Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 147/ШШ2024/00168     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг, 60 айлын орон сууцны 7 тоотод оршин суух, утасны дугаар *******, *******, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг, 60 айлын орон сууцны 7 тоот байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 сарын 16-ны өдөр хүлээн авч 2024 оны 05 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 1.1. Миний бие Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг 60 айлын орон сууцны 7 тоотод оршин суудаг. Энэ байрыг 2009 онд ашиглалтанд ороход нь худалдан авч, амьдарч байна. Тус байр нь тухайн үедээ улсын комисс хүлээж аваагүй гэдэг шалтгаанаар өмчлөлийн гэрчилгээгээ гаргаж өгөөгүй. Түүнээс хойш одоог хүртэл өмчлөлийн гэрчилгээ аваагүй. Одоо байраа улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээгээ авах гэтэл анх худалдаж авахдаа бичиг баримт шилжүүлээгүй учир байрныхаа өмчлөгчийг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд ******* намайг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг 60 айлын орон сууцны 7 тоот байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Дөрвөлж ОНӨААТҮГ-ын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 08/121 дугаартай тодорхойлолт, ДБЭХС ТӨХК-ийн  Сүхбаатар цахилгаан түгээх сүлжээ салбарын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 71 дугаартай тодорхойлолт, ДБЭХС ТӨХК-ийн  Сүхбаатар цахилгаан түгээх сүлжээ салбарын хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг, 60 айлын орон сууцны 7 тоот байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг, 60 айлын орон сууцны 7 тоот байрны өмчлөгч болох нь түүний шүүхэд гаргасан “Сүхбаатар аймгий Баруун-Урт сумын 1-р баг 60 айлын орон сууцны 7 тоот байрыг 2009 онд ашиглалтанд ороход нь худалдан авч, одоог хүртэл амьдарч байна. Тус байр нь тухайн үедээ улсын комисс хүлээж аваагүй гэдэг шалтгаанаар өмчлөлийн гэрчилгээгээ авч чадаагүй” гэх тайлбар, Дөрвөлж ОНӨААТҮГ-ын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 08/121 дугаартай тодорхойлолт, /60 айлын орон сууцны 7 тоот 58мкв 2 өрөө орон сууцны ус дулааны төлбөрийг Жамба овогтой Мөнхсүрэн нь 2009 оноос хойш төлж байгаа гэх бичилт бүхий/, ДБЭХС ТӨХК-ийн  Сүхбаатар цахилгаан түгээх сүлжээ салбарын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 71 дугаартай тодорхойлолт, /******* нь 60 айлын орон сууцны 7 тоот 58мкв 2 өрөө орон сууцны цахилгааны төлбөрийг 6004706 кодоор 2009 оноос одоог хүртэл 15 жил тасралтгүй төлж байна гэх бичилт бүхий/, ДБЭХС ТӨХК-ийн  Сүхбаатар цахилгаан түгээх сүлжээ салбарын хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, /******* нь 60 айлын орон сууцны 7 тоот 58мкв 2 өрөө орон сууцны цахилгааны төлбөрийг 6004706 кодоор 2009-2023 оныг хүртэл төлсөн дэлгэрэнгүй тайлан/

 

5. Гэрч *******ын шүүхэд өгсөн: ...******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р 60 айлын орон сууцны 1-7 тоотод амьдардаг. Манайх тус байрны 8 тоотод амьдардаг айл хөршүүд юм. Бид 10 гаруй жил айл хөрш амьдарч байна. Анх энэ байрыг авахад бол бүх айлууд өмчлөлийн гэрчилгээгүй байсан. Тус байрыг улсын комисс хүээж аваагүй гэдэг шалтгаанаар гэрчилгээ гарахгүй байсан. Саяханаас л хүмүүс хөөцөлдөж гэрчилгээтэй болж байгаа. Манайх гэрчилгээгээ авсан. Эднийх тус байранд 10 гаруй жил амьдарч байгаа нь үнэн. Айл хөрш учраас сайн мэднэгэх мэдүүлэг,

 

6. Гэрч *******ы шүүхэд өгсөн “...******* нь Халзан сумын харъяат хүн юм. Ж.*******х Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р 60 айлын орон сууцны 1-7 тоотод амьдардаг. Манайх тус байрны 4 тоотод амьдардаг, манай дээд талын айл юм. 60 айлын орон сууц 2007 онд ашиглалтанд орсон цагаас эхлээд манайхан тус байранд амьдарч байгаа. Бид 17 жил айл хөрш амьдарч байна. Одоо бол хүүхдүүд нь голдуу байдаг. Өөрсдөө хөдөө, аймаг хоёрын хооронд ирж очоод байдаг. Анх энэ байрыг авахад бол бүх айлууд өмчлөлийн гэрчилгээгүй байсан. Тус байрыг улсын комисс хүээж аваагүй гэдэг шалтгаанаар гэрчилгээ гарахгүй байсан. Манайх гэрчилгээгээ авсан. Айл хөрш учраас эднийх тус байранд амьдардаг талаар сайн мэднэ” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

7. ******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг, 60 айлын орон сууцны 7 тоот байрыг 10 гаруй жилийн хугацаанд хууль ёсоор эзэмшиж амьдарч байгаа нь тогтоогдож байх тул байрны өмчлөгч мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг, 60 айлын орон сууцны 7 тоот байрны өмчлөгч нь ******* овогт ******* Мөнхсүрэн мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.БОЛОРМАА