Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/486

 

 

Б.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

өсвөр насны шүүгдэгч Б.Аын хууль ёсны төлөөлөгч Б.Алтангэрэл,

өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу, А.Отгонжаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/325 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч М.Шаравнямбуу нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Ат холбогдох 2106 03030 2187 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

.........................................;

Б.А нь 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 79 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн талбай дээр тоглож байсан насанд хүрээгүй Ө.Бэлэгийн эзэмшлийн “Айфони 7” маркийн гар утсыг нь “цаг хараадахъя” гэж хэлж аван, улмаар “Оргил Мини маркет”-ын орчимд дагуулж очин, түүний нүүрэн тус газар нь цохиж унагаан, газраас чулуу авч цохих гэж байгаа мэтээр айлган сүрдүүлж, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, “Айфони 7” маркийн гар утсыг нь дээрэмдэн авч, насанд хүрээгүй хохирогч Ө.Бэлэгт 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 3 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Харигаа” амралтын газрын амрах байшингийн хаалга онгорхой, бусдыг унтаж, амарч байхад нь хууль бусаар сэм нэвтэрч, улмаар ширээн дээр тавьсан байсан иргэн С.Пүрэвбадарчингийн эзэмшлийн “Айфони 7”, иргэн Б.Намуунзулын эзэмшлийн “Айфони 11” маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч С.Пүрэвбадарчинд 400.000 төгрөгийн, хохирогч Б.Намуунзулд 1.320.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 1.720.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн бусадтай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эрдэнэтолгойн зам дагуу байрлах иргэн Т.Түвшинжаргалын эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу ТҮЦ-ний бүргэд хаалганы доод хэсгийг гараараа хөшиж, доод талаар шурган орж, улмаар хууль бусаар нэвтэрч, бэлэн 30.000 төгрөг, гоёлын ээмэг зүүлт болон хүнс ахуйн бараа бүтээгдэхүүнийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Т.Түвшинжаргалд нийт 1.691.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...............ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, мөн хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.Ат 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б.Ат 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.Ат оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б.Ат оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх зааснаар Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн Б.Аын бүгд биечлэн эдлэх ялыг нийт 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Ат оногдуулсан хорих ялыг Сургалт-хүмүүжлийн тусгай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Аын урьд цагдан хоригдсон нийт 87 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял эдэлж байсан өсвөр насны хүн арван найман насанд хүрсэн бол түүний эдлээгүй үлдсэн хорих ялыг хорин нэгэн нас хүртэл Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад үргэлжлүүлэн эдлүүлэх, эсхүл насанд хүрэгчдийн хорих байгууллагад шилжүүлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Ааас нийт 1.207.040 төгрөгийг гаргуулж, Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын барьцааны Төрийн сангийн 100900005406 тоот дансанд Б.Аын байршуулсан 2.320.000 төгрөгийн хамт хохирогч Ө.Бэлэгтэд 380.000 төгрөг, хохирогч Б.Намуунзулд 1.320.000 төгрөг, хохирогч Б.Түвшинжаргалд 1.427.040 төгрөг, С.Пүрэвбадарчинд 400.000 төгрөгийг тус тус олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.А гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байгаа тул өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд миний 2 жилийн хорих ялыг өөр ялаар сольж өгнө үү.” гэжээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч М.Шаравнямбуу давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй ба мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Арван найман насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авахын өмнө түүнд хэргийн талаар мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийн чухлыг тайлбарлана. Арван зургаан насанд хүрээгүй гэрч, хохирогчид санаатайгаар худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулахгүй” гэж заасан боловч процессын ажиллагааг зөрчиж мэдүүлэг авсан. Учир нь хохирогч Ө.Бэлэг нь насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг өгөхөд эрх бүхий албан тушаалтан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тайлбарлаж гарын үсэг зуруулсан /хх-8 тал/. Насанд хүрээгүй гэрч нь заавал үнэн зөв тайлбар, мэдүүлэг өгөхгүй байх эрх нь байхад үүнийг тайлбарлаагүй. Ийнхүү тайлбар авсан нь тус мэдүүлэг хууль бус баримт болж байгаа бөгөөд шүүгдэгч Б.Аыг буруутгаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үгүйсгэгдэж байгаа юм. Мөн шүүгдэгч Б.Ааас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тайлбарлаж мэдүүлэг авсан байгаа үйлдэл нь хууль зөрчсөн байх тул хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэл байна. /1хх 10, 48-50, 87 ар талууд/

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэх ёстой байсан хуулийг хэрэглээгүй нь насан хүрээгүй шүүгдэгч Б.Аын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлд зааснаар яллах ёстой. Мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж заасан нь насан хүрээгүй шүүгдэгчийг заавал хорих ял биечлэн эдлүүлэхгүйгээр шүүхийн тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжтой байхад анхан шатны шүүхээс хэрэглээгүй үйлдэлд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно” гэж зааснаар хорих ял эдлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээгээр сольж өгнө үү. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.А нь хийсэн гэм буруугаа ухамсарлаж цаашид суралцаж, шударга хөдөлмөрөөрөө өөрийн амьдралыг бий болгоно гэж өөрийн биеэр шүүх хуралдааны танхимд хэлсэн. Мөн гэмт хэрэг хийх нь буруу бөгөөд өөрийн эрхийг хязгаарлуулах нь ирээдүйд маш хортой зүйл гэдгийг гүнээ ухамсарласан. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.А нь төлөвшилтийн насан дээрээ байгаа бөгөөд энэ цаг хугацаанаас хойш гэмт хэрэг хийх нь буруу гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн байх тул хорих ялыг хойшлуулж, үүрэг хүлээлгэх ялаар сольж өгнө үү. Мөн Улсын Дээд шүүхийн 2019 оны 474 дүгээр тогтоолын дагуу өсвөр насны шүүгдэгчийн онцлогт тохирсон ял шийтгэлийг оногдуулах ёстой. Өнөөдрийн байдлаар Б.А нь 15 нас 5 сартай. Заавал хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй. Хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн баримтыг хууль ёсны төлөөлөгч Б.Алтангэрэлээс гаргаж өгсөн. Нийтдээ 3.520.000 төгрөгийн хохирол учруулснаас 2.092.960 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Үлдэгдэл 1.427.040 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байгаа. Иймд хорих ялыг хойшлуулж, үүрэг хүлээлгэх ялаар сольж өгнө үү.” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч А.Отгонжаргал тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Аын хууль ёсны төлөөлөгч Б.Алтангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Б.Аын төрсөн эгч нь байгаа юм. Би дүүгээ цаашид сайн харж хандана.” гэв.

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч өөрийнхөө үйлдсэн гэмт хэргийг нотлох үүрэг хүлээхгүй учраас бусад бичгийн баримтууд болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа зэрэг баримтуудаар тухайн хэргийг Б.А үйлдсэн болох нь хангалттай нотлогдсон. Шүүгдэгч Б.Ат анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршиг зэргийг харгалзсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан өсвөр насны шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч М.Шаравнямбуу нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих болон хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Б.А нь 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 79 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн талбай дээр тоглож байсан насанд хүрээгүй Ө.Бэлэгийн эзэмшлийн “Айфони 7” маркийн гар утсыг нь “цаг хараадахъя” гэж хэлж аван, улмаар “Оргил Мини маркет”-ын орчимд дагуулж очин, түүний нүүрэн тус газар нь цохиж унагаан, газраас чулуу авч цохих гэж байгаа мэтээр айлган сүрдүүлж, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, “Айфони 7” маркийн гар утсыг нь дээрэмдэн авч, насанд хүрээгүй хохирогч Ө.Бэлэгт 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 3 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Харигаа” амралтын газрын амрах байшингийн хаалга онгорхой, бусдыг унтаж, амарч байхад нь хууль бусаар сэм нэвтэрч, улмаар ширээн дээр тавьсан байсан иргэн С.Пүрэвбадарчингийн эзэмшлийн “Айфони 7”, иргэн Б.Намуунзулын эзэмшлийн “Айфони 11” маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч С.Пүрэвбадарчинд 400.000 төгрөгийн, хохирогч Б.Намуунзулд 1.320.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 1.720.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн бусадтай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эрдэнэтолгойн зам дагуу байрлах иргэн Т.Түвшинжаргалын эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу ТҮЦ-ний бүргэд хаалганы доод хэсгийг гараараа хөшиж, доод талаар шурган орж, улмаар хууль бусаар нэвтэрч, бэлэн 30.000 төгрөг, гоёлын ээмэг зүүлт болон хүнс ахуйн бараа бүтээгдэхүүнийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Т.Түвшинжаргалд нийт 1.691.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Ө.Бэлэгийн “...2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны эцэс 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбай дээр тоглож байсан. Цаг ойролцоогоор 14-15 цаг болж байсан байх. Үл таних ах ирээд “цаг хараадахъя” гээд миний “Айфони-7” маркийн гар утсыг авсан. Надтай хамт явж байсан манай дүү Мөнхнаранг /4 настай, эмэгтэй/ дагуулаад дэлгүүр орж гоё юм авч өгье гээд явсан. Би араас нь дагаад Шархадны эцсийн автобусны буудал дээр очсон. Би очоод “утсаа авъя” гэхэд миний толгой руу чулуугаар нэг цохиод зугтаачихсан. Цагаан өнгийн цамцтай, жижигхэн хар үстэй, хар өнгийн өмд, гуталтай байсан. Ойролцоогоор 12-13 насны хүүхэд байсан. ...” /1хх 8/,

хохирогч Б.Намуунзулын “...2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр манай найз залуу Ононгийн төрсөн өдөр болсон юм. ...Тэгээд маргааш өглөө амралтынхаа газраас гарах үед миний “Айфони-11” маркийн гар утас алга болсон. Миний гар утасны цэнэг дуусаад амралтын газрын байшинд байх ширээн дээр тавьчихсан байсан юм. ...” /1хх 70-71/,

хохирогч С.Пүрэвбадарчингийн “...2021 оны 3 дугаар сарын 11-ний орой 21 цагийн орчимд найз А.Онон, Б.Намуунзул, н.Чингүүн, н.Мөнхзаяа нарын хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутагт байх “Харигаа” амралтын газарт ирж байшин авч хоносон. Тухайн үед бид нар 2.5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво, тал шилтэй виски байсан тэрийгээ уугаад 03 цагийн орчимд бүгдээрээ амарсан. Би амрахдаа өөрийн эзэмшлийн “Айфони 7” маркийн гар утсаа хаалганы хажууд байх ширээн дээр тавьсан байсан. Тэгээд удалгүй бүгд унтаж амраад 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн орчимд сэрээд утсаа авах гэсэн чинь манай найз Б.Намуунзулын “Айфони 11” маркийн гар утас болон миний гар утас байгаагүй. Намуунзул бас унтахдаа өөрийн гар утсаа ширээн дээр тавьсан байсан. Манай амарч байсан байшин ямар нэгэн түгжээгүй байсан. ...” /1хх 78/,

хохирогч Т.Түвшинжаргалын “...Өнөөдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цаг өнгөрч байхад ТҮЦ-дээ ирэхэд гадна талын хаалганы дээд хэсэг хөлөөрөө өшиглөн онгойсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Цоож нь зүгээр хэвийн байсан. Миний ТҮЦ-ээс ойролцоогоор 1 сая төгрөгийн үнэтэй гоёлын ээмэг, бөгж, бугуйвч байсан нь алдагдсан байна. Дарсны шоколадны цуглуулга, ундаа, чихрүүд, бэлнээр 30.000 төгрөг байсан нь алдагдсан байна. ...ТҮЦ-ээс алдагдсан эд зүйлсээс буцаан хүлээн авсан нь ширхгийн чихэр 100 төгрөгийнх 66 ширхэг, чупа чупс модтой чихэр 200 төгрөгийнх 21 ширхэг, сникерс жижиг 1500 төгрөгийнх 2 ширхэг, сникерс том 2300 төгрөгийнх 2 ширхэг, шоко рошен жижиг 2800 төгрөгийнх 2 ширхэг, том аягатай бэлэн гоймон 4 ширхэг, алфен голд 3 ширхэг, контик том 4 ширхэг, нифс үрлэн чихэр 3 ширхэг, шоко рошен том 1 ширхэг, үнээний зурагтай шоколод 2 ширхэг, вафль печень 1500 төгрөгийнх 2 ширхэг, бон бон чихэр 300 төгрөгийнх 6 ширхэг, чек гек чихэр 200 төгрөгийнх 4 ширхэг, коровка вафль 1800 төгрөгийнх 4 ширхэг, нямка вафли 1500 төгрөгийнх 1 ширхэг, комфот 1 ширхэг, монжүүс ундаа 1 ширхэг, асаагуур 17 ширхэг, кастер тамхи 4 ширхэг, эссэ тамхи 9 ширхэг, саарал ЛД 5 ширхэг, хар кент тамхи 4 ширхэг, парламент тамхи 4 ширхэг, маск /нэг удаагийн цэнхэр/ 200 төгрөгийнх 20 ширхэг, гарын саван 3 ширхэг, хуурай сальфетка 500 төгрөгийнх 5 ширхэг, бээлий /даавуун ажлын бээлий/ 1 боодол, нойтон сальфетка 2 ширхэг, энергийн бугуйвч 2 ширхэг, энергийн бөгж 1 ширхэг, дирол бохь 3 ширхгийг тус тус хүлээн авсан. ...” /1хх 246-247/,

гэрч А.Энхжингийн “...Тухайн ТҮЦ-ний арын гудамжинд байх нийтийн байрыг би найз залуу болох Ш.Гэрэлт-Од, Н.Нямсайхан, н.Номин нартай өрөө түрээслэн амьдардаг байсан. Тэгтэл шөнө 02 цагийн үед Б.А, Ш.Ууганбаяр, н.Ерөөл нар гаднаас орж ирээд ТҮЦ ухах талаар ярилцаж байгаад гарсан. Тэгээд 04 цагт тэр 3 гарч яваад үүрээр 5 цагт орж ирсэн. Ирэхдээ тэр 3 бараг бүх халаас, өмд, цамц, дотуураа баахан шоколад, чихэр, ундаа, тамхи хийсэн байсан. ...Тэгээд бид нар унтацгаасан бөгөөд намайг 09 цагт сэрэхэд тэр 3 бүх юмаа аваад гараад явсан, ууж байсан ундаа, идэж байсан хоол, чихрээ л үлдээсэн байсан. Тэгсэн тухайн нийтийн байрны эзэн эгч байранд орж ирээд ундааны сав хараад ТҮЦ-ний эгчийг дуудаад улмаар, цагдаа ирсэн. ...” /1хх 234-235/,

насанд хүрээгүй гэрч Б.Ерөөлтийн “...Би 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 13 цагийн үед Шархадны эцэс дээр Алтанбаяр бид хоёр уулзаад Ууганбаярын гэрт очсон. Бид гурав Эрдэнэтолгойн нийтийн байранд очиж байж байгаад, Алтанбаяр, Ууганбаяр бид хоёрыг “хамт гадагшаа гарч хулгай хийе” гэсэн. Тэгээд 14-15-нд шилжих шөнө 02-03 цагийн үед гараад Цахлайн буудлын Хаан банкнаас урагш зам дагуу байрлах бор өнгөтэй ТҮЦ дээр очиж хаалгыг нь Алтанбаяр доод талаас татаж эвдэлж онгойлгосон. ТҮЦ дотор Алтанбаяр, Ууганбаяр хоёр орсон, би үүдэнд орохгүй зогсож байсан. ТҮЦ дотроос ээмэг, бөгж, бугуйвч, идэх юм зэрэг авч гарч, бид гурав буцаад Ууганбаярын хамаатны хүүхэд Гэрэлт-Одын амьдарч байгаа нийтийн байранд очсон. Маргааш өглөө нь Ууганбаяр, Алтанбаяр бид гурав гараад Шархадны эцсээс такси бариад Нарантуул зах дээр очиж ээмэг, бөгжийг зарах гэсэн чинь юмнууд нь хаалттай байсан. Зах дээрээс Ууганбаяр салаад явсан. Алтанбаяр бид хоёр 13 дугаар хорооллын тийш алхаж байгаад Алтанбаяр салаад явсан. Алтанбаяр ТҮЦ-ээс хулгайлсан ээмэг, бөгж, бугуйвч зэргийг аваад явсан. Тэр өдрөөс хойш Алтанбаяр, Ууганбаяр нартай уулзаагүй. ТҮЦ-ээс хулгайлсан идэх юмнууд нийтийн байранд үлдсэн. ...” /1хх 223-224/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 68, 195-205/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 20-25/, эд зүйл баримт бичиг хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 250, 2хх 1-3/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу өсвөр насны шүүгдэгч Б.Аыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, мөн хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.Аын 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр насанд хүрээгүй Ө.Бэлэгийн эзэмшлийн “Айфони 7” маркийн гар утсыг нь хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, дээрэмдэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

мөн 2021 оны 3 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө иргэн С.Пүрэвбадарчингийн эзэмшлийн “Айфони 7”, иргэн Б.Намуунзулын эзэмшлийн “Айфони 11” маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, бусадтай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө иргэн Т.Түвшинжаргалын эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу ТҮЦ-нд нэвтэрч, бэлэн 30.000 төгрөг, гоёлын ээмэг зүүлт болон хүнс ахуйн бараа бүтээгдэхүүнийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан өсвөр насны шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, түүнд оногдуулсан ялыг тус тус хоёр дахин багасгаж, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосон нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч М.Шаравнямбуу нар “...хорих ялыг хойшлуулж, үүрэг хүлээлгэх ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.А нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирол төлбөрөөс тодорхой хэмжээг төлж барагдуулсан хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хорих ялыг хойшлуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул өсвөр насны шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч М.Шаравнямбуу нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

Арван найман насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авахын өмнө түүнд хэргийн талаар мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийн чухлыг тайлбарлах бөгөөд насанд хүрээгүй хохирогч Ө.Бэлэгээс мэдүүлэг авахдаа бланкан дээр хууль тайлбарласан байдлыг цаашид анхаарах нь зүйтэй ба хууль ёсны төлөөлөгчийг оролцуулж тайлбар авсан, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тайлбарлаж мэдүүлэг аваагүйг дурдах нь зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.А нь хохирогч Ө.Бэлэгтэд 380.000 төгрөг, С.Пүрэвбадарчинд 400.000 төгрөг, Б.Намуунзулд 1.320.000 төгрөг, Б.Түвшинжаргалд 1.691.500 төгрөг буюу нийт 3.791.500 төгрөгийн хохирол учруулсанаас мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд төлөгдсөн нийт 564.460 төгрөгийг хасаж, үлдэх 3.227.040 төгрөгийг гаргуулж, хохирогч Ө.Бэлэгтэд 380.000 төгрөг, С.Пүрэвбадарчинд 400.000 төгрөг, Б.Намуунзулд 1.320.000 төгрөг, Т.Түвшинжаргалд 1.127.040 төгрөг тус тус олгох нь зүйтэй байх тул энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/325 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, өсвөр насны шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч М.Шаравнямбуу нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/325 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Б.... овгийн Б...-ийн А...-ыг...” гэснийг “Өсвөр насны шүүгдэгч Б.... овгийн Б......-ийн А.....-ыг...” гэж,

9 дэх заалтын “...хохирогч Т.Түвшинжаргалд 1.427.040 төгрөг...” гэснийг “...хохирогч Т.Түвшинжаргалд 1.127.040 төгрөг...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч М.Шаравнямбуу нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Аын 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 63 /жаран гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ЕРӨНХИЙ

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ