Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 101/2015/6917/и |
Дугаар | 001/ХТ2016/00665 |
Огноо | 2016-06-02 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2016/00665
С.Лхасүрэнгийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2015/08676 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 518 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч С.Лхасүрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, холбогдох дэвтэрт зохих бичилт хийлгэх, нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Чинхүсэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012.6.01-ний өдөр “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Говь-Алтай аймаг дахь салбарт тээвэр зохицуулагчаар ажилд орсон. Ажиллах хугацаандаа сахилгын шийтгэл болон захиргааны арга хэмжээ авахуулж байгаагүй. Гэтэл 2015.5.31-ний өдөр миний ажлыг хүлээн авч, захирлын 2015 оны Б/176 дугаар тушаалаар хилийн тээвэр зохицуулагчийн ажлын байр орон тоо бүтцийн өөрчлөлт орсон гэж ажлаас чөлөөлсөн. Гэтэл намайг ажлаас чөлөөлснөөс хойш миний ажлын орон тоо хэвээрээ байсан ба А.Отгон-Ундрах гэдэг хүнийг гэрээгээр тээвэр зохицуулагчийн ажлыг хийлгэж байна. Иймд хилийн тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. С.Лхасүрэн нь Говь-Алтай аймгийн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т тээвэр зохицуулагчаар ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа Говь-Алтай аймгийн Алтай суман дахь Бургастайн хилийн боомтонд аймгийн төвөөс очиж 1 cap ажиллан боомт хаагдахад 1 cap ажилгүй байж тээвэр зохицуулагчийн ажлыг хийж ирсэн. "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ нь Говь-Алтай аймгийн суман дахь хилийн боомтонд ажилтны амьдрах байрны нөхцлөөр хангах боломжгүй, тээвэр зохицуулагчийн үйл ажилгаанаас зөвхөн тээврийн хэрэгсэлд хил нэвтрэх зөвшөөрлийн бичиг өгдөг, түүнээс орж буй орлого бага үйл ажиллагааны зардал өндөр зэрэг нөхцөл байдлыг харгалзан тээвэр зохицуулагчийг хилийн боомтод ажиллуулах шаардлагагүй гэж үзэж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д заасны дагуу Говь-Алтай аймгийн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т ийн бүтэц орон тоог баталсан. Нэхэмжлэгчид орон тоо цөөрүүлсэнтэй холбогдуулан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2015/08676 дугаартай шийдвэр гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-т холбогдуулан С.Лхасүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 518 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг өөрчил, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан С.Лхасүрэнг Говь-Алтай аймгийн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын хилийн тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин 4.324.528 төгрөг гаргуулж С.Лхасүрэнд олгож, хариуцагчаас 84.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь сар бүр 750.000 төгрөгийн цалин авдаг байсан гэвч Говь-Алтай аймгийн хил нь нэг сар ажиллаж нэг сар ажилладаггүй, ажилдаа аймгийн төвөөс хил дээр ажиллахаар явдаг ажилтныг ажиллах хугацаанд ажлаа хэвийн гүйцэтгэх нөхцөлөөр хангах боломжгүй жил дээр зөвхөн тээвэр зохицуулагчын ажлаас зөвшөөрлийн бичиг л олгодог, орж байгаа орлого бага, үйл ажиллагааны зардал их зэрэг нөхцөлийг харгалзан тээвэр зохицуулагчийг хилийн боомтод ажиллуулах шаардлагагүй гэж үзэж Б/176 тушаалыг гаргасан бөгөөд тээвэр зохицуулагчийн орон тоог 1 болгож цөөрүүлж чөлөөлсөн. Ө.Отгон-Ундрахтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан, Говь-Алтай аймгийн Алтай суман дахь Бургастайн боомтод оршин суудаг байдлын харгалзан зөвхөн хил ажиллах үед 650.000 төгрөг олгож бусад үед хөлс олгохгүй байхаар байгаа. 2015.05.15-ны өдөр мэдэгдлийг олгосон бөгөөд зөвхөн бичгийн алдаанаас болж “М” үсэг илүү бичигдсэнийг шалтаг болгож аваагүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
С.Лхасүрэн нь Авто тээврийн Үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/ Говь-Алтайн аймгийн автотээврийн төвийн хилийн тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, холбогдох дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах нэхэмжлэл гаргасныг ажил олгогч зөвшөөрөөгүй маргасан байна.
Анхан шатны шүүх С.Лхасүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчилж, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорыг хариуцагчаас гаргуулжээ.
Хариуцагч Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ нь магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргахдаа орон тоог нэг болгон цөөрүүлсэн бөгөөд бусадтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж шаардлагатай үед ажиллуулдаг...” гэжээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын захирал 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Б/298 дугаар тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын дүрмийн 6.9.6-г баримтлан “Говь-алтай аймгийн автотээврийн төвийн ажлын байрыг цөөрүүлсэн“ гэсэн үндэслэлээр хилийн тээвэр зохицуулагчаар ажиллаж байсан С.Лхасүрэнг халсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй.
Хариуцагч 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/81 дүгээр тушаал гаргаж /хх 29/ Говь-Алтай аймгийн Автотээврийн бүтцийг 14 орон тоотой үүнд тээвэр зохицуулагч 2 байхаар /хх 31/ баталсан боловч 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Б/176 дугаар тушаал гаргаж /хх 46/ уг газрын бүтцийг 13 орон тоотой үүнд тээвэр зохицуулагч 1 байхаар /хх 48/ өөрчилжээ. Ажил олгогч нь 2015 оны Б/81 дүгээр тушаалаар Говь-Алтай аймгийн Автотээврийн бүтцийг 14 орон тоотой баталсан боловч 45 хоногийн дараа дахин бүтцийн өөрчлөлт хийх болсон шалтгааныг шүүхэд тайлбарлаагүй, Б/176 дугаар тушаал нь нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалын үндэслэл болоогүй тул хариуцагчийн талбар баримтаар нотлогдоогүй гэж үзлээ. Түүнчлэн, Б/176 дугаар тушаалд заасан, Төрийн өмчийн хорооны 2015 оны 298 дугаар тогтоол хэрэгт байхгүй байна.
Ажил олгогчийн 2015 оны Б/298 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д нийцээгүй тул магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх үзэв.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй ч энэ талаар дурдах шаардлагатай гэж үзлээ. Ажил олгогч нь С.Лхасүрэнг орон тоо цөөрүүлсэн гэж халсан тул энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 36.3-г энд хэрэглэхгүй.
“орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болохыг, харин “орон тоо цөөрүүлэх” гэдэгт хэд, хэд орон тооноос тодорхой тооны орон тоо хассаныг ойлгоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-ийн зохицуулалт орон тоог цөөрүүлсэн, биш харин хасагдсан тохиолдолд урьдчилсан нөхцөл болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 518 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ