Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 141/ШШ2024/00111

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

 Нарийн бичгийн даргаар О.Отгонжаргалыг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  оршин суух хаягтай Г овогт О.Х ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Х нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон хүсэлтдээ: “...Миний бие 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Жавхлан бригадад малчнаар ажиллаж байсан. Намайг ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Миний бие шүүх хуралд оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч О.Х нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч О.Х нь Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Жавхлан бригадад малчнаар 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болох нь:

Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн даргын 1989 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 30 дугаартай “...Тэс, Баянтэс сумын 10 жилийн дунд сургуулийн 8-р ангиас ХАА-н үйлдвэрлэлд хуваарилагдсан хүүхдүүдийг ажилд томилох шаардлагатайг үндэслэн тушаах нь: 1. ...О.Х, нарыг Жавхлан бригадад тус тус малчнаар 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс томилон ажиллуулсугай...” гэсэн ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Гэрч Н.Ц “...Би Завхан аймгийн Баянтэс сумын сургуулийг 1989 онд төгссөн. О.Хишигбаяр нь манай нөгөө ангид сурч төгссөн. Төгсөөд би Хачиг багт, О.Х нь Жавхлан багт илгээлтээр гарсан. О.Х нь нөхөр хүүхдүүдийн хамт мал малладаг байсан. Би тэднийхээр орж гардаг байсан. Тэднийх бог мал малладаг байсан. Тухайн үеийн нэгдлийн дарга Дагвадорж ажиллаж байсан. Тухайн үед малчнаар ажиллаж байх үед 100 орчим төгрөгийн цалин авдаг байсан. Би тэднийхээр хавар ямаа самнах үед очдог байсан. О.Хишигбаяр нь одоог хүртэл Завхан аймгийн Жавхлан багт мал маллаж байна...” гэсэн агуулга бүхий мэдүүлгээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно..

Иймд нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Г овогт О.Х Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Жавхлан бригадад малчнаар 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ӨЛЗИЙХИШИГ