Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/381

 

 

 

 

 

  

     2022            4            13                                        2022/ДШМ/381

 

 

 

                       Б.Ч, З.Г нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

прокурор С.Эрдэнэтуяа,

иргэний нэхэмжлэгч Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, түүний өмгөөлөгч Г.Мөнхболд,

хохирогч Д.С өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

хохирогч Э.У, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл,

шүүгдэгч З.Гын өмгөөлөгч У.Хүрэлсүх, Б.Булгантамир,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Аын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Ч, З.Г нарт холбогдох эрүүгийн 1905027430310 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Модчин овогт Загдаагийн Г, 1958 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Завхан аймагт төрсөн, 63 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, оёдлын технологич мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, төрсөн дүү, дүүгийн хүүхдийн хамт ..................; 

2. Дахь зэв овгийн Б.Ч, 1974 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Завхан Аймгийн Улиастай суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ..............................; 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,

Шүүгдэгч З.Г:

1. Шүүгдэгч З.Г нь дангаараа 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр буюу 2015 оны 5 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын хооронд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 45 дугаар байрны 01, 02, 03 тоотод байрлах цэцэрлэгийн зориулалттай орон сууцуудыг Голомт банкны зээлийн барьцаанд байгаа гэдэг бодит үнэнээ хэлэлгүйгээр, 300.000.000 төгрөгөөр зарна гэж итгүүлэн хуурч иргэн Г.Хгаас 82.235.500 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг авсан,

2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр иргэн С.Эд “Орхон аймагт байрлах цэцэрлэг худалдан авах гэж байгаа, зээлийн барьцаанд түр хугацаагаар тавих үл хөдлөх хөрөнгө хэрэгтэй байна, мөнгийг нь удаахгүй гаргаж өгнө” гэж хэлж, С.Эгийн хүүхэд Э.У, Э.Э нарын нэр дээр бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хороолол, Зайсангийн тойруу 44г дүгээр байрны 15 тоот хаягт байрлах 132 мкв талбайтай бүртгэлийн Ү-2206013701 дугаартай 4 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хороолол, Зайсангийн тойруу 44г дүгээр байрны зоорийн давхрын 9, 10 тоот хаягт байрлах авто зогсоолыг тус тус хуурамч итгэмжлэл хийлгэн Голомт банкны барьцаанд тавьж Голомт банкнаас 500.000.000 төгрөг зээлж авч Э.У, Э.Э нарт 410.910.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Орхон аймгийн Баян-өндөр суманд иргэн Д.С Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг, ОХУ-ын консулын ард хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2101002930 дугаарт бүртгэгдсэн 476 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, газрын хамт “Зээлийн барьцааг чинь чөлөөлж, үл хөдлөх хөрөнгийг чинь өөрийн нэр дээр шилжүүлж аваад банкны барьцаанд тавьж мөнгө гаргаж аваад, худалдаж авсан мөнгө өгье” гэж хэлж иргэн Д.Срт 428.322.225 төгрөгийн хохирол учруулсан,

мөн шүүгдэгч Б.Чтой бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ялгаруулагч” банк бус санхүүгийн байгууллагаас 13-61 УБЭ улсын дугаартай тоёота Хайландер маркийн автомашиныг унаж явах нөхцөлтэйгөөр барьцаанд тавьж, 15.000.000 төгрөгийн зээлийг Б.Жы хамт авсан залилсан гэмт хэргийг бусдыг  хуурч, зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилж, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт,

2. Шүүгдэгч Б.Ч нь З.Гтай бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ялгаруулагч" банк бус санхүүгийн байгууллагаас 13-61 УБЭ улсын дугаартай тоёота Хайландер маркийн автомашиныг унаж явах нөхцөлтэйгөөр барьцаанд тавьж, 15.000.000 төгрөгийн зээлийг Б.Жы хамт авч, хуурч, зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэний улмаас “Ялгаруулагч” банк бус санхүүгийн байгууллагад 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: З.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Б.Чийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч З.Г Б.Ч нарт  холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг  гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Модчин овогт Загдаагийн Гыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч З.Гд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч З.Гаас 523.717.692 /таван зуун хорин гурван сая долоон зуун арван долоон мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж 80.235.500 /наян сая хоёр зуун гучин таван мянга таван зуу/ төгрөгийг хохирогч Г.Хд, 443.482.192 /дөрвөн зуун дөчин гурван сая дөрвөн зуун наян хоёр  мянга нэг зуун ерэн хоёр/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Т.А /Голомт банк/-д, хохирогч Д.Сраас 53.000.000 /тавин гурван сая/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Т.А /Голомт банк/-д тус тус олгож, хохирогч Г.Хгийн нэхэмжлэлээс 2.000.000 /хоёр сая/ төгрөг, Г.Хын нэхэмжилсэн 26.942.705 /хорин зургаан сая есөн зуун дөчин хоёр мянга долоон зуун тав/ төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, зээлийн төлбөрөөс үүссэн бусад маргаанаа иргэний журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж, 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн ЗБ/2205103540-1 дугаартай Ипотекийн гэрээгээр барьцаалсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор хотхон Зайсангийн тойруу гудамж 44г байрны 15 тоот хаягт байршилтай 132 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг Голомт банкны 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн ЗГ/2205103540 дугаартай Зээлийн гэрээний барьцаанаас чөлөөлж Э.У, Э.Э нарын өмчлөлд, 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн ЗБ/2205103540-2 дугаартай Ипотекийн гэрээгээр барьцаалсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 44 А,Б,В,Г дүгээр байрны зоорийн давхрын 9,10 тоот хаягт байршилтай авто зогсоолын зориулалттай тус бүр 18 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Голомт банкны 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн ЗГ/2205103540 дугаартай Зээлийн гэрээний барьцаанаас чөлөөлж Э.Эгийн өмчлөлд, 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн ЗБ/2205103540-3 дугаартай Ипотекийн гэрээгээр барьцаалсан Орхон аймгийн Баян-өндөр сумын 5 дугаар баг, Урт булаг 19 байр ОХУ-ын консулын ард байршилтай 476 мкв талбайтай үйлчилгээний зориулаттай үл хөдлөх эд хөрөнгө, ЗБ/2205103540-4 дугаартай Ипотекийн гэрээгээр барьцаалсан Орхон аймгийн Баян-өндөр сумын Урт булаг, консулын ард байршилтай 741 мкв цэцэрлэгийн зориулалттай газрыг Голомт банкны 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн ЗГ/2205103540 дугаартай Зээлийн гэрээний барьцаанаас чөлөөлж Д.С өмчлөлд тус тус шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон харъяалах улсын бүртгэлийн газарт тус тус даалгаж, шүүгдэгч Б.Ч, З.Г нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Иргэний нэхэмжлэгч Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Голомт банк нь З.Гд 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн Зээлийн гэрээгээр 500.000.000 төгрөгийн зээл олгосон ба уг зээлийн барьцаанд Э.Э, Э.У нарын өмчлөлийн орон сууц, үл хөдлөх хөрөнгө болон З.Гын өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5-р баг, Урт булаг 19 байрны 476 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон 741 м.кв талбайтай цэцэрлэгийн зориулалттай газрыг тус тус бариулж улсын бүртгэлд бүртгүүлсэн. З.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх хууль ёсоор Барьцааны гэрээний дагуу барьцаалсан хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлсөн алдаатай шийдвэр болсон. Дараах үндэслэлээр үүнийг тайлбарлаж болно. Үүнд:

1. Э.Э, Э.У нарын өмчлөлийн орон сууц, автомашины зогсоолыг барьцаалахдаа итгэмжлэл хуурамчаар үйлдэхэд оролцсон С.Э, нотариатч Ц.Батчимэг нарыг энэхүү эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан оролцуулах ёстой байсан ба ингэснээр Голомт банкинд учирч буй хохирол төлбөрийг нотариатчийн мэргэжлийн хариуцлагын даатгалын хүрээнд шийдвэрлэх, түүнчлэн хүүхдүүдийнхээ өмнөөс гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч байгаа С.Эд энэхүү үйлдлийнх нь төлөөх хариуцлагыг хүлээлгэж зохих хохирол төлбөрийг хариуцуулан шийдвэрлэх боломжтой болох байсан. Энэ талаар иргэний нэхэмжлэгч Голомт банкны төлөөлөгчийн зүгээс удаа дараа хүсэлт гаргаж байсан хэдий ч шүүх болон прокурор хэрэгсээгүй.

2. Орхон аймаг дахь үл хөдлөх хөрөнгө, газрын эрхийн тухайд уг хөрөнгийг хууль ёсоор үүссэн барьцааны үүргээс чөлөөлөх үндэслэл байхгүй. Учир нь ЗБ/2205103540-3, ЗБ/2205103540-4 дугаартай Ипотекийн гэрээнүүдийг байгуулах үед тэдгээр хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь З.Г байсан бөгөөд өмчлөгчийн хувиар хөрөнгөө барьцаалж буй хууль ёсны үйл ажиллагаа байсан. Гэтэл энэ нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй барьцаанаас чөлөөлж, улмаар Д.С өмчлөлд буцаан шилжүүлж буй нь хууль ёсоор хөрөнгийг нь барьцаалж, зээл олгосон Голомт банкны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож байна. Зүй нь нэгэнтээ өмчлөх эрх нь хууль ёсоор З.Гын өмчлөлд байх хугацаанд барьцааны үүрэг үүссэн тул уг барьцааны эрх хууль ёсны бөгөөд хуулиар хамгаалагдах учиртай.

            3. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ср нь уг эрүүгийн хэрэгт үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх иргэний нэхэмжлэл гаргаагүй байхад шийдвэрлэсэн, Иргэний нэхэмжилсэн хөрөнгийг буцаах гэж гаргасан хэдийч барьцаанаас чөлөөлөх нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй байна. Өмчлөгчийн эрх шилжихээс өөр төрлийн хэлцэл, мөн оролцогч нар нь өөр өөр байна.

            4. Дээр дурьдсан эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөх шийдвэрийг гаргах тохиолдолд барьцааны гэрээг хууль бусд тооцох эсэх асуудлыг шийдэж Голомт банк уг эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгч бус харин иргэний хариуцагчийн статустайгаар оролцох ёстой юм. Иргэний хариуцагчаар оролцсон тохиолдолд банкны зүгээс уг хэрэгт гаргах тайлбар, нотолгоо ч өмнөхөөс буюу иргэний нэхэмжлэгчийнхээс өөр байх нь ингэснээс эрх, ашиг сонирхолоо хамгаалах боломжтой болох байв.

Иймд Эрүүгийн 1905027430310 дугаартай хэргийг хянан хэлэлцсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Аын өмгөөлөгч Г.Мөнхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ алдаатай дүгнэлт хийсэн. Тэр дундаа иргэний нэхэмжлэгчийн шаардлагатайгаар холбоотойгоор яригдаж байгаа хохирол төлөхтэй холбоотой барьцаа хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхдээ алдаатай шийдвэр гаргасан. Энэ нь шийдвэрийн тогтоох хэсгээс тодорхой харагдана. Шийдвэрийн хэсгийн 4 дүгээр зүйлийн хохирол төлбөр буюу зээлийн үүрэгтэй холбоотой иргэний нэхэмжлэлийн асуудлыг жич: иргэний журмаар хэрэг маргааныг шийдвэрлүүлнэ гэж зааж байгаа. Энэ зохицуулалт нь барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хэрхэн яаж хангуулах асуудлаа иргэний хэрэг маргааны хүрээнд шийдвэрлүүлнэ гэсэн утгатай. Монгол улсын шүүх нь хэрэг маргааны төрлөөр дагнан үйл ажиллагаа явуулдаг. Тийм ч учраас иргэний хэрэг маргаан, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах асуудал нь энэ төрлийн дагнасан шүүх буюу иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх ёстой гэсэн үүднээс энэхүү 4 дүгээр зүйл нь гарсан гэж ойлгож байгаа. Гэтэл энэ заалтын дотор талд нь иргэний хэргийн шүүх хуралдаанаас өмнө иргэний хэргийн шүүхийг эрхийг өөр дээрээ шилжүүлж аваад гэмт үйлдлийн улмаас учирсан хохирол төлбөрийг хэрхэх талаарх асуудлаасаа халин тухайн гэрээ байгуулах үед хууль ёсны гэгдэж байсан Голомт банкны эрх ашгийг хөндөж өөрийн эрх ашигт хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр дээр ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр барьцаа хөрөнгүүдийг чөлөөлсөн. Анхан шатны шүүхийн хэрэглэсэн хуулийг харвал Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 510 дугаар зүйлийг хэрэглэсэн байдаг. Эдгээр заалтууд нь гэм хорын хохирол буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулахтай холбоотой төлбөрийн асуудлыг зохицуулсан заалтууд юм. Мөн анхан шатны шүүх нь зээлийн нийт дүнгээр асуудлыг шийдсэн учир хүү алдангийн асуудал, нэмэгдүүлсэн хүүгийн асуудал мөн энэ төлбөрийг юунаас хангуулах тухай асуудал орхигдсон бөгөөд энэ асуудлууд иргэний хэргийн дагнасан шүүхээр шийдвэрлэгдэх ёстой байсан. Тийм ч учраас анхан шатны шүүх барьцааны гэрээний талаар ямар нэгэн хууль хэрэглээний дүгнэлт хийгээгүй. Хийх эрх хэмжээ нь байхгүй учир хийгээгүй нь ч зөв. Нэгэнтээ эрх хэмжээ нь байхгүй учир энэ талаарх асуудал нээлттэй орхигдож бид иргэний журмаар барьцааны асуудал дээр маргалдах ёстой байсан ч энэ зарчим алдагдсан.

Хоёр: Хэргийн хүрээнд хөөн хэлэлцэх хугацааны талаар хэд хэдэн хүний асуудал яригдсан. Нотариатч Батчимэг болон хохирогч Э.У, Э.Э нарын өмнөөс хуурамч бичиг баримт үйлдсэн С.Э нарын асуудлууд нь эрүүгийн хэрэг талаасаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан байж болох юм гэхдээ гэм буруугийн талаасаа эрх зүйн хариуцлагаас чөлөөлөгдөх ёсгүй байсан. Нотариатчид мэргэжлийн хариуцлагын даатгалтай байдаг иргэний хариуцагчаар татагдсаныхаа хүрээнд мэргэжлийн хариуцлагын даатгалаас нь хохиролд ногдох хэмжээгээр нь хариуцуулах ёстой байсан. Өөрийнхөө хүүхдүүдийг хилийн чанадад байгааг мэдсээр байж өмнөөс нь хуурамч бичиг баримт бүрдүүлж, танил талаа ашиглаж банкийг хууран мэхэлснийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой байсан. Дээрх ажиллагаанууд нь эрүүгийн хэргийн шүүхийн хүрээнд бүрэн шийдвэрлэгдэх боломжтой байсан гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хүмүүсийг иргэний хариуцагчаар татаж оролцуулаагүйгээс болоод эдгээр асуудлууд үүссэн. Голомт банк зээл олгож их хэмжээний мөнгө алдаж нэг хохирно, дараа нь энэ хохирлоо хангуулах байсан аргаа алдаж хоёрдохоо хохирч байна. Ингэж хохироож байгаа үйл ажиллагаа нь хуулийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй. Иймд энэ бүх хууль хэрэглээний болон процессын алдааг залруулж хэрэг маргааныг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэх иргэний нэхэмжлэгч Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Аын гомдлыг дэмжиж байна ...” гэв.

Хохирогч Д.С өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие О.Сайнгэрэл өмгөөлөгчтэй санал нэг байгаа. Иргэний нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх барьцаа хөрөнгийг чөлөөлсөн нь үндэслэл бүхий юм. Учир нь шүүгдэгч З.Г нь хохирогчийн өмч хөрөнгийг хууль бусаар буюу хуурамчаар өөрийн нэр дээр шилжүүлэн аваад банканд очиж барьцаалсан. Гэтэл иргэний нэхэмжлэгч банканд барьцаалах үед хууль ёсны өмч байсан гэдэг тайлбарыг өгч байна. Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэдгийг тогтоож, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлж байгаа нь үндэслэл бүхий гэж үзэж байна ...” гэв.

Хохирогч Э.У өмгөөлөгч О.Сайнгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хохирогчийн хувьд үндэслэлтэй зөв гарсан гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд иргэний нэхэмжлэгчийн эрх үүргийг тодорхой зааж өгсөн байдаг. Иргэний нэхэмжлэгч нь нийт 9 эрх эдэлж үүрэг хүлээхээр заасан байдаг. Иргэний нэхэмжлэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.8 дах хэсэгт “хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах“ гэж заасны дагуу болон хуульд заасан бусад эрхийнхээ хүрээнд гомдол хүсэлтээ гаргах боломжтой байсан. Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхийн шийдвэр нь барьцаа хөрөнгийг чөлөөлөх үүнд халдах эрх хэмжээ байхгүй гэж ярьж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэр ажиллагаа нь албадлагын шинжтэй байдаг. Гэмт хийсэн нь нотлогдсон тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд өөрөө хүлээн зөвшөөрсөн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл буюу хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ явагдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” Гэж заасан. Гэмт хэргийн барьцаа хөрөнгийг барьцаалах үйлдэл нь өөрөө хууль бус хуурамчаар явагдсан тул барьцаа хөрөнгийг чөлөөлөх нь үндэслэлтэй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дах хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ.” Гэж маш тодорхой заасан. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 36 дугаар бүлэгт эрүүгийн шүүхийн шийдвэрийн эрх хэмжээг зааж өгсөн байдаг. Мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8 дахь хэсэгт “хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хэрхэн шийдэх” гэсэн байдаг нь анхан шатны шүүхийн нь эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан нь харагдаж байна. ...” гэв.

Хохирогч Э.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байгаа. ...” гэв.

Шүүгдэгч З.Гын өмгөөлөгч У.Хүрэлсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргаж буй гомдол нь хэргийг буцаах үндэслэл болохгүй. Иргэний нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд шүүгдэгчийн зүгээс хариу тайлбар байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч З.Гын өмгөөлөгч Б.Булгантамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэлд хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэл багтдаг. Ийм учраас нотариатч Батчимэг, С.Э нарыг оролцуулах боломж байхгүй. Анхан шатны шүүхээс иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж эрхийг хангаж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. ...” гэв.

Прокурор С.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч нарын гаргасан гомдолтой танилцлаа. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна гэж үзэж хэргийг анхан шатны шүүхэд буцаах саналтай байна. Учир нь шүүгдэгч Б.Ч, З.Г нарын 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ялгаруулагч" банк бус санхүүгийн байгууллагаас 13-61 УБЭ улсын дугаартай тоёота Хайландер маркийн автомашиныг унаж явах нөхцөлтэйгөөр барьцаанд тавьж, 15.000.000 төгрөгийн зээлийг Б.Жы хамт авч, хуурч, зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэний улмаас “Ялгаруулагч” банк бус санхүүгийн байгууллагад 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Шүүгдэгч З.Гын хувьд мөн хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдаж байгаа.  Гэмт хэрэг нь 2015 оноос 2018 онд  дууссан учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй. Иргэний нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын анхан шатны шүүхийн шийдвэрийн 4 дэх хэсэгт холбогдуулж гаргасан хохирол төлбөр буюу зээлийн үүрэгтэй холбоотой иргэний нэхэмжлэлийн асуудлыг жич иргэний журмаар хэрэг маргааныг шийдвэрлүүлнэ хэмээн хохирогч Г.Х, Г.Халиун нарт холбогдох хохирлыг хэлэлцэхгүй орхисон мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар нотариатч Батчимэг, С.Э нарыг хэрэгт татах боломжгүй, барьцаа хөрөнгийг чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж маргаж байгааг үндэслэлтэй гэж үзэж байна.  ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ч нь З.Гтай бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ялгаруулагч" банк бус санхүүгийн байгууллагаас 13-61 УБЭ улсын дугаартай тоёота Хайландер маркийн автомашиныг унаж явах нөхцөлтэйгөөр барьцаанд тавьж, 15.000.000 төгрөгийн зээлийг Б.Жы хамт авч, хуурч, зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэний улмаас “Ялгаруулагч” банк бус санхүүгийн байгууллагад 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь:

Шүүгдэгч Б.Ч нь өөрийн эцэг В.Бумцэндийн эзэмшлийн 13-61 УБЭ улсын дугаартай Тоёота Хайландер маркийн тээврийн хэрэгслийг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж унаж явах нөхцөлтэйгээр зээл авах зорилгоор иргэн Б.Жы нэр дээр шилжүүлэн улмаар “Ялгаруулагч” ХХК тай 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэн фидуцийн гэрээ тус тус  байгуулан 15000.000  төгрөгийг сарын 5.5 хувийн хүүтэйгээр зээлж авчээ. /4хх 107-112/

Ялгаруулагч ХХК болон Б.Ч Б.Ж нарын хооронд Зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд Фидуцийн гэрээний дагуу барьцааны эд хөрөнгө болох 13-61 УБЭ улсын дугаартай Тоеота Хайландер маркийн тээврийн хэрэгсэл Б.Жаас  “Ялгаруулагч” ХХК-ийн өмчлөлд шилжсэн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа /4хх 140/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.

Залилах гэмт хэргийн дээр дурдсан шинжүүдтэй хэргийн үйл баримт  хэрхэн хамаарч байгаа талаар шүүхээс дүгнэж үзвэл:

Ялгаруулагч” ХХК-ны захирал Г.Х нь тухайн зээлийг олгоходоо тээврийн хэрэгсэл болон тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг холбогдох хууль ёсны бичиг баримтыг үндэслэсэн болох нь түүний хохирогчоор өгсөн: “...би гарч машиныг нь үзэхэд боломжийн сайхан тэрэг байсан бөгөөд 15 сая төгрөгийн зээл хүссэн бөгөөд уг зээлийн барьцаанд Хайландер маркийн тээврийн хэрэгслийг авах боломжтой байсан юм...ингээд машиныг барьцаанд тавих зээлийн гэрээ байгуулаад , машины бичиг баримтыг Ялгаруулагч ХХК-ны нэр дээр шилжүүлж нотариатаар орж баталгаажуулсан. ...” /4хх 219-220/ гэсэн мэдүүлгээр тогтоогджээ. 

Шүүгдэгч Б.Ч нь В.Бумцэндийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг барьцаанд тавихдаа өмчлөгчийн зөвшөөрлөөр итгэмжлэл хийлгэн, Б.Жы зөвшөөрснөөр нэр дээр нь шилжүүлсэн, Б.Ж, Б.Ч нар  Ялгаруулагч ХХК-иас 15.000.000 төгрөгийн зээл авахад хамтран зээлдэгчээр оролцож гэрээ байгуулсан , зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Б.Ч дангаар хариуцах болохыг хохирогч Г.Х мэдэж байсан зэрэг  үйл баримтуудыг дүгнэж үзэхэд шүүгдэгч  нар нь бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авахын тулд ямар үг үйлдлээр хохирогчийг хэрхэн  хуурч, бичиг баримт эд зүйл ашиглаж зохиомол байдлыг бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах хууль бус үйлдэл эс үйлдэхуй гаргасан болох нь нотлогдон тогтоогдохгүй байх тул эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэж буруутгах үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Харин шүүгдэгч З.Г нь дангаараа 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр буюу 2015 оны 5 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын хооронд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 45 дугаар байрны 01, 02, 03 тоотод байрлах цэцэрлэгийн зориулалттай орон сууцуудыг Голомт банкны зээлийн барьцаанд байгаа гэдэг бодит үнэнээ хэлэлгүйгээр, 300.000.000 төгрөгөөр зарна гэж итгүүлэн хуурч иргэн Г.Хгаас 82.235.500 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг авсан,

2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр иргэн С.Эд “Орхон аймагт байрлах цэцэрлэг худалдан авах гэж байгаа, зээлийн барьцаанд түр хугацаагаар тавих үл хөдлөх хөрөнгө хэрэгтэй байна, мөнгийг нь удаахгүй гаргаж өгнө” гэж хэлж, С.Эгийн хүүхэд Э.У, Э.Э нарын нэр дээр бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хороолол, Зайсангийн тойруу 44г дүгээр байрны 15 тоот хаягт байрлах 132 мкв талбайтай бүртгэлийн Ү-2206013701 дугаартай 4 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хороолол, Зайсангийн тойруу 44г дүгээр байрны зоорийн давхрын 9, 10 тоот хаягт байрлах авто зогсоолыг тус тус хуурамч итгэмжлэл хийлгэн Голомт банкны барьцаанд тавьж Голомт банкнаас 500.000.000 төгрөг зээлж авч Э.У, Э.Э нарт 410.910.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Орхон аймгийн Баян-өндөр суманд иргэн Д.С Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг, ОХУ-ын консулын ард хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2101002930 дугаарт бүртгэгдсэн 476 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, газрын хамт “Зээлийн барьцааг чинь чөлөөлж, үл хөдлөх хөрөнгийг чинь өөрийн нэр дээр шилжүүлж аваад банкны барьцаанд тавьж мөнгө гаргаж аваад, худалдаж авсан мөнгө өгье” гэж хэлж иргэн Д.Срт 428.322.225 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Г.Хгийн “...2015 онд Япон улсад суралцаж байхад Г над руу утсаар залгаад би цэцэрлэгээ зарах гэж байна миний дүү худалдаж авах уу танихгүй хүнд зарж байхаар чамд заръя, байрлал сайтай учраас миний дүү ав гэж хэлсэн. Чи бид 2 бие биеэ таньдаг учраас би чамайг бүх мөнгөө өг гэхгүй, цувуулаад боломжоороо өг гэж хэлсэн. Тэгээд би бэлэн байсан мөнгөө увуулж, цувуулж өгсөн. ... 2015 оны 8 сард Япон улсаас Монгол улсад ирээд Г эгчээс түлхүүрээ аваад байрандаа байж байтал Голомт банкны ажилтан гэх 2 эрэгтэй хүн ирээд энэ байр зээлтэй байгаа та маргааш Голомт банканд ирж уулзаарай гэхээр нь очиж уулзсан чинь 280.000.000 төгрөгийн зээлтэй байна гэсэн. Тэгэхээр нь би өөрийн цэцэрлэг байдаг хэсгийг зээлээс чөлөөлж авах гэсэн боловч Голомт банкны ажилтан боломжгүй байна бүх зээлийг буюу 280.000.000 төгрөгийн зээлийг төлөөд авах боломжтой гэсэн. Тэгээд би худалдаж авна гэсэн байраа худалдаж авч чадаагүй. ...би уг нь Г эгчтэй 3 өрөө байрыг 300.000.000 төгрөгөөр худалдаж авна гэж тохиролцсон, байр цэцэрлэгийн зориулалтаар тохижуулсан ба тохижуулсан чигээр нь зарна гэж хэлж байсан. ...би Япон улсад байсан учраас өөрийн төрсөн ах Ононд Г эгчид наад машинаа өгчих өө би байр авах гэж байгаа юм гэж хэлсэн. Би “Ренж ровер” автомашинаа Г эгчид 30.000.000 төгрөгт бодож өгсөн. ...Г эгч манай ээжийн найз учраас надад учруулсан хохирлоо төлчих болов уу гэж бодож хүлээсээр байгаад өдийг хүрсэн. Г эгчид 2015 оны 5 сараас 7 дугаар сарын хооронд увуулж цувуулан мөнгө өгсөн. Ингээд 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийт 81.010.000 төгрөгийг өгсөн байдаг. Ингээд мөнгөө авъя гээд маргаантай асуудалтай байж байхад Г эгч телевизор хураагдах гээд байна мөнгө зээлээч гэхээр нь 2018 оны өвөл 2.000.000 төгрөг зээлсэн. Энэ мөнгөндөө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны 45 дугаар байрны 1, 2, 3 тоот байрнаас аль нэгийг буюу 2 өрөө байрыг надад өгөхөөр тохиролцсон. Эсвэл байраа өгнө эсвэл мөнгийг нь өгнө гэсэн. Ингэхдээ байрыг 2019 оны 6 дугаар сарын 1-ний дотор хүлээлгэж өгнө, эсвэл 2019 оны 6 дугаар сарын 15-аас өмнө төлж барагдуулна гэж тохиролцсон. ... үүнээс өмнө 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр, үүний дараа 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр надаас 100.000.000 төгрөг зээлж авсан мэтээр зээлийн гэрээ байгуулж мөнгө авсныг баталгаажуулсан. Г өнөөдрийг хүртэл байраа, мөнгөө аль алиныг нь өгөөгүй байгаа. ...Надад байрыг барьцаанд байгаа гэдгийг огт хэлээгүй, ямар ч асуудал байхгүй, чамайг ирэхээр шууд шилжүүлж өгнө, бүх зүйл бэлэн байгаа, хувьсах зардлыг батлуулсан байгаа гэж хэлсэн. ... Тэр цэцэрлэгийг ажиллуулах боломж надад бүрэн байсан. Гэтэл ажиллуулах гээд байж байтал банкны хүмүүс ирээд битүүмжилнэ гэж хэлэхээр нь ажиллуулж байтал банкны хүмүүс ирээд хаачиж магад гэж бодоод, Г гэх хүнийг асуудлаа шийдвэрлэж өгтөл ажиллуулахгүй байхаар орхисон. ...Сүүлдээ банкны өрийг төлөөд барьцаанд байгаа байруудыг авъя гэтэл хүргэнийхээ байрыг үхсэн ч өгөхгүй гэхээр нь төлөлтөө зогсоосон юм. ...Буман жаалууд цэцэрлэг нь өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа бөгөөд цэцэрлэгийг Г өөрөө ажиллуулж байгаа. ...” /1хх 26-32, 124-125, 185-187, 2хх 1-2/,

хохирогч Э.У “...2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 41 г байрны 15 тоотод байрлах 4 өрөө бүхий 132 м.кв орон сууцыг 2011 оны 4 дүгээр сард МФИКС ХХК-аас манай төрсөн дүү Э худалдах, худалдан авах гэрээний дагуу 224.400 ам.доллараар худалдан авсан. Тэгээд 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр яг энэ орон сууцныхаа Ү-2206013701 гэсэн гэрчилгээг өөрийн нэр дээр манай дүү Э.Э авсан байгаа юм. Уг байрныхаа зоорийн давхарт 9, 10 гэсэн дугаартай 2 машины зогсоолыг МФИКС ХХК-аас 2011 оны 9 дүгээр сард худалдан авсан. Уг авто зогсоолын гэрчилгээний дугаар нь Ү-2206014078 нь 10 дугаартай, 9 дугаартай зогсоолын гэрчилгээний дугаар нь Ү- 2206014077 гэсэн байгаа. Уг 2 гражийн зогсоол нь мөн манай дүү Эгийн нэр бүртгэлтэй байдаг. Уг 2 зогсоолоо нийлүүлээд 24.000 ам доллароор худалдан авсан байгаа юм. Тэгээд тухайн байранд манай ээж Энхтуяа, дүү Э.Э нар амьдарч байгаад 2013 оноос би ээжийн хамт амьдрахаар нүүн очоод харин манай дүү Э эхнэртэй болоод тусдаа гарсан. 2011 оны 11 сард манай дүү Илланай /одоогийн начин заан ломбарднаас/ манай дүү Э нь уг байрныхаа гэрчилгээг барьцаалан 100.000.000 төгрөг зээлээд улмаар зээлийг 2013 оны 11 сард төлж дуусгаад буцаан байрны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхдээ миний нэр болох Э.Уянгыг тухайн байрны хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн юм. Тэгээд 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 000289603 гэсэн дугаартай үл хөдлөхийн Ү-2206013701 гэсэн шинэ гэрчилгээ гаргуулан авсан бөгөөд уг гэрчилгээгээр тухайн байр нь Э.Э бид хоёры өмч болсон юм. Зогсоолууд бол өөрчлөгдөөгүй. ...итгэмжлэл хийх үед би 2 найзтайгаа хамт амралтад явсан. Э.Э бол хотод байсан. Уг гарын үсгүүд бид хоёрын гарын үсэг биш юм. Биш болохыг нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр шинжээч томилон 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн №3599 дугаартай шинжээчийн дүгнэлтээр баталсан. Уг гарын үсэг харваас манай ээжийн бичгийн хэв байгаад байгаа юм. Миний хувьд гомдолтой байна энэ асуудлыг нэг мөр шалгаж тогтоон хууль бус үйлдлийг тогтоож өгнө үү. ...”/2хх 93-94, 3хх 217-218/,

            хохирогч Э.Эгийн “... Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэгт                    44г-15 тоот орон сууц болон 2 ширхэг автомашин зогсоол нь анх миний нэр дээр байсан. Байр худалдаж авсан жилээ буюу одоо миний санаж байгаагаар 2009, 2010 онд банк бус санхүүгийн байгууллагаас байрыг барьцаалж зээл авсан. 2013 онд банк бус санхүүгийн байгууллагын зээлийг төлж дуусгаад 11 дүгээр сард өөрийн төрсөн эгч Э.Уянгыг орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээг шинээр гаргуулан авсан… 2016 оны сүүлээр эхнэр хүүхдийн хамт Австрали улс руу явахаар болоод визэнд материал бүрдүүлэхдээ хөрөнгийн баталгаа болгон орон сууц болон авто зогсоолын гэрчилгээг хувилаад өгөөч гэхэд манай ээж надад гэрчилгээг хувилж, нотариатаар батлуулсан гэрчилгээг надад өгч би түүнийг Австрали улсын элчин сайдын яаманд бусад материалын хамт бүрдүүлэн өгсөн. 2017 оны намар манай эгч Э.У надад “шүүхээс дуудаад мэдлээ ээж байр, авто зогсоолыг З.Г гэх хүнд шилжүүлэн өгч нөгөө хүн нь банкны барьцаанд тавиад авч чадаагүй залилуулсан талаар мэдлээ” гэж хэлсэн. Тэгж анх байрыг барьцаанд тавьж бусдад залилуулсан талаар мэдсэн. 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр миний бие нотариат дээр очиж байрыг 3.Гд итгэмжлэл олгож гарын үсэг зураагүй, тухайн нотариат Ц.Батчимэг гэх хүнийг танихгүй. Манай ээж С.Э нь эгч Э.У бид хоёрын өмнөөс таньдаг нотариат дээрээ очоод гуйж байгаад гарын үсэг зурчихсан юм байна лээ. ... " / 3хх 146-147/,

            хохирогч Д.С “...2014 оны 10 дугаар сард байсан байхаа би З.Гтай Орхон аймагт тааралдсан ба тухайн үед З.Г хотод 2-3 цэцэрлэг ажиллуулж байгаа талаараа ярьж байсан ба би З.Гд би эндэх 2 давхар цэцэрлэгээ сайн ажиллуулж чадахгүй байгаа өөрийн гэсэн ажилтай учир үүний анхаараад байж чадахгүй юм одоогоор цөөхөн хэдхэн хүүхэдтэй явж байгаа талаараа яриад энэ цэцэрлэгийг зарах бодолтой байгаа талаараа ярьж цэцэрлэг худалдан авах хүн байна уу гэж асуусан юм гэтэл би мэдэж байя, хүн амьтнаас асууж хэрэв авах хүн гараад ирвэл хэлье гэж ярилцаад салж байсан юм. Үүнээс хойш 2015 оны 2 дугаар сарын 5-дотор байсан байхаа над руу З.Г утсаар яриад чи цэцэрлэгээ зараа юу гэж асуухаар нь зараагүй авах хүн байхгүй байна гэж хэлэхэд би танай цэцэрлэгийг сонирхоод байна банкнаас зээл гаргуулж аваад цэцэрлэгийг чинь авчихмаар байна зэрэг зэрэг цэцэрлэг ажиллуулбал зүгээр байна гэхээр нь болно ярьж хөөрөөд гайгүй өгье гэж хэлсэн юм. Ингээд маргааш нь З.Г Орхон аймагт хүрээд ирсэн танай цэцэрлэгийг авчихмаар байна. Эхлээд танай цэцэрлэгийг би өөрийн нэр дээр шилжүүлж аваад Голомт банканд тавиад зээл гаргуулж аваад чамд мөнгийг нь өгчихмөөр байна. Чи ер нь хэдэд өгмөөр байна гэхээр нь 400.000.000 төгрөгт өгчихмөөр байна. Учир нь 476 мкв, 2 давхар том орон сууц шүү дээ гэж хэлэхэд болж байна энэ үнээр нь авъя гэсэн. Тухайн үед манай цэцэрлэг Худалдаа хөгжлийн банканд зээлийн барьцаанд байгаа гэж хэлэхэд мөнгө байгаа би зээлийг чинь чөлөөлж өөрийн нэр дээр авъя гэхээр нь тэр өдөр Худалдаа хөгжлийн банканд очоод 53.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг бэлэн мөнгө авч ирж төлөөд зээлийг хааж ордерыг аваад нотариат орж үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж улсын бүртгэл дээр очиж баримтаа өгч өөрийн нэр дээр үл хөдлөхийг шилжүүлж гэрчилгээ гаргуулж авсан. Их л хурдан бичиг баримтыг ажлыг бүрдүүлж дуусгасан. Ингээд өдөртөө ажлаа амжуулаад явсан. Тухайн үед би зээл чинь хэзээ гарах юм бэ гэж асуухад удахгүй гарчихна, зээл гарангуут л би мөнгөө аваад хүрээд ирнэ санаа зоволтгүй гэсэн юм. Ингэж хэлж яваад холбоо бариагүй, араас нь утасдахаар зээл болоогүй байна, удахгүй болчихно гэж цаг аваад нэлээд хэдэн сар болоод сүүлдээ би хотод ирж уулзаад бичиг хийлгэж аваад явсан. Үүнээс хойш мөнгөө нэхэхээр зээл гаргуулж аваад өөр зүйлд ашиглачихсан чамд өгөх мөнгө алга гээд ширэн нүүрлэдэг болсон. Үүнээс үүдээд би ямартай ч хэдэн төгрөг салгаж авъя гэж бодоод 5 жил гарангын хугацаанд тоёота приус 20 загварын автомашиныг 13.500.000 төгрөгт бодож, бэлэн 10.000.000 төгрөг, хүүхдийн памперс 1.000.000 төгрөг орчим, хар өнгийн Экстриал автомашин өгсөн одоо унаж байгаа. Үүнээс өөр надад юу ч өгөөгүй би хохирчихоод байгаа. ..."/3хх 163-164/,

гэрч Г.Очироогийн “...2015 онд Г эгч утсаар яриад Г.Х эгчийнх нь “Ренж ровер” автомашиныг зараад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би Оролмоо, Г нартай Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Дакогийн байрны гражаас Халиунаа эгчийн ээж Отгоноос түлхүүрийг нь аваад унаад явсан. Би автомашиныг нь аваад зар тавьж байгаад ойролцоогоор 7 хоногийн дараа зарсан. Автомашин зарсан хүнээ одоо нэрийг нь санахгүй байна. Тэр ах бэлэн мөнгөөр машин зарсан, автомашин зарсан мөнгөө бүгдийг нь Г эгчид өгсөн. ...”/1хх 35-36/,

гэрч Г.Оролмаагийн “...Сүхбаатар дүүргийн 45 дугаар байранд байдаг “Буман жаалууд” цэцэрлэг нь үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болж байгаа. Одоо Эхийн хайр гэдэг нэртэй болсон. Цэцэрлэг авах асуудал яригдахад Г.Х Япон улсад байсан. ...Цэцэрлэгтэй холбоотой асуудлыг сайн мэдэхгүй ч Г.Х нь Г эгчийн цэцэрлэгийг авахаар мөнгө өгч байсныг мэднэ... Г эгч надад хэлэхдээ “Рэнж ровер” автомашиныг цэцэрлэг зарах мөнгөндөө бодож авсан. Би машинаа унаж хэрэглэж чадахгүй байна, мөнгөний хэрэг гараад байгаа учраас яаралтай заруулах хэрэгтэй байна, зараад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би төрсөн дүү Очироод хэлж байгаад заруулаад мөнгийг нь тэр даруй Г эгчид өгсөн. ...Халиунаа цэцэрлэг авах мөнгөө өгч явж байгаад Япон улсаас ирээд цэцэрлэгээ авъя гэхэд Г эгчийн “Буман жаалууд” цэцэрлэг нь барьцаанд орчихсон, цэцэрлэгийг өгөх боломжгүй болсон байсан. Ингээд маргаантай асуудал үүссэн бөгөөд Г эгчийн цэцэрлэг Голомт банкны барьцаанд байгаа хэвээр байгаа, Мөнх-Абдул нь миний хүү байгаа юм. Би Халиунаагийн өмнөөс 2.000.000 орчим төгрөгийг Гд өгсөн зүйл бол байгаа. Мөнх-Абдул нь Япон улсад байхдаа эмнэлэгт шинжилгээ өгөх шаардлагатай болоод Халиунаагаас түр 2.000.000 орчим төгрөг зээлээд авчих гээд мөнгө авхуулаад тэр мөнгийг нь би Г эгчтэй тооцоо хийсэн. ... “/1хх 37-38/,

  гэрч Д.Пүрэвдоржийн “...Халиунаа надад нэг удаа мөнгө дайлгасан. Яг хэдэн төгрөг гэдгийг нь санахгүй байна. Барагцаагаар 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Япон улсын мөнгөн дэвсгэрт иенээр мөнгө өгч явуулж байсан. ...Халиунаа Г эгчид өгчхөөрэй гэсэн мөнгийг нь авчраад маргааш нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бөмбөгөр лүү явдаг нэг чигийн хөдөлгөөнтэй замын тэнд байдаг нэг ресторанд өгч байсан... намайг Японд сурч байхад Халиунаа нь мөн тэнд ангаахын сургуульд сурч байсан. ...” /1хх 39-40/, 

гэрч Ж.Болормаагийн “.... 2018 оны 10 дугаар сарын эхээр байсан санаж байна яг хэдний өдөр байсныг нь одоо санахгүй байна. Миний санаж байгаагаар 2018 оны 10 дугаар сарын эхээр л байсан. Б.Отгон над руу утсаар яриад “надад яаралтай мөнгөний хэрэг гарлаа 2.000.000 төгрөг зээлээч гэхээр нь мөнгө бэлэн байсан учир мөнгө байгаа гэж хэлсэн” ингээд манай ажил дээр билүү гэрт ирээд 2.000.000 төгрөгийг бэлнээр аваад явсан. Уг мөнгийг 7 хоногийн хугацаатай зээлж аваад энэ заасан хугацаанд мөнгөө өгдөггүй, 2018 оны 12 дугаар сарын эхээр яг 2 сар болоод л 2.000.000 төгрөгийг Б.Отгон өөрөө авч ирж өгсөн. ...” /2хх 10/,

 гэрч Г.Ононгийн "... Би “Альфа инержи” ХХК-ийн захирлаар ажилладаг. 2015 оны 7 дугаар сард ...миний төрсөн дүү Халиунаа над руу Япон улсаас утсаар холбогдож яриад яаралтай мөнгө хэрэгтэй байна, та надад мөнгө байвал зээлээч би Г гэдэг хүнээс цэцэрлэг худалдаж авах гэж байгааг мэдэж байгаа биз дээ, надаас 10.000.000 төгрөг нэхээд байна, өнөөдөр хэрэгтэй байна гэхээр нь надад ажлын хөлс ороод ирчихсэн байгаа болно гэж хэлээд Худалдаа хөгжлийн данснаас бэлэн мөнгө гаргаад ээж Отгонд өгсөн, ээж Отгон Г гэдэг хүнд өгсөн. ..." /1хх 205/,

гэрч П.Зөнбилэгтийн өгсөн "... би Япон улсад 2011 оноос 2015 оны 8 дугаар сар хүртэл эхнэр Халиунаагийн хамт амьдарч, ажиллаж байгаад ирсэн. Эхнэр бид хоёрыг Япон улсад байхад З.Г гэдэг хүн манай эхнэр лүү утсаар холбогдоод өөрийнхөө цэцэрлэгийг хямдхан зарна гэж хэлээд эхнэрт маань зарахаар тохирсон байсан. Халиунаа надад хямдхан цэцэрлэг авчихмаар байна гэхээр нь өөрөө мэдэж байгаа бол авбал авахгүй юу дөө гэж хэлж байсан. Ингээд Халиунаа цэцэрлэг авахаар болоод Японоос мөнгө явуулж, машинаа хүртэл өгч байсан. ...” /1хх 207-208/,

                  гэрч С.Эгийн “... Миний бие өөрийн найз Гд 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн Сансарын тунелийн 13 чиглэлд уруудах замын зүүн талд байрлах Нотариатын газарт өөрийн найз Батчимэгийг гуйж хүү Э, охин У нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолборын 44г байрны 15- тоотод байрлах 4 өрөө байр, мөн хаягийн 44а,б,в,г байрны зоорийн давхрын 9, 10 тоот авто зогсоол зэргийг итгэмжлэх хийж өгсөн юм. Г нь энэхүү үл хөдлөх хөрөнгүүдийг Голомт банкны зээлийн бизнес төвд барьцаалан мөнгөөр нь Эрдэнэт хотод байрлах цэцэрлэгийг худалдан авах байсан юм. Г надаас ийнхүү үл хөдлөх хөрөнгүүдийг авахдаа надад байруудыг чөлөөлж өгөхөөс гадна, нэмж тодорхой хэмжээний ашиг өгнө гэж хэлсэн юм. Тэгээд би хүүхдүүддээ хэлэлгүй нотариат найзыгаа гуйгаад итгэмжлэх Гд хийгээд өгчихсөн юм. Би хүүхдүүдийнхээ өмнөөс гарын үсэг зурсан нь үнэн болно, энэ талаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шинжээч томилж манай хүүхдүүдийн гарын үсэг биш болохыг тогтоосон байдаг юм. Гын хүссэн зээлийг Голомт банкнаас олгосон боловч цэцэрлэгийн эзэн Срт очоогүй байсан. Ср анх Гд цэцэрлэгээ зарахдаа Срын эзэмшлийн цэцэрлэг иргэн Гын нэр дээр шилжиж ирсэн үед 500.000.000 төгрөгийг олгоно гэсэн тус банкны захирал Ариунаагийн гарын үсэгтэй албан бичиг байхаар нь би итгээд энэ бүгдийг хийх болсон юм. Уул нь гэрээгээрээ Голомт банкнаас 500.000.000 төгрөгийг Срын данс руу шилжүүлэх ёстой байсан хэдий ч 2 удаа Гын данс руу шилжүүлчихсэн байсан юм байна лээ. Тэгээд Ср нь гэрээнийхээ дагуу эзэмших эрхээ Гд шилжүүлсэн боловч Срт бас мөнгийг нь өгөөгүй юм байна лээ. Голомт банкнаас авсан зээлээ Г нь төлөөгүй учраас Голомт банк барьцаа хөрөнгөнөөс хангуулж өгнө гэсэн нэхэмжпэл гаргаад иргэний хэрэг шүүхэд явж байгаа...Би Батчимэгт гадаа манай 2 хүүхэд байгаа гэж хэлсэн, түүнээс Г бид 2 л байсан... Г надад хэлэхдээ Голомт банкнаас 500.000.000 төгрөгийн зээл аваад Орхон аймагт байх цэцэрлэгийг худалдаад авчихлаа гэж надад хэлсэн. Тэгээд нэг хэсэг хугацаанд Г алга болсон тэгээд сураглаад байсан европын орнуудаар яваад ирлээ гэж надад хэлсэн. Засгийн газрын хөрөнгө оруулалт буюу санхүүжилт ороод ирэхээр зээлээ хаана гэж надад хэлсэн. ...2017 онд Голомт банканд зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй Голомт банк шүүхэд хандсан байсан. ...” /2хх 95-96/,

                  гэрч Ц.Батчимэгийн “.... 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр манай найз Энхтуяа манай ажил дээр ирээд ... Эрдэнэт хотод Г цэцэрлэг авах гэж байгаа, цэцэрлэгийн үл хөдлөх нь шилжих хүртэл өөрийнхөө байрыг барьцаанд тавих гэж байгаа юм гэж Энхтуяа надад хэлсэн. Тэгэхээр нь би түр орон байраа барьцаанд тавьдаг нь ямар учиртай юм бэ гэж Энхтуяад хэлэхэд болно л гэсэн. Тэгэхээр нь би итгэмжлэх хийж өгсөн. Тухайн үед тэр хүмүүст банкнаас зээл олгогдох гэж байгаа гэсэн бичиг байсан. Тэгээд би 1 орон сууц, 2 автомашины гражийг Гд итгэмжлэх хийж өгсөн. ...” /2хх 102-103/,

гэрч М.Цэцэгмаагийн “...Манай нөхөр Ср бид 2 Эрдэнэт хотын Урт булаг багт байрлах 476 бүхий 2 давхар тоосгон цэцэрлэгийн зориулалттай байрыг 2005 онд хувьчилж байсан бөгөөд ус, ундаа үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан 2012 оноос эхлэн тохижуулж, засварын ажил хийгээд хүүхдийн цэцэрлэгийн зориулалттай үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Манай цэцэрлэгийг “Маамуу нааш ир” гэж нэрлэсэн би өөрөө цэцэрлэгийн эрхлэгчээр ажилладаг 80 хүүхдийн чадалтай тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг байсан. Ингэж ажиллаж эхлээд ямар ч байсан хүүхдээр тасрахгүй ажиллаад явж байсан ба 2014 онд нөхөр Ср бид 2 ярилцаад цэцэрлэгээ заръя гэж бодоод Эрдэнэт хотоор хүмүүст зарах талаараа хэлж ярьж байсан юм. Гэтэл З.Г 2014 оны намар 10 дугаар сард байсан шиг санаад байна 2 хүний хамтаар ирж байсан надад танилцуулснаар Энхтуяа гэдэг эмэгтэй байсан санаад байна нөгөө хүнийг нь болохоор санахгүй байна өөрийнхөн үеийн эмэгтэй хүмүүс байсан... Ингээд үзэж хараад Г надад хандаж би өөрөө Улаанбаатар хотод 2 хүүхдийн цэцэрлэг ажиллуулж байгаа цэцэрлэг чинь надад таалагдаж байна авмаар байна гэсэн ба зарах үнэ хөлсөө ярилцаад би 400.000.000 төгрөгт зарчихмаар байна гэж хэлсэн. Ингэж үзэж хараад Г явсан ба дахин холбоо бариагүй сүүлд сонссон манай нөхөр Сртай холбоо барьсан байсан. Ингэж хэдэн сар сураг чимээгүй байж байгаад 2015 оны 2 дугаар сард манай нөхөр Сртай ярьж байгаа ажил дээр нь очиж Г уулзсан байсан. Ингээд Эрдэнэт хотод нотариат ороод 1 цагийн дотор цэцэрлэгийн бичиг баримтыг Сраас Гд шилжүүлж өгсөн байсан. Үүний талаар сүүлд надад манай нөхөр Ср сүүлд надад хэлсэн. Түүнээс анх бол хэлээгүй надаас нуусан байсан. Г гэдэг хүн худалдан авна гэдгийг би мэдэж байсан тэгэхдээ мөнгөө авч байж шилжүүлнэ гэдэг талаар ярьсан байсан. Гэтэл манай нөхөртэй ярьж байгаад нөхрийн нэр дээр цэцэрлэг бүртгэлтэй байдаг учир худалдаа хөгжлийн банкнаас чөлөөлж аваад тэр дороо Г өөр рүүгээ шилжүүлж авсан байсан. Тухайн үед Г манай нөхөр Срт хэлэхдээ танай цэцэрлэгийг 400.000.000 төгрөгөөр худалдаж авна, гэхдээ ингэхийн тулд цэцэрлэг миний нэр дээр шилжсэн байх шаардлагатай байна, цэцэрлэгийн бичиг баримтыг Голомт банканд барьцаанд тавиад зээл гаргуулж аваад мөнгөөр нь цэцэрлэгээ худалдан авна гэж нөхөрт маань Г ойлгуулж итгүүлээд өөрийн нэр дээрээ бичиг баримтыг шилжүүлж авсан байсан. Ингэж Голомт банкны барьцаанд тавиад гаргуулж авсан мөнгөөрөө манай цэцэрлэгийг худалдан авсан зүйлгүй, мөнгөөр нь өөр зүйлд зарцуулсан байсан. Одоо ингээд нөхөр бид 2 цэцэрлэгээ 500.000.000 төгрөгийн барьцаанд тавиулчихаад хохироод байж байна. ...” / 3хх 154- 155/

иргэний нэхэмжлэгч Т.Аын “...2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Голомт банктай ЗГ2205103540-2 дугаартай зээлийн гэрээг З.Г байгуулж 500.000.000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай ЗБ2205103540-1 тоот ипотекийн гэрээр тус тус байгуулан үл хөдлөх эд барьцаалан 500.000.000 төгрөг авсан. Үндсэн зээлийн 500.000.000 төгрөг зээлж авснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй байна. Өнөөдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 500.000.000 төгрөг, уг зээлийн хүү өнөөдрийн байдлаар 242.893.150 төгрөг болсон, мөн нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 28.713.863 төгрөг болж нийтдээ 771.607.013 төгрөг болсон. Манай голомт банканд учирсан. 771.607.013 төгрөгийг нэхэмжилж байна. ...” / 3хх 224-226/,

Монгол банкнаас зарласан ханшийн “...2015 оны 6 дугаар сард Японы иен 15.39 ханштай” гэх лавлагаа /1хх 107/, Монгол банкнаас зарласан ханшийн “...2015 оны 5 дугаар сард Японы иен 1.7 ханштай” гэх лавлагаа /1хх 106/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 7/9064 дугаартай “...Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 45 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012656 дугаартай орон сууцыг 2011 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 185 дугаартай нотариатын гэрчилсэн арилжааны гэрээгээр иргэн З.Гын өмчлөлд шилжиж, уг орон сууцыг барьцаалан “Голомт банктай” байгуулсан 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн болон ипотекийн гэрээ бүртгэлтэй байна. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 45 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2.203013705 дугаартай орон сууцыг 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 185 дугаартай нотариатын гэрчилсэн арилжааны гэрээгээр иргэн З.Гын өмчлөлд шилжиж, уг орон сууцыг барьцаалан “Голомт банктай” байгуулсан 2011 оны 5 дугаар сарын 9-ний өдөр, 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр, 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн болон ипотекийн гэрээ тус тус бүртгэлтэй байна. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 45 дугаар байрны 3 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012471 дугаартай орон сууцыг 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 129 дугаартай нотариатын гэрчилсэн арилжааны гэрээгээр иргэн З.Гын өмчлөлд шилжиж, уг орон сууцыг барьцаалан “Голомт банктай” байгуулсан 2011 оны 5 дугаар сарын 9-ний өдөр, 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр, 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн болон ипотекийн гэрээ тус тус бүртгэлтэй байна. ...” гэх албан бичиг /1хх 109-110/,

Дамно ХХК-ий хөрөнгийг үнэлгээний “Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо хөх тэнгэр хороолол, Зайсангийн тойруу 44г дүгээр байрны зоорийн давхрын 9 тоот хаягт байрлах, Ү-2206014077 бүртгэлийн дугаартай, 18мкв авто зогсоолыг 2015 оны ханшаар 26.125.000 төгрөгөөр үнэлсэн, Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо хөх тэнгэр хороолол, Зайсангийн тойруу 44г дүгээр байрны зоорийн давхрын 10 тоот хаягт байрлах, Ү-2206014078 бүртгэлийн дугаартай, 18мкв авто зогсоолыг 2015 оны ханшаар 26.125.000 төгрөгөөр үнэлсэн, Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо хөх тэнгэр хороолол, Зайсангийн тойруу 44г дүгээр байрны 15 тоот хаягт байрлах 132 мкв талбайтай бүртгэлийн Ү-2206013701 дугаартай, 4 өрөө орон сууцыг 2015 оны ханшаар 363.660.000 үнэлсэн” тайлан /4хх 32-50/,

Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг, ОХУ-ын консулын ард хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2101002930 дугаарт бүртгэгдсэн 476мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 428.322.225 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн үнэлгээний газрын тайлан /4хх 14-27/,

Имейл хаягт үзлэг хийсэн “[email protected] гэх хаяг руу түүний айфоне 7 загварын гар утсаар орж 2018 оны буюу ирсэн имэйл дотор Batchomeg гэх хаягаас 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн ирсэн имейлийг үзэхэд Г гэх ворд файл байна. Уг файлыг нээж үзэхэд “Г миний бие нь итгэмжпэл авах үед Голомт банкнаас урд нь зээл авсан байснаа нуун дарагдуулж, худал хэлж Орхон аймагт цэцэрлэгийн барилга худалдан авахад 30 хувьд нь үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах шаардлагатай байгаа барьцаалсан эд хөрөнгийг өөрийн байрнуудыг зарж борлуулан суллаж өгөхөөр амлаж итгэл үнэмшил төрүүлж байгаа У, Э нарын өмчлөлийн байр, 2 ширхэг авто зогсоолыг Голомт банканд барьцаалсан болно цэцэрлэгийн байрыг худалдан авах гэрээ хийж 500.000.000 /таван зуун сая төгрөг/-ийн барьцаанд тавьж мөнгө авсан боловч уг мөнгийг эзэнд нь өгөөгүй Голомт банкны урд авсан зээлийг төлсний улмаас одоог хүртэл итгэмжлэлээр барьцаалсан байр 2 авто зогсоолыг суллаж чадаагүй нь үнэн болно” гэж бичсэн байна. ...” гэх тэмдэглэл /1хх 129-132/

Маамуу нааш ир цэцэрлэгийн объектод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх 5-9/, Альфа энержи ХХК-ны данснаас 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 10.000.000 төгрөг зарлага гаргасан Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /1хх 206/, З.Гын Голомт банкны 2205103540 дугаартай дансны хуулга, зээлийн гэрээ болон өргөдөл, графикийн хавсралт /3хх 166-188/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүхээс шүүгдэгч З.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч З.Гыг “Үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн  үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Аын “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтас хэрэгт  буй хохирогч Э.У “...Уг гарын үсгүүд бид хоёрын гарын үсэг биш юм. Биш болохыг нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр шинжээч томилон 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн №3599 дугаартай шинжээчийн дүгнэлтээр баталсан. Уг гарын үсэг харваас манай ээжийн бичгийн хэв байгаад байгаа юм. ...”/2хх 93-94, 3хх 217-218/,

            хохирогч Э.Эгийн “...2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр миний бие нотариат дээр очиж байрыг 3.Гд итгэмжлэл олгож гарын үсэг зураагүй, тухайн нотариат Ц.Батчимэг гэх хүнийг танихгүй. Манай ээж С.Э нь эгч Э.У бид хоёрын өмнөөс таньдаг нотариат дээрээ очоод гуйж байгаад гарын үсэг зурчихсан юм байна лээ. ... " / 3хх 146-147/,

            гэрч С.Эгийн “...Тэгээд би хүүхдүүддээ хэлэлгүй нотариат найзыгаа гуйгаад итгэмжлэх Гд хийгээд өгчихсөн юм. Би хүүхдүүдийнхээ өмнөөс гарын үсэг зурсан нь үнэн болно, энэ талаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шинжээч томилж манай хүүхдүүдийн гарын үсэг биш болохыг тогтоосон байдаг юм. Гын хүссэн зээлийг Голомт банкнаас олгосон боловч цэцэрлэгийн эзэн Срт очоогүй байсан. Ср анх Гд цэцэрлэгээ зарахдаа Срын эзэмшлийн цэцэрлэг иргэн Гын нэр дээр шилжиж ирсэн үед 500.000.000 төгрөгийг олгоно гэсэн тус банкны захирал Ариунаагийн гарын үсэгтэй албан бичиг байхаар нь би итгээд энэ бүгдийг хийх болсон юм. ...2017 онд Голомт банканд зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй Голомт банк шүүхэд хандсан байсан. ...” /2хх 95-96/,

            гэрч Ц.Батчимэгийн “.... 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр манай найз Энхтуяа манай ажил дээр ирээд ...Эрдэнэт хотод Г цэцэрлэг авах гэж байгаа, цэцэрлэгийн үл хөдлөх нь шилжих хүртэл өөрийнхөө байрыг барьцаанд тавих гэж байгаа юм гэж Энхтуяа надад хэлсэн. Тэгэхээр нь би түр орон байраа барьцаанд тавьдаг нь ямар учиртай юм бэ гэж Энхтуяад хэлэхэд болно л гэсэн. Тэгэхээр нь би итгэмжлэх хийж өгсөн. Тухайн үед тэр хүмүүст банкнаас зээл олгогдох гэж байгаа гэсэн бичиг байсан. Тэгээд би 1 орон сууц, 2 автомашины гражийг Гд итгэмжлэх хийж өгсөн. ...” /2хх 102-103/ гэсэн мэдүүлгүүд, Б.Батчимэгийн хийсэн итгэмжлэл /3хх 221/ зэргээс үзэхэд  шүүгдэгч З.Г нь 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр иргэн С.Эд “Орхон аймагт байрлах цэцэрлэг худалдан авах гэж байгаа, зээлийн барьцаанд түр хугацаагаар тавих үл хөдлөх хөрөнгө хэрэгтэй байна, мөнгийг нь удаахгүй гаргаж өгнө” гэж хэлж, С.Эгийн хүүхэд Э.У, Э.Э нарын нэр дээр бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хороолол, Зайсангийн тойруу 44г дүгээр байрны 15 тоот хаягт байрлах 132 мкв талбайтай бүртгэлийн Ү-2206013701 дугаартай 4 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хороолол, Зайсангийн тойруу 44г дүгээр байрны зоорийн давхрын 9, 10 тоот хаягт байрлах авто зогсоолыг тус тус хуурамч итгэмжлэл хийлгэн Голомт банкны барьцаанд тавьж Голомт банкнаас 500.000.000 төгрөг зээлж авч Э.У, Э.Э нарт 410.910.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь нотлогдсон бөгөөд энэ тохиолдолд гэмт хэргийн улмаас учруулсан хор хохирлыг арилгахын тулд гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг бусдын барьцаа, битүүмжлэлээс гарган хохирогч нарт олгох нь хууль зөрчөөгүй болно.

           Энэ хэрэгт С.Э, Ц.Батчимэг нар нь гэм буруутай боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр  эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоолоор  хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /5хх 14-15, 19/ Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хувьд банкинд учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй тул иргэний нэхэмжлэгч Т.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

            Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  зарим заалтад хэсэгт найруулга зүйн алдаатай байдал гарсан байх түүнийг зөвтгөн өөрчлөх нь  зүйтэй байна.

            Өөрөөр хэлбэл тогтоох хэсгийн 1 дэх заалтад  шүүгдэгчийн үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ойлгомжгүй байдлаар заасан тул өөрчлөлт оруулав.

Харин тогтоолын тогтоох хэсгийн  4 дэх заалтад “ Ялгаруулагч ХХК, Голомт банк “ гэж иргэний нэхэмжлэгч хуулийн этгээдийн  нэрсийг тодорхой  зааж нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч З.Г Б.Ч нарт  холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг  гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, ...” гэснийг,

“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т заасныг баримтлан” шүүгдэгч Б.Чийг З.Гтай бүлэглэсэн гэж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт” зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг  гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож , шүүгдэгч З.Гд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хэрэгт зүйлчилсэн үйлдлүүдээс “...Б.Чтой бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ялгаруулагч" банк бус санхүүгийн байгууллагаас 13-61 УБЭ улсын дугаартай тоёота Хайландер маркийн автомашиныг унаж явах нөхцөлтэйгөөр барьцаанд тавьж, 15.000.000 төгрөгийн зээлийг Б.Жы хамт авч, хуурч, зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн” гэсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай. ...” гэж,

4 дэх заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч З.Гаас 523.717.692 /таван зуун хорин гурван сая долоон зуун арван долоон мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж 80.235.500 /наян сая хоёр зуун гучин таван мянга таван зуу/ төгрөгийг хохирогч Г.Хд, 443.482.192 /дөрвөн зуун дөчин гурван сая дөрвөн зуун наян хоёр  мянга нэг зуун ерэн хоёр/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Т.А /Голомт банк/-д, хохирогч Д.Сраас 53.000.000 /тавин гурван сая/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Т.А /Голомт банк/-д тус тус олгож, хохирогч Г.Хгийн нэхэмжлэлээс 2.000.000 /хоёр сая/ төгрөг, Г.Хын нэхэмжилсэн 26.942.705 /хорин зургаан сая есөн зуун дөчин хоёр мянга долоон зуун тав/ төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, зээлийн төлбөрөөс үүссэн бусад маргаанаа иргэний журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй. ...” гэснийг,

“...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч З.Гаас 523.717.692 /таван зуун хорин гурван сая долоон зуун арван долоон мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж 80.235.500 /наян сая хоёр зуун гучин таван мянга таван зуу/ төгрөгийг хохирогч Г.Хд, 443.482.192 /дөрвөн зуун дөчин гурван сая дөрвөн зуун наян хоёр  мянга нэг зуун ерэн хоёр/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч /Голомт банк/-д, хохирогч Д.Сраас 53.000.000 /тавин гурван сая/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч /Голомт банк/-д тус тус олгож, хохирогч Г.Хгийн нэхэмжлэлээс 2.000.000 /хоёр сая/ төгрөг, Г.Хын нэхэмжилсэн 26.942.705 /хорин зургаан сая есөн зуун дөчин хоёр мянга долоон зуун тав/ төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, хохирогч нар болон иргэний нэхэмжлэгч “Голомт банк”, “Ялгаруулагч” ХХК нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, зээлийн төлбөрөөс үүссэн бусад маргаанаа иргэний журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ШҮҮГЧ                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

           

                               ШҮҮГЧ                                                        М.АЛДАР

 

                   ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ