| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00155/И |
| Дугаар | 147/ШШ2024/00173 |
| Огноо | 2024-06-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 147/ШШ2024/00173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 2-р баг, Морин ******* гэх газарт оршин суух, Орлой овогт Дамдинжавын ******* нэхэмжлэлтэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1986 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд эцэг Дамдинжавын эм хонин суурьт туслах малчнаар ажиллаж байсан юм. Гэтэл тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр бүрэн бөглөгдөөгүйн улмаас энэ ажилласан жилээ шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэсэн. Иймд намайг 1986 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний лавлагаа, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11/114 дугаартай лавлагаа, 1991 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нээлгэсэн Дамдинзав овогтой ******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь 1986 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Орлой овогт Дамдинжавын Болормаа нь 1986 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарыг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарыг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11/114 дугаартай лавлагаа, /1986, 1988 онуудад Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа/, 1991 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нээлгэсэн Дамдинзав овогтой ******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, /*******г Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 51 дугаартай тушаалаар ажилд томилсон тухай бичилт бүхий,
5. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: “...******* нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Дэлгэр бригадад 1986-1990 оныг дуустал эцэг Дамдинжавын эм хонин суурьт туслах малчнаар ажиллаж байсан. Могойт, Тунгалаг, Хөх эрэг гэх газруудаар нутаглаж, дандаа эм хонин суурь маллаж байсан. Сургууль соёлд ч сурч байгаагүй, насаараа л мал дагаж байгаа хүүхэд. Би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд хүний эмчээр 1978-1995 оныг хүртэл тасралтгүй ажиллаж байсан.” гэх мэдүүлэг,
6. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: “....******* нь 1986-1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Дэлгэр бригадад малчнаар ажиллаж байсан. Аав Дамдинжав нь эм хонин суурийн ахлагч байсан. ******* нь аавынхаа суурьт туслах малчин байсан. Могойт, Тунгалаг, Хөх эрэг гэх газруудаар нутаглаж, байсан. Би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Дэлгэр бригадад 1978-1995 оныг хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байсан. Бид нэг бригадад хамт ажиллаж болохоор *******гийн ажиллаж байсан байдлын талаар нь сайн мэднэ” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
7. Иймд Орлой овогт Дамдинжавын ******* 1986 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарыг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарыг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Харин нэхэмжлэгч *******гийн 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оныг дуустал, 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуусталх хугацаанд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Орлой овогт Дамдинжавын ******* 1986 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарыг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарыг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч *******гийн 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оныг дуустал, 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуусталх хугацаанд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажилласан гэх бичгийн нотлох баримтыг бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА