Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 141/ШШ2024/00110

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Нэхэмжлэгч Ц.Ж,

Нарийн бичгийн дарга О.Отгонжаргал нарыг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  багт оршин суух хаягтай П овогт Ц.Ж ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ж нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 1985 онд 10-р ангийг төгсөөд МУИС-ийн Физик математикийн факультетын математикийн ангид суралцаж байгаад 1986 оны 10 сард аав нас барсан учраас ар гэрийн гачигдлаар чөлөө авсан. Энэ хугацаанд буюу 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус сумын Их-Эхлэлт нэгдлийн бичээчийн ажлыг түр хийсэн. Гэтэл дээр хугацаанд ажиллаж байх үеийн ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

2. Нэхэмжлэгч Ц.Ж нь МУИС-ийн Физик математикийн факультетын математикийн ангид суралцаж байгаад ар гэрийн гачигдлаар 1 жилийн чөлөө авсан болох нь Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Монгол улсын Их сургуулийн ректорын 1986 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 721 дугаартай “...Тушаах нь: ...4. Ар гэрийн гачигдал, эмнэлгийн магадалгаа, өөрсдийн хүсэлтийг үндэслэн ФМФ-ийн математикийн 2-р ангийн оюутан Ц Ж 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус нэг жилийн чөлөө олгосугай...” гэсэн оюутан эчнээ суралцуулах, үргэлжлүүлэн суралцуулах, жилийн чөлөө олгох тухай тушаалын хуулбараар тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч Ц.Ж нь Завхан аймгийн Нөмрөг сумын Их-Эхлэлт нэгдлийн бичээчээр түр 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь:

Завхан аймгийн Нөмрөг сумын Б.Элдэв-Очирын нэрэмжит Их-Эхлэлт нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 73 дугаартай “...Нэгдлийн бичээч Ж.О нь жирэмсний амралтаа авсан тул оронд нь өөр хүн ажиллуулах шаардлагатай байгааг тэмдэглэн тушаах нь: 1. Ц овогтой Жа 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нэгдлийн бичээчээр түр томилон ажиллуулсугай. 2. Ц.Ж ажилд орсон өдрөөс нь эхлэн үйлдвэр санхүүгийн төлөвлөгөө ёсоор цалин олгож байхыг санхүүд зөвшөөрсүгэй...” гэсэн ажилд түр томилох тушаалын хуулбар,

Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/925 дугаартай “....1986-1987 онд Нөмрөг сумын Их-Эхлэлт нэгдлийн захиргаа аж ахуйд бичээчээр ажиллаж байсан. Ц.Ж цалингийн тодорхойлолт олгов гээд 1986 онд 392,2 төгрөг, 11-12 сар...” гэсэн лавлагаа,

Завхан аймгийн Нөмрөг сумын Их-Эхлэлт нэгдлийн захиргаа аж ахуйн “...Ц.Ж 11 сар 142 төгрөг, 12 сар 250 төгрөг...” гэсэн 1986 оны цалингийн хүснэгтийн хуулбар,

Гэрч Р.Д “...Би Ц.Ж нэг нутагт нэг байгууллагад ажиллаж байсан учраас сайн танина. Намайг Завхан аймгийн Нөмрөг сумын Их-Эхлэлт нэгдэлд нягтлан бодогчоор ажиллаж байхад Ц.Ж 1986 онд оюутан байж байгаад аав нь нас барсан учраас сургуулиасаа жилийн чөлөө авч нутагтаа ирсэн байсан. Тэгээд тус нэгдлийн бичээч ******* нь жирэмсний амралтаа авахад Ц.Ж нь түр ажилчнаар 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл бичээчээр ажиллаж байсан. Тэгээд жилийн чөлөө нь дуусаад буцаад сургуульдаа явж байсан...” гэсэн мэдүүлэг

Гэрч Ч.Б “...Намайг Завхан аймгийн Нөмрөг сумын Их-Эхлэлт нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байхад Ц.Ж нь 1986 онд жирэмсний амралтаа авч байгаа ******* бичээчийн оронд түр ажилтнаар ажилд орж байсан. Тухайн үед хамт ажиллаж байсан мөн нэг нутгийнх учраас Ц.Ж талаар мэддэг юм. Ц.Ж нь 1987 оны 10 сар хүртэл ажиллаж байгаад багшийн сургуульдаа явсан гэж сонсож байсан...” гэсэн агуулга бүхий мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, тэдгээрийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

4. Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “ регистрийн дугаартай П овогт Ц.Ж нь эрүүгийн хариуцлага хүлээгээгүй...” тухай тодорхойлолт нь нэхэмжлэгчийг ажиллаж байх хугацаанд ял шийтгүүлж байгаагүй болохыг нотолж байна.

5. Иймд нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П овогт Ц.Ж Завхан аймгийн Нөмрөг сумын Их-Эхлэлт нэгдлийн бичээчээр түр 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ӨЛЗИЙХИШИГ