Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2016/0180

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У.Н*******, Б.С******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны ахлах мэргэжилтэн Б.Н*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 399/2013 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С*******, нэхэмжлэгч У.Н*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А*******, хариуцагч Б.Н*******, гуравдагч этгээд Д.Ж*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.Н*******, Б.С******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Ж******* 36 айлын 18.0х12.0 хэмжээтэй, зоорьтой, 9 давхар орон сууц барихаар төлөвлөж 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас авсан байна.

Иргэн Д.Ж*******ын 9 давхар барилгын суурь нь 76 дугаар байрны сууринд тулсан бөгөөд 76 дугаар байрны сууриас илт доошоо ухагдаж байгаа нь оршин суугчдын эрх ашгийг хөндөж, барилгын бүрэн бүтэн байдал болон аюулгүй байдалд ноцтой занал учруулж, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхэнд нь халдаж байна. Мөн 78 дугаар байрны цонхийг хааж нар үзэх боломжгүй болоод байна.

Бид энэ тухай өргөдөл гомдлыг 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн төрийн шат шатны байгууллагад гаргасан боловч шийдтэй хариу авч чадсангүй. Тухайлбал иргэд өөрсдөө шууд болон СӨХ, тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүнээр уламжлуулан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын газар тус тус хандсан.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 399/2013 тоот Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь Монгол Улсын Барилгын тухай хууль, Барилгын норм ба дүрэм, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 3/10 дугаар тогтоол зэрэг хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн байна.

Дээрх захиргааны актын улмаас Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны оршин суугчид бидний үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх зөрчигдөн, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжгүй болоод байна. Тухайлбал манай байрруу түргэн, гал команд зэрэг яаралтай тусламж нэвтрэх зай байхгүй, оршин суугчид нүүж суух боломжгүйгээр орц гарц бүх талаас хаагдсан, нарны гэрэл тусах бололцоогүй болсон, машин зогсоол, ногоон байгууламж, салхилах, хүүхэд тоглох ямар ч талбай байхгүй, барилгын ажил яг хажууд хийгдэж байгаагаас шалтгаалан хэзээ ч нүхэнд унаж бэртэж эрүүл мэнд, амь насаа алдаж болзошгүй хүнд нөхцөлд байна. Мөн иргэн Д.Ж*******ын барилгын ажил эхлэхдээ тухайн газарт байсан хогийн цэгийг зайлуулсан тул хог хаях газаргүй, барилгын ажил эхлүүлэхдээ бохирын шугамыг хагалсан тул байнгын өмхий үнэртэй болоод байна.

Энэ бүхнээс хамгийн ноцтой зүйл нь 76 дугаар байрны суурь ухагдан ил гарч цууралтын шинж тэмдэг илэрсэн ба 76 дугаар байр хэзээ мөдгүй нурж унаж магадгүй нөхцөл байдалтай байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хяналт шалгалт хийн иргэн Д.Ж*******ын барилгын орон сууцны зай хэмжээ нь барилгын норм дүрэм зөрчсөн байх тул ажлын зургийг дахин хянаж холбогдох арга хэмжээ авахыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар мэдэгдсэн.

Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас иргэн Д.Ж*******т хандан зэргэлдээ барилгын /76 байр/ суурийн хөрсний шинж чанарт өөрчлөлт орох нөхцөл бүрдсэн тул шинжилгээ, судалгааны байгууллагад хандан хөрсний чанар байдал, орон сууцны 76 дугаар байрны барилгын сууринд суулт үүссэн эсэхийг тогтоолгон дүгнэлт гаргуулах, Орон сууцны барилгын зураг төсөл төлевлөлт, Барилгын норм ба дүрэм 31-01-10-ын 1.6 дахь заалтын хэрэгжилтийг хангуулахийг шаардаж, эдгээр зөрчлийг арилгасны дараа барилгын ажлыг үргэлжлүүлэхийг даалгасан.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар дээрх арга хэмжээг авсан боловч иргэн Д.Ж******* барилгын ажлыг үргэлжлүүлсээр байна.

Иймд иргэд бидний эрх ашгийг хөндсөн захиргааны акт болох Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 399/2013 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, оршин суугчдын зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Н******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д.Ж******* нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Олзвойн гудамжны 39 тоот хаягт байршилтай 19644310751269 нэгж талбарын дугаартай, Г-2204005269 дүгээр улсын бүртгэлийн дугаартай 274 м.кв газрын хууль ёсны өмчлөгч бөгөөд өмчлөлийн газар дээрээ барилга барих тухай хүсэлтийг Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газарт 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гаргасан байна. Орон сууцны зориулалттай барилга барих тухай хүсэлтийг судлан үзээд, Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, барилга барих асуудал дэмжигдсэн. Хурлын шийдвэрийн дагуу 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 115 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан ба уг даалгаврын дагуу барилгын эскиз зургаа боловсруулан ирж батлуулсан.

Барилга барихтай холбоотой техникийн нөхцлүүдийг авч, улмаар барилгын зураг төсөлдөө 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 777/2013 дугаар магадлалын ерөнхий дүгнэлт хийлгэсэн байна. Иргэн Д.Ж******* нь батлагдсан зураг төслийн дагуу барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтийг тус газар гаргасан ба ирүүлсэн баримт бичгийн бүрдлийг хянасны үндсэн дээр 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 399/2013 дугаар Барилгын ажил, эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдсон.

Иргэн Д.Ж*******ын барихаар төлөвлөсөн барилга болон 76 дугаар байр нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан Зүүн сэлбэ хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу төлөвлөгдсөн. Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ын 1.6-д орон сууцны барилга хоорондын байршлын зайн хэмжээг тогтоосон байдаг бөгөөд шулуун тэнхлэгийн дагуу байрласан цамхаг хэлбэрт барилгуудын хооронд зай хэмжээний нормативыг 12 давхараас дээш барилгад мөрдөхөөр зааж өгсөн. 76 дугаар байр нь шулуун тэнхлэгийн дагуу байрласан барилга бөгөөд иргэн Д.Ж*******ын барихаар төлөвлөсөн барилга уг барилгын хувьд цамхаг хэлбэрт барилга болно.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаас 76 дугаар байрны барилгын сууринд суулт үүссэн эсэхийг тогтоолгон дүгнэлт гаргуулахыг иргэн Д.Ж*******т даалгасны дагуу Ш******* Их сургуулийн Барилгын инженер, архитектурын сургуулийн дэргэдэх Реконстракшн төвөөр техникийн дүгнэлт гаргуулсан байна. Уг дүгнэлтэд ...76 дугаар байрны суурь хөрсний чанарт өөрчлөлт ороогүй бөгөөд барилгын сууринд суулт үүсээгүй байгааг газар дээр нь очиж үзсэн дүн шинжилгээгээр нотолж байна гэж дүгнэсэн байна.

Иргэн Ч.М******* 76 дугаар байрны барилгын ажлыг холбогдох зөвшөөрлийг авалгүй эхлүүлсэн байсан бөгөөд барилгын сууриа тавихдаа иргэн Д.Ж*******ын өмчлөлийн газарлуу 10.1 кв.м талбай давхцуулж оруулснаас болж хоёр барилгын хоорондын зай ойртож, төлөвлөлт зөрчигдсөн байна. Энэ нь тухайн барилгын захиалагч, гүйцэтгэгч иргэн, хуулийн этгээдийн буруутай үйл ажиллагаа юм. Иргэн Ч.М******* 76 дугаар байрны суурийг бусдын газар руу шилжүүлэн тавьснаас болж иргэн Д.Ж*******ын барилга барихад хүндрэл бий болсон байна.

Манай байгууллагаас иргэн Д.Ж*******ын барилгад барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохдоо Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрмийг баримтлан олгосон болно гэв.

Гуравдагч этгээд Д.Ж******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн У.Н*******, Б.С******* нарын тус шүүхэд гаргасан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №399/2013 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, оршин суугчдын зөрчигдсөн эрхийг сэргээх шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Д.Ж******* миний бие Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол Олзвойн гудамж 39 тоот хаяг дахь 18644310751269 нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г-2204005269 дугаарт бүртгэгдсэн 274 м.кв газрыг 2006 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчилж авсан юм.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр батлагдсан Зүүн сэлбэ хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд дээрх газар хамрагдсаны дагуу хууль ёсны өмчлөлийн газар дээрээ орон сууцны барилга барих хүсэлтээ 2012 оны 6 дугаар сарын 04-ны өдөр Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар өгсөн. 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 115 дугаар бүхий Архитектур төлөвлөлтийн даалгавар болон батлагдсан эскиз зургийн дагуу эрх бүхий байгууллагаас холбогдох техникийн нөхцлүүдийг авч Хот-Айл ХХК-аар 36 айлын, зоорьтой 9 давхар барилгын Х/13-888 шифртэй ажлын зураг хийлгэж, Барилгын хөгжлийн төвийн 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 777/2013 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 399/2013 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг барилгын үндсэн ажилд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаатай авсан.

Манай барилгын байршил 78 болон 76 дугаар байруудын хойд талд баригдаж байгаа тул 78 дугаар байрны цонх болон нар үзэх боломжийг хаах үндэслэлгүй болно.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 6 дугаар сарын 04-ний 02-07-89/395 дугаар албан шаардлагаар 76 дугаар байрны барилгын суурь болон буурь хөрсний шинж чанарт өөрчлөлт орсон эсэхийг оношлогоо зураг төслийн Реконстракшн төвд хандаж дүгнэлт гаргуулсан юм. Энэхүү дүгнэлтээр 76 дугаар байрны буурь хөрсний чанарт өөрчлөлт ороогүй бөгөөд барилгын сууринд суулт үүсээгүй байгааг газар дээр нь очиж үзсэн дүн шинжилгээгээр нотолж байна гэсэн болно.

76 дугаар байрыг барьсан иргэн Ч.М******* нь Зүүн сэлбэ хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчин, барилгын ажлыг эхлүүлэхдээ холбогдох эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл аваагүй, мөн Д.Ж******* миний өмчлөлийн газарт 10.1 м.кв талбайн хэмжээгээр барилгаа хэтрүүлж барьсан зэрэг хууль зөрчсөн үйлдлүүд нь барилга барихад хүндрэл учруулж байна.

Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журмын дагуу бүх бичиг баримтыг бүрдүүлэн зөвшөөрлөө авсаны үндсэн дээр барилгын суурийн ажил болон зоорийн давхарын угсралтыг дуусган барилгын арын зам талын талбайд шороо асгаж зорчих хэсгийг аюулгүй хэвийн болгосон.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолын 8 дугаар бүлгийн 8.1.13-д Эрх бүхий байгууллагаас барилгын холбогдох зөвшөөрлийг зохих журмын дагуу авсан иргэн, хуулийн этгээдийн барилга угсралтын ажилд хөндлөнгийн этгээд санаатайгаар саад хийхийг хориглоно гэсэн журмыг иргэн У.Н*******, Б.С******* нар нь зөрчиж байна.

Холбогдох шатны байгууллагуудаас зохих зөвшөөрлийг авч барилгын ажлыг гүйцэтгэж байгаа тул дээрхи нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.Н*******, Б.С******* нараас тус шүүхэд хандаж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 399/2013 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гуравдагч этгээд Д.Ж******* нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 399/2013 дугаар[1] актаар 36 айлын 18.0х12.0 хэмжээтэй, зоорьтой, 9 давхар орон сууцны барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авч, барилгын ажил эхлүүлсэн байна.

Нэхэмжлэгч У.Н*******, Б.С******* нар нэхэмжлэлийн шаардлагадаа Д.Ж*******ын барилгын ажил 76, 78 дугаар байрны оршин суугчдын эрх, ашгийг зөрчсөн талаар дурдсан боловч оршин суугчдыг төлөөлөх итгэмжлэлийг шүүхэд ирүүлээгүй болно.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Дээрх захиргааны актын улмаас бидний үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх зөрчигдөн, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжгүй болоод байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас иргэн Д.Ж*******т хандан зэргэлдээ барилгын /76 байр/ суурийн хөрсний шинж чанарт өөрчлөлт орох нөхцөл бүрдсэн тул шинжилгээ, судалгааны байгууллагад хандан хөрсний чанар байдал, орон сууцны 76 дугаар байрны барилгын сууринд суулт үүссэн эсэхийг тогтоолгон дүгнэлт гаргуулах, Орон сууцны барилгын зураг төсөл төлевлөлт, Барилгын норм ба дүрэм 31-01-10-ын 1,6 дахь заалтын хэрэгжилтийг хангуулахийг шаардаж, эдгээр зөрчлийг арилгасны дараа барилгын ажлыг үргэлжлүүлэхийг даалгасан гэжээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 02-07-89/395 дугаар[2] албан шаардлагаар иргэн Д.Ж*******т Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 399/2013 дугаар актаар Барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдсон 36 айлын орон сууцны барилгын холбогдох баримт бичиг, газар шорооны ажилд хяналт шалгалт хийж, барилгын суурийг ухсанаар зэргэлдээ барилгын суурийн буурь хөрсний шинж чанарт өөрчлөлт орох нөхцөл бүрдсэн тул ... 76 дугаар байрны барилгын сууринд суулт үүссэн эсэхийг тогтоолгон дүгнэлт гаргуулах, Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт. БНбД 31-01-10-ын 1.6 дахь заалтыг хэрэгжилтийг хангуулах шаардлагыг өгсөн байна.

Уг шаардлагын дагуу Ш******* их сургуулийн Оношлогоо зураг төслийн Реконстракшн төвөөс хийгдсэн Техникийн дүгнэлтээр[3] Иргэн Д.Ж*******ын захиалгаар баригдаж байгаа орон сууцны суурь БНбД-ийн 2.02.01-94-ийн 2.5.2-т заасан шаардлагыг хангасан. 76 дугаар байрны буурь хөрсний чанарт өөрчлөлт ороогүй бөгөөд барилгын сууринд суулт үүсээгүй... 76 дугаар байрны суурийн байгуулалтын зургийг газар дээр нь харьцуулж үзэхэд уг барилгын нил суурийн өнгийлтийн хэмжээ зураг төсөлд зааснаас дутуу, суурийн бетон цутгалтын ажил технологийн дагуу хийгдээгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй гэжээ.

Хэрэгт авагдсан Д.Ж*******ын Барилга барих хүсэлтэд хавсаргасан[4] Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХ-ийн В 163/2013 дугаар Техникийн нөхцөл, Ус сувгийн удирдах газрын 99/13 дугаар Техникийн нөхцөл, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн 3132/2013, 289/2014 дугаар Техникийн нөхцөл, Барилгын хөгжлийн төвийн 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 777/2013 дугаар Магадлалын ерөнхий дүгнэлт, Зүүн Сэлбэ хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Барилгын ажил гүйцэтгэх гэрээ[5], Барилгын ажлын зураг зэргээс үзэхэд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 399/2013 дугаар[6] актаар олгосон Барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм-ийн 4 дүгээр хавсралтад заасан бичиг баримтын бүрдлийг хангасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Онцгой байдлын ерөнхий газраас томилогдсон шинжээчийн дүгнэлтэд[7] Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-ийн заавал биелүүлэх 4 дүгээр хавсралтын барилгын гал тэсвэршилтийн I-II зэрэгтэй барилгын барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай 6 метр байна гэсэн заалт зөрчигдсөн,

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас томилогдсон Шинжээчийн дүгнэлтэд[8] Д.Ж*******ын барилга хоорондын зай хэмжээ, Барилгын тухай хууль зөрчөөгүй, барилгажих талбай батлагдсан хэмжээнээс бага буюу 17х11,8 байна.Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөтэй ашиглах нөхцлийг хангасан, газар дээрх төлөв байдлаараа 76 дугаар байрны орц гарцыг хаагаагүй гэж тус тус дүгнэжээ.

Харин Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 115 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаварт[9] Барилгажих талбай 70 хувиас ихгүй, Ногоон байгууламж- барилгажих талбайн 30 хувиас багагүй байх, Барилга хоорондын зайг БНбД 30.01.04-ийн 2.11 заалтын дагуу төлөвлөх /баруун урд талын барилгын цонх хоорондын зай хэмжээг/, мөн Анхааруулга хэсэгт: Барилга барих явцад хүрээлэн буй орчны байгалийн тогтоц, өмнө хийгдсэн тохижилт зам талбай, ногоон байгууламжийг хамгаалах ба хэрэв хөндвөл нөхөн сэргээх... гэж заажээ. Түүнчлэн Магадлалын ерөнхий дүгнэлтийн 1 дүгээр хавсралтад[10] ...галын ангиллын категори В, галд тэсвэрлэлтийн зэрэг 3, эдэлгээний зэрэг II, барилгын ангилал II, ОБЕГ-тай зөвшөөрөлцсөн гэсэн байна.

Хариуцагч шүүхэд Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ын 1.6-д орон сууцны барилга хоорондын байршлын зайн хэмжээг тогтоосон байдаг бөгөөд шулуун тэнхлэгийн дагуу байрласан цамхаг хэлбэрт барилгуудын хооронд зай хэмжээний нормативыг 12 давхараас дээш барилгад мөрдөхөөр зааж өгсөн. 76 дугаар байр нь шулуун тэнхлэгийн дагуу байрласан барилга бөгөөд иргэн Д.Ж*******ын барихаар төлөвлөсөн барилга уг барилгын хувьд цамхаг хэлбэрт барилга болно. ... Иргэн Ч.М******* 76 дугаар байрны барилгын ажлыг холбогдох зөвшөөрлийг авалгүй эхлүүлсэн байсан бөгөөд барилгын сууриа тавихдаа иргэн Д.Ж*******ын өмчлөлийн газарлуу 10.1 кв.м талбай давхцуулж оруулснаас болж хоёр барилгын хоорондын зай ойртож, төлөвлөлт зөрчигдсөн байна. Энэ нь тухайн барилгын захиалагч, гүйцэтгэгч иргэн, хуулийн этгээдийн буруутай үйл ажиллагаа юм. Иргэн Ч.М******* 76 дугаар байрны суурийг бусдын газар руу шилжүүлэн тавьснаас болж иргэн Д.Ж*******ын барилга барихад хүндрэл бий болсон байна гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд шүүх хуралдаанд БНбД-ийн 30.01.04-ийн 10-т Галын норм БНбД 21-01-02-ын хүрээнд гал эсэргүүцэх ханагүй барих барилгын эдэлбэр газрын талбай нийт барилгажилтийн талбайтай тэцүү байх нөхцөлд сууц хоорондын болон сууц аж ахуйн байгууламж хоорондын зайг нормчлохгүй гэж зааснаар Д.Ж*******ын барилгын зай хэмжээ, галын норм дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй гэж тайлбарласан.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагад ...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Ххурлын 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 3/10 дугаар[11] тогтоолыг зөрчсөн талаар дурдсан боловч хэрэгт авагдсан баримтаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 399/2013 дугаар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгохдоо дээрх тогтоолыг зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байна.

Дээрх байдлуудаас дүгнэхэд хариуцагч Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.7-д заасан барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан Барилгын зураг төсөлд тавигдах шаардлагыг хангуулсан бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан Барилгын зураг төсөлд хийсэн магадлалыг үндэслэн иргэн Д.Ж*******т 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 399/2013 дугаар[12] актаар 36 айлын 18.0х12.0 хэмжээтэй, зоорьтой, 9 давхар орон сууцны барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосоныг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч У.Н*******, Б.С******* нарын тус шүүхэд гаргасан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 399/2013 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.7, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг баримтлан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 399/2013 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх шаардлага бүхий У.Н*******, Б.С******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН