| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 2105000001876 |
| Дугаар | 2022/ДШМ/359 |
| Огноо | 2022-04-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 17.8.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Билгүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2022/ДШМ/359
2022 4 6 2022/ДШМ/359
Ч.Рт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Билгүүн,
нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Р, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Ч.Рт холбогдох эрүүгийн 2105000001876 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Суурьтай овгийн Ч.Р, 1992 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Архангай аймгийн Тариат сум, 1 дүгээр баг, Тэрх гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 79 дүгээр гудамжны 15 тоотод түр оршин суух, /РД:И392052815/;
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
Шүүгдэгч Ч.Р нь 2021 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч нарын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүй, хохирогч Б.Оын хоолойг боож, хохирогч Б.Бийн гар руу чулуу шидэж гэмтээх зэргээр албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж биед нь халдаж хууль сахиулагчийг эсэргүүцсэн,
Мөн цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүй хүч хэрэглэн халдаж хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Б.Бийн гар руу чулуу шидэж эрүүл мэндэд нь баруун сарвууны 5-р хурууны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Хохирогч Б.Оын эзэмшлийн 99-97 УБҮ улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийн салхины шил, багажны хаалга, дээд орой, “Самсунг Икс Ковер-4” маркийн гар утсыг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 745.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.Рийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Суурьтай овогт Ч.Рийг “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэх”, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, “Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх’ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Рт 3 /гурав/ жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Рийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус заасны дагуу шүүгдэгч Ч.Рт мөн хугацаагаар “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Рийн 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл баривчлагдаж, цагдан хоригдсон 94 /ерэн дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Р нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Р нь оногдуулсан эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг зөрчсөн, эсхүл албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд тус тус анхааруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эвдэрч гэмтсэн “Самсунг Икс Ковер-4” маркийн гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтэст буцаан олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1, 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Рт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.Рийн өмгөөлөгч Ц.Даваажаргал давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Ренчинжүгдэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар тус тус зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт 5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэн. Хэдийгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч түүний эрүүл мэндийн байдал, сэтгэл зүйн өөрчлөлтөд оношлогоо хийлгэх, нарийн мэргэжпийн эмчид үзүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа тул түүнд оногдуулж байгаа “Зорчих эрх хязгаарлах” ялыг дан ганц Сонгинохайрхан дүүргээр хязгаарлалгүйгээр Улаанбаатар хотын бүсээс гарахыг хориглож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн Ч.Ренчинжүгдэр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж зорчих эрх хязгаарлах ялыг багасгаж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Ч.Р давж заалдах гомдолдоо: “...Миний бие хийсэн хэрэгтээ маш их харамсаж гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ эцэг, эх, эрхэм шүүгч нартаа амлаж байна. Би 94 хоног хоригдох хугацаандаа их зүйлийг ойлгосон. Би урьд нь толгой руугаа цохиулж гэмтэл авч байсан. Түүнээс хойш зарим үед өөрийнхөө үйлдлийг хянаж чадахгүй болчимгүй үйлдлүүд гаргаж гэмт хэрэгт холбогдож байсан учраас хорих ангиас суллагдсан өдрөөс хойш Улсын төв 1 дүгээр эмнэлэг, СЭМҮТ зэрэг эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэж байгаа билээ. Би ийнхүү эмнэлэгт үзүүлэх, эмчилгээ хийлгэхдээ тухайн эмнэлэг байх дүүргүүдэд очиж эмчилгээ хийлгэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр надад зорчих эрх хязгаарлах ял оногдуулахдаа одоо оршин сууж буй Сонгинохайрхан дүүргээс гарахыг 5 жилийн хугацаагаар хориглож шийдвэрлэсэн шийдвэрт өөрчлөлт оруулж, Улаанбаатар хотын бүс нутгаас гарахыг хориглож өгнө үү. Мөн би дахин гэмт хэрэгт холбогдохгүй нийгэмд зөв хүн болж төлөвшинө гэдгээ амлаж байгаа тул 5 жилийн зорчих эрх хязгаарлах ялыг багасгаж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Б.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Р нь 2021 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч нарын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүй, хохирогч Б.Оын хоолойг боож, хохирогч Б.Бийн гар руу чулуу шидэж гэмтээх зэргээр албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж биед нь халдаж хууль сахиулагчийг эсэргүүцсэн,
Мөн цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүй хүч хэрэглэн халдаж хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Б.Бийн гар руу чулуу шидэж эрүүл мэндэд нь баруун сарвууны 5-р хурууны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Хохирогч Б.Оын эзэмшлийн 99-97 УБҮ улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийн салхины шил, багажны хаалга, дээд орой, “Самсунг Икс Ковер-4” маркийн гар утсыг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 745.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Б.Бийн “...2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 21 цаг 30 минутын үед Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэс дээр үүрэг гүйцэтгэхээр очсон ба 00 цагийн үед цагдаагийн дэд ахлагч Одбаатарын утас руу залгахад “үүрэг гүйцэтгэж байхад нэг согтуу залуу агсам тавиад байхаар нь Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэв журам дуудаад өгчихлөө гэхээр нь би очих уу гэхэд “зүгээр зүгээр” гэж хэлсэн. Тэгээд би Одбаатарын үүрэг гүйцэтгэж байсан Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн хойд талын зам дээр очсон ба тухайн чиглэлд Одбаатар, Түвшинтөр нар үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд хамт тээврийн хэрэгсэл шалгаж байхад замын хажуу талд байсан Одбаатарын эзэмшлийн “Кроун” маркийн тээврийн хэрэгслийг чулуу онохоор нь эргэж хартал дахин чулуу миний толгой хэсэг рүү чиглээд ирэхээр нь би баруун гараараа хаахад баруун гарын сарвуу хэсэг рүү оносон. Энэ үед Одбаатар “түрүүн эрхийн үнэмлэхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодож байсан гэх залуугийн ард сууж байсан согтуу залуу байна' гэж хэлээд тухайн залуу дээр очиж чулуу шидэх үйлдлийг нь таслан зогсоож гарыг нь ард нь гавлаж 102 утсанд дуудлага өгсөн. ...Удалгүй 15 орчим минутын дараа гэнэт ертөнцийн зүгээр хойд талаас чулуу нүүлгээд эхэлсэн. Би эргээд хартал түрүүний өгч явуулсан гэх залуу буцаад ирчихсэн чулуу шидэж байсан. Би баруун гартаа байсан дохиураар хаахад чулуу миний гарын сарвууны ард хэсэгт оносон. Тэгээд тухайн Ч.Р гэх залууг Одбаатар, Түвшинтөр хоёр очиж гавлаж хөдөлгөөнийг нь хорьсон. Ч.Рийн ар гэрээс эмчилгээний зардалд 500.000 төгрөг хүлээн авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид гомдол, саналгүй. ...” /1хх 17-18, 19-20, 21/,
хохирогч Б.Оын “...Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн хойд талын зам дээр үүрэг гүйцэтгэж байхад 23 цаг 40 минутын орчимд саарал өнгийн 97-76 АРА улсын дугаартай “Королла” маркийн тээврийн хэрэгслийг шалгахад тухайн тээврийн хэрэгслийн жолооч болох Батсүх нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан учир тээврийн хэрэгслийг саатуулах арга хэмжээ авах талаар тайлбарлан өгч ачлагын машин дуудсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь зам голлож зогссон байсан учир зам чөлөөлөх арга хэмжээ авч би жолооны хүрд дээр сууж замаас гарах гэхэд ард сууж байсан Ч.Р гэх залуу араас хоолой боож “чи яахаараа миний тээврийн хэрэгслийг журамладаг юм бэ” гэж орилоод байсан. Энэ үед Түвшинтөр ирж Ч.Рийг салгасан. Тэгээд би машинаас буугаад багажаа асаахад Ч.Р миний гарт байсан багажийг булаан авч “чи ямар их хүн шалгадаг юм” гэж хэлээд багажийг газарт савж шидсэн. Тэгээд Түвшинтөр бид хоёр луу дайрсан ба бид хоёр тухайн залуугийн хөдөлгөөнийг саатуулах зорилгоор ард нь гавлаад 102 дугаарт дуудлага өгч хэв журмын эргүүл Рийг авч явсан. Түвшинтөр бид хоёрыг зам дээр үүрэг гүйцэтгэж байхад ахлах ахлагч Батсуурь ирж хамт ажиллаж байхад замын хажуу талд байсан миний эзэмшлийн “Кроун” маркийн тээврийн хэрэгслийг чулуу онохоор нь эргэж хартал Р гартаа чулуу барьчихаад бид нар луу шидээд байсан. Түвшинтөр бид хоёр дахиад Ч.Рийг барьж гавлаад 102 утсанд дахин дуудлага өгсөн. ...“Чи наад багажаараа яасан их хүн шалгадаг юм бэ” гэж хэлээд над руу дайрахаар нь би хойшоо ухраад Ч.Рийн гараас бариад өчих мэх хийж доош нь дараад ноцолдож байхад шалгах багаж хувцаснаас унасан ба Ч.Р гараа өчүүлэхгүй гэж эсэргүүцэж байхдаа миний газар унасан утсыг аваад газар саваад дэлгэцийг нь хагалаад эвдэлсэн. Гарыг нь гавлаж байхад толгойгоороо газар мөргөж гараа савчуулж эсэргүүцэл үзүүлж болж өгвөл бид хоёрыг цохичих гээд газар малтаж самардаад байсан. ...Хохиролд нийт 1.321.000 төгрөг хүлээн авсан. Одоо гомдолгүй. ...”/1хх 26-27, 28-29, 30/,
гэрч Г.Тийн “...Одбаатарын хамт үүрэг гүйцэтгэж байхдаа 23 цаг 40 минутын орчимд Одбаатар нь саарал өнгийн 97-76 АРА улсын дугаартай “Королла" маркийн тээврийн хэрэгслийг шалгахад тухайн тээврийн хэрэгслийн жолооч Батсүх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгуй байсан учир тухайн тээврийн хэрэгслийг саатуулах арга хэмжээ авах талаар тайлбарлан өгч ачлагын машин дуудсан. Тухайн тээврийн хэрэгсэл зам голлож зогссон байсан учир Одбаатар жолооны хүрд дээр сууж замаас гарах гэхэд ард нь сууж байсан Ч.Р араас нь хоолойг нь боохоор нь би очиж салгасан. Тэгээд Р Одбаатар луу дайрах үед түүний багаж унахад Р хөлөөрөө зам руу өшиглөсөн. Одбаатар бид хоёр Рийн хөдөлгөөнийг саатуулах зорилгоор ард нь гавлаад 102 утсанд дуудлага өгч хэв журмын эргүүлд өгч явуулсан. ...Замын хажуу талд байсан Одбаатарын “Кроун” маркийн тээврийн хэрэгслийг чулуу онохоор нь харахад Ч.Р чулуу шидэж байсан. Тэгээд Одбаатар бид хоёр Рийг гавлаад дахин 102 утсанд дуудлага өгсөн. ...” /1хх 52-53/,
гэрч О.Сын “...2021 оны 11 дүгээр сарын 13- ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Бугат 10-аас Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу очиход Ч.Р гэх залуу шаардлага эсэргүүцсэн гээд хоёр гарыг нь ард нь гавлачихсан зогсоож байсан. Тухайн залуу согтуу байдалтай түүний хамраас бага зэрэг цус гарчихсан, нэг нүднийх нь зовхи хэсэг бага зэрэг шалбарсан харагдсан. Цагдаагийн алба хаагч нараас юу болсон талаар асуухад “энэ залуу машин шалгаж байхад араас боохоор нь машинаас буулгаад гавлах гэж ноцолдсон” гэх өгүүлэмжтэй байсан. Мөн тухайн залуу 2-3 удаа зугтах үйлдэл хийсэн гэж хэлсэн. Тэгээд Ч.Рийн гавыг тайлуулаад машины ард тусгаарлаад саатуулахаар авч явсан ба саатуулах байр хүн авахгүй байсан тул Бугат-10-т мэдэгдээд гэр нь ойрхон гэхээр нь Дүүхээ төвийн урд буулгаад үлдээсэн. Тэгээд явж байтал Бугат 10-аас “нөгөө согтуу залуу ирээд чулуугаар машины цонх хагалчихлаа” гээд дахин дуудлага ирэхээр нь Гэмтлийн эмнэлгийн эсрэг талд очсон ба машиныг нь харахад хойд салхины шил хагараад багаж болон дээврийн хэсэг нь чулуунд цохигдсон, Ч.Р гэх залууг мөн гавлачихсан байхаар нь суулгаж аваад Бэгэр 120-т саатуулсан. Эхний дуудлагад очиход “Р гэх залуу багажийг шүүрч аваад газар шидчихлээ” гэж хэлж байсан. Багажийг харахад дэлгэц нь хагараад эвдэрсэн харагдсан. ...” /1хх 69-70/,
гэрч Ш.Тын “...2021 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн түр саатуулах журмын хашаа буюу ТС-11 дээр жолооч Шижирийн хамт ажиллаж байсан ба Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутагт байх “Стандарт” дэлгүүрийн уулзвар дээр Хөдөлгөөн зохицуулалтын хэлтсийн цагдаа нарын хамт үүрэг гүйцэтгэж байхад Одбаатар “Королла” маркийн тээврийн хэрэгслийн жолооны ард суугаад ирэхэд тухайн машинд сууж байсан залуу Одбаатарын хойноос хоолойг нь боосон. ...Одбаатарыг салгахад тэр залуу бууж ирээд цагдаагийн алба хаагчийг өшиглөөд байсан. Одбаатар шаардлага тавиад гавлах гэхэд Одбаатартай ноцолдож байгаад газар унасан ба Одбаатарын ажлын багажийг тэр согтуу залуу барьх аваад газар цементэн дээр саваад эвдэлсэн. ...Дараагийн дуудпагад явчихаад дахиад дуудахаар нь яваад очтол нөгөө согтуу залуу эргээд ирчихсэн байсан ба Одбаатар “миний машины дээвэр багаж болон ард талын салхины шил рүү чулуу шидчихлээ” гэсэн. Тэр согтуу залуугийн хамраас нь цус гарчихсан байсан. Энэ үед бас өөр танихгүй цагдаа ирчихсэн миний гар луу чулуу шидсэн гээд юм атгаж чадахгүй хавдсан харагдаж байсан. ...” /1хх 72-73/,
гэрч Э.Шижирийн “...Ачлагын машинтай үүрэг гүйцэтгэж байхад “Гэмтлийн эмнэлгийн хойд талд машин ачуулна” гэж дуудсан. Королла маркийн тээврийн хэрэгслийг Одбаатар унаад манай машины ард ирж зогссон ба би голын толиндоо хараад сууж байхад Одбаатарыг хойд талд нь сууж байсан хүн шууд хоолойгоор нь боосон. Одбаатар гавлах гээд ноцолдож байгаад тэр хоёр газар унасан ба тэр хоёрыг ноцолдож байхад Одбаатарын ажлын багаж нь унахаар нь би багажийг авах гэхэд нөгөө согтуу залуу барьж аваад газар саваад эвдчихсэн. Тэгээд гавлаад босгож ирэхэд тэр залуугийн нүүр нь шалбараад цус гарчихсан харагдсан. ...Дахиад цагдаа нар дуудахаар нь нөгөө газар очиход нөгөө согтуу залуу гавтай байж байсан ба хэв журмын цагдаа нь авч яваад буцаад тавиад явуулсан байна гэсэн. Сая энэ залуу ирж агсам тавиад Одбаатарын “Кроун” маркийн машины салхины шилийг хагалчихсан гэж ярьж байсан. ...” /1хх 76/,
гэрч Ч.Ринчиндоржийн “...өмнө 2 билүү 3 удаа цагдаад шалгагдаж байсан. Энэ удаагийнх нийлээд 4 болж байгаа байх.. Ихэвчлэн цагдаагийн албан хаагчтай маргалдаж зодолдсон гэсэн. ...”/1хх 60/,
гэрч Б.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Цагдаагийн алба хаагчдын эрүүл мэндэд халдсан гэх асуудлаар 2021 оны 02 дугаар сард шалгагдаж байгаад 2021 оны 3 дугаар сард Архангай аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс торгуулийн арга хэмжээ авахуулсан. ...” /1хх 67/,
шүүгдэгч Ч.Рийн яллагдагчаар өгсөн “...Нэг мэдэхэд цагдаа ирсэн машин шалгаад журамлана гээд байхаар нь “би эзэн нь байна, та нар хэн юм гээд нэг цагдаа миний машины руль хэсэгт суусан байхаар нь би араас нь түүний хоолойг боосон. Тэгэхэд миний тээврийн хэрэгслийг ачиж байсан 2 залуу хаалга онгойлгож, намайг чирч гарган гарыг ард гавлуулсан. Энэ үед газар гар утас унахаар нь би өөрийн утас байна гэж бодоод өшиглөсөн. Тэд нартай маргалдаж байхад алаг тэрэг ирээд намайг суулгаж аваад 2 буудал орчим яваад “одоо ингээд хариарай” гээд буулгасан. Би эргэн өөрийн тээврийн хэрэгсэл рүүгээ алхахад зам дээр миний машиныг журамлана гээд байсан цагдаа зогсож байхаар нь газраас чулуу авч шидсэн. Миний шидсэн чулуу “Кроун” маркийн машиныг оносон. Тэгээд тухайн цагдаа дээр очиж дахин маргалдсан. ...”/1хх 57-58/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11284 дугаартай “...Б.Бийн биед баруун сарвууны 5-р хурууны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” /1хх 78-79/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11314 дугаартай “...Б.Оын биед баруун чихний дэлбэн, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. ...”/1хх 82-83/,
“Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №1082 дугаартай “...Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 700.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 86-87/,
Эд хариуцагчийн карт дахь “...Шалгах багаж /Xcover4/-579.043.3 төгрөг гэх” үнэлгээ /1хх 140/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 3408 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн SM-G390F загварын IMEI 359108/09/453399/7, S/N:R58К924478J цувралын дугаартай ухаалаг гар утас нь асахгүй, ажиллахгүй, ямар нэгэн мэдээлэл гарахгүй байх тул шинжилгээ хийх боломжгүй байна. ...” /1хх 149-152/ гэсэн дүгнэлтүүд,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /1хх 4-6/, Гар утасны камөраар хийсэн бичлэгт үзлэг хийсэн “...Рийн хоёр гарыг цагдаагийн алба хаагч ард нь гавласан байх ба ...хажуудаа байгаа хар өнгийн куртиктэй хүний хөл рүү өшиглөж байв. ...” гэх тэмдэглэл /1хх 10-12/,
“Дамно" ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн №БГ2-21-1252 дугаартай “...Самсунг Икс Ковер-4 маркийн гар утас- 100.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 155-156/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүхээс шүүгдэгч Ч.Рг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ч.Р “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэх” гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлий 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэм хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Ч.Рийн өмгөөлөгч Ц.Даваажаргалын “...Зорчих эрх хязгаарлах” ялыг дан ганц Сонгинохайрхан дүүргээр хязгаарлалгүйгээр Улаанбаатар хотын бүсээс гарахыг хориглож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, мөн зорчих эрх хязгаарлах ялыг багасгаж өгнө үү. ...” гэсэн,
Шүүгдэгч Ч.Рийн “...Би эмнэлэгт үзүүлэх, эмчилгээ хийлгэхдээ тухайн эмнэлэг байх дүүргүүдэд очиж эмчилгээ хийлгэж байгаа тул Сонгинохайрхан дүүргээс гарахыг өөрчилж Улаанбаатар хотын бүс нутгаас гарахыг хориглож, мөн 5 жилийн зорчих эрх хязгаарлах ялыг багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заажээ.
Шүүгдэгч Ч.Рийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал түүний гэм буруу, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар гэснийг, “...1 жил 6 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар болгон хөнгөрүүлэх, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...1 /нэг/ жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар гэснийг, “...6 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан заалтыг хэвээр үлдээн анхан шатны шүүхээс нийт “5 жилийн” хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэснийг “3 жилийн” хугацаатай болгож өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.Р, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нарын гомдлоос ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан гомдлыг хүлээж авсан бөгөөд харин оршин сууж буй дүүргийн бүсээс гарахыг хязгаарлах биш Улаанбаатар хотын бүсээс гарахыг хязгаарлах болгон бүсчлэлийн хувьд өөрчлөлт оруулах талаар гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар...” гэснийг, “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар. ...” гэж,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар...” гэснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар...” гэж,
3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Рийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Рийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ