| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2024/00088/И |
| Дугаар | 141/ШШ2024/00112 |
| Огноо | 2024-06-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 141/ШШ2024/00112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Нэхэмжлэгч Ч.Э
Нарийн бичгийн дарга О.Отгонжаргал нарыг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар оршин суух хаягтай А овогт Ч.Э ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Э нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 1969 онд төрсөн бөгөөд Завхан аймгийн барилгын Техник мэргэжлийн сургуулийг өрөгч, угсрагч мэргэжлээр төгсөөд Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Барилга угсралтын конторт 1988 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 12 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл өрлөгчнөөр ажиллаж байсан 1991 онд Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Барилга угсралтын контор нь хувьчлагдаж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “Баянбүрд” ХК болоход тус компанид үргэлжлүүлэн өрлөгчнөөр 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тасралтгүй ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт тогтоолгох болоход ажлаас чөлөөлөгдсөн тушаалгүй улмаас шүүхээр ажиллаж байсан болохоо тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Барилга угсралтын конторт нормчноор 1988 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 19-нийг өдрийг хүртэл, Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Баянбүрд ХК-д нормчноор 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү ...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Э нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
2. Нэхэмжлэгч ******* нь Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Барилга угсралтын конторт нормчноор 1988 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 19-нийг өдрийг хүртэл, Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Баянбүрд ХК-д нормчноор 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажиллаж байсан болох нь:
БНМАУ-ын Улсын барилгын хорооны харьяа Тосонцэнгэл хотын барилга угсралтын конторын даргын 1988 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 180 дугаартай “...Барилгын ТМС төгсөн манайд хуваарилагдан ирсэн мэргэжилтэй ажилчдыг барилгын салбар бригадад томилон ажиллуулахаар ТУШААХ нь: 1. Өрлөгчин Ч Э1988 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс Завханмандал нормчноор, ...тус тус томилон ажиллуулсугай. Дээрх нэр бүхий хүмүүсийг хийснээр нь цалинжуулахыг санхүүд даалгасугай...” гэсэн ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Завхан барилгын техник мэргэжлийн дунд сургуулийн захирлын 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Ч.Э нээн олгож, түүний зургийг нааж, зургийн баруун доод өнцгийг оруулан тэмдэг дарж, ажлын тухай мэдээлэлд ...1988 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн Завхан аймгийн Тосонцэнгэл хотын барилга угсралтын конторын Завханмандалын салбарт нормчноор томилон ажиллуулав гээд Тосонцэнгэл барилга угсралтын конторын даргын 1988 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 180 тоот тушаалаар гэж бичиж тэмдэглэн байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтэр дэх мэдээлэл,
Баянбүрд ХК-иас 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Ч.Э нээн олгож, түүний зургийг нааж, зургийн баруун доод өнцгийг оруулан тэмдэг дарж, ажлын тухай мэдээлэлд Барилга угсралтын контор, 1988 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс барилгад нормчноор Барилга угсралтын конторын даргын 1988 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 180 тоот тушаалаар, хөдөлмөр хөлсийг 1992 оны 01 дүгээр сараас 1993 оны 1 дүгээр сарыг дуустал, Б.Э нь 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүүхэд 2 настай болтол асрах тэтгэмжтэй, 1994 онд чөлөөтэй байсан, 1995 онд шинээр нийгмийн даатгалын дэвтэр олгов гэж бичиж тэмдэглэн тэмдэг дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтэр дэх мэдээлэл,
Завхан аймгийн Тосонцэнгэлийн Баян-Бүрд компани 1994 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 78 дугаартай “...Нярай хүүхдээ 2 настай болтол асрахыг хүссэн эхчүүдийн өргөдөл Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 83 дугаар зүйлийн 1-р заалтыг үндэслэн ТУШААХ нь: Хүүхдээ 2 настай болтол асрахыг хүссэн эхчүүдэд энэ тушаалын хавсралтын дагуу 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тэтгэмжтэй чөлөө олгосугай. 78-р тушаалын хавсралтын 2. Ч.Э 292, төрсөн он, сар, өдөр 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, чөлөө эхэлсэн 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, чөлөө дууссан 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдөр...” гэсэн тушаалын хуулбар,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Чулууны Энхтуяа эмэгтэй, РД:, өдөр төрсөн, Барилга угсралтын конторт, Барилгын өрөгч, угсрагч ажилтай, ажилд орсон 1988 он, 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...эхнэр Ч Э Барилга, нормчин, нөхөр М.Нажилчин, 1990 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэрлэсэн, 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдөр бүртгэсэн...” гэж тэмдэглэсэн гэрлэснийг бүртгэх анкет буюу ХААТР-15 дугаартай маягтын хуулбар,
“...Тосонцэнгэл сумын “Баянбүрд” ХК нь 78999 дугаартайгаар 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бүртгэгдэж, 1996 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “Зост өргөө” ХХК болон бүртгэгдсэн байна...” гэсэн хуулийн этгээдийн лавлагаа,
Гэрч Р.Д “...Намайг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Барилга угсралтын конторт барилгын засал чимэглэлчнээр ажиллаж байхад ******* нь 1988 онд анх засал чимэглэлчнээр ажилд орж байсан. Бид нар хамт ажиллаж байхад ганц Тосонцэнгэл хотдоо биш Завханмандал, Эрдэнэхайрхан, Цэцэн-Уул, төвийн барилгуудад явж заслын ажил, өрлөг зэрэг барилгын бүх ажлыг хийдэг байсан. Ч.Э би 1991 он хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Барилга угсралтын конторт засал чимэглэлчнээр ажиллаж байсан. Тус контор нь хувьчлагдахад мөн хамт ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.С “...Намайг 1989 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Барилга угсралтын конторт бетон арматурчнаар ажилд ороход ******* тухайн газар засал чимэглэлчин мөн өрлөгчнөөр ажиллаж байсан. Тэгээд бид нар цуг Завханмандал, Эрдэнэхайрхан, Цэцэн-Уул, төвийн барилгуудаар нүүдлэн явж ажиллаж байсан. Тухайн үед бид нар хамт явж заслын ажил, өрлөг зэрэг барилгын бүх ажлыг хийдэг байсан. *******тай хамт ажиллаж байсан учраас 1988 оноос 1990 он хүртэл ажиллаж байсан талаар сайн мэддэг юм. Бид нар 100-250 төгрөгийн оронд цалин авдаг байсан 1990 он хүртэл ажиллаж байгаад жирэмсний амралтаа авч байсан шиг санагдаж байна...” гэсэн агуулга бүхий мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, тэдгээрийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.
3. Иймд нэхэмжлэгч Ч.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А овогт Ч.Э Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Барилга угсралтын конторт нормчноор 1988 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 19-нийг өдрийг хүртэл, Завхан аймгийн Тосонцэнгэлийн “Баянбүрд” ХК-д нормчноор 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ