Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2016/0182

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: М******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр Б******* Улсын /цаашид БНБУ гэх/ Булстат бүртгэлийн газарт 2013 оны 6 дугаар сарын 4-ний өдөр бүртгүүлж, үүсгэн байгуулагдсан Б******* ДЗЗД компанийг 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр үүсгэн байгуулагчийн мэдээллийн санд бүртгэсэн нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн захирал Д.Л*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л*******, Ш.У*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.П*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Т, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Пүрэвдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй талаар: УБЕГ-ын даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1/18128 тоот албан бичигт дурдсанаар М******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр Б******* ДЗЗД компанийг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар бүртгэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу өөрчлөн байгуулах замаар буюу эрх залгамжлалаар шинээр байгуулагдсан хуулийн этгээдийг бүртгүүлэх бүрдлийн шаардлагыг хангасан гэж үзэж улсын бүртгэлийн 3019036062 дугаартай, 2550245 дугаар регистертэй тус компанийн үүсгэн байгуулагчийн мэдээллийн санд оруулсан өөрчлөлт нь илт хууль бус байна.

Учир нь М******* ХХК нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан хуулийн этгээдийг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах замаар шинээр өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээд биш юм.

Иймд Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан бичиг баримтын бүрдүүлбэрийг хангасан гэж үзэж бүртгэл хийгдсэн байгаа нь эрх зүйн үндэслэлгүй байна. Тухайлбал:

  1. Б******* ДЗЗД компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.П*******гийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн итгэмжлэл, Бд олгосон 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн итгэмжлэлд М******* ХХК-ийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах өргөдөл гаргах эрх олгогдоогүй байна.

Энэ нь Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.5-д заасан заалтыг зөрчсөн байна.

  1. Улсын бүртгэлд бүртгэсэн нотлох баримтанд Б******* ДЗЗД компанийн үүсгэн байгуулагчдын хурлын протокол, шийдвэрийг үндэслэн уг компанийг бүртгэсэн нь Монгол Улсад үүсгэн байгуулагдаж бүртгэгдсэн компани нь Монгол Улсын Компаний тухай хуулийн дагуу эрх зүйн байдал, үйл ажиллагаагаа явуулахаар дүрэм, гэрээндээ харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн М******* ХХК-ийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах эрх зүйн шаардлагыг хангахгүй байна.

М******* ХХК-ийн үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр байхгүй байхад бүртгэл хийгдсэн үйлдэл нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3 дахь заалтыг зөрчсөн болно.

  1. Мөн БНБУ-ын төрийн өмчит Болгаргеомин ЕАД нэгдлийг хөрөнгийн эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээг бүртгэлд шаардагдах нотлох баримт гэж үзсэн нь эрх зүйн үндэслэлгүй байна. Учир нь 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан гэрээний II бүлгийн 2 дугаар зүйлийн 2.2-т Худалдан авагч Болгаргеомин ЕАД/Д/ үйлдвэрийн газрыг залгамжлаагүй, түүний өрийг хүлээн аваагүй болно гэж заасан байгаа нь БНБУ-д 2013 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Булстат улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн Б******* ДЗЗД компани нь М******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч БНБУ-ын төрийн өмчит Болгаргеомин ЕАД нэгдлийн эрх залгамжлагч нь Б******* ДЗЗД компани биш болох нь нотлогдож байна.
  2. БНБУ-ын Б******* ДЗЗД компани Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхэд М******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, хууль ёсны өмчлөгч нь БНБУ-ын хуулийн этгээд болох Болгаргеомин ХХК мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг уг компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан болно. Энэхүү иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар М******* ХХК-ийн мэдээллийн санд өөрчлөлт оруулан бүртгэл хийсэн нь үндэслэлгүй байна.

Хоёр. Захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн талаар:

  1. УБЕГ-ын хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь Монгол Улсын Компаний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д " ... компаний хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ хууль болон компаний дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй" гэсэн заалтыг зөрчиж бүртгэсэнээр М******* ХХК-ийн 50 хувийн хууль ёсны хувьцаа эзэмшигч Ж******* ХХК-ийн эрхийг зөрчсөн.
  2. М******* ХХК-ийн дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.4-д "...Хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэх үйл явц Компанийн тухай хууль, бусад хууль тогтоомжид заасны дагуу явагдаагүй тохиолдолд хувьцаа эзэмших эрхийн шилжүүлгийг хүчин төгөлдөр бус гэж үзнэ гэж заасан байдаг.

Монгол-Болгарын хамтарсан М******* үйлдвэрийг М******* ХХК болгон өөрчлөн байгуулах гэрээний гуравдугаар зүйлд: ...Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу хувьцаа шилжүүлэгдэж болно" заасныг зөрчсөн гэрээг үндэслэн бүртгэл хийгдсэн.

Энэ нь Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д "Компаний дүрэм нь үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг мөн" гэсэн заалтыг зөрчиж бүртгэл хийгдсэн нь хууль зөрчсөн байна.

  1. Болгаргеомин төрийн өмчит үйлдвэрийн нэгдлийн бүрэн эрхт залгамжлагч нь
    Б******* компани болох тухай БНБУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны албан бичиг нь Монгол Улсын Гадаад хэргийн яаманд явуулсан нот бичиг юм. Энэхүү
    албан бичиг нь дээр дурдсан худалдах, худалдан авах гэрээний тодорхой заалтгай

    зөрчилдөж байгаад бүртгэлийн байгууллага дүгнэлт хийгээгүй.

Мөн уг албан бичиг нь одоогоор хүчин төгөлдөр үйлчиж буй 1968 оны 11 дүгээр сарын 27-нд Софи хотод байгуулсан Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Б******* Ард Улсын хооронд иргэний ба гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай" гэрээний зургадугаар бүлгийн 46 дугаар зүйлд Хэлэлцэн тохирогч хоёр этгээд нь хэлэлцэн тохирогч нөгөө этгээдийн нутаг дээр гарсан шийдвэрийг хүчин төгөлдөр гэж харилцан зөвшөөрч биелүүлнэ гэж заасан боловч хуулийн байгууллагаас гаргасан эд хөрөнгийн холбогдолгүй хүчин төгөлдөр шийдвэрүүд гэж заасан заалтыг БНБУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны албан бичиг зөрчсөн байна.

Учир нь эд хөрөнгийн холбогдолтой шийдвэрийг маргаж буй хөрөнгийн байгаа улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөж байхаар байгаа.

Түүнчлэн хоёр улсын хооронд байгуулсан гэрээний гуравдугаар бүлэг 28 дугаар зүйлд Эрхийн хэлцлийн хэлбэрийг талууд тохирохдоо: Эрхийн хэлцлийн хэлбэрийг уг хэлцлийн талаар баримтлах хуулиар тодорхойлно гэж заасан байгаа нь М******* ХХК-ийн хувьцаа шилжүүлэх хэлбэрийг Монгол Улсын Иргэний хууль болон Компанийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаар тохирчээ.

Гурав. Нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа талаар: М******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр хууль бусаар бүртгүүлсэн БНБУ-д 2013 оны 6 дугаар сарын 04-ны өдөр үүсгэн байгуулагдсан Б******* ДЗЗД компани нь Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т заасан Хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцохыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж М******* ХХК-ийн уул уурхайн олборлолтын үйл ажиллагааг зогсоох талаар иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамж гаргуулсан. Улмаар хууль ёсны хувьцаа эзэмшигч Ж******* ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа болно гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: М******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр БНБУ-ын Б******* ДЗЗД-ийг бүртгэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийг баримтлан бүртгэсэн болно.

  1. Б******* ДЗЗД компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.П*******гийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн итгэмжлэл, Борис Ангелов Ангеловд олгосон 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн итгэмжлэл нь шаардлагатай бүхий л эрхийг олгосон өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна.
  2. Нэхэмжлэгч уг бүртгэл нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн байна. Компаний тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтаар М******* ХХК-ийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал юм.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3 дахь заалтад Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхэд үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэрийг бүрдүүлнэ гэсэн байна. Энэ шийдвэр нь Компаний тухай хуулиийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон заалт юм.

Өөрөөр хэлбэл БНБУ-ын Болгаргеомин ЕАД-ийн эзэмшиж байгаа Монгол Болгаргео ХХК-ийн тавин хувийн хувьцааг бусдад шилжүүлэхдээ нөгөө хувьцаа эзэмшигчдээ санал болгож эрхийг нь хангах тухай асуудал юм. Болгаргеомин ЕАД-ийн 2007 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 90.00.45 дугаар албан бичгээр Монголын талын хувьцаа эзэмшигчид мэдэгдсэн ба Монгол Улсын Төрийн Өмчийн хороо 2007 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1а/966 дугаар албан бичгээр хариу өгсөн байна.

  1. Б******* ДЗЗД нь 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр үүсгэн байгуулагдаж бүртгэгдсэн ба 2013 оны 5 дугаар сарын 1-ны өдөр байгуулсан Дампуурлаа зарласан Болгаргеомин ЕАД хувьцаат компанийн хувьцаа, холимог үйлдвэрийн газарт эзэмшдэг хувь зэргээс авах ногдол ашиг, татан буулгалтын хувийн хамт худалдан авагчийн өмчлөлд шилжинэ.

Худалдагч нь хувьцаа болон хувь эзэмших талаарх эрхээ хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай хуулийн болон бусад арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

1997 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Болгар улс, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үр дүнд Монгол-Болгарын хамтарсан М******* үйлдвэрийн газар нь М******* хаалттай хувьцаат компани болон өөрчлөгдсөн ба доорх талууд тэнцүү хэмжээтэй хувьцаа эзэмшигч болсон.

Болгарын талаас Болгаргеомин ЕАД, Монголын талаас Монгол Улсын Төрийн өмчийн хороо гэсэн байна.

Иймд дээрх бүртгэл нь холбогдох хууль журамд нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Б******* компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.П******* шүүхэд болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй тухайд: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан..., нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг ... захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж, 3 дугаар зүйлийн 3.1.7-д нэхэмжлэл гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлнэ гэж тус тус заасан байдаг.

Хуулийн эдгээр заалтуудаас үзвэл нэхэмжлэгч нь өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой, шүүх нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн бол сэргээх үүрэгтэй юм.

Гэтэл Ж******* ХХК-ийн хуулиар олгосон ямар субъектив эрх нь зөрчигдсөн талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тайлбар нотолгоо гаргаж чадаагүй байх тул нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Тодруулбал, БНБУ-д бүртгэлтэй хуулийн этгээд Б******* компани нь Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд М******* ХХК-ийн 50 хувийн хувьцааг бусдаас худалдан авсан үйл явдал огт болоогүй тул компанийн хувьцааг хууль зөрчин худалдсан-худалдан авсан гэх маргаан үүсэх үндэслэлгүй гэдгийг доорх байдлаар нотлоход:

  1. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын хийсэн бүртгэл нь М******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа худалдсаныг бүртгэсэн бүртгэл ч биш, хувьцаа эзэмшигчийн эрх зүйн статус нь өөрчлөгдсөнийг улсын бүртгэлийн хувийн хэрэгт бүртгэсэн болно.

Иймд шүүх нь улсын бүртгэлд юу бүртгэсэн болох бүртгэлийн агуулга, мөн чанар, нэхэмжлэгчийн эрх уг бүртгэлийн улмаас зөрчигдсөн эсэхийг анхаарч үзнэ үү.

  1. Ж******* ХХК нь Б******* компаний хувьцааг хууль бусаар худалдан авсан гэж үзэж байгаа бол энэ талаар маргах ёстой байсан.

Ийнхүү маргах хууль зүйн үндэслэл байхгүй гэдгээ мэдэж байсан учраас 5 жилийн хугацаанд огт маргаж байгаагүй боловч Б******* компаний зүгээс тус компанийг өөрийн эрхийг зөрчиж байгаа талаар маргаан үүсгэж эхэлмэгц ийм нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль бус байна.

  1. Нэхэмжлэгч нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байсан.
  2. БНБУ, Монгол Улсын Засгийн газрууд харилцан тохиролцож, 1997 онд Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй М******* улсын үйлдвэрийн газрыг үүсгэн байгуулж, тус улсуудын Засгийн газар нь хамтран байгуулсан компанийн 50, 50 хувийн хувьцаа эзэмшихээр гэрээ байгуулсан байдаг.
  3. М******* УҮГ-т Монгол Улсын Засгийн газрын өмчлөх 50 хувийг Монгол Улсын Төрийн өмчийн хороо, Б******* Улсын Засгийн газрын өмчлөх 50 хувийг тус улсын төрийн өмчийн үйлдвэрийн газар болох Болгаргеомин ДЗЗД тус тус төлөөлөн удирдаж, эрхлэн явуулж байсан юм.

Нотлох баримтад Болгаргеомин ДЗЗД, эсхүл Болгаргеомин ЕАД гэж бичигдсэн байгаа нь ДЗЗД гэсэн нь Болгар хэл дээр, ЕАД гэсэн нь орос хэл дээрх тус компанийн эрх зүйн байдлыг тодорхойлсон бичилт юм. Энэхүү бичилтүүдийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч н.Б******* гэгч нь санаатайгаар хольж хутган, шүүхийн өмнө хууль бус аргаар нотлох баримтыг гуйвуулсан тайлбар хийдэг билээ.

  1. 2005 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Төрийн өмчийн хороо болон Болгаргеомин ДЗЗД нар нь харилцан тохиролцож, М******* УҮГ-ын М******* ХХК болгон өөрчлөн гэрээ байгуулсан болно. Талууд энэ талаар маргаангүй учир нотлох шаардлагагүй гэж үзлээ.
  2. Монголын Засгийн газар М******* ХХК дахь өөрийн өмчлөлийн 50 хувийн хувьцааг Төрийн өмчийн хорооны 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 514 дүгээр тогтоолоороо Ж******* ХХК-д худалдсан байдаг.

Дээрх үйл явц нь компанийн хувьцааг худалдах хууль зүйн факт мөн гэдэгтэй нэхэмжлэгч тал маргахгүй.

  1. Харин БНБУ-ын Засгийн газар нь М******* ДЗЗД нь төрийн өмчит хуулийн этгээд байсан бөгөөд тэрээр Засгийн газрыг төлөөлөн М******* ХХК дахь төрийн өмчийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхүүдийг хянаж, удирдан зохицуулах чиг үүрэг бүхий этгээд байсан юм.
  2. Болгаргеомин ДЗЗД нь төлбөрийн чадваргүй болж, үүний улмаас Б******* Улсын Софи хотын шүүхийн Худалдааны танхимын VI шүүх бүрэлдэхүүний 2010 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 46 дугаар шийдвэрээр Болгаргеомин ДЗЗД, дампуурлын хэрэг үүсгэж, төлбөрийн чадваргүй болсон огноог 1996 оны 12 дугаар сарын 31-ны өдөр тогтоосон байдаг.
  3. Ингээд Софи хотын шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 361 дүгээр шийдвэрээр эхний удаад Болгаргеомин ДЗЗД-ийг удирдах эрх, эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг иргэн Стамова.Х.И-д шилжүүлсэн.
  4. Дараагийн удаа Софи хотын шүүх дампуурлын хэрэг үүсгэж, дампуурлын хэргийг шалгах шатанд буюу 2012 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн тус шүүхийн Худалдааны салбарын VI-9-ийн шүүх бүрэлдэхүүнтэй хуралдаанаар шүүхээс тус Болгаргеомин ДЗЗД-д синдик буюу дампуурлын хэрэг гүйцэтгэгчээр Стамова.Х.И-г томилж, тус компаний өмнөөс М******* ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцох, шийдвэр гаргах эрх олгосон зэрэг талаараа Монгол Улсын Төрийн өмчийн хороонд мэдэгдсэн байдаг.
  5. Софи хотын шүүхийн Худалдааны салбарын VI-9 шүүх бүрэлдэхүүнээс 2012 оны 9 дүгээр сарын 17-ний өдрийн шийдвэрээр Монгол-Болгарын хамтарсан үйлдвэр М******* ХХК-ийн хөрөнгийн 50 хувь буюу нэрлэгдсэн үнээр 719026 ам.долларын хууль ёсны өв залгамжлагчийг томилох шийдвэр гаргах ганц этгээд нь Стамова.Х.И мөн болохыг тогтоосон.
  6. Мөн Софи хотын шүүхийн Худалдааны салбарын VI-9 шүүх бүрэлдэхүүнээс 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гаргасан тогтоолд:
  • Болгар Улсын Арилжааны хуулийн 718 дугаар зүйлийн дагуу дампуурлын жагсаалтад орсон Болгаргеомин ДЗЗД-ийг худалдах үед эд хөрөнгө, эрхийн багцийн хамт худалдсан гэрээ хийгдсэн байна гэж дүгнээд,
  • Дээр дурдсан гэрээний 3.5 дугаар зүйлийн дагуу худалдаанд хамаарах хөрөнгө нь улсын бүртгэлийн 121126170 дугаартай Болгаргеомин ДЗЗД компанийн эзэмшил болох Монгол-Болгарын хамтарсан, хаалттай хувьцаат /хязгаарлагдмал хувьцаат/ компани болгон өөрчилсөн М******* үйлдвэрийн 50 хувь буюу 719026 ам.доллартай тэнцэх хөрөнгийн хувьцаа болно гэж,
  • Уг гэрээний дагуу улсын бүртгэлийн 121126170 дугаартай Болгаргеомин ДЗЗД компани өөрийн өмч хөрөнгөө дээр дурдсан хувьцаан дээр нэмэн, худалдан авагч улсын бүртгэлийн 176482778 дугаартай Б******* компанид шилжүүлсэн гэдгийг тогтоож өгсөн болно.
  1. Энэ бүгдээс харвал Болгар улсын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хуулийн этгээдийн дампуурлын хэрэг шийдвэрлэх явцад, шүүхийн шийдвэрийн дагуу нэг компанийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх нөгөө компанид шилжсэн болно.

Өөрөөр хэлбэл энэ нь Б******* улсын хувийн өмчит 3 хуулийн этгээд нэгдэн төлбөрийн чадваргүй болсон Болгаргеомин ДЗЗД гэх хуулийн этгээдийг худалдан авч, ингэснээр Болгаргеомин төрийн өмчтэй гэх статустай байхаа больж, хувийн өмчид шилжсэн тул компанийн нэрийг Б******* болгон өөрчилсөн болно.

  1. Ийнхүү нэг компани нь нөгөөгөө худалдан авах, эсхүл компанийн хөрөнгө оруулагч өөрчлөгдөн хөрөнгө оруулалтын өмчийн хэлбэр солигдох, ингэснээр компаний нэр солигдох зэрэг үйл явц бол дэлхий нийтэд түгээмэл байдаг эрх зүйн харилцаа, хууль зүйн факт гэдгийг сануулах нь зүйтэй байх.
  2. Эндээс үзвэл Софи хотын шүүхэд явагдсан дээрх ажиллагаагаараа М******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болох Болгаргеомин ДЗЗД-ийн дампуурлын хэргийг шийдвэрлэх шатанд нь тус компанийн эрх, үүрэг болон бусад өмч хөрөнгийг бүхэлд нь худалдаж байгаа нь нэгдүгээрт, Болгаргеомин ДЗЗД компани эзэмшдэг М******* ХХК-ийн 50 хувь хувьцааг бусдад зарж байгаа явдал огт биш харин хуулийн этгээд бүхэлдээ худалдагдаж байгаа хууль зүйн фактын үүсч байгаа, хоёрдугаарт, ийнхүү компанийн эд хөрөнгийг бүхэлд нь шилжүүлэн авсанаар компанийн хэлбэрийг өөрчлөх хууль зүйн шаардлага бий болсон, хөрөнгө оруулагч нар нь Болгаргеомин ДЗЗД-ийг өөрчлөн байгуулж, Б******* болгосон болно.
  3. Энэхүү үйл явц нь шүүхийн оролцоотой буюу шүүхийн тогтоолоор баталгаажсан бөгөөд Болгар улсын шүүхийн хүчин төгөлдөр үйлчилж байгааг шийдвэрээр тогтоогдсон үйл баримт гэдгийг онцгой анхаарч үзэхийг Монгол Улсын шүүхээс хүсч байна.
  4. Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Б******* Ард Улсын хооронд иргэний ба гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрхийн туслалцаа харилцан үзүүлэх тухай Засгийн газар хоорондын гэрээний Арван нэгдүгээр зүйлийн 2-т Хэлэлцэн тохирогч нэг этгээдийн нутагт албан ёсны гэж үзсэн бичиг баримт нь Хэлэлцэн тохирогч нөгөө этгээдийн нутагт нэгэн адил хүчин төгөлдөр байна гэж, Дөчин зургадугаар зүйлд Хэлэлцэн тохирогч хоёр этгээд нь хэлэлцэн тохирогч нөгөө этгээдийн нутаг дэвсгэр дээр гаргасан шийдвэрийг хүчин төгөлдөр гэж харилцан зөвшөөрч биелүүлнэ. Үүнд: а/ Иргэний ба гэр бүлийн хэргээр хуулийн байгууллагад гаргасан эд хөрөнгийн холбогдолгүй хүчин төгөлдөр шийдвэрүүд гэж заасан байна.
  5. Энэхүү гэрээ нь Олон Улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Олон улсын гэрээ гэж Монгол Улс, Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг буюу хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах хоёр буюу олон талын бичгээр үйлдсэн тохиролцоог хэлнэ гэж заасны дагуу Олон улсын гэрээнд хамаарна.
  6. Болгар Улсын шүүхийн ажиллагаагаар хянагдсан, нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй үйл баримтыг өнөөдөр Монгол Улсын шүүх өөр этгээдийн нэхэмжлэлээр дахин авч хэлэлцэх, дахин шийдвэрлэх эрх зүйн үндэслэл байхгүй, ингэж шийдвэрлэвэл дээрх Олон Улсын гэрээг зөрчсөн, олон улсын эрх зүйн зөрчил үүсэх тул танай шүүх Ж******* ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авах нь хууль бус болно.
  7. Дахин тайлбарлахад, Болгар Улсад дампуурч байгаа хуулийн этгээдийг шүүх дампууруулах шатанд нь компанийг худалдсан үйл ажиллагаа явуулсныг тогтоосон Софи хотын шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа гэдгийг онцгойлон хэлэх байна.

Иймд Б******* Улсын Софи хотын шүүхийн дээр дурдсан шийдвэрүүд хүчингүй болоогүй байгаа цагт Б******* компанийг М******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч мөн, эсхүл биш эсэхийг Монгол Улсын аль ч шүүхэд дүгнэх шийдвэрлэх эрхгүй болно.

  1. Хүчин төгөлдөр шийдвэртэй Б******* компанийг Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлд компанийн үүсгэн байгуулагчийн эрх зүйн байдал өөрчлөгдсөнийг бүртгэсэн бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол огт хөндөгдөөгүй болох нь нотлогдох тул Ж******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн захирал Д.Л*******гээс тус шүүхэд хандаж М******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр Б******* Улсын Булстат бүртгэлийн газарт 2013 оны 6 дугаар сарын 4-ний өдөр бүртгүүлж, үүсгэн байгуулагдсан Б******* ДЗЗД компанийг бүртгэсэн бүртгэлийг 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр үүсгэн байгуулагчийн мэдээллийн санд оруулсан бүртгэл нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, маргаан бүхий актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Ж******* ХХК нь М******* ХХК-ийн хувьцааны 50 хувь буюу төрийн мэдлийн 85420 ширхэг хувьцааг Худалдах, худалдан авах №412 дугаар гэрээний үндсэн дээр[1] Төрийн өмчийн хорооны 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 514 дүгээр[2] тогтоолоор өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байна.

М******* ХХК-ийн гүйцэтгэх захирал 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 15/88 дугаар албан бичгээр[3] Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт БНБУ-ын хуулийн этгээд Б******* ДЗЗД нь 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Дампуурлаа зарласан Болгаргеомин ЕАД үйлдвэрийг хөрөнгийн эрхийн хамт худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу Болгаргеомин ЕАД-ийн бүх эрхийг шилжүүлэн авч, эрх залгамжлагч болсон тул М******* ХХК-ийн Болгар улсын 50 хувийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчээр Б******* ДЗЗД-ийг бүртгүүлэх хүсэлт гаргасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр[4] Б*******-г М******* ХХК-ийн үүсгэн байгуулагчаар бүртгэжээ.

Нэхэмжлэгч Ж******* ХХК-иас Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ хууль болон компанийн дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй гэсний дагуу БНБУ-ын Болгаргеомин улсын үйлдвэрийн нэгдэл 50 хувийн хувьцааг Монгол улсын Төрийн өмчийн хорооноос өмчлөх эрхийг шилжүүлэн авсан Ж******* ХХК-д мэдэгдэх ёстой.

Түүнчлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-т үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр гэж заасныг зөрчиж М******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэргүйгээр улсын бүртгэлд үүсгэн байгуулагчаар бүртгэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн. Мөн БНБУ-ын төрийн өмчит Болгаргеомин ЕАД нэгдлийг хөрөнгийн эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээг бүртгэлд шаардагдах нотлох баримт гэж үзсэн нь эрх зүйн үндэслэлгүй байна.

Учир нь 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан гэрээний II бүлгийн 2 дугаар зүйлийн 2.2-т Худалдан авагч Болгаргеомин ЕАД/Д/ үйлдвэрийн газрыг залгамжлаагүй, түүний өрийг хүлээн аваагүй болно гэж заасан байгаа нь БНБУ-д 2013 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Булстат улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн Б******* ДЗЗД компани нь М******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч БНБУ-ын төрийн өмчит Болгаргеомин ЕАД нэгдлийн эрх залгамжлагч нь Б******* ДЗЗД компани биш болох нь нотлогдож байна гэж маргаж байна.

Маргаж буй бүртгэл буюу М******* ХХК-ийн үүсгэн байгуулагчаар бүртгэгдсэн Б******* нь Болгаргеомин ЕАД нэгдлийн эрх залгамжлагч болохыг тогтоолгохоор М******* ХХК болон гуравдагч этгээд Б******* компанийн нэхэмжлэлтэй Ж******* ХХК-д холбогдох иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх явцад тус шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 102/Ш32016/04789 дугаар захирамжаар Болгаргеомин улсын үйлдвэрийн нэгдлийн эрх залгамжлагчийн талаархи лавлагааг БНБУ-ын шүүх болон бүртгэлийн байгууллагаас гаргуулах шаардлагатай гэж үзэн уг иргэний хэргийг түдгэлзүүлсэн байна.

Иймд Болгаргеомин ЕАД нэгдлийн эрх залгамжлагч нь Б******* компани болох эсэхийг тодруулсны дараа дахин үүсгэн байгуулагчийг бүртгэх хүртэл М******* ХХК-ийн бүртгэлд Болгаргеомин ХХК-ийг хувь нийлүүлэгчээр бүртгэсэн бүртгэлийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-т заасныг баримтлан Болгаргеомин ЕАД нэгдлийн эрх залгамжлагч нь Б******* мөн эсэхийг тодруулсны дараа дахин үүсгэн байгуулагчийг бүртгэх хүртэл М******* ХХК-ийн бүртгэлд Болгаргеомин ХХК-ийг хувь нийлүүлэгчээр бүртгэсэн бүртгэлийг түдгэлзүүлсүгэй.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН