Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/485

 

 

А.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Ууганбаяр,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч О.Анхбаяр,

хохирогч “Эл Ти Си Эй” ХХК-ийн өмгөөлөгч А.Энхгэргэл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2022/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Бын өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлоор А.Бт холбогдох 2110 02105 0052 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

......................................................../;

А.Б нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Ажилчны 1 дүгээр гудамжинд үйл ажиллагаа явуулдаг “Эл Ти Си Эй” ХХК-нд борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд тус компанийн импортоор оруулж ирсэн бүтээгдэхүүнийг борлуулахдаа бүтээгдэхүүний үнэ болох 20.568.302 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: А.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .......................ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар А.Бт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч А.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар А.Баас 21.568.302 төгрөгийг гаргуулж, хохирогч “Эл Ти Си Эй” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Бын өмгөөлөгч О.Анхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан байдаг. Дээрх заалтаас дүгнэвэл ялын гол зорилгын нэг нь хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт этгээдийг нийгэмшүүлэхэд оршиж байна. Шүүгдэгч А.Бын тухайд тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд урьд ял шийтгэгдэж байгаагүй нэгэн ажээ. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах бүрэн боломжтой байсаар атал зөвхөн хорих ял оногдуулж, шүүгдэгчийг хохирлоо өөрөө нөхөн төлөх боломжийг хааж, мөн анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнийг хорьсноор нийгэмшүүлэх бус харин эсрэгээрээ шоронжуулсан байна. Энэ нь дээр дурдсан эрүүгийн хариуцлагын зорилгод огт нийцэхгүй байна.

Гэтэл хавтаст хэргийн материалаас харахад хохирогчоор тогтоогдсон Ц.Энхтүвшин нь 63 дугаар хуудсан дахь мэдүүлгийнхээ төгсгөл хэсэгт хохирлоо л бүрэн барагдуулж авах гэсэн чин хүсэлтэй байгаа тухайгаа тодорхой хэлсэн байна. Хэргийн нөхцөл байдал ийм байхад анхан шатны шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулсан явдал нь шүүгдэгч болон хохирогч талын аль алинд ямар ч ашиггүй нөхцөл байдлыг үүсгэжээ. Шүүгдэгчид хорих ял оногдуулснаар гэм буруутай этгээд хохирогчид учруулсан хохирлоо өөрөө нөхөн төлж барагдуулах ямар ч боломжгүй болгосон байна. Мөн энэ нь ял халдаахгүй байх зарчмыг давхар зөрчиж байх бөгөөд өнөөдөр шүүгдэгчийн ар гэрийн зүгээс хүндээ хорихоос өөр төрлийн ял өгүүлэхийн тулд хохирлыг төлж барагдуулах нөхцөл байдал үүсээд байгаа билээ.

Энэ бүгдээс зайлсхийх гол арга зам нь шүүгдэгчид хорихоос өөр төрлийн шийтгэл оногдуулах буюу зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх, мөн хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээлгэх замаар шүүгдэгчид ажил хөдөлмөр эрхлэх, улмаар бусдад учруулсан хохирлоо өөрөө нөхөн төлөх боломжийг олгох нь гэмт этгээдийн хувийн байдал болоод хэргийн нөхцөл байдалд бүрэн тохирохоор байна. Мөн хүмүүнлэг бөгөөд шударга ёсны зарчимд бүрнээ нийцэх юм. Бас хохирогчид хохирлоо аль болох бага хугацаанд барагдуулан авах боломж нь бүрдэх бөгөөд мөн эрүүгийн хариуцлагын зорилгод тохирч байна.

Шүүгдэгч А.Бт холбогдох хэрэг дээр давж заалдах гомдол гаргах хугацаанд шүүгдэгчийн эрх зүйн байдал өөрчлөгдсөн хэмээн өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Учир нь шүүгдэгчийн зүгээс хохирогч талд шүүхээс тогтоосон хохирлоос тодорхой хэмжээг буюу 7.000.000 төгрөгийг нөхөн төлсөн явдал нь шүүгдэгч хохирол нөхөн төлөхөө илэрхийлэх гэх ойлголт бодитойгоор хамаарна хэмээн үзэж байна. Нэгэнт шүүгдэгч хохирлыг нөхөн төлөхөө бодитойгоор илэрхийлж байгаа тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуульд заагаагүй бусад хөнгөрүүлэх нөхцөл байдал үүссэн хэмээн дүгнэлээ. Тэгэхээр дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг, зорчих эрхийг хязгаарлах ялаар солих бүрэн үндэслэлтэй байна. Ингээд дээрх бүгдээс дүгнэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах бүрэн боломжтой байна. Иймд шүүгдэгч А.Бт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, мөн ялын зорилгыг хангуулахын тулд түүнд нэмж хохирол, хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах албадлагын арга хэмжээ авч өгнө үү.” гэв.

Шүүгдэгч А.Б тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Хохирогч “Эл Ти Си Эй” ХХК-ийн өмгөөлөгч А.Энхгэргэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан. Хохирлыг төлнө гэдэг болохоос биш бодитой хохирол төлөх санал гаргаагүй. Гэм буруу дээрээ маргадаггүй ч гэсэн хэргийн хувьд ял оногдуулах нөхцөл байдал байсан. 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хохирогч компанид 7.000.000 төгрөгийн хохирол төлсөн. Үлдэгдэл 14.568.302 төгрөгийг төлөөгүй, хор уршиг бүрэн арилаагүй. Давж заалдах шатны шүүх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд ял шийтгэлийг хөнгөрүүлж шийдвэрлэх тохиолдолд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар тодорхой хугацаа зааж, үүрэг хүлээлгэж өгнө үү. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулснаар хохирол төлөгдөнө гэж үзэхгүй байна. Хохирол төлөх талаар тодорхой хугацаа зааж, үүрэг хүлээлгэснээр зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой нийцэх юм.” гэв.

Прокурор С.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...А.Б нь “Эл Ти Си Эй” ХХК-нд борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд тухайн байгууллагад хохирол учруулсан. Хохирол учруулсан болохоо мэдсээр байж ажлаа хаяад, хэнд ч мэдэгдэхгүй явсан байдаг. Цагдаагийн байгууллагад хохирогч компани гомдол гаргаж, эрэн сурвалжлах ажиллагаа хийгдсэнээр А.Быг олсон. Шүүгдэгч А.Бын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруу дээрээ маргадаггүй боловч хохирол хор уршгийг арилгах талаар нэг ч арга хэмжээ аваагүй. Төлнө гэдэг боловч яаж төлөх нь тодорхойгүй байсан. Завшсан 20.568.302 төгрөгийг хаана, юунд зарцуулсан болох нь тодорхойгүй байдаг. Шүүгдэгч А.Бын эхнэр мэдүүлэхдээ “...гэр орондоо нэг ч төгрөг зарцуулаагүй, би амьдралаа авч явдаг” гэсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч А.Бын өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих болон хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

А.Б нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Ажилчны 1 дүгээр гудамжинд үйл ажиллагаа явуулдаг “Эл Ти Си Эй” ХХК-нд борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд тус компанийн импортоор оруулж ирсэн бүтээгдэхүүнийг борлуулахдаа бүтээгдэхүүний үнэ болох 20.568.302 төгрөгийг хувьдаа завшсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхтүвшингийн “...Манай компани дөрвөн борлуулагчтай ба түүний нэг болох А.Б гэх залуу манайд ажиллаж байх хугацаандаа дутагдал гаргаж улмаар тухайн дутагдлыг “Си Пи Ти Эй Аудит” ХХК-иар хянуулж, 20.568.302 төгрөгийн дутагдал гаргасан болохыг тогтоосон. А.Бтай уулзаж ярилцахад хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. А.Б нь манай байгууллагад 2 жил орчим ажилласан бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 23-ны хугацаанд аудит хийсэн ба тухайн хугацаанд гаргасан дутагдал юм. Хамгийн сүүлд түүний авлагатай харилцагч нартай нь тооцоо нийлж байж илрүүлсэн. ...” /хх 62-63/,

гэрч Г.Дорждэрэмийн “...Манай борлуулагч А.Бын хариуцсан харилцагч нартай тооцоо нийлэх хэрэгтэй болоод А.Бт хэлэхэд ажилдаа ирэхгүй зугатсан. Тэгээд бид нар асуудалтай болоод ингэж байна гэж мэдээд хариуцсан айлуудаар нь явж тооцоо нийлж авлага тулгатал бараг ихэнхи айл тооцоогоо дуусгасан байсан. Борлуулагч А.Бын хувийн дансанд болон бэлнээр олгосон байсан. Шүүж үзэхэд 51 харилцагчаас мөнгийг нь авчихсан 20.568.302 төгрөгийн дутагдал гарсан. Уулзаж тооцоо нийлье гэхээр ихэнхи газрууд жижиг дэлгүүрүүд болохоор баримтаа гаргаж өгдөггүй, зарим нь баримтаа олохгүй байна гэх мэтээр тооцоо нийлэх боломжгүй байсан. Гэхдээ амаар бүгд л манайхтай тооцоогүй гэдгээ илэрхийлсэн. Удсан авлагатай айлуудаас тооцоо нийлэх гээд А.Бын хариуцсан айлуудаас авлагаа нэхэх болтол өөрөө зугтаж алга болсон нь сэжиг төрүүлсэн. ...” /хх 68/,

шүүгдэгч А.Бын яллагдагчаар өгсөн “...Би ажиллаж байх нийт хугацаандаа дутаасан мөнгө 24 сая орчим төгрөг болсон. Би анх ажилд орохдоо барьцаа 2.000.000 төгрөг компанид байршуулсан байсан ба ажиллах хугацаандаа сар бүр цалин дээрээсээ 100.000 төгрөг хураалгадаг байсан нь хуримтлагдаж явсаар намайг ажлаас гарах үед 3 сая гаруй төгрөг болчихсон байсан. Үүнийг миний дутаасан мөнгөнөөс хасаж тооцоод эцсийн байдлаар 20.568.302 төгрөгийн дутагдлын үлдэгдэлтэй болсон. Би энэ мөнгийг дутааснаа хүлээн зөвшөөрч байгаа. ...” /хх 98/ гэсэн мэдүүлгүүд,

“Си Пи Ти Эй Аудит” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №21/91 дугаартай “...А.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 20.568.302 төгрөгийг “Эл Ти Си Эй” ХХК-нд төлөх тооцооны үлдэгдэлтэй байна. Тооцоо нийлээгүй А.Баас авах авлагын тооцоо 20.568.302 төгрөг байна. ...” /хх 14-37/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн 06 дугаартай “...А.Б нь “Эл Ти Си Эй” ХХК-нд 20.568.302 төгрөгийн өглөгтэй байна. ...” /хх 83-85/ гэх дүгнэлтүүд,

хохирогч “Эл Ти Си Эй” ХХК болон шүүгдэгч А.Б нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, барьцааны гэрээний хуулбар /хх 38-41/, “Эл Ти Си Эй” ХХК-ийн А.Быг борлуулагчийн ажилд томилох тухай захирлын 20/56 тоот тушаалын хуулбар /хх 43/, шүүгдэгч А.Бын Хаан банкны 5019856680, 5300045966 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 122-135/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч А.Быг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч А.Б нь 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд “Эл Ти Си Эй” ХХК-ийн хариуцуулсан эд хөрөнгийг борлуулж, борлуулалтын орлогоос 20.568.302 төгрөгийг өөрийн дансаар болон бэлнээр хувьдаа авч ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч А.Бын өмгөөлөгч О.Анхбаяр “...хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, мөн ялын зорилгыг хангуулахын тулд түүнд нэмж хохирол, хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах албадлагын арга хэмжээ авч өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч А.Б нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирол төлбөрөөс тодорхой хэмжээг төлж барагдуулсан хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч А.Бын өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

Иймд, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2022/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Бын өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2022/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Бын өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бын 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 57 /тавин долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч А.Б нь хохирогч “Эл Ти Си Эй” ХХК-нд 7.000.000 төгрөг хохиролд төлсөн болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ЕРӨНХИЙ

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ