Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 441

 

 

                                                           

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

Улсын яллагч Д.Дэлгэрмаа,

Шүүгдэгч М.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жамъяндорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Сүхбаатарт холбогдох эрүүгийн 1711004580075 дугаартай хэргийг 2017 оны 9 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:: Монгол Улсын иргэн, 1982 оны 1 сарын 18-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 35 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 47-2296 тоотод оршин суух хаягтай, урьд  Төв аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 3 сарын 16-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг , 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 15 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 3 сарын 3-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,                                                                                                       

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 6 сарын 8-ны өдөр 218 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 6 сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, регистрийн дугаар /H

 

Шүүгдэгч М.С /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2017 оны 8 сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 67 дугаар гудамжны 912 тоотод оршин суух Ж.Амартүвшингийн эзэмшлийн байшингийн цонхыг эвдэн орж, 42 инчийн зурагт хулгайлж 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Сү мөрдөн байцаалтанд мэдүүлсэн. ..байшингийн цонхыг түлхэн орж зурагтийг нь авсан, мөнгөний асуудал гараад хулгай хийсэн юм. Тэгээд тэр зурагтыг зарах гэж амбаартаа нууж байгаад цагдаад хүлээлгэж өгсөн. Би бусдад учруулсан хохиролоо төлж барагдуулсан.. гэсэн мэдүүлэг /хх-52-57/.

 

Шүүгдэгч М.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.

Хохирогч Ж.Амартүвшингийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2017 оны 8 сарын 20-ны өдөр 15 цагийн орчимд эхнэрийн хамт гэрээсээ гарч, оройн 19 цагийн үед гэртээ ороход зурагтын тавиур дээр байсан зурагт алга болчихсон байсан тул Цагдаагийн байгууллагад хандсан.. хохирлоо барагдуулж авсан санал гомдолгүй.. гэсэн мэдүүлэг /хх 14-15/.

 

Шүүгдэгч М.Сү иргэний үнэмлэхний лавлагаа /хх 48/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 47/, оршин суугаа хаягийн тодорхойлолт, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 35-36, 38-45/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл, /хх 5/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-11/, эд зүйлийн үнэлгээ /хх 22/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 12/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч М.Сүхбаатар нь 2017 оны 8 сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 67 дугаар гудамжны 912 тоотод оршин суух хохирогч Ж.Амартүвшингийн эзэмшлийн байшингийн цонхыг эвдэн орж, эл жи маркийн 42 инчийн 180.000 төгрөгийн үнэ бүхий зурагтыг хулгайлсан болох нь нотлогдсон бөгөөд шүүгдэгчээс шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч М.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг шүүгдэгч төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан зэрэг байдлыг харгалсан түүний өмгөөлөгчийн санал болгосоноор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлаж хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Сү нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, бусад эрхийг хязгаарлаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М,С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар М.Сү 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С оногдуулсан 1 жилийн хугацаагар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч М.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, бусад эрхийг хязгаарлаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Сүт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР