Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 147/ШШ2024/00171     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

           Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Асгат сумын 2-р баг, “Гурван хадтай” гэх газарт оршин суух, *******ын нэхэмжлэлтэй,

 

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 1.1. Миний бие 1984 онд 8-р ангиа төгсөөд 1985 онд Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд барилга дээр ажиллаж эхэлсэн. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох болсон боловч ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд намайг Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдлийн хадлан бригадад 1985-1987 онуудад ачигч, туслахаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

 2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1985 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 57 дугаартай “тэтгэмж олгох тухай” тушаал, Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдлийн даргын 1985 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаартай “ажилд томилох тухай” тушаал, Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 58 дугаартай “ажилд томилох тухай” тушаал, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 11/285 тоот лавлагаа, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

             3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдлийн хадлан бригадад 1985-1987 онуудад ачигч, туслахаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1985 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 57 дугаартай “тэтгэмж олгох тухай” тушаал, /*******од 300 төгрөгийн буцалтгүй тусламж олгосон бичилт бүхий/, Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдлийн даргын 1985 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаартай “ажилд томилох тухай” тушаал, /*******ыг барилгын бригадад барилгачнаар томилсон бичилт бүхий/, Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 58 дугаартай “ажилд томилох тухай” тушаал, /*******ыг тэжээлийн цехэд ажилчинаар томилсон бичилт бүхий/, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 11/285 тоот лавлагаа, /1985-1987 онуудад Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд туслах ажилчинаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий/

 

 5. Гэрч *******ын шүүхэд өгсөн: “...******* нь Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд 1985-1987 онуудад туслах ажилчнаар ажиллаж байсан. Туслах ажил нь бол барилга дээр ажиллах, шүү хужир зөөх, хадланд гарах, ачигч, буулгагч гээд л хий гэсэн бүгдийг л хийдэг ажил байсан даа. Би Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд 1984-1989 онуудад туслах ажилчин, дизельчин, гачегарь зэрэг ажлуудыг хийж байсан. Бид нэг дор хамт ажиллаж байсан болохоор *******ын ажиллаж байсан байдлын талаар нь сайн мэднэ.” гэх мэдүүлэг,

 

 6. Гэрч *******ын шүүхэд өгсөн “...******* нь Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдлийн туслах бригадад 1985-1987 онуудад туслах ажилчинаар ажиллаж байсан. Мөнхболд бага байхад нь аав, ээж нь өнгөрсөн, багаасаа л хар бор ажил их хийж байсан хүн. Мөнхөө гэж дууддаг юм. Албан ёсны нэр нь бол Мөнхболд юм. Би Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд 1978-1990 оныг дуустал бригадын дарга, малын эмч, зоо техникч хийж байсан. Бид нэг нэгдэлд олон жил хамт ажиллаж байсан болохоор *******ын ажиллаж байсан байдлын талаар нь сайн мэднэ.” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

 7. Иймд ******* нь Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдлийн хадлан бригадад 1985-1987 онуудад ачигч, туслахаар ажиллаж байсан байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

             8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдлийн хадлан бригадад 1985-1987 онуудад ачигч, туслахаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         П.БОЛОРМАА