б.Бадрах ахтай утсаар ярилаа. Мөнгөний хэрэг гараад хэдэн малны хэрэг гараад байна. Мал таслаад байж бай. Би одоо очиж авна гэж ярилаа гэж надад хэлсэн юм. Тэгээд О.Лхагвасүрэн бид хоёр манай малтай ойролцоо эзэнгүй бэлчиж байсан Б.Пүрэвсүрэн гэх хүний мал сүргээс хэсэг ямаа тасалж миний малруу нийлүүлсэн юм. Тэгээд байж байтал үдээс хойш 14:00-15:00 цаг орчимд Б.Бадрах ах хажуудаа 3 хүний хамт хоёр мотоцикльтой ирээд бидний тасалсан эвэр дээрээ ногоон будагтай ямаа голдуу малнаас 3 ямаа, 1 хонь барьж мотоцикльдоо дүүрээд амьдаар нь авч явсан юм Тухайн үед Б.Бадрах бидэнд ямар нэгэн зүйл яриагүй ойр зуурын зүйл ярьж байгаад тэр 4 малыг амьдаар нь авч явсан юм. Би тэр оройгоо мал аа тууж гэртээ ирэхдээ мал аа тоолоогүй. Тэр шөнө нь хүргэн ах Одсайхан утасдаад сумын төв явах ажил гарлаа. Ирээд мал хараад өг гэж хэлсэн тул тэр шөнөдөө Одсайхан ахынд очиж малыг нь маллаж 2 хоноод түүгээрээ сумын төв ороод явж байхдаа сумын цагдаад саатуулагдаж шалгагдсан юм. Яг хичнээн мал тасалж өөрийн малруу нийлүүлснээ мэдэхгүй байна Мал тасалж манай малруу нийлүүлэхэд надаас гадна О.Лхагвасүрэн байсан О.Лхагвасүрэн би хоёр мал тасалж өөрийн малруу нийлүүлчихээд байж байтал Б.Бадрах ах хүмүүстэй хамт ирсэн юм. Баг насны шүдлэн, хязаалан насны ямаанууд байсан 1 хонь нь 3 настай бололтой хонь байсан. Тэдгээр ямаанууд эвэртээ ногоон өнгийн будагтай, хонь нь нуруундаа улаан зосоор тэмдэглэсэн байсан. Яг хичнээн тоонь ямаа байсныг мэдэхгүй байна. Дахин хулгай хийхгүй”” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77-р тал/,

            23. Насанд хүрээгүй шүүгдэгч О.Лхагвын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 12 сарын 09-ний өдөр миний нагац ах Б.Бадрах надруу 90202692 гэсэн дугаараас миний барьж байсан 90745181 гэсэн дугаарлуу залгаж “Мөнгөний хэрэг байна. Наагуур чинь ямаа байна уу?” гэж асуусан юм. Тэгэхэд нь би түүнийг ямаа хулгайлах гэж байгаа юм байна гэж ойлгоод байхгүй гэж хэлэхэд “Танай ойр орчимоор ямаа байгаа биздээ. Битгий худал яриад бай” гээд байсан тэгэхээр би манай мал дотор Батбаярын Пүрэвсүрэн гэдэг хүний нэг ямаа нийлчихсэн байсан тул тэр талаар Б.Бадрах ахад хэлэхэд за гэж хэлээд утас аа тасалчихсан. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өглөө мал аа тууж байхдаа харахад нөгөө ямаа байхгүй байсан. Тэр өдөр Б.Бадрах надруу утасдаад өчигдөр шөнө танайд очоод чамайг байхгүй байхаар нь нөгөө хүний ямааг аваад явсан шүү гэж надад хэлсэн юм. Түүнээс хойш 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хамаатны Ц.Хишигдорж гэх хүүхэдтэй хамт мал аа хариулж байтал Бадрах 11:00 цаг орчимд утасдаад “Надад дахиад мөнгөний хэрэг гараад байна. Наагуур чинь авчихмаар хүний мал байна уу? Чи хэдэн мал тасалж бэлдээд байж бай. Би одоо очиж авна” гэж хэлсэн юм. Тиймээс би энэ талаар Ц.Хишигдоржид хэлж бид хоёр хамтдаа Ц.Хишигдоржийн малын ойролцоо байсан Б.Пүрэвсүрэнгийн малаас ямаа голдуу хэсэг мал тасалж туугаад Ц.Хишигдоржийн малруу нийлүүлчихээд байж байтал Б.Бадрах ах хажуудаа 3 хүний хамт 2 мотоциклоор бидэн дээр ирсэн. Б.Пүрэвсүрэнгийн малнаас тасалж нийлүүлсэн 3 ямаа, 1 хонь зэрэг малын амийг нь таслаад мотоцикльдоо дүүрч явсан юм. Дахин хулгай хийхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83-р тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Бадрах нь 2016 оны 12 дугаар сарын 16-нд өдөр Увс аймаг, Өндөрхангай сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт байрлах “Уушгийн улаан” гэх газраас хохирогч Б.Пүрэвсүрэнгийн 9 тооны бог малыг насанд хүрээгүй шүүгдэгч О.Лхагва, Ц.Хишигдоржтой нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлж, бусдад нийт 465.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан, Насанд хүрээгүй шүүгдэгч О.Лхагва, Ц.Хишигдорж нарыг хулгайн гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан,

        Насанд хүрээгүй шүүгдэгч О.Лхагва, Ц.Хишигдорж нар нь Б.Бадрахтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж иргэн Б.Пүрэвсүрэнгийн 9 тооны бог мал хулгайлж, бусдад 465000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогч Б.Пүрэвсүрэн, гэрч Ц.Алтан-Од, Г.Рагчаасүрэн, Б.Загдбаяр, Т.Сэр-Од, Д.Одгэрэл, С.Батбаяр, Ж.Агиймаа, Т.Гэрэлт-Од, М.Цэдэнбал нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Увс Финанс Аудит ХХК-ийн 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн “бүх насны хонь, ямаа үнэлсэн тухай” 11 тоот тайлан, Т.Гэрэлт-Од, М.Алтанбагана нарын эзэмшлийн мустанг марк, Г.Рагчаасүрэнгийн эзэмшлийн даюун маркийн мотоцикль хураан авч битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

               Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Пүрэвсүрэнд 465000 төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан бага бус хэмжээний хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

 

                Хохирогч Б.Пүрэвсүрэнгийн “...2016 оны 12 дугаар сарын 24-нд хөдөө мал дээрээ очиж малаа бүртгэж үзэхэд нэмж 9 тооны мал дутсан бөгөөд тэдгээрээс 1 хонь, 8 ямаа дутсан юм. ...Одгэрэлтэй уулзахад миний хүү О.Лхагва нь Ц.Хишигдоржтой хамтарч танай малаас таслаад Б.Бадрахад өгч явуулсан сурагтай, чи хайлтгүй гэж хэлсэн”, шүүгдэгч Б.Бадрахын “...2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр би О.Лхагвасүрэн рүү утсаар ярьж “Ахад нь мөнгө хэрэгтэй болоод байна хэдэн мал хэрэгтэй байна. Чи хүний малнаас хэдэн бог мал таслаад бэлдэж бай гэж хэлсэн. О.Лхагвасүрэн зөвшөөрч мал таслаад байж байя. Та хүрээд ир гэж хэлсэн тул би өөрийн найз Гэрэлт-Од, Рагчаасүрэн, Алтан-Од нарыг гуйж Гэрэлт-Од болон Рагчаасүрэн нарын эзэмшлийн Мустанг, Даюун маркийн мотоциклуудад тус тусад нь 6000 төгрөгний бензин хийгээд Уушгийн улаан гэх газарт очиход засмал замын урд талд гэрийнх нь ойролцоо газар О.Лхагвасүрэн эгч дүүгийн хүүхдүүд болох Ц.Хишигдоржийн мал руу хүний мал таслаад хөөгөөд нийлүүлчихсэн байсан юм”, насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Хишигдорж, О.Лхагва нарын “...хамт хонины бэлчээрт хонь хариулж байтал О.Лхагвасүрэнгийн утас дуугарч утсаар ярьчихаад Б.Бадрах ах: Мөнгөний хэрэг гараад байна. Мал таслаад байж бай. Би одоо очиж авна гэж ярилаа гэж надад хэлсэн. Тэгээд О.Лхагвасүрэн бид хоёр манай малтай ойролцоо эзэнгүй бэлчиж байсан Б.Пүрэвсүрэн гэх хүний мал сүргээс хэсэг ямаа тасалж миний малд нийлүүлсэн. Үдээс хойш 14:00-15:00 цаг орчимд Б.Бадрах ах хажуудаа 3 хүний хамт хоёр мотоцикльтой ирээд бидний тасалсан эвэр дээрээ ногоон будагтай ямаа голдуу малнаас 3 ямаа, 1 хонь барьж мотоцикльдоо дүүрээд амьдаар нь авч явсан” гэх мэдүүлгүүдээр тухайн гэмт хэргийг шүүгдэгч Б.Бадрах нь насанд хүрээгүй шүүгдэгч О.Лхагва, Ц.Хишигдорж нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж үйлдсэн байх төдийгүй гэмт үйлдлээ түргэсгэх зорилгоор иргэн Т.Гэрэлт-Од, Г.Рагчаасүрэн нарын мустанг, даюун маркийн мотоциклийг ашигласан болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүн хангагдсан байна.

 

Шүүгдэгч Б.Бадрах насанд хүрээгүй шүүгдэгч О.Лхагва, Ц.Хишигдорж нарын нагац ах нь байх бөгөөд насанд хүрээгүй шүүгдэгч нар нагац ахынхаа ятгалаг, шахалтаар бусдын өмчлөлийн бог малаас тасалж хулгайлсан болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “...наагуур чинь хүний ямаа байна уу гэхэд байхгүй гэсэн. Гэтэл битгий худлаа яриад бай. Танай ойр орчмоор ямаа байгаа биз дээ таслаад байж бай гээд гуйгаад байсан тул бид манай малтай ойрхон 1 км орчим бэлчиж байсан Пүрэвсүрэнгийн хониноос 1 хонь, 8 ямаа туугаад малдаа нийлүүлсэн...” гэж мэдүүлсэн болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул прокуророос ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

             Харин насанд хүрээгүй шүүгдэгч О.Лхагва, Ц.Хишигдорж нар хохирогч Б.Пүрэвсүрэнгийн 1 хонь, 8 ямаа тасалж, өөрийнхөө хонинд нийлүүлэх үйлдэлдээ мотоцикль ашиглаагүй, явганаар тууж нийлүүлсэн байх тул тэдгээрийг хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм хэрэглэсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй болжээ.Иймд шүүхээс шүүгдэгч Б.Бадрахыг насанд хүрээгүй шүүгдэгч О.Лхагва, Ц.Хишигдорж нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлсан, насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

         Шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хавтас хэргийн 130 дүгээр хуудаст авагдсан хохирогч Б.Пүрэвсүрэнгийн гаргасан тодорхойлолт, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мал эрж хайсаны зардалд 150.000 төгрөг төлсөн, хулгайлсан бог малыг малаар нь буюу шүүгдэгч Б.Бадрах 5 ямаа, насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Хишигдорж 4 ямаа, О.Лхагва 3 ямаа, 1 хонь буцаан өгч хохиролгүй болгосон гэсэн мэдүүлгээр тогтоогдсон тул шүүгдэгч Б.Бадрах, насанд хүрээгүй шүүгдэгч О.Лхагва, Ц.Хишигдорж нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

           Шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч Б.Бадрахаас гэмт  хэрэг үйлдэж олсон ашиг 192.000 төгрөг, мөн гэмт хэрэг үйлдэхдээ бусдын эзэмшлийн мотоцикль ашигласан байх тул эдгээр мотоциклуудыг холбогдох этгээдэд нь буцаан олгож, ашигласан тээврийн хэрэгслийн үнэ буюу иргэн Г.Рагчаасүрэнгийн эзэмшлийн Даюун маркийн мотоциклийн үнэ 1.350.000 төгрөг, иргэн Т.Гэрэлт-Одын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийн үнэ 150.000 төгрөг нийт 1.692.000 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

            О.Лхагва нь 1999 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, хулгайн гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 1 сар 21 хоногтой, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн өдөр 17 нас 4 сар 25 хоногтой /хх-ийн 112-113 тал/, Ц.Хишигдорж нь 1999 оны 12 дугаар сарын 09-ны өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 7 хоногтой, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн өдөр 17 нас 3 сар 13 хоногтой  /хх-ийн 101, 104 тал/ буюу тус тус насанд хүрээгүй байна.

            Насанд хүрээгүй шүүгдэгч О.Лхагва, Ц.Хишигдорж нар нь шүүгдэгч Б.Бадрахтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх боловч анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, гэм буруугаа ухамсарлаж, чин санаанаасаа гэмшиж байгаа, 18 насанд хүрээгүй байгаа зэрэг хуулинд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Увс аймгийн Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ирүүлсэн санал, хүсэлтийг харгалзан үзэж, тэдэнд ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зохистой гэж шүүх шийдвэрлэв.

             Мөн насанд хүрээгүй шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хор аюулыг ухамсарлуулах, тэдний сурлага, хүмүүжил, зан байдалд нь хяналт тавих, хүмүүжлийн эерэг нөлөөлөл үзүүлж байх үүргийг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт хариуцуулах нь зүйтэй байна.

              Насанд хүрээгүй шүүгдэгч нарт ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг болон тэдгээрийн өмчлөлийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

            Харин шүүгдэгч Б.Бадрахаас 1.692.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахтай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж дуусах хүртэл хугацаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар түүний өмчлөлийн 5 ямаа битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээхээр тогтов.  

              Шүүгдэгч Б.Бадрахад ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн, хохиролгүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

            Хэргийн баримтаар шүүгдэгч Б.Бадрах нь 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өндөрхангай сумын Жаргалант баг Уушгийн улаан гэх газраас хохирогч Б.Пүрэвсүрэнгийн 1 тооны ямаа хулгайлсан болох нь тогтоогдсон боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан хохирол нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрээгүй байх тул Прокурорын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор сэжигтэн, яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.

          Мөн хэргийн 104 хуудаст Ц.Хишигдоржийн регистр буруу бичигдсэн, хэргийн 137 талд яллах дүгнэлтийн биеийн байцаалтад насанд хүрээгүй шүүгдэгч нарыг 18 настай гэж ташаа тэмдэглэсэн байгааг тус тус дурдав.

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч Тонч овогт Батбаярын Бадрахыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг бусадтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн, машин механизм ашиглаж үйлдсэн, насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           - Насанд хүрээгүй шүүгдэгч Бууч овогт Одгэрэлийн Лхагва, Хоньч овогт Цэдэнбалын Хишигдорж нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг бусадтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Шүүгдэгч Б.Бадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар 2 сар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 2 жил 6 сарын ялд, мөн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сар баривчлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 8 сарын хугацаагаар тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Бадрахад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан насанд хүрээгүй шүүгдэгч О.Лхагва, Ц.Хишигдорж нарт тус бүр 1 жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

           6. Насанд хүрээгүй шүүгдэгч О.Лхагва, Ц.Хишигдорж нарын засрал хүмүүжилд хяналт тавьж байх үүргийг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч  .... нарт хариуцуулсугай.

            7. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 192.000 төгрөг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 төгрөг, нийт 1.692.000 төгрөгийг шүүгдэгч Б.Бадрахаас гаргуулж улсын орлого болгосугай.

           9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч Б.Бадрахын өмчлөлийн 5 ямаа битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дуустал хэвээр үлдээж, мөн зүйлийн 134.10 дах хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч О.Лхагва, Ц.Хишигдорж нарын эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

            10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бадрахад шүүхээс оногдуулсан 2 жил 8 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Цагдаагийн Газарт даалгасугай.

       11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч О.Лхагва, Ц.Хишигдорж нарт өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Бадрахад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

          12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.БОЛОРТУЯА