Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 475

 

 

                                                          

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

Улсын яллагч Б.Байгалмаа,

Шүүгдэгч Т.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мягмарцэрэн,

Хохирогч А.Би

Хохирогчийн өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Гал-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201725031121 дугаартай хэргийг 2017 оны 9 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Т.Г Монгол Улсын иргэн, 1992 оны 4 сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 2 хүүхэд, 3 дүүгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 10 дугаар гудамж 21 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 3 дугаар хэсэг, 27-1227 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Т. нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 5 сарын 5-наас 6-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 53 дугаар байрны 11 тоотод А.Биндэръяагийн гэрт хамт архи ууж байгаад “Архи нэмж авах асуудлаас” болж хоорондоо маргалдаж улмаар хохирогч А.Биндэръяаг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б. мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2017 оны 5 сарын 5-ны өдөр эхнэр, хүүхдүүдтэйгээ гэртээ амраад байж байсан ба эхнэрийн найз Эрдэнэтуяа нь өдрөөс хойш манай эхнэр рүү залгаад уулзъя гээд дуудаад байсан. Тэгээд Биндэръяа нь хүртэл залгаад дуудаад байхаар нь 2017 оны 5 сарын 6-ны орой 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны 11 тоот гэрт нь эхнэр Сайнжаргал, өдөр 1 ой 5 сартай охин Эгшиглэн нарын хамт очсон юм. Бид хоёрыг ороход Биндэръяа, Эрднэтуяа хоёр пиво уучихсан сууж байсан юм. Тэгээд Биндэръяа бид хоёр дэлгүүр гараад байрных нь гадаах дэлгүүрээс 1 шил пиво 750 граммын Чингис нэртэй архи, 6-7 лаазтай 500 граммын тайгер нэртэй пиво аваад гэрт нь ороод Биндэръяа бид хоёр архи хувааж уусан ба манай эхнэр Сайнжаргал, Эрдэнэтуяа хоёр пиво ууцгааж байсан юм. Тэгээд юм ярьж сууж байгаад нэг мэдэхэд архи дууссан байсан ба бид хоёр нилээд их согтсон байсан ба бас пивоноос 2,2 лаазыг уусан. Тэгээд юм ярьж сууж байтал Биндэръяа надад хандан чи айлд ирчихээд ганц юм авч өг гэсэн. Тэгэхээр нь 12 цаг өнгөрчихсөн дэлгүүр хаачихсан байна ш дээ одоо хаанаас юугаа авах юм бэ? гэсэн чинь ийм ш дээ ийм арчаагүй ш дээ энэ тэр гээд бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн.Тэгээд маргалдаж байгаад А.Биндэръяа намайг заамдаж аваад нүүр хэсэгт 1 удаа цохисон ба би зөрүүлээд нүүр рүү нь 1 удаа цохиж аваад байж байтал Эрдэнэтуяа, Сайнжаргал хоёр салгасан. Тэгээд Эрдэнэтуяа Биндэръяатай ноцолдоод би хувцасаа өмсөж байсан чинь одоо чамайг алуулна энэ тэр гэж хэлээд гараад гүйсэн. Тэгээд эхнэр бид хоёр яваад өгсөн.. гэсэн мэдүүлэг /хх-48-49/

Шүүгдэгч Т.Гал- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хохирогчийн гэрт орсон. Бид нар архи уугаад архинаас болж маргалдаад зодолдсон. Хохирогчид ийм гэмтэл учруулсандаа харамсаж байна гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч А.Б мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Би 2017 оны 5 сарын 5-ны өдөр хуучин үерхэж байсан Эрдэнэтуяа гэж эмэгтэйг уулзъя гээд гэртээ дуудсан. Эрдэнэтуяа 17 цагийн үед манай ирээд бид хоёр тус бүр 3 шил 500 граммын Тайгер нэртэй пиво хувааж уусан. Тэгээд юм ярьж сууж байгаад Эрдэнэтуяа найз Сайнжаргалыг дуудчих уу? гэхээр нь тэг тэг гэж хэлсэн, тэгээд Эрдэнэтуяа Сайнжаргалыг дуудсан юм. Тэгээд байж байтал 21 цаг өнгөрч байхад Сайнжаргал нөхөртэйгээ хүүхэдтэйгээ цуг манайд ирсэн юм. Яг үнэнийг хэлэхэд Сайнжаргал урьд нь бас нөхөртэйгээ цуг манайд ирээд идэж ууж надаар дайлуулж хоноод явсан юм. Урьд нь ирэхэд нь би хүүхдэд нь зутан хийж хооллож өгөөд нөхрийг нь босоход нь шарыг нь тайлж өгөөд явуулж байсан. Тэгээд жаахан сууж байгаад үлдсэн хэдэн пиво дуусахаар нь би Сайнжаргалын нөхөр Галаатай цуг замын хойд талын дэлгүүр ороод 1 шил 750 граммын Хар Чингис, 8 шил тайгер пиво авсан хүүхдэд нь хүртэл сок авсан ба тооцоо 30 гаруй мянган төгрөг болоод ганц хоёр мянган төгрөг дутахаар нь чамд мөнгө байна уу? хөгшөөн гүйцээгээд өгчих үү? гэсэн чинь өө би түрүүвчээ машиндаа орхичихсон гэж байсан. Тэгээд үлдэгдэл мөнгийг нь өр тавиад гарсан. Тэгээд гэртээ ороод архи, пиво ууцгаагаад юм яриад сууж байсан. Би хүүхдэд нь авсан сокноосоо өгөх гэсэн чинь хүүхэд нь уйлаад байсан чинь эхнэр нь унтлагын өрөөнд ороод унтуулсан. Тэгээд уусан архиа дуусахаар нь би түрүүн нэг шил архи авсан юм чинь чи одоо нэг шил архи авчих уу? гэсэн чинь би түрүүвчээ орхичихсон гэсэн биздээ гээд уурлаад жаахан маргалдсан чинь Галаа миний зүүн талд зэрэгцэж сууж байгаад баруун гараа атгаж байгаад зүүн талын хөмсөг рүү 1 удаа цохисон. Тэгээд би хөөе ч яаж байнаа гээд босоод барилцаж авсан чинь намайг татаж шалан дээр унагаагаад цээж рүү буюу зүүн талын хөх рүү нэг удаа өшиглөсөн. Би нүүрээ дараад хэвтсэн чинь нурууны зүүн талд бөөр хэсэг рүү нэг удаа гутлынхаа хоншоороор өшиглөөд толгой руу 2 удаа өшиглөсөн. Тэгээд би шууд босоод хаалгаар гараад зугтаасан юм. Тэгээд би доод талынхаа айл руу ороод намайг манайд ирсэн хүмүүс зодоод байна цагдаа дуудаад өгөөчээ гээд цагдаа дуудсан .. гэсэн мэдүүлэг /хх 22-23/

Хохирогч А.Бис шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэгтээ: Би шүүгдэгчийг эхэлж цохиогүй. Урьд нь манайд шүүгдэгч 1 удаа хонож байсан. Тухайн үед бид нар ууцгааж байсан. Би шүүгдэгчид архи авч өг гэж хэлээгүй. Би хэрэг гардаг өдөр чи өмнө нь манайд ирсэн дандаа би дааж байх юм, чи өнөөдөр даачих гэснээс болж маргаан үүссэн. Энэ хэргээс болж миний хавирга хугарсан. Би 2 сар гаран гэртээ байсан. Одоо бороолсон ч гэсэн цас, бороо ороход өвддөг. Шүүгдэгч миний хохирлыг төлөх юм бол гомдол саналгүй гэсэн мэдүүлэг.

 

Гэрч Х.Жаргалмаагаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2017 оны 5 сарын 6-ны шөнө 5 шард байх гэртээ унтах гээд байж байтал 01 цагийн орчимд манай хаалгыг тогшсон. Хаалгаа нээгээд хартал А.Биндэръяа цээж нүцгэн, хөл нүцгэн, зүүн талынх нь нүд аймар хөхөрчихсөн, зүүн талын хөх хэсэгт нь шарлаад хөхөрчихсөн нилээн тод харагдаж байсан. Тэгээд би түүнд фудболк, гутал олж өмсгөөд таксины мөнгө өгөөд Биндэръяагийн гэрийн илүү түлхүүрийг нь өгөөд явуулсан. Надаас гэрийнхээ түлхүүрийг авах гэж ирсэн юм байна лээ. Би юу болсон яасан юм бэ? гэж асуухад хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Нарийн ширийн юм ерөөсөө хэлээгүй. Хаана зодуулсан юм бэ? гэж асуусан чинь тодорхой юм хэлээгүй шууд гараад явчихсан. Тэгээд жаахан байж байгаад гэртээ харьсан уу? гэж лавлаж асуухад гэртээ харьчихсан байна. Тэгээд унтлаа гээд унтсан. Маргааш өглөө нь би утсаа харсан чинь миний бие үнэхээр муу байнаа хүрээд ирээч гэж мессеж ирүүлсэн байсан би өглөө нь чухал ажилтай байсан учир очиж чадаагүй. Өдөр нь 14 цагийн үед гэрт ороход 2 эмэгтэй ирчихсэн ба намайг ирэхэд нэг гар утастай холбоотой юм яриад байсан нарийн учрыг нь мэдээгүй. Тэгээд Биндэръяагийн бие муу байсан болохоор тэр өдрөөс хойш хажууд нь цуг байгаа. Одоо ч гэсэн унтахдаа ийшээ тийшээ хөрвөөж болохгүй дандаа нэг талаараа харж унтаж байгаа. Эхний хэдэн өдөр толгой нь аягүй их өвдөж байна гээд босч чадахгүй байсан ба би толгойн дээр нь хүйтэн жин тавьж байсан ба эмнэлэгт очиж үзүүлсэн чинь 2 хавирга нь хугарчихсан байна .. гэсэн мэдүүлэг /хх 30-31/

Гэрч Ч.Лхагвадоржоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Би өөрөө хувиараа Хүнсний дэлгүүр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 1-05 тоот Хан-Өндөр нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. Би дэлгүүртээ байхад Биндэръяа гэх эрэгтэй манай дэлгүүрээр орж гараад мэндийн зөрүүтэй л байдаг байсан. 2017 оны 5 сарын эхээр яг хэдний өдөр гэдэг талаар мэдэхгүй байна манай дэлгүүрт найзыгаа гэж нэг залуутай орж ирсэн. Дэлгүүрт орж ирээд 0.75 граммын Чингис нэртэй архи 8 ширхэг пиво авсан чинь мөнгө нь хүрээгүй одоо бодоод байхад 5-6 мянган төгрөг дутаж байсан. Тэр үед хамт явсан залуу нь түрүүвчээ орхичихсон маргааш орж ирээд өгье гэхээр нь тэгээрэй гэж хэлээд л явуулсан. Маргааш өдөр нь үдээс хойш Биндэръяа орж ирэхдээ хүнд зодуулсан байдалтай нүүр нь хөхөрчихсөн байдалтай нүд нь хөхөрчихсөн байсан тэгэхээр нь яасан бэ гэж асуухад өчигдөр хамт явсан залуу архи ууж байгаад намайг зодчихлоо гэж хэлээд үлдэгдэл мөнгө өгөөд гарсан.. гэсэн мэдүүлэг /хх 33/

Гэрч Б.Сайнжаргалаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2017 оны 5 сарын 5-ны орой 21 цаг өнгөрч байхад Биндэръяагийн гэр болох Гэрэл төвийн хажууд байх 5 давхар улаан өнгийн тоосгон байрны 3 давхарт 11 тоотод байх гэрт нь очсон. Бид хоёрыг очиход Биндэръяа, Эрдэнэтуяа хоёр пиво уугаад сууж байсан бид хоёр ороод жаахан сууж байтал Биндэръяа манай нөхөртэй цуг дэлгүүр гараад 0.75 граммын архи, 500 граммын 5-6 орчим пиво авчирсан юм. Тэгээд тэр хоёр архи хувааж уугаад суусан. А.Биндэръяа согтчихоод манай нөхөрт хандан чи хүний гэрт ирээд хүний юм ууж байсан ганц шил юм аваад өгчихгүй энэ тэр гээд шордоод маргалдаж байгаа нь сонсогдоод байсан ба би охиноо хөхүүлээд чимээ сонсоод байж байтал учиргүй том дуугараад байхаар нь өрөөнөөс гараад харсан чинь А.Биндэръяа манай нөхрийг заамдаж байгаад гараа атгаж байгаад нүүр хэсэгт нь 1 удаа цохиж авсан ба манай нөхөр зөрүүлээд нүүр хэсэгт нь гараа атгаж байгаад нэг удаа цохиод авсан юм. Тэгээд Эрдэнэтуяа бид хоёр очоод нөхрүүдээ салгаж аваад хувцасаа өмсөөд гараад явсан. Гал-Эрдэнэ нилээд их, Биндэръяа нилээд их согтсон байсан. Эрдэнэтуяа бас нилээд их согтсон байсан.. гэсэн мэдүүлэг /хх 25-26/

Гэрч Д.Эрдэнтуяагаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2017 оны 5 сарын 5-ны өдөр хуучин хамтран амьдарч байсан Биндэръяа гэж залуу намайг гэрт хүрээд ирээч ярих юм байна гээд дуудсан ба би 17 цагийн үед яваад очсон чинь пиво ууж байсан ба бид хоёр цугтаа пиво ууж байгаад Галаа, Сайнжаргал хоёрыг би утасдаж дуудсан. Тэгээд тэр хоёр 21 цагийн үед Биндэръяагийнд ирсэн. Тэгээд орж ирээд сууж байгаад Гал-Эрдэнэ, Биндэръяа хоёр дэлгүүр ороод 1 шил 750 граммын Хар Чингис нэртэй архи, хэдэн лааз пивотой цуг авчирсан юм. Тэгээд аар саархан юм ярилцаад сууж байсан ба архи дуусч байхад Биндэръяа Гал-Эрдэнэд хандан чи хүний гэрт хүний архи уучихаад архи авч өгөхгүй юм уу? гэсэн чинь одоо 12 цаг өнгөрчихсөн ш дээ гээд тэр хоёр маргалдаад байснаа Гал-Эрдэнэ эсвэл чи архиныхаа мөнгийг авах юм уу энэ тэр гээд маргалдаад дуу нь чангараад байж байсанаа гэнэт Биндэръяа нь босч ирээд Гал-Эрдэнийг заамдаж аваад нэг удаа гараа атгаж байгаад нүүр рүү нь цохисон чинь Гал-Эрдэнэ зөрүүлээд гараа атгаж байгаад зүүн нүд рүү нь цохисон чинь хойшоо саваад уначихсан буйдан, ширээ хоёрынхоо завсар унаад өгсөн. Тэгээд Сайнжаргал бид хоёр босч ирээд Гал-Эрдэнийг татаж аваад боль гэж салгаад бид нар явах гэж байсан чинь араас гүйж гарч ирээд орцон дотор орилоод байсан. Тэгээд би Гал-Эрдэнэ, Сайнжаргал хоёртой цуг яваад гэртээ хүргүүлсэн юм.. гэсэн мэдүүлэг /хх-27-28/

Шинжээч эмч Э.Нандинцэцэгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Комиссын бүрэлдэхүүнтэй шинжээч томилоход шинжилгээнд ирүүлсэн рентген зургийг дахин уншуулсан мөн урьд Чимэд-Очир эмчийн компьютер томаграфик зургийг үндэслэн уг дүгнэлтийг гаргасан. Рентген зурагт хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт харагдсан. Мөн хамрын 2017 оны 5 сарын 18-ны өдөр харуулсан Биндэръяагийн компьютер томаграфик хамар ясны хоёр хажуу хана зөрөөтэй хугаралтай, хамрын таславч зүүн тийш мурийлттай гэсэн байна. Эдгээрээс үзэхэд уг гэмтэл нь шинэ гэмтэл харагдаж байна. Нэг удаа нүүрэн тус газарт цохиход уг гэмтэл нь үүсэх боломжтой гэмтэл юм. Уг хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь дангаараа хөнгөн зэргийн гэмтэлд хамаардаг. Гэхдээ Биндэръяагийн биед үүссэн бусад гэмтэлтэй нийлээд гэмтлийн зэргийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа юм гэсэн мэдүүлэг /хх 96-97/.

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 6776 тоот шинжилгээний дүгнэлтэнд: ..А.Биндэръяагийн биед зүүн талын 9, 10-р хавирганы далд хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн хөхөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 3. А.Биндэръяагийн биед учирсан зүүн талын 9, 10-р хавирганы далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн хөхөнд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. А.Биндэръяагийн биед хавирганы хуучин хугарал гэмтэл тогтоогдсонгүй.. гэсэн дүгнэлт /хх 37/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 сарын 14-ний өдрийн 886 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: ..1. Шинжээч эмч Т.Чимэд-Очирын гаргасан ¹6776 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2. А.Биндэръяагийн биед учирсан гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. А.Биндэръяагийн биед учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь 6776 тоот дүгнэлтэнд тусгагдсан бөгөөд шинэ үүсгэгдсэн гэмтэл болно.. гэсэн дүгнэлт /хх 94-95/.

Шүүгдэгч Т.Гал-Эрдэний иргэний үнэмлэхний лавлагаа /хх 57/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 59/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-58/, хохирогч А.Биндэръяа нь 2017 оны 5 сарын 5-наас 6-нд шилжих шөнө Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн тухай дуудлага мэдээллийн жагсаалт /хх 67/, хохирогч А.Биндэръяагийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх 14-17, 90-91/, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны тодорхойлолт, хохиирогчид учруулсан хохиролыг төлж барагдуулахаа илэрхийлсэн хүсэлт, хохирогч А.Биндэръяад хохиролын 400.000 төгрөг хүлээлгэж өгсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Гал-Эрдэнэ нь 2017 оны 5 сарын 5-наас 6-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 53 дугаар байрны 11 тоотод хохирогч А.Биндэръяагийн гэрт хамт архи ууж байгаад “Архи нэмж авахад мөнгө гаргасангүй” гэж хохирогч хэлж үүнээс болж хоорондоо маргалдаж улмаар хохирогч А.Биндэръяаг зодож зүүн талын 9, 10-р хавирганы далд хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн хөхөнд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь нотлогдсон бөгөөд шүүгдэгчээс шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн болно.

Шүүгдэгч Т. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т. нь  эхнэр, 2 хүүхэд, мөн хадам эгчийнхээ 3 хүүхдийн хамт 7-уул амьдардаг бөгөөд ганцаараа ажил хөдөлмөр эрхлэн гэр бүлээ тэжээн тэтгэдэг, мөн тухайн хэрэг гарах болсон шалтгаан хохирогчийн зүй бус харилцаа нөлөөлсөн байна. Тухайлбал “чи айлд ирчихээд ганц юм авч өг” гэхэд нь 11 цаг өнгөрчихсөн дэлгүүр хаачихсан байна ш дээ одоо хаанаас юугаа авах юм бэ гэсэн чинь “чи ийм ш дээ ийм арчаагүй ш дээ” гэх зэргээр маргаан эхэлжээ. Дээрхи нөхцөл байдал шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч А.Биндэръяа нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэн 400.000 төгрөгийн баримт хэрэгт хавсарган ирүүлж, шүүгдэгчээс 400.000 төгрөг хүлээн авсан талаараа мэдүүлсэн бөгөөд шүүгдэгчээс өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 1.500.000 төгрөгийг нэхэмжилжээ. Шүүх хохирогчоос өмгөөлөгчийнхөө хөлсөнд төлсөн 1.500.000 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлэх үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь дээрхи зардал нь  байцаан шийтгэх ажиллагааны зардал биш Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан “үйлчилгээ үзүүлсэний хөлс” байна. Өөрөөр хэлбэл 1.500.000 хохирол шүүгдэгчийн буруутай үйлдэлээс болж бий болоогүй байна. Иймд хохирогчоос нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Га-Эрдэнийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т. оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 505 дугаар зүйлийн 505.1 дэхь хэсэгт зааснаар хохирогчоос “өмгөөлөгчид төлсөн хөлс” гэж нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Шүүгдэгч Т. нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шүүгдэгч Т. урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР