Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/406

 

 

 

 

 

 

    2022            4             19                                       2022/ДШМ/406                                   

 

 

Д.Бд холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Ц.Сайнхүү,

            шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Н.Ганбат,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/301 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Бы гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2106000001564 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шар Торгууд овгийн Д.Б, 1983 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ..................................;

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 29 дүгээр гудамжны 743 тоотод оршин суух иргэн Б.Г гэрийн ханыг хугалж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, нийт 126.500 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Шар Торгууд овогт Д.Быг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Д.Бд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэххэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Быг урьд нь цагдан хорьсон 6 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт шүүгдэгч Д.Б урьд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжпээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 29 дүгээр гудамжны 743 тоотод оршин суух иргэн Б.Г гэрийн ханыг хугалж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, нийт 126.500 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тухайн үед үйлдэл дээрээ баригдаж авсан зүйлээ бүгдийг нь буцааж өгч хохирогчийг хохиролгүй болгосон. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гурван өнчин хүүхдийг минь харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Бы өмгөөлөгч Н.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хулгай хийж үйлдэл дээрээ баригдсан, бусдад төлөх төлбөргүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Сайнхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Б нь хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрсэн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцогдсон. Уг хэргийн зүйлчлэл нь сонгох санкци буюу шүүгдэгчийн хэлээд байгаа шиг нийтэд тустай ажил хийлгэх ял, торгох ял, эсхүл тэнсэх зохицуулалтгүй. Өөрөөр хэлбэл, зөвхөн хорих ял оногдуулахаар байгааг шүүгдэгч ойлгоогүй байна. Шүүгдэгч нь тухайн хэргийг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хэдийгээр нийгмийн хор аюул, гэмт хэргийн хохирлын хэмжээ бага боловч тухайн хэрэг шүүхийн шатанд байх үед шүүгдэгч нь шүүн таслах ажиллагаанд саад учруулсан, дуудсан цагт ирэхгүй байх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан. Үүний улмаас шүүгдэгчийг эрэн сурвалжилж олоод, шүүгдэгчийг цагдан хорьж, тухайн хэргийг шийдвэрлэсэн. Тиймээс анхан шатны шүүхийн оногдуулсан хорих ялын санкци нь хууль зүйн үндэслэл бүхий болсон гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 29 дүгээр гудамжны 743 тоотод оршин суух иргэн Б.Г гэрийн ханыг хугалж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, нийт 126.500 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан болох нь:

хохирогч Б.Г “... Би 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн орой 20 цагийн үед машинтайгаа таксинд явахаар гэрээсээ гараад явсан. Би гэртээ ганцаараа байдаг. Тэгээд гадуур явж байгаад 23 цаг 15 минутын орчим гэртээ ирээд хаалганы цоожоо өөрөө онгойлгоод, гэртээ орж ирээд ус буцалгах гээд ус хийх гэсэн чинь манай гэрт байсан усны 40 литрийн сав байхгүй байсан. Гайхаад хулгай орсон байж магадгүй гэж бодоод хаалганы цоожоо шалгаад үзтэл зүгээр байсан тул гэрийн хаяа хэсгийг шалгатал гэрийн зүүн урд хэсгийн хананы доод талын модыг хугалаад, зай гарчихсан байхаар нь гэрт хулгай орсныг мэдээд, гэрт байсан эд зүйлээ шалгатал хөргөгчид байсан 2 кг орчим хонины цул мах, 40 литрийн хөнгөн цагаан усны сав байхгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. Хулгай хийсэн хүн тогоонд байсан цуйванг идээд, ширээн дээр байсан “Үе Үе” нэртэй кофег аваад, гэрт байсан миний өөрийн хар өнгөтэй цагаан бугын дүрстэй ханцуйтай ноосон цамцыг авч явсан байсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй. ...” /хх.15-16, 18/,

шүүгдэгч Д.Бы яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр би архи ууж яваад Дарь-Эхийн Сэлбийн голын орчим унтаж байгаад нэг сэртэл орой болсон ам цанган өлсөөд байсан. Тэгээд голын захаас алхаад явж байтал нэг гудамжны булангийн хашаа хаалга нь онгорхой байсан. Тэгээд би тэр хашаа руу яваад очтол нэг түгжээтэй хаяаг нь шуусан монгол гэр байсан. Тэгэхээр би хаяагаар нь ороод гэрт байсан хөнгөн цагаан 40 литрийн багтаамжтай бидон 2 ширхэг кофе, хар цагаан өнгийн цамц, савхин бээлий, Самсунг маркийн цагаан өнгийн гар утас зэргийг авсан. Тэгээд би тухайн гэрээс хулгай хийсэн эд зүйлээ авч буцаад хаяагаар нь явж байгаад холдолгүй нэг хашааны буланд сууж амарч байгаад унтаад өгсөн. Тэгээд намайг унтаж байхад цагдаа ирээд намайг сэрээгээд аваад явсан. ...” /хх22, 47/ гэсэн мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.25-26/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх.28/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.4-11/, хохирогч Б.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай бичгийн тайлбар /хх 50/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Д.Быг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Б нь Б.Г гэрийн ханыг хугалж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, нийт 126.500 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх уг зүйл, хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

          Шүүгдэгч Д.Бы “...нийт 126.500 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тухайн үед үйлдэл дээрээ баригдаж авсан зүйлээ бүгдийг нь буцааж өгч хохирогчийг хохиролгүй болгосон. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гурван өнчин хүүхдийг минь харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж, 1.3-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах…” гэж тус тус заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй юм.

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн үйлдэлдээ гэмшиж байгаа, хохирол төлбөргүй  зэргийг нь харгалзан үзэж хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “...2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалтыг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулах боломжтой гэж үзэж шүүгдэгч Д.Бы  ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/301 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн  шүүх шийтгэх тогтоолын 5 дахь заалтанд Д.Б нь урьд  6 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцохоор заасан атлаа түүнийг цагдан хоригдсон хоноггүй гэж эсрэгээр бичсэнийг зөвтгөн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийг хүртэл нийт 50 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/301 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалтыг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэж,

5 дахь заалтын “...шүүгдэгч Д.Б урьд цагдан хоригдсон хоноггүй...” гэснийг хасч тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Б нь 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийг хүртэл нийт 50 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ        

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ