Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 449

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

Улсын яллагч Д.Нямсүрэн,

Шүүгдэгч Г.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Тогтохбаярт холбогдох эрүүгийн 1711001820128 дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 12 сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, аав, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 86 дугаар гудамжны 1266ё тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар

 

Шүүгдэгч Г.Т /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ нь 2017 оны 7 сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 86-1266ё тоотод архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Г.Ганбатыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хутгалж, эрүүл мэндэд нь хохирол хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.То мөрдөн байцаалтад мэдүүлсэн: .. 2017 оны 7 сарын 2-ны өдөр ажлаа тараад гэр лүүгээ ирж байсан чинь манай дүү Г.Ганбат над руу утсаар ярьж “ах та хаана явж байна” гэхээр нь би гэр лүү ирж явна доор гудамжны хажуу талын худгийн дэлгүүрт байна гэж хэлсэн юм. Тэгсэн чинь манай дүү Ганбат хамтран амьдрагч Гэрэлцолмонгийн хамт 200 граммын “Хараа” нэртэй архи барьчихсан ирсэн юм. Тэгээд хүрч ирээд хамт гэр лүү алхаад явж байсан чинь Гэрэлцолмонгийн нүд нь улайчихсан архи уусан юм шиг харагдахаар нь би дуудаж үнэрлэж үзсэн чинь архи үнэртэж байсан юм. Тэгэхээр нь би дүү Ганбатыг дуудаж үнэртсэн чинь архи үнэртэж байхаар нь би Гэрэлцолмонг “чи яахаараа хүүхдэд архи уулгаж байгаа юм” гэж хэлээд нэг удаа алгадсан юм. Гэрэлцолмон манай дүүтэй хамтран амьдардаг ба насаараа манай дүүгээс 7 насаар эгч юм. Тэгээд Гэрэлцолмоныг алгадсан чинь Ганбат эхнэрээ өмөөрч надтай хэрэлдээд миний араас архины шилээр цохисон юм. Тэгээд тэр хоёр тусдаа явчихаар нь би гэртээ ирээд мах идээд сууж байсан чинь Ганбат гаднаас орж ирээд надтай маргалдаад над руу чулуу барьж дайрахаар нь би уурлаад мах идэж байсан хутгаараа хоёр удаа хатгасан.. гэсэн мэдүүлэг. /хх-38/

 

Шүүгдэгч Г.То шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Намайг 2 найзтайгаа нийлж зодсон. Би тэр үед хутгаар төмс арилгаж байсан тул уурандаа хутгалсан. Би дүүгээ 1 удаа цохисон нь үнэн. Намайг орон дээр толгой дээрээс даран хэвтүүлж, 2 найз нь хажуу талаас өшиглөсөн тул уурлаад хутгалсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг.

            Хохирогч Г.Ганбатаас мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ..2017 оны 7 дугаар сарын 2-ны шөнө 22 цагийн үед манай төрсөн ах Г.Тогтохбаяр согтуу утсаар намайг “Дэнжийн 1000”-ийн тойргийн буудал дээр архи аваад хүрээд ир гэхээр нь би 0,5гр “Ерөөл” архи аваад очсон чинь, намайг жижиг архи авчирлаа том шилтэй архи авчрахгүй яасан юм гээд уурлаад байсан. Мөн намайг архи уулаа чи яахаараа архи уудаг юм гэхээр нь би архи уугаагүй байсан болохоор та өөрөө архи уусан байж юу яриад байгаа юм гээд бид 2 маргалдсан. Мөн эхнэр лүү дайраад элдэв үгээр хараагаад байсан намайг жийсэн ба манай эхнэрийг зодох гээд хөөгөөд байхаар нь би эхнэр Гэрэлцолмонгоо /хамтран амьдрагч/ дагуулаад яваад өгсөн ах тэндээ үлдсэн нэлээн байж байхад Тогтохбаяр ах над руу залгаад би гэрт ирсэн байна, танай хүүхдийг гадаа хөөгөөд гаргасан гэхээр нь худлаа ярьж байгаа байх очвол дахиад маргалдах байх гээд очоогүй. Тэгээд байж байтал манай тэнд байдаг Цэнд-Аюуш ах чинь сая залгаад танай хүүхдийг чинь хөөгөөд гаргачихлаа, гэрийг чинь бас буулгаж байгаа гэнэ гэхээр нь би гэртээ очиход онцын юм болоогүй байсан. Хүүхэд аавын гэрт газар унтаж байсан. Манай гэрийн доторх эд зүйлийг тараагаад, гэрийн бүслүүр тасалсан байсан. Намайг аавынд ороход ах Тогтохбаяр би чамайг ална чи их том болжээ, эндээс зайлаарай гээд дайрч давшлаад байсан. Газар унтаж байгаа хүүхэд дээр гишгэх гээд байхаар нь наад хүүхэд гишгэлээ цаашаа болооч гээд хүүхдээ аваад Гэрэлцолмонд өгч гадаа гаргасан. Тэгэхэд ах Тогтохбаяр намайг гараараа хүзүү мөр лүү цохих шиг болсон, би яг хутгалчихлаа гэж мэдээгүй ахиад цохих гээд дайраад байхаар нь гадаа гараад харсан чинь хутгалсан цус гараад байсан, би агаа та намайг хутгалсан байна шүү дээ гээд подволкоороо дараад тогтохгүй байхаар нь хажуу айлын ахыг гуйгаад эмнэлэг явсан.. гэсэн мэдүүдлэг /хх 21-22/

Гэрч Ж.Ганзоригоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Манай том хүү Тогтохбаяр өөрийн төрсөн дүү болох Ганбатын гэрийн эд зүйлийг бусниулсан сууж байсан. Тэгэхээр нь миний хүү яаж байгаа юм ингэж болохгүй гэсэн чинь энэ гичийтэй танай хүүхэд та нарыг эндээс явуулна гэхээр нь тэгж ярьж болохгүй гээд яриад сууж байтал манай бага хүү Ганбат эхнэртэйгээ ороод ирсэн. Тэгтэл миний хажуу талаас дайраад дүүгээ цохих шиг болсон. Тэгтэл Ганбат агаа та яаж байгаа юм бэ гээд гараад явсан, би араас нь гараад харахад хутгалсан байсан. Би бас яг хутгалсныг мэдээгүй цохилоо гэж бодсон.. гэсэн мэдүүлэг /хх 23/.

 

Гэрч Д.Жавзангаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Тогтохбаяр бага зэрэг согтуу байсан. Орж ирээд нөгөө хоёр чинь доор согтуу явж байна. Бид нарыг ингэж доромжилж болохгүй, аав та хоёрыг элэг бариад байна. Энэ хоёрыг хөөж явуулна гээд байхаар нь миний хүү тэгж болохгүй, Ганбат чинь чиний төрсөн дүү аав чинь учрыг нь олох байлгүйдээ гэж хэлсэн. Тэгээд Тогтохбаяр гарч яваад Ганбатын гэрийг гаднаас нь буулгах гээд байхаар нь миний хүү болохгүй гээд болиулсан. Удалгүй аав нь ирсэн. Тэр хоёр бас муудалцаад байхаар нь би гадаа гараад суусан удалгүй Ганбат гаднаас орж ирээд гэрт тэр хоёр маргалдаад байсан. Би гадаа сууж байсан. Яг юу болсныг мэдэхгүй байна. Тогтохбаяр би дүүгээ хутгалчихлаа гэхээр нь яаж байгаа юм бэ миний хүү өөрөө цагдаа дээр оч гэсэн. Тэгсэн чинь юм хэлэлгүй гараад явсан.. гэсэн мэдүүлэг /хх 27/.

Гэрч С.Гэрэлцолмонгоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..гэрлүү явж байсан чинь манай нөхрийн ах Тогтохоо манай нөхөр Ганбатын утас руу залгаад нэг шил архи аваад гэрийн урд талд байдаг уулан дээр хүрээд ир гэсэн. Бид нар замаасаа Дэнжийн 1000-д байдаг нэг дэлгүүрээс архи аваад хэлсэн уулан дээр нь очиход Тогтохоо ах ганцаараа согтуу байж байсан. Нэлээд хэд хоногийн өмнө Тогтохоо ах цэргийн он жавуудаа авчирахад манай нөхөр гэрт хамаагүй хүн авчирлаа гэж уурлаж байсан юм. Тэрийг яриад би гэртээ найз нөхөдөө авчирч болохгүй юмуу гээд маргалдаж эхэлсэн. Бид хоёрын авчирсан архийг ууж чадалгүй хагалчихсан. Тэгээд Тогтохоо ах уурлаад яваад өгсөн. Тэгээд бид хоёр уулан дээр байж байхад манай хажуу талын хүн залгаад Тогтохоо ах чинь агсам тавиад танай гэрийг буулгаад байна гэхээр нь очсон. Гэртээ ирэхэд Тогтохоо ах манай гэрийн хамаг юмыг тараагаад хаясан байсан бас аавдаа агсам тавьсан байхаар нь манай нөхөр та яаж байгаа юм бэ гээд тэр хоёр маргалдаад байсан. Би яг тэр үед нь гадаа хүүхдээ аваад байж байсан. Тэгсэн гэрээс манай нөхөр Ганбат, Тогтохоо ах намайг хутгалчихлаа гээд гарч ирээд гэрийн хойно нуугдсан чинь Тогтохоо ах араас хутга барьчихсан гарч ирсэн.. гэсэн мэдүүлэг /хх 27/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  ¹11850 дугаартай дүгнэлтэнд: ..Г.Ганбатын биед хүзүү, баруун бугалгад сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.. гэсэн дүгнэлт. /хх-32/

 

Шүүгдэгч Г.Т иргэний үнэмлэхний лавлагаа /хх-44/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 43/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11-12/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Г.Тр нь 2017 оны 7 сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 86-1266ё тоотод согтуурсан үедээ хохирогч Г.Ганбатыг надад жижиг архи авч өглөө, чи архи уулаа” гэж маргалдан улмаар хүзүү мөр орчимд нь хутгалж хөнгөн гэмтэл учруулсан болох тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Т нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд, уг хүсэлтийг прокурор хүлээн авч түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн түүнийг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх саналыг танилцуулж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэрэг нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагийг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлж, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон зэрэг хуульд заасан шаардлага хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.То Эрүүгийн хууулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.То нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг хязгаарлаагүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1, Г, Т-ийг Эрүүгийн хууулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.То 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.То нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Г.Тор нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч болон хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурорт мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.МӨНХБАЯР