Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 447

 

 

                                                           

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч Д.Нямсүрэн,

Хохирогч Ч.Дайриймаа, Г.Дариймаа, Х.Баасансүрэн,

Шүүгдэгч Т.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Хонгорзулд холбогдох эрүүгийн 201725030362 дугаартай хэргийг 2017 оны 09 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Дарьганга Монгол Улсын иргэн, 1992 оны 9 сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан  дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 32-76 тоотод  оршин суух хаягтай, ял шийтгүүлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай

                                                                                                      

Шүүгдэгч Т.Х /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2017 оны 1 сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийн түрээслэгч Г.Дариймаагийн өрөөнөөс 350.000 төгрөгийг хулгайлсан, 2017 оны 2 сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн лангуун дээрээс иргэн Х.Баасансүрэнгийн 280.000 төгрөгний үнэтэй “Самсунг нөт-3” загварын гар утсыг хулгайлсан, 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “ZTB” шүдний эмнэлэгт үйлчлүүлж байсан иргэн Ч.Дайриймаагийн халааснаас түрүүвчтэй бичиг баримт, виза картнаас нь 500.000 төгрөг бэлэн, 175.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Хо мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Би одоо сар өдрийг нь мартсан байна, тухайн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Урт цагаан буюу үргэлжилсэн оффисуудын хоёр давхарт гараад булган малгай оёдол засвар гэсэн хаалгатай өрөөнд ороод булган малгайны үнэ сонирхож байгаад сандал дээр нь ил байсан 350.000 төгрөгийг хулгайлаад аваад гарсан. Мөн 2017 оны эхээр одоо сар, өдрийг нь мартсан байна Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “ZTB” нэртэй шүдний эмнэлэг дотор шүдээ үзүүлэх гээд сууж байсан юм, түүний үүдний өрөөний сандал дээр куртик болон түрүүвч тавьчихсан, эзэнгүй байсан тэгэхээр нь түрүүвчийг нь аваад гарсан юм. Түрүүвчин дотор виза карт мөн код нь байсан тул АТМ-с 500.000 төгрөгийг уншуулсан мөн бэлнээр 170.000 гаруй төгрөг байсан түүнийг нь аваад түрүүвчийг нь хаячихсан юм. 2017 оны 2 сард санагдаж байна одоо өдрийг нь мартчихаад байна Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Алтжин бөмбөгөр худалдааны төвийн шөнийн худалдааны тасагт чихрийн таваг зардаг лангууны дээр нь Самсунг нөүт 3 маркийн цагаан гар утас байхаар нь хулгайлсан уг гар утсыг Монтел худалдааны төв дээр танихгүй хүнд 150.000 төгрөгөөр зарж борлуулсан”.. гэсэн мэдүүлэг /хх-163-165/

 

Шүүгдэгч Т.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.

 

Хохирогч Г.Дариймаагаас мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ..Би Урт Цагаан үйлчилгээний төвийн 3 дугаар корпусын 6 дугаар павилионд үслэг эдлэлийн засвар үйлчилгээ эрхэлдэг юм. 2017 оны 1 сарын 6-ны өдөр ажил дээрээ байж байхад надаар 3 малгай хийлгэсэн хүүхэн орж ирээд, 200.000 төгрөг өгсөн байсныг ширээн дээр байсан ногоон өнгийн дэвтэр завсар хийсэн байсан. Удалгүй үл таних авгай орж ирээд малгайгаа засуулахаар 100.000 төгрөг өгснийг бас дэвтрийн завсар дахиад хийсэн. Дараа нь 27 орчим насны 150 см орчим нуруутай, бор царайтай орсгор давхарлдсан үүдэн шүдтэй, охин орж ирээд эмээдээ малгай авах гэсэн юм гэж ярилцсан. Тэр үедээ нэг үнэгэн малгайг авна гэж өмсөж үзэж байгаад пудр болсон хэсгийг арилгаад өгөөч гэхээр нь малгайг авч ариун цэврийн өрөөнд цэвэрлэгээ хийгээд эргээд ирэхэд тэр охин алга болсон байсан. Гэтэл миний мөнгө хийсэн дэвтэр газар унасан байхаар нь үзтэл орлогын 350.000 төгрөг алга болсон байсан .. гэсэн мэдүүлэг /хх 27/ 350.000 төгрөгөө нэхэмжилж байна.

 

Хохирогч Х.Баасансүрэнгээс мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ..2017 оны 2 сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн лангуун дээр байсан 2016 онд дүүгээсээ 480.000 төгрөгөөр худалдаж авсан “Самсунг нөт 3” маркийн цагаан өнгөтэй гар утсаа алдсан. Хяналтын камерийг шүүж үзтэл үсээ дээш нь шуугаад боочихсон, хар өнгийн куртик, цагаан ороолттой хар гуталтай 20-30 орчим насны эмэгтэй лангуун дээрээс миний утсыг хулгайлаад куртикныхаа халаасанд хийгээд хэд алхсанаа гүйгээд явж байгаа харагдсан.. гэсэн мэдүүлэг / хх 42/ Үнэлгээний дагуу 280.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Хохирогч Ч.Дайриймаагийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ..2017 оны 2 дугаар сарын 21-нйи өдөр Москва хорооллын урд талд байх “ZTB” шүдний эмнэлэгт ирсэн. Үүдний сандал дээр өмсөж явсан куртикээ үлдээсэн ба гараад ирсэн чинь халаасанд нь байсан түрийвчтэй 175.000 төгрөг. Хаан банкны виза картаа алдсан. Цагдаад өргөдөл өгөөд явж байх хооронд миний түрүүвчийг авсан эмэгтэй Содон хорооллын АТМ-д картыг уншуулаад 500.000 төгрөг бэлнээр авчихсан байсан .. гэсэн мэдүүлэг /хх 78/ 675.000 төгрөг нэхэсжилнэ.

 

Шүүгдэгч Т.Хон иргэний үнэмлэхний лавлагаа /хх-60/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 56,170/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл /хх 7,70/, “ZTB” эмнэлэгийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-82/, камерийн бичлэгийг зурагт буулгасан фото зургууд /хх 39-40/, эд зүйлийн үнэлгээ /хх 38/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд мөн шүүгдэгчийн хэргээ хүлээн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлэг зэргээр шүүгдэгч Т.Хонгорзул нь 2017 оны 1 сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт Цагаан худалдаа үйлчилгээний төвийн түрээслэгч Г.Дариймаагийн өрөөнөөс 350.000 төгрөг, 2017 оны 2 сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн лангуун дээрээс иргэн Х.Баасансүрэнгийн 280.000 төгрөгийн үнэтэй “самсунг нөүт 3 загварын гар утсыг, 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүгийн 29 дүгээр хороо “ZTB” шүдний эмнэлэгт үйлчлүүлж байсан Ч.Дайриймаагийн халааснаас түрийвчтэй бичиг баримт, виза картнаас 500.000 төгрөг, бэлэн 175.000 төгрөгийг тус тус хулгайлан авсан болох нь тогтоогдож байна.

Иймд Т.Хо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Т.Хо нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч Г.Дариймаад 350.000 төгрөг, хохирогч Х.Баасансүрэнд 280.000 төгрөг, хохирогч Ч.Дайриймаад 675.000 төгрөгийг тус бүр төлөхөө илэрхийлсэн бөгөөд түүний гэм  хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч нарт учирсан хохиролыг шүүгдэгч нөхөн төлөх хугацааг 1 сараар тогтоов.

Шүүгдэгч Т. Хонгорзул нь 3 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ТвХ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гаарт даалгасугай.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хо 1.305.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Дариймаад 350.000 төгрөгийг, хохирогч Х.Баасансүрэнд 280.000 төгрөгийг, хохирогч Ч.Дайриймаад 675.000 төгрөгийг тус тус олгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хохирол төлөх хугацааг 1 /нэг/ сараар буюу 2017 оны 11 сарын 17 дотор хохирогч нарт төлж барагдуулахыг шүүгдэгч Т.Хүүрэг болгосугай.

5. Шүүгдэгч Т.Хо шүүхээс тэнссэн хугацаанд үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг, мөн энэ хугацаанд санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдвэл мөн адил тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, нэмж ял оногдуулахыг, хэрэв тэнссэн хугацаанд хохирол төлж үүргийг биелүүлбэл прокурорын дүгнэлтийг үндэслэн ялаас чөлөөлж болохыг тус тус тайлбарласугай.

6. Шүүгдэгч Т.Х урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шүүгдэгч Т.Х нь 3 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР