Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2016/0187

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, шүүгч Н.Дуламсүрэн нарын шүүх бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.Ч*******

Хариуцагч: Нийгмийн даатгалын Ерөнхий газрын хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 6/2028 дугаар албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1/91 дүгээр албан бичгүүдийг хүчингүй болгуулж, 1994 онд анх тогтоосон тэтгэврийг бүхий л нэмэгдлүүдийн хамт нөхөн гаргуулахыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах-ын хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Ч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М*******а, Н.М*******, иргэдийн төлөөлөгч Ц.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие улсад нийт 32 жил ажилласнаас 1957-1980 онд тасралтгүй 23 жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан. Ингээд 1994 оны 5 дугаар сар хүртэл улсад хөдөлмөрлөж байгаад 57 насандаа тэтгэвэрт гарсан. Анх тэтгэвэрт суухад буюу 1989-1994 онд авч байсан цалин хөлсний дунджаас буюу 69147 төгрөгөөр тооцож сард олгох тэтгэврийн хэмжээг 43562 төгрөгөөр тогтоосон. Гэтэл олголт хийхдээ 4076 төгрөгөөр олгосон.

Тухайн үед энэ асуудлаар Нийгмийн даатгалын байгууллагад маш олон удаа хандаж өргөдөл өгч байсан боловч тодорхой эрх зүйн актгүйгээр амаар хэвийн байна гэсэн хариуг л өгдөг байсан. 1994 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 60 төгрөг нэмж 4136 төгрөг болгосон. 8 сард 320 төгрөг нэмж 4456 төгрөг болгож 1994 оныг дуустал олгосон. 1995 оноос эхлээд 2161 төгрөг нэмж 6617 төгрөг олгосон ба Засгийн газрын тушаал шийдвэрээр 1994 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 205 дугаар тушаалаар тэтгэвэрийг 30 хувиар нэмсэн буюу авах хэмжээ нь 5793 төгрөг байх ёстой байтал мөн л ажлын хариуцлагагүйгээсээ илүү нэмээд 2 дугаар сараас 5376 төгрөг болгон бууруулж олгосон. Энэ дүнгээр 7 дугаар сар хүртэл олгож байгаад 7 дугаар сараас 5616 төгрөг болгож дахин үндэслэлгүйгээр бууруулсан. Энэ хугацаанд 1995 оны 6 дугаар сарын 22-нд Засгийн газрын 104 дүгээр тогтоол гарч тэтгэвэрийг 20 хувиар нэмсэн.

Гэтэл 8 дугаар сард 8006 төгрөг олгосон боловч дахин буулгаж 9 дүгээр сараас эхлэн 6691 төгрөг олгож 11 дүгээр сараас 6851 болгож он дуусгасан зэргээр луйвардаж бууруулж байсан. Өнгөрсөн хугцаанд байнга энэ асуудлаар тухай бүрт нь очиж зарга үүсгэдэг байсан боловч ямар ч үр дүнгүй байсан. Өнөөг хүртэл шийдвэрлүүлж чадахгүй байна. Өнгөрсөн хугацаанд тэтгэврийн нэмэгдлийн талаар судалгаа түүвэр хийсэн. Улсын Нийгмийн даатгалын байцаагч П******* нарын хэдэн байцаагчтай уулзахад П******* таны оныг солиод 1974-1978 оныг сонгож тооцох ёстой гэсэн бөгөөд 2000 оны 5 дугаар сараас эхлэн 40487 төгрөг болгож олгосон. Үүнийг би зөвшөөрөөгүй. Миний тооцоогоор дээрх 5 жилд 43562 төгрөг байх ёстой байсан. Би зөрүүгээ буруутай албан тушаалтнаас авна гэхээр дахин хянаж байгаад 43562 төгрөгийг 5 дугаар сараас олгосон бөгөөд зөрүүг нь тухайн үед нь нэмж олгосон.

Гэхдээ П*******ийн шийдвэрээр бол 1974-1978 оны хоорондох 5 жилд ногдох сарын дундаж цалин 86116 төгрөг болсонд маш их гомдолтой Одоо ч энэ хэвээрээ явсаар байна. Энэ тухайгаа мэргэжлийн хяналтын алба, болон дүүргийн шүүхэд хандахад дүүргийн шүүхээс мэргэжлийн хяналтын газрыг шинжээчээр томилоход уг үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэсэн боловч Нийгмийн даатгалын хэлтэс алдаагаа засаагүй. Түүнчлэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хандахад 5 жилийн дунджийг өөрчилсөн нь үндэслэлгүй, мөн цалингийн тодорхойлолтыг хуурамч гэж үзэн тэтгэврийг 190546 төгрөгөөр багасгаж тогтоосон байна. Иймд урьд тогтоосон тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг дур мэдэн бууруулсан идэвхтэй хууль бус үйлдэл болон Засгийн газраас тогтоосон тэтгэврийн нэмэгдлүүдийг тухай бүрт нь тооцон олгоогүй зэрэг нь тодорхой эрх зүйн актгүй байхаас гадна захиргааны байгууллага албан тушаалтны ажилдаа хайнга болон зориуд санаатай хийсэн эдгээр хууль бус үйлдлийг шалган тогтоож, 1994 онд анх тогтоосон тэтгэврийг цаашид олгогдсон бүхий л нэмэгдлүүдийн хамт гаргуулж миний гомдлыг барагдуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбартаа: Лувсан овогтой Ч******* би улсад 1957 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс 1994 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 32 жил ажилласнаас хүнд нөхцөлд 13 жил, ердийн нөхцөлд 19 жил ажилласан юм.

Энэ хугацаанд Автобус-1 бааз, Машин механизмын барилгын баазад ажилласан. Өөр газар ажиллаагүй болно. Хөдөлмөрийн дэвтэрт тушаалаар нь тэмдэглэгдсэн болно. Үүгээр нотлогдоно.

1989 оны 4 дүгээр сараас 1994 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх цалингийн тодорхойлолтыг Барилга машин механизмын баазаас гаргуулан авч тэтгэвэр тогтоолгосон. Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст татгэтэртээ гарснаа хэлж материалаа бүрдүүлж өгч тэтгэвэр тогтоолгосон билээ.

Тэтгэвэрийг ихэсгэж, багасгаж янз янзаар олгож байлаа. Энэ байдлаас болж тэтгэвэр авагч тэтгэвэр авагч миний итгэл алдагдаж эхэлсэн билээ.

Ганц жишээ дурдахад 43.562 төгрөг олгохоор шийдвэр гарсан боловч 40457 төгрөг олгож байсан нь илэрч байсан юм.

Эхний 6 жил нь ямар тогтоол шийдвэрээр хэрэгжүүлж байгаа нь мэдэгдэхгүй байдаг байсан үүнийг тодруулж мэдмээр байна.

2013 оны 12 дугаар сар хүртэлх 456.663 төгрөгийн тэтгэвэр авч байсан билээ. 1996 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүн даатгалаа төлөөд жилээ нэмүүлж болно гэсэн шийдвэр гарсан учир гурван жилээ төлөөд тэтгэвэрт 3 жилээ нэмж оруулж болох тухай өргөдөл 3 жилийг нэмж авч болох үгүй талаар одоог хүртэл хариу өгөөгүй.

Миний тэтгэвэрээс 2013 оны 12 дугаар сараас 2016 оны 3 дугаар сар хүртэл 27 сарын 5144742 төгрөг олгогдоогүй учир учирсан энэ хохирлыг минь барагдуулж тэтгэврийг минь бүрэн олгож өгнө үү.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 6/2028 дугаар албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1/91 дүгээр албан бичгүүдийг хүчингүй болгуулж, 1994 онд анх тогтоосон тэтгэврийг бүхий л нэмэгдлүүдийн хамт нөхөн гаргуулахыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Л.Ч*******ын улсад ажилласан хугацааг 32 жилээр, дундаж цалинг 1989-1994 оны 5 жилийн цалингаар тооцож тухайн үед мөрдөгдөж байсан Тэтгэврийн хуулийн дагуу 1994 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хүнд нөхцөлөөр хөнгөлттэй тэтгэвэр тогтоон, Засгийн газрын нэмэгдлүүдийг нэмэгдүүлэн олгож байсан байна.

Тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэвэр авагч Л.Ч******* нь:

  1. 2001 оны 4 дүгээр сард тэтгэврээ өөрчлөн тогтоолгох өргөдөл гарган Нийслэлийн архивын газрын 2000 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Барилга машин механизмын заводад жолооч ажилтай /овоггүй/ Чулуунбатын 1974-1978 оны цалингийн тодорхойлолтын архивын лавлагаагаар 2001 оны 5 дугаар сарын 1-ээс
  2. 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдөр мөн өргөдөл гарган 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Барилга машин механизмын баазын ажилчин Галсанцэвэл овогтой Чулуунбатын 1974-1978 оны цалингийн тодорхойлолтын архивын лавлагаагаар 2006 оны 6 дугаар сарын 1-нээс тус тус өөрчлөн тогтоолгож авчээ.

Мөн 2013 оны 9 дүгээр сард Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний газарт гаргасан өргөдлийн дагуу тэтгэврийн хувийн хэргийг хянан шалгахад Л.Ч*******ын хөдөлмөрийн дэвтэр, тэтгэвэр тогтоолгосон дундаж цалинг/цалин зөрүүтэй/-ийн тодорхойлолт, овог, нэр зөрүүтэй байсныг тодруулахаар Нийслэлийн архивын газарт албан бичгийг явуулсан.

Нийслэлийн архивын газраас ирүүлсэн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн /дугаар 2/3158, 2/3159/ архивын лавлагаа болон тодруулга хүргүүлэх тухай албан бичигт өмнө нь авч байсан архивын лавлагаануудын түүвэрлэсэн он ижил боловч цалин зөрүүтэй гарсан тухай бичгийг ирүүлсэн.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас дээрх асуудлыг нягтлан шалгаж шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасан. Өгсөн үүрэг даалгаврын дагуу Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын байцаагч П.М*******, О.Ууганбаатар, Нийслэлийн архивын газрын архивч О.Одбаяр нар архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Барилгын машин механизмын заводын 1974-1978 оны цалингийн баримт материалын үндэслэлийг шалгасан байна.

Цалингийн үндэслэлийг шалгаж, түүвэрлэн авсан цалингийн лавлагаа Нийслэлийн архивын газрын 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2/1057 дугаар албан бичгээр баталгаажуулан ирүүлэхэд тус цалингийн лавлагаа нь өмнөх 3 лавлагаануудаас зөрүүтэй гарсан.

Иймд тухайн цалингийн тодорхойлолтын архивын лавлагаа нь үндэслэл муутай, цалин нь өмнөх лавлагаануудаас зөрүүтэй, тасралт ихтэй байгаа тул анх тэтгэвэр тогтоолгосон 1989-1994 оны цалингаар өөрчлөн тогтоож олгохоор Сонгинохайрхан дүүргийн Гомдлын шаардлагын зөвлөлийн 2014 оны 2 дугаар сарын 24-ний хурлаар шийдвэрлэсэн шийдвэр үндэслэлтэй байна гэв.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтээс ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Л.Ч******* нь анх 1994 оны 5 дугаар сард тухайн үед мөрдөгдөж байсан Тэтгэврийн хуулийн 10 дугаар зүйлд "Нийтдээ 25 аас доошгүй жил, түунээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан 50 насанд хүрсэн эрэгтэйчүүд" гэж заасны дагуу хүнд нөхцөлөөр хөнгөлөлттэй тэтгэвэр тогтоолгон авсан байна. Тэтгэвэр анх тогтоолгоход 57 настай, нийт ажилласан хугацаа 32 жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд 13 жил ажилласнаар 1989-1994 оны хоорондох цалингийн дунджаар тэтгэврээ тогтоолгосон байна.Түүнээс хойш Л.Ч******* нь 2001 оны 4 дүгээр сард тэтгэвэрээ өөрчлөн тогтоолгох хүсэлтээ Нийслэлийн нийгмийн даатгалын газарт гарган 2000 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр Нийслэлийн архивын газраас гаргуулан авсан Барилга машин механизмын заводад жолооч ажилтай /овоггүй/ Чулуунбатын 1974-1978 оны цалингийн тодорхойлолтоор 2001 оны 5 дугаар сарын 01-ны өдрөөс, 2000 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тэтгэвэрээ дахин хянуулж шалгуулахаар өргөдөл гаргаж, 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өргөдөл хүсэлт гарган 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн архивын газраас гаргуулан авсан Барилгын машин механизмын баазын жолооч Галсанцэвэл овогтой Чулуунбатын 1974-1978 онуудад авч байсан цалингийн лавлагаагаар 2006 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэвэрээ тус тус өөрчпөн тогтоолгож авчээ.

2013 оны 10 дугаар сард Л.Ч******* нь өөрийгөө 60 нас хүртэл ажиллах байсан 57 насандаа тэтгэвэр гарсан тул ажиллаагүй 3 жил болох 1994,1995,1996 оны хугацааг "Ажиласан жил , тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай" хуулиар нөхөн тооцуулж тэтгэврээ нэмэгдүүлнэ хэмээн тус хэлтэст хандаж өргөдөл гаргасан байдаг.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт үнэлгээ, шинжилгээний газраас түүний гаргасан өргөдлийн дагуу түүний тэтгэврийн хувийн хэргийг татан авч шалгаж үзээд Л.Ч*******ын хувийн хэрэг, хөдөлмөрийн дэвтэр, тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингийн тодорхойлолт дээрх овог, нэр зөрүүтэй байгааг тодруулахаар Нийслэлийн архивын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газарт албан бичгүүдийг явуулсан.

Нийслэлийн архивын газраас гаргаж ирүүлсэн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2/3158 дугаар болон Л.Ч*******т гаргаж өгсөн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2/3304 дугаар лавлагаанууд нь хоорондоо болон өмнө нь 2006, 2000 онуудад гаргаж өгсөн лавлагаануудын түүвэрлэсэн он нь ижил боловч цалингууд нь зөрүүтэй гарсан юм. Харин Үндэсний архивын газраас ирүүлсэн 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн архивын 5013 дугаар магадлагаанаас үзэхэд дээрх Чулуунбат, Ч*******ууд нь нэг хүн байх үндэстэй гэж үзсэн болно. Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газраас дээрх асуудлыг өөрсдөө нягтлан судалж шийдвэрлэхийг манай хэлтэст даалгасан билээ.

Хэлтсийн даргаас өгсөн үүргийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны тэтгэвэр авагч Л.Ч*******ын тэтгэвэр тогтоолгосон Барилгын Машин Механизмын Заводад ажиллаж байх хугацааны 1974-1978 оны цалингийн үндэслэлийг Нийслэлийн архивын газарт хадгалагдаж буй материалаас 2014 оны 1 дүгээр сарын 13,14,16-ны өдрүүдэд тус хэлтсийн хяналтын байцаагч П.М******* О.Ууганбаатар нар архивч О.Одбаярыг байлцуулан шүүж үзэхэд тухайн үед тус завод нь олон салбар хэсэгтэй Чулуунбат нэртэй ажилтан олон автын 1 дүгээр хэсгийн Г.Чулуунбат Д.Чулуунбат эксковатарчин Б.Чулуунбат Д.Ч******* жолооч Ж.Чулуунбат зэргээр гарах ба цалингийн цэсэнд ажилтнуудын овог, овгын үсгийг тодорхой бичээгүй цалин авсан ажилтнуудын гарын үсэг ойролцоо ялгагдах онцгой шинжгүй байсан ба Л.Ч*******тай очиж уулзан яг аль хэсэг салбарт ажиллаж байсан, унаж байсан автомашины улсын дугаар зэргийг тодруулан асуусан ба тухайн хугацаанд /1974-1978/ онд тус заводад Ч******* нэртэй ажилтан ганцхан гарч байсан нь экскваторчин Д.Ч******* гэж хүн байсан ба Л.Ч******* гуайн хэлснээр өөрөө экскваторчин хийж байгаагүй болон цалингийн цэсэнд Д.Ч******* гэж тодорхой бичсэн, цалин авсан хүн гарын үсэг зурахдаа овгоо тогтмол Д гэж эхлүүлэн зурж байснаас үзэхэд Нийслэлийн архивын газрын 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2/3304 тоот албан бичгээр өөрт нь гарган өгсөн Лувсан овогтой Ч*******ын 1974,1976 оны цалингийн лавлагаа нь үндэслэл муутай байна. Учир нь эксковаторчин Д.Ч*******ын цалинг түүвэрлэн авсан байв. Мөн Л.Ч******* нь тухайн үед албан ёсоор Ч******* нэрээр ажиллаж,цалин хөлс бодогдон гарч байгаагүй нь тус заводын цалингийн материалуудад ганцхан эксковаторчин Д.Ч******* гэж хүн гарч байгаа болон Г.Чулуунбат, Д.Ч******* 2 нь хоёр өөр хэсэгт зэрэг ажиллан цалин хөлс бодогдон гарч байснаар нотлогдож байна.

Нийслэлийн архивын газрын 2000 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн лавлагаа нь яг аль Чулуунбатын цалинг ямар нотолгоогоор түүвэрлэн авсан нь тодорхойгүй байна. 2006 оны 5 дугаар сарын 15-ны болон 2013 оны 10 дугаар сарын 10-ны Галсанцэвэл овогтой Чулуунбатын гэж гаргасан лавлагаанууд нь 2006 оных нь бүхэлдээ 2013 оны 10 дугаар сарын 10-ны лавлагааны 1977, 1978 онуудын цалин нь эксковаторчин Б.Чулуунбатын цалинг түүвэрлэсэн байв.

Харин 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2/3158 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагааны 1974,1975,1976 онуудын цалингийн лавлагаа нь автын 1 дүгээр хэсгийн жолооч, цалингийн цэсэнд Г.Чулуунбат гэж бичигдсэн, тухайн үед 87-58 улсын дугаартай /өөрийнх нь хэлснээр/ автомашины жолооч, гарын үсгийн хэлбэр зэргээр түүвэрлэн авсан бидний цалингийн түүвэртэй таарч байв.

1977,1978 онуудын материалд автын 2 дугаар хэсгийн, Бүрнээгийн бригадын гэсэн 2 жолооч Чулуунбат гарч байгаа ба Л.Ч******* гуайн хэлснээр бригадад ажиллаж байгаагүй гэсний дагуу автын 2 дугаар хэсгийн жолооч Чулуунбатын цалинг түүвэрлэн авсан болно. Учир дээрх онуудад өмнөх автомашины дугаарууд гарахаа больсон, ажилтны овог нэр бүр бичихээ больсон, зарим саруудад Чулуунбат нэрээр цалин огт гараагүй зэргээр түүвэрлэн авахад хүндрэлтэй байв. Бидний түүвэрлэн авсан цалингийн лавлагааг Нийслэлийн архивын 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2/1057 дугаар албан бичгээр баталгаажуулан ирүүлсэн болно.

Уг лавлагаа нь үндэслэл муутай, цалин өмнөх лавлагаануудаас бага, дундаа тасралт ихтэй байсан болон Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн бичиг Л.Ч******* гуайн хүсэлт зэргийг үндэслэн хэлтсийн гомдлын шаардлагын зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн хурлаар Л.Ч*******ын тэтгэврийг анх тэтгэвэр тогтоолгосон 1989 оны 4 дүгээр сараас 1994 оны 3 дугаар сарыг дуустлах хугацааны 60 сарын дүндажаар өөрчлөн тогтоож 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлэсэн болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Л.Ч*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Л.Ч******* нь тус шүүхэд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 6/2028 дугаар албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1/91 дүгээр албан бичгүүдийг хүчингүй болгуулж, 1994 онд анх тогтоосон тэтгэврийг бүхий л нэмэгдлүүдийн хамт нөхөн гаргуулахыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

1. Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 6/2028 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Л.Ч******* 1994 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989-1994 оны хоорондох цалингийн дунджаар өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосон[1] бөгөөд 2001 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 1974-1978 оны цалингийн тодорхойлолтоор анх тогтоосон 1989-1994 оны цалингийн дунджийг, 2006 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 1974-1978 оны цалингийн тодорхойлолтын дагуу тус тус өөрчлөн тогтоолгожээ.

Нийслэлийн Архивын газрын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2/3159[2], дүгээр албан бичигт ...Өмнө нь авч байсан лавлагаанд холбогдох цалинг түүвэрлэхдээ захиалагчийн албан тушаал тодорхой бусаас болж, ижил нэр бүхий өөр иргэний цалинг түүсэн байж болзошгүй байна. ... Иймд манай лавлагааг үндэслэн хянаж шийдвэрлэнэ үү гэж, түүнчлэн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 65 дугаар тогтоолоор томилогдсон шинжээчийн 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 01 дүгээр дүгнэлтээр[3] Иргэн Л.Ч*******ын 1983-1993 оны цалин хөлсний хэмжээнд өөрчлөлт ороогүй байхад нийгмийн даатгалын байгууллага 1974-1978 оны 5 жилийн цалин хөлсний тодорхойлолтоор тэтгэврийг шинэчлэн тогтоосон нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 162 дугаар албан бичгээр ...5 жилийн дунджийг өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлгүй, цалингийн тодорхойлолт хуурамч гэж үзэн тэтгэвэрийг 190546 төгрөгөөр багасгаж тогтоосон гэжээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2-т Нийгмийн даатгалын төв байгууллага нь орон нутгийн байгууллагаа мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана гэж зааснаар Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс Л.Ч*******ын тэтгэврийн хэмжээг архивын лавлагааг үндэслэн өөрчлөн тогтоож байсан нь үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэгчийн тэтгэврийг анх тэтгэвэр тогтоолгосон 1989-1994 оны цалингаар өөрчлөн тогтоож олгохоор шийдвэрлэсэн[4] Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 6/2028 тоот албан бичгийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

2. Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1/91 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаарлагын тухайд:

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нэхэмжлэгч Л.Ч*******ын хүсэлтийг үндэслэн 2001 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 1974-1978 оны цалингийн тодорхойлолтоор анх тогтоосон 1989-1994 оны цалингийн дунджийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Архивын албаны 2000 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн лавлагаа буюу Барилга машин механизмын заводад жолооч ажилтай /овоггүй/ Чулуунбатын 1974-1978 оны цалингийн тодорхойлолтоор, 2006 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн архивын лавлагаа[5] буюу Барилга машин механизмын баазын ажилчин Галсанцэвэл овогтой Чулуунбатын 1974-1978 оны цалингийн тодорхойлолтын дагуу тус тус тэтгэврийг өөрчлөн тогтоожээ.

Л.Ч*******т 1954 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр Лувсангийн Чулуунбат гэсэн нэрээр олгогдсон боловч уг дэвтэрт хийсэн тэмдэглэгээгээр[6] овог нэрийг 1966 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 104 дүгээр тушаалаар зөвтгөсөн, мөн Улаанбаатар хотын зорчигч тээврийн Автобус-1 компаниас Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн хангамжийн тасагт Л.Ч*******ын өндөр насны тэтгэвэрийг тогтоолгохоор гаргасан тодорхойлолт[7] зэргээс Л.Ч******* нь анх өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо овог нэрийн зөрүү байсан талаар маргаж байгаагүй байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 6/2028 дугаар албан бичгийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Л.Ч*******ын тэтгэврийг 1974-1978 оны дундаж цалингаар тогтоож, улмаар Засгийн газрын 153 дугаар тогтоолоор 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 465663 төгрөгийн тэтгэвэр олгож байгаа нь үндэслэлгүй гэж үзэн, 2013 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс анх тэтгэвэр тогтоолгохдоо сонгосон 1989-1994 оны цалингийн дунджаар тооцож 275117 төгрөгөөр тогтоон олгохоор зөвтгөн шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасантай нийцжээ.

  1. Анх тогтоосон тэтгэврийг бүхий л нэмэгдлүүдийн хамт гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Л.Ч******* нь шүүхэд тэтгэвэр тогтоогдсоноос хойш олгогдсон болон олговол зохих байсан тэтгэврийн хэмжээ, түүний зөрүү буюу Засгийн газраас тогтоосон хувь хэмжээний дагуу нэмэгдэх байсан тэтгэврийн хэмжээ, зөрүү зэргийг тооцож олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргуулахаар маргажээ.

Түүнд 1994 онд тэтгэвэр тогтоосноос хойш зохих нэмэгдлүүдийг Нийгмийн даатгалын байгууллагаас олгож байсан нь Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн тэтгэвэр тогтоолтын хуудас[8]-аар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Л.Ч*******ын хүсэлтээр 2001 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс анх тэтгэвэр тогтоосон 1989-1994 оны цалинг 1974-1978 оны цалингийн дунджаар тэтгэврийг өөрчлөн тогтоосон, мөн 2006 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоосон Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдлийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах-аар заасан чиг үүргийн дагуу зөвтгөн тогтоох үүргийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний газраас Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өгсний дагуу тус хэлтсээс Л.Ч*******ын үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн авч байсан тэтгэврийн хэмжээг зөвтгөн тогтоосон байх тул дээрх байгууллагуудыг нэхэмжлэгчийн тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг дур мэдэн бууруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээр дурдагдсан байдлуудыг шүүх бүрэлдэхүүн нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч Л.Ч*******ын Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 6/2028 дугаар албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1/91 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулж, 1994 онд анх тогтоосон тэтгэврийг бүхий л нэмэгдлүүдийн хамт нөхөн гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Ч*******ын Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 6/2028 дугаар албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1/91 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулж, 1994 онд анх тогтоосон тэтгэврийг бүхий л нэмэгдлүүдийн хамт нөхөн гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Ч*******ыг Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН

ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН