Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

               Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, 

                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ё.Мөнхгэрэл,

                Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

                Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Туяа,

                Шүүгдэгч: Ц.Отгонтамир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цолмонгийн Отгонтамирт холбогдох эрүүгийн 201720000060 тоот хэргийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

               Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 38 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхнэрийн хамт Увс аймгийн Улаангом сумын 11-р багийн 12-05 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 123 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,  РД:ОЭ78072378, Боржигон овогт Цолмонгийн Отгонтамир.  

      Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Отгонтамир нь 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Улаангом сумын 11 дүгээр багийн 015 тоотод оршин суух хохирогч Ц.Цэцээгийн орон байранд нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 1, бага гарын мөнгөн аяга 1, 750 граммын виски 1 шил, 750 граммын вино 1 шил, Экс нэрийн 750 граммын архи 1 шил, 70000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж нийт 360.000 /гурван зуун жаран мянган/ төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-10-р тал/,

                2. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19-р тал/,

             3. Хохирогч С.Цэцээгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Улаангом сумын 11-р баг 015 тоотод өөрийн эхнэр Ц.Орхонтуул болон хүү Ц.Хангай, охин Сэргэлэн нарын хамт оршин суудаг юм. Би 2017 оны 2 дугаар сарын 02-ны өглөө 09 цагт боссон бөгөөд намайг босоход манай хоёр хүүхдүүд хичээлдээ явчихсан байсан. Би цайгаа уугаад гэртээ байж байгаад 10 цаг 40 минутанд өөрийн 54-38 УВА улсын дугаартай пропокс маркын машинаа гражнаасаа гаргаад асааж халаачихаад буцаж гэрлүүгээ орсон ба 11 цаг 10 минутанд байшингынхаа цонхнуудыг хааж түгжсэн. Харин унтлагын өрөөний жижиг цонхыг түгжихээ мартчихсан байсан тэгээд би машиндаа суугаад гэрээс гараад гадуур таксинд явсан. Намайг таксинд явж байтал өдөр 14 цаг 20 минутын үед надруу манай том хүү Ц.Хангай залгаж “надруу сая дүү залгаад манайд хулгай ороод ээжийн авдрыг эвдээд бусинуулчихсан байна гэж хэлж байна” гэж надад хэлсэн тул би 14 цаг 30 минутын үед гэртээ хүрч иртэл манай гэрт манай том хүү Ц.Хангай ирчихсэн, харин манай охин Сэргэлэн гараад явчихсан байсан юм. Тэгээд хүү бид хоёр унталгын өрөө рүү орж үзэхэд унтлагын өрөөний жижиг цонх онгорхой байсан ба цонхны доод талд байсан манай бор өнгийн модон авдрын ар талын хавтасыг зүүн талаас нь хагас татаад эвдчихсэн эргэн тойронд нь газарт авдар дотор байсан аяганууд, манай эхнэрийн мөнгө хийж цуглуулдаг байсан хайрцгийг гаргаад тавьчихсан байсан. Тэгээд хүү бид хоёр авдар дотор байсан эд зүйлүүдийг гаргаж нэг бүрчлэн үзэхэд манай авдар дотор байсан манай эхнэр бид хоёрын ээмэг, гинж, бөгж бүгд бүрэн байсан. Харин манай авдар дотор байсан 750 граммын виски-1 шил, 750 грамын вино-1 шил, 750 грамын экс гэх нэртэй архи-1 шил, дунд гарын мөнгөн аяга-1 ширхэг, бага гарын мөнгөн аяга -1 ширхэг /уг мөнгөн аяган дээр нь “Малчин сум 90 жил Норовын Алтанхуяг” гэсэн бичиглэлтэй дундаа модон оруулгатай 3 жил ашиглаж байсан нөгөө аяга нь мөн дундаа модон оруулгатай 5 жил ашигласан мөнгөн аяганууд/ мөн авдар дотор байсан ус буцалгагчны хайрцаг дотор байсан 70.000-аас 80.000 төгрөг алга болсон байсан юм. Тэгэхэд манай эхнэр Ц.Орхонтуул Улаанбаатар хотруу ажлаар явчихсан байсан бөгөөд манай гэрт урьд манай эхнэрийн дүү Ц.Отгонтамир /Бондогоо/ гэх залуу манайхаар байнга орч гарч байдаг ба Ц.Отгонтамир урьд өмнө нь хулгай хийж шоронд удаа дараа орж байсан хүн байдаг бөгөөд би хадам дүү Ц.Отгонтамирыг манайхаас хулгай хийсэн байж магадгүй гэж бодоод өөрийн эхнэртэйгээ зөвлөлдөж байгаад цагдаад дуудлага өгөх эсэхээ шийдье гэж бодоод тухайн үед цагдаад дуудлага өгөөгүй юм. Тэгээд манай эхнэр 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр өөрөө цагдаад дуудлага өгсөн юм. Манай хадам дүү Ц.Отгонтамир нь хэрэг гардаг өдрийн урд талын өдөр буюу 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр манайд 11 цагийн үед би гэртээ өөрийн найз Сүхээтэй хамт байж байтал манайд халамцуу орж ирээд манай унталгын өрөөнд орж ирээд надаас 3 ширхэг тамхи аваад 5000 төгрөг байна уу гэж асуусан, би Ц.Отгонтамирт мөнгө байхгүй гэж хэлсэн бөгөөд тэгээд Ц.Отгонтамир манайхаас гараад явчихсан байсан. Тэгээд 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Ц.Отгонтамир надад би 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр танай үүдний тампарт байсан 1 шуудай цемэнт хулгайлсан гэж хэлсэн юм. Манай эхнэр мөнгө байсан уг мөнгөний хайрцагыг 2014 оноос хойш байнга мөнгө хийж ашиглаж байгаа бөгөөд манай эхнэр 6 сар тутамд мөнгөний хайрцгаас цугларсан мөнгөнүүдээ авдаг. Хамгийн сүүлд манай эхнэр Ц.Орхонтуул тэр хайрцагнаас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр цугларсан 143,000 төгрөгийг авч хоосолсон бөгөөд тэрнээс хойш бага багаар мөнгө цуглуулж байсан. Уг мөнгөний хайрцаг дотор 70,000-80,000 төгрөг байсан юм. Ц.Отгонтамир нь урьд өмнө нь манайхаас бага багаар эд зүйлс хулгайлж байсан юм. 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Ц.Отгонтамир нь надад учирсан хохирол болох 360.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд одоо миний зүгээс Ц.Отгонтамирт ямар нэгэн гомдол тэмцэлгүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 20-24-р тал/,

          4. Гэрч Ц.Хангайгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Улаангом сумын 11-р баг 015 тоотод өөрийн аав, ээж, дүүгийн хамт амьдардаг бөгөөд манай ээж Ц.Орхонтуул 2017 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотруу эмчилгээнд явсан юм. Хэрэг гардаг өдөр буюу 2017 оны 2 дугаар сарын 02-ны өглөө манай дүү Сэргэлэн бид хоёр 07 цаг 40 минутын үед гэрээсээ гарч хичээлдээ явцгаасан, харин манай аав гэрт ганцаараа унтаад үлдсэн юм. Тэгээд би 14 цагийн орчимд Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах 64 айлын орон сууцанд байх өөрийн найз охин Одгэрэлийн гэрт байж байтал манай дүү Сэргэлэн над руу залгаад “Ахаа манай гэрт хулгай орчихсон байна, би бэлтгэлдээ явлаа” гээд гар утасныхаа дуудлагыг тасалчихсан. Тэгээд би гэртээ яваад очтол манай байшингийн хаалга цоожтой байсан. Тэгэхээр нь би хаалга онгойлгоод ортол манай унтлагын өрөөний зүүн талд байсан бор өнгийн модон авдар урд хэсгээрээ түгжээтэй, харин ар талын хэсгээрээ онгойчихсон байсан. Тэгээд намайг гэрт ирээд удаагүй байтал манай аав Ц.Цэцгээ орж ирсэн тул би сургууль руугаа явчихсан юм. Хамгийн сүүлд манай ээж Ц.Орхонтуул 12 дугаар сарын 31-ний өдөр мөнгөнийхөө хайрцагийг задалж 140,000 төгрөг авсан юм. Манай гэрийн мөнгөний хайрцаг дотор он гарснаас хойш 70,000 гаруй төгрөг цугларсан байх. Уг мөнгөний хайрцаг нь манай гэрийн цоожтой авдар дотор байдаг бөгөөд тэр хайрцагт манай гэрийнхэн л мөнгө хийдэг өөр ямар нэгэн хүн ойртож байгаагүй юм. Миний нагац ах Ц.Отгонтамир манай гэрийн мөнгөний хайрцгийг барьсан болон мөнгө хийж байсан тохиолдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,

            5. Насанд хүрээгүй гэрч Ц.Сэргэлэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 2 дугаар сарын 02-ны өглөө 07 цаг 20 минутанд сэрээд хичээлдээ явсан бөгөөд манай ах Ц.Хангай бас өглөө хичээлдээ явсан. Харин манай аав Ц.Цэцээ унтаад үлдсэн юм. Тэгээд 02 цаг 20 минутын үед би хичээлээ тараад гэртээ иртэл манай байшин цоожтой байсан тэгээд би өөрийнхөө түлхүүрээр байшингийнхаа хаалгыг онгойлгоод том өрөө рүү орчихоод унтлагын өрөө рүүгээ ортол манай унтлагын өрөөний жижиг цонх онгорхой байсан мөн уг цонхны доод талд байсан манай бор өнгийн цоожтой авдрыг наашаа татчихсан байсан тэгээд би цонхоо хааж түгжчихээд авдар луу хартал манай авдарны ар талыг салгачихсан байсан бөгөөд уг авдар дотор байсан манай гэрийн мөнгөний хайрцагыг гаргаад хажууд нь тавьчихсан мөн авдар дотор байсан аяганууд болон бусад эд зүйлүүдийг гаргаж тавьсан байдалтай хулгай орчихсон байсан. Би өөрийн ах болох Хангай руу утсаар залгаж манайд хулгай орчихсон юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би нийгэмлэг дээр гар бөмбөгийн бэлтгэлтэй байсан учраас ахыг ирэхийг хүлээхгүй байшингаа цоожилчихоод гараад явчихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/,

               6. Гэрч Ц.Орхонтуулын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Улаангом сумын 11-р баг 015 тоотод нөхөр 2 хүүхдийнхээ хамт амьдардаг бөгөөд би 2017 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Улаангом сумаас Улаанбаатар хот руу өөрийн биеэ үзүүлэхээр явсан юм. Тэгээд би 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 10 цагийн үед Дархан хотоос Улаанбаатар луу замд явж байгаад утсаа асаатал миний нөхөр Ц.Цэцээ надруу залгаж “өчигдөр манай гэрт хулгай орчихсон байна тэгээд чамруу залгахаар утас чинь холбогдохгүй байсан юм, танай дүү Ц.Отгонтамир авсан байж магадгүй, би чамтай ярилцаж байгаад цагдаад дуудлага өгье гэж бодсон юм” гэж хэлсэн. Тэгээд би 10 цаг 20 минутын өөрийн 88549884 гэх дугаараас залгаж Увс аймгийн цагдаагийн газарт дуудлага өгсөн. Манайхаас манай авдар дотор байсан дундаа модон оруулагатай дунд гарын мөнгөн аяга-1 ширхэг, дээрээ ямар нэгэн бичиггүй 5 жил ашигласан мөн дундаа модон оруулгатай бага гарын мөнгөн аяга-1 ширхэг аяганы хажуу талдаа “Малчин сум 90 жил Норовын Алтанхуяг” гэх бичиглэлтэй 3 жил ашигласан аяга болон 750 грам вино-1 ширхэг бэлгэнд аваад 1 жил болсон, 750 грамын виски-1 ширхэг бэлгэнд аваад 2 жил болсон, 750 грамын экс гэх нэртэй архи 1 ширхэг, мөн авдар дотор байсан ус буцалгагчны хайрцгыг скочдож янзалсан мөнгө цуглуулдаг хайрцаг байсан бөгөөд дотор 70,000-аас 80,000 төгрөг байсан бөгөөд уг хайрцаг дотор байсан мөнгө алга болсон юм. Би уг мөнгөний хайрцагийг 2014 оноос хойш байнга мөнгө хийж ашиглаж байгаа бөгөөд би 6 сар тутамд мөнгөний хайрцгаас цугларсан мөнгөнүүдээ авдаг бөгөөд би хамгийн сүүлд тэр хайрцагнаас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр цугларсан 143,000 төгрөгийг авч хоосолсон бөгөөд тэрнээс хойш би бага багаар мөнгө цуглуулж хийж байсан бөгөөд 70,000-80,000 төгрөг цугларч байсан юм. Манайхаас манай дүү Ц.Отгонтамир нь хааяа нэг юм аваад зарж борлуулчихдаг бөгөөд хэрэг гарсны урд талын өдөр манай дүү Ц.Отгонтамир манай гэрээс 1 шуудай цемент хулгайлсан байсан. Ц.Отгонтамир нь миний 2 дахь дүү юм. Тэр Улаангом сумын 2-р сургуулийг төгсөж, 1998 онд Улаанбаатар хотод цэргийн алба хаасан. Зан аашийн хувьд аливаа зүйлийг хийхдээ эв дүйтэй хийдэг. Ажил хийсэн бол дуустал нь хийдэг, машин техникт сонирхолтой, аливаа юманд сэтгэлээсээ ханддаг юм. Ц.Отгонтамир нь 2001 оноос хойш архи согтруулах ундааны зүйл хэрэглэж эхэлсэн бөгөөд янз бүрийн хэрэгт холбогддог болсон ба гэр бүл зохиохгүй байж байгаад 2014 онд Алтантуяа гэх хүнтэй гэрлэсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/,

                7. Гэрч С.Санжжавын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн үед Ж.Батбаярын амьдардаг подвол дотор ортол тэнд хүн байгаагүй тэгээд би тэнд хэвтэж байтал удалгүй Ж.Батбаяр халамцуу орж ирсэн тэгэхээр нь би Ж.Батбаяраас “хаанаас ирсэн юм” гэж асуухад Ж.Батбаяр надад “би Эцсээ, Отгонтамир хоёртой архи ууж байгаад ирлээ” гэсэн тэгээд удалгүй байж байтал Ц.Отгонтамир Ж.Батбаярын араас подволд орж ирээд “ах нь жаахан хэвтэж байгаад гаръяа” гэж хэлсэн бөгөөд тухайн үед Ц.Отгонтамир нилээд согтсон байсан юм. Тэгээд Ж.Батбаяр нь Ц.Отгонтамирт “танай эгчийн гэрт хулгай орсон гэж байна шүү дээ, таныг орсон гэж байна та авсан 2 мөнгөн аягаа хаашаа хийчихсэн юм бэ” гэж асуухад Ц.Отгонтамир Ж.Батбаярт “би хулгайлсан 2 мөнгөн аягаа хаашаа хаяснийгаа мэдэхгүй байна” гэж хэлчихээд жаахан байж байгаад “би цагдаа дээр очиж хэргээ хэлдэг юм билүү, би ганцаараа орчихсон юм” гэж хэлсэн. Тэгтэл Ж.Батбаяр нь Ц.Отгонтамирт “манайд дахиж битгий ирээрэй би асуудалд ормоогүй байна гэж хэлсэн бөгөөд Ц.Отгонтамир подволоос гараад явчихсан юм. Тэр үед подвол дотор Ж.Батбаяр, Ц.Отгонтамир нар байсан. Өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/,

              8. Гэрч Б.Батжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:  “Ц.Отгонтамир нь манайхтай ойролцоо Улаангом сумын 05-р баг 20 айл хүнсний дэлгүүрийн ойролцоо амьдардаг юм. Ц.Отгонтамир 20 айл хүнсний дэлгүүрийн ойролцоо мөн зах болон бусад газраар байнгын архидаж, явдаг бөгөөд Ц.Отгонтамир нь удаа дараа хулгайн гэмт хэрэг үйлдэж шоронд орж байсан юм. Би 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр гэрээсээ гараад зах руу явж байгаад 09 цагийн үед 20 айлын хүнсний дэлгүүр лүү орсон бөгөөд намайг тэр дэлгүүрт ороход худалдагч нь надад “Ц.Отгонтамир эгчийнхээ гэрээс 2 ширхэг мөнгөн аяга хулгайлчихсан юм шиг байна, тэгээд танай дэлгүүрт тавьсан уу гэж цагдаа нар асуучихаад явлаа” гэсэн. Тэгэхээр нь би Ц.Отгонтамирыг эгчийнхээ гэрээс 2 ширхэг мөнгөн аяга хулгайлсан байна гэж бодсон юм. Би тэр дэлгүүрээс цааш Ж.Батбаярын амьдардаг подволд 10 цагийн үед дулаацахаар очсон бөгөөд Ж.Батбаярт “Ц.Отгонтамир эгчийнхээ гэрээс 2 ширхэг мөнгөн аяга хулгайлсан байна” гэж хэлчихсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал/,

                9. Гэрч Ж.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 2 дугаар сарын 03-ны өглөө 10 цагийн үед өөрийн амьдардаг 1-р 64 айлын доод талын подволд байж байтал Батжаргал миний амьдардаг подвол руу эрүүл орж ирээд: “Өчигдөр буюу 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Ц.Отгонтамир /Бондогоо/ эгчийнхээ гэрээс мөнгөн аяга хулгайлчихсан байна” гэж хэлсэн. Тэгээд удалгүй Ц.Отгонтамир миний амьдардаг подволд орж ирээд “Ах нь жаахан хэвтэж байгаад гарья” гэж хэлсэн бөгөөд тухайн үед Ц.Отгонтамир нэлээн согтуу байсан юм. Тэгээд би Ц.Отгонтамирт “Танай эгчийн гэрт хулгай орсон гэж байна шүү дээ, таныг орсон гэж байна шүү дээ, та авсан хоёр мөнгөн аягаа хаашаа хийчихсэн юм бэ?” гэж асуухад Ц.Отгонтамир надад “Хоёр мөнгөн аягаа хаашаа хаясныгаа мэдэхгүй байна” гэж хэлчихээд жаахан байж байгаад: “Би цагдаа дээр очиж хэргээ хэлдэг юм бил үү, ганцаараа орчихсон юм” гэж хэлсэн. Тэгээд би “манайд дахиж битгий ирээрэй би асуудалд ормооргүй байна гэж хэлтэл Ц.Отгонтамир миний амьдардаг подволоос гараад явчихсан. Тэрнээс хойш Ц.Отгонтамир дахиж ирээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/,

               10. Гэрч У.Тогтохбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 14 цаг өнгөрч байхад Өгөөмөр төвийн хажууд явж байтал Өгөөмөр төвийн үүдэн дээр миний танил Ц.Отгонтамир, Ж.Батбаяр нар зогсож байсан. Би тэр хоёр дээр очоод мэнд мэдэлцсэн. Би Ц.Отгонтамирт 5000 төгрөгний өртэй байсан тул Ц.Отгонтамир, Ж.Батбаяр нарыг дагуулаад Өгөөмөр төвийн урдаас такси бариад Улаангом сумын 11-р багт байх 20 айл гэх нэртэй хүнсний дэлгүүр дээр ирж буусан. Бид гурав тэр дэлгүүр лүү орсон бөгөөд би тэр дэлгүүрээс 0.500 граммын Монгол стандарт гэх нэртэй архи 1 шилийг худалдаж авсан юм. Тэгчихээд Ц.Отгонтамир Ж.Батбаяр бид гурав тэр дэлгүүрээс гараад нийгэмлэгийн хажуу талд байдаг эзэнгүй хашаан дотор орж уг архийг хувааж ууж дуусчихаад гэр гэрлүүгээ харьцгаасан юм. Бид 3 архи хувааж ууж байхад Ц.Отгонтамир нь би уржигдар өдөр өөрийн хүргэн ах Ц.Цэцээгийн гэрээс 1 шуудай цемент хулгайлсан гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/,

           11. Гэрч Д.Алтантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Ц.Отгонтамирыг танина. Ц.Отгонтамир бид хоёр 2014 оноос хойш одоо хүртэл Улаангом сумын 11-р баг 12-05 тоотод нэг гэрт хамт амьдарч байгаа бөгөөд бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байгаа. Ц.Отгонтамир нь 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр унтаж байгаад 11 цагийн үед тамхи олж ирнэ гээд гэрээс ганцаараа гараад явсан. Тэгээд орой 17 цагийн үед ганцаараа нилээд халамцуу гэртээ орж ирээд шууд унтаад өгсөн юм. Ц.Отгонтамир нь тэр орой гэртээ ирэхдээ ямар нэгэн архи болон мөнгө төгрөг авч ирээгүй. Ц.Отгонтамир нь надад хулгай хийсэн талаараа хэлээгүй юм. Зан аашийн хувьд өрөвч, аливаа хүнийг сайн муу гэж ялгадаггүй, архи уух сонирхолтой бөгөөд 1 сард  барагцаагаар 7 орчим удаа архи уудаг. Архи уусан үедээ агсам согтуу тавьдаг хааяа гэртээ найз нөхөдтэйгээ архи уудаг юм. Ц.Отгонтамир нь урьд өмнө нь хулгайн гэмт хэргээр удаа дараа шийтгүүлж шоронд орж байсныг нь сонссон бөгөөд бид хоёр 2014 оноос хойш хамт амьдарч байгаа учраас яг хэдэн удаа шоронд орсныг сайн мэдэхгүй байна. Харин 2014 оноос хойш ямар нэгэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй. Би өөрөө тодорхой эрхэлсэн ажилгүй бөгөөд гэртээ байдаг. Харин Ц.Отгонтамир таксинд явж амьдардаг юм. Ц.Отгонтамир бид 2 хоёулхнаа амьдардаг бөгөөд бид хоёрт үр хүүхэд байхгүй. Ц.Отгонтамир нь элэгний сериозтой, хамарнаас нь байнга цус гарч байдаг, мөн бөөр, нуруу нь байнга өвдөж байдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р тал/,

            12. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн “Эд зүйл үнэлсэн тухай” 97 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-р тал/,

           13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 17/04 дугаартай шинжээч эмчийн: “Хэргийн газрын үзлэгээр илэрсэн 9 ширхэг гарын мөрнөөс 1 аяга, 2 хуванцар сав, 7 цаасан хайрцаг, 8 цаасан хайрцаг гэж дугаарлаж хаягласан гарын мөрнүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин 3,4,5,6,9 гэж дугаарласан гарын мөрнүүд нь харьцуулах шнжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн гарын мөрийг гарын мөрний нэгдсэн санд шинжилж үзэхэд 2 хуванцар сав гэж дугаарлан хаягласан гарын мөр нь MN004520002542 дугаартай Цэцээ овогтой Хангай гэх хүний зүүн гарын ядам хурууны дардастай, 7 цаасан хайрцаг гэж дугаарлан хаягласан гарын мөр нь MN004510002380 дугаартай Цолмон овогтой Отгонтамирын баруун гарны чигчий хурууны дардастай тохирч байна” гэх дүгнэлт /хх-ийн 44-50-р тал/,

            14. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн “Гэр үнэлсэн тухай” 127 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-р тал/,

            15. Шүүгдэгч Ц.Отгонтамирыг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75-76-р тал/,

            16. Шүүгдэгч Ц.Отгонтамирын хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 67-74, 77-130-р тал/,

             17. 360.000 төгрөгийн хохирлын тооцоо гаргасан баримт /хх-ийн 138-р тал/,

         18. Хохирогч Ц.Цэцээгийн хохирол барагдуулсан, гомдол саналгүй гэх Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 139-р тал/,

         19. Шүүгдэгч Ц.Отгонтамирын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 11 цагт гэрээсээ гараад 20 айл гэх хүнсний дэлгүүрийн урд талд зогсож байтал 20 айлын хүнсний дэлгүүрээс миний танихгүй хөдөөний байдалтай 3 залуу халамцуу гартаа 0,750 литерийн 3 шил архи барьчихсан гарч ирсэн. Тэр 3 залуугын 2 нь цэнхэр өнгийн дээлтэй үлдсэн нэг нь улбар шар өнгийн дээлтэй байсан юм. Тэгээд би тэр 3 залуу дээр очоод тамхи байна уу гэж асуусан тэгтэл нэг залуу нь надаас ах жаахан шартчихсан байгаа юм уу? 100 грамм татчих юм уу? гэсэн. Би тэгье гэж хэлээд тэр 3 залууг дагуулаад 20 айл хүнсний дэлгүүрийн дээд талд гудамжинд очиж тэр залуусын авч явсан 0,750 граммын 3 шил архинаас 2 шилийг нь тэд нартай хувааж уусан тэгээд үлдсэн 1 шил архийг нь тэр 3 нь залуу аваад явчихсан. Тухайн үед 12 цаг болж байсан тэгээд би ганцаараа яваад хүргэн ах Ц.Цэцээгийн гэрт очсон тэгтэл Ц.Цэцээ ахын гэрт хүн байхгүй цоожтой байхаар нь би тэдний байшингийн араар нь тойроод унтлагын өрөөний гадна талын цонхны харалдаа очоод цонхны жижиг поржийг нь түлхтэл онгойчихсон юм. Тэгээд би тэр цонхоор тэдний байшинд ороод цай уучихаад буцаж хартал тэдний унтлагын өрөөнд модон бор өнгийн авдар байсан. Би тэдний авдрыг онгойлгох гэтэл авдар нь цоожтой байсан. Би тэдний авдар дотор нь архи байна гэж бодоод авдарны ар талыг нь татаж онгойлоход тэдний авдар дотор эд зүйлүүд байсан бөгөөд би тэдний авдарт байсан дунд гарын мөнгөн аяга-1 ширхэг, бага гарын мөнгөн аяга-1 ширхэг, 0,750 грамын экс гэх нэртэй архи, 0,750 грамын виски-1 шил, 0.750 грамын вино-1 шил мөн цаасан хайрцган дотор байсан 70,000 гариу төгрөг зэрэг эд зүйлүүдийг аваад тэдний байшингийн цонхоор буцаж гарсан юм. Тухайн үед би нилээд согтсон байсан бөгөөд Ц.Цэцээ ахын гэрээс авсан 2 мөнгөн аягаа ломбарданд тавих гэж яваад Гивааны талбайн ар талын Ану хүнсний дэлгүүрийн хажууд явж байтал уг дэлгүүрийн ойролцоо миний танихгүй хөдөөний 2 хүн зогсож байсан тул би тэр хоёр хүнээс “мөнгөн аяга авах уу нэгийг нь 20.000 төгрөгөөр өгнө” гэтэл тэр хоёр хүн надаас “энэ чинь хулгайн аяга юм уу? гэж асуусан. Би тэр хүмүүст үгүй миний аяга гэж хэлсэн тэгтэл тэр хоёр хүн наад хоёр аягаа нийлүүлээд 20.000 төгрөгөнд зарчих гэсэн тэгээд би тэр хоёр хүнд Ц.Цэцээ ахынхаас хулгайлсан 2 мөнгөн аягыг 20.000 төгрөгөөр зарчихаад Ану хүнсний дэлгүүрээс 0,750 грамын Ерөөл гэх нэртэй архи -1 шилийг авсан, мөн Улаан шонхор гэх нэртэй 1 хайрцаг тамхи аваад Гивааны талбайн хажууд суугаад тэр архийг ганцаараа ууж сууж байгаад согтоод тасарчихсан юм. Тэгээд би гэнэт сэртэл миний халаасанд байсан мөнгө болон Ц.Цэцээ ахын гэрээс авсан виски, вино, архи байгаагүй. Би сэрээд 17 цагийн үед гэрт хариад унтчихсан юм. Тэгээд би маргааш нь буюу 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед халамцуу захын хажуу талд явж байгаад Жүүхээ овогтой Батбаяртай таарсан тэнд бид хоёр зогсож байтал Эцсээ гэх миний танил залуу таарсан. Тэгээд Эцсээ такси бариад Батбаяр Эцсээ бид гурав 20 айлын хүнсний дэлгүүр ороод Ерөөл гэх нэртэй 0,500 граммын 1 шил архи авсан тэгээд бид гурав нийгэмлэгийн хажуу талын хашаанд орж уусан.  Бид нар архиа ууж дуусаад Эцсээ, Ж.Батбаяр нар явчихсан, би гэртээ харьчихаад дахиад 100 грамм архи уумаар санагдаад байхаар буцаад Батбаярын амьдардаг 1-р 64 айлын доод талын подвол руу очсон тэгтэл тэнд Батбаяр, Санжжав нар байсан ба Ж.Батбаяр надад “танай эгчийн гэрт хулгай орсон гэж байна, таныг эгчийнхээ гэрээс 2 мөнгөн аяга авсан гэж байна” гэж асуусан тэгэхээр нь би Батбаяр, Санжжав нарт “би 2 мөнгөн аягаа хаашаа хаясныгаа санахгүй байна, цагдаад очиж үнэнээ хэлдэг юм билүү” гэж хэлсэн юм. Тэгээд би жаахан хэвтэж байгаад гараад явчихсан юм. Би тухайн үед тэр хоёрт өөрийнхөө эгчийн гэрээс эд зүйл хулгайлсан талаараа санаа зовоод хэлж чадахгүй 2 мөнгөн аягаа хаашаа хаясныгаа санахгүй байна, цагдаад очиж үнэнээ хэлдэг юм билүү гэж хэлсэн юм. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа бөгөөд Ц.Цэцээ ахад учруулсан хохирлоо төлж барагдуулна” /хх-61-66 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би өмнө нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө 3 залуутай архи уусан гэж худал мэдүүлэг өгсөн. Би тухайн үед архи уугаагүй байсан. Ц.Цэцээ ахынд тамхины мөнгө авах гэж 1 цагийн үед очиход гэрт нь хүнгүй байсан ба жижиг өрөөнийх нь цонх онгорхой байсан тул цай уух гээд цонхоор нь орсон.  Жижиг өрөөнд авдар байхаар нь архи байгаа гэж бодоод ар талаас нь татаад онгойлгож дотроос нь архи, виски, вино, бас 70,000 төгрөг, 2 мөнгөн аягыг аваад хувцасныхаа хармаанд хийгээд буцаад цонхоороо гараад явсан. Миний ахынхаас авсан архи үнэтэй архи байсан тул зараад мөнгө болгоно гэж бодсон. 2 мөнгөн аягыг нь гудамжинд хүн таарахаар нь зарна гэсэн. Тэр хүмүүс 2 аягыг хамт нь 20.000 төгрөгөөр зарчих гэхээр би зөвшөөрч 20.000 төгрөг бэлнээр аваад архи авч уусан. Нэг мэдсэн би тасараад унтаад өгчихсөн байсан ба сэрэхэд миний хармаанд байсан архи мөнгө зэрэг алга болсон байсан. Би хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ үнэхээр их гэмшиж байна. Би Ц.Цэцээ ахад хохиролд 360.000 төгрөг өгч, хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч гомдол саналгүй гэсэн байгаа. Би дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна гэдгээ амлаж байна. Миний биеийн байдлыг харгалзан надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг бичгийн баримтууд нотлох баримтууд болно.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

           Шүүгдэгч Ц.Отгонтамир нь 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр 015 тоотод оршин суух иргэн Ц.Цэцгээгийн байшингийн цонхоор дотогш нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аяга, 1 шил виски, 1 шил вино, 1 шил архи зэрэг эд зүйл болон 70.000 төгрөг хулгайлж, хохирогч Ц.Цэцээд нийт 360.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.Цэцээ, гэрч Ц.Хангай, насанд хүрээгүй гэрч Ц.Сэргэлэн, гэрч Ц.Орхонтуул, С.Санжжав, Б.Батжаргал, Ж.Батбаяр нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Увс Финанс-Аудит” ХХК-ийн “Эд зүйлс үнэлсэн тухай” 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлт,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 17/04 тоот ...7 дугаартай цаасан хайрцаг гэж дугаарлан хаягласан гарын мөр нь MN004510002380 дугаартай Цолмон овогт Отгонтамирын баруун гарын чигчий хурууны дардастай тохирч байна... гэх дүгнэлт болон шүүгдэгч Ц.Отгонтамирын үйлдсэн хэрэг болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

         Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 145, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 17/04 тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

         Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна. Учир нь уг гэмт хэргийн улмаас хохирогч буюу шүүгдэгчийн хүргэн ах Ц.Цэцээд нийт 360.000 төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд заасан бага бус хэмжээний хохирол учирсан нь хохирогч, гэрч нарын ...манай мөнгөний хайрцагт 70.000 гаруй төгрөг байсан..., шүүгдэгчийн ...би мөнгөний хайрцагт байсан 70.000 төгрөгийг, 2 ширхэг мөнгөн аяга, архи, викси, виноны хамт авсан... гэх мэдүүлэг болон Увс Финанс Аудит ХХК-ийн 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Эд зүйлс үнэлсэн тухай 97 тоот тайлангаар хохирогчийн гэрээс алдагдсан эд зүйлийн үнэлгээг /бага гарын мөнгөн аяга 100.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 90.000 төгрөг, 750 гр виски 70.000 төгрөг, 750 гр вино 13.000 төгрөг, 750 гр архи 17.000 төгрөг/ 290.000 төгрөг гэж үнэлсэн зэргээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг, шүүгдэгч Ц.Отгонтамирын хохирогч Ц.Цэцээгийн гэрт нь буюу байшингийн цонхоор эзэмшигч, өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр сэм нэвтрэн орсон үйлдэл нв энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тус тус хангаж байна.

           Иймд шүүгдэгч Ц.Отгонтамирыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

          Хохирогч Ц.Цэцээ нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирлоо барагдуулж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгч Ц.Отгонтамирыг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ. 

           Шүүгдэгч Ц.Отгонтамир нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2 ширхэг мөнгөн аягыг бусдад 20.000 төгрөгөөр зарж, ашиг олсон болох нь тогтоогдсон тул уг 20.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заааснаар хураан улсын орлого болгох үндэслэлтэй байна.

           Шүүгдэгч Ц.Отгонтамир нь урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д заасан түүний ялтай байдал Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болсон буюу ялгүй болсон байх тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгчийн хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан, хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмуудыг баримталж, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэн баривчлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

             Шүүгдэгч Ц.Отгонтамирт баривчлах ял оногдуулсан тул түүнд өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар, мөн гэмт хэрэг үйлдэж олсон ашгийг гаргуулах, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулсантай холбогдуулан шүүгдэгчийн эзэмшлийн 5 ханатай шалгүй Монгол гэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг нэмэгдэл ялыг биелүүлж дуустал хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

            Шүүгдэгч Ц.Отгонтамир нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

              Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-297.5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

           1. Шүүгдэгч Боржигон овогт Цолмонгийн Отгонтамирыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Отгонтамирт 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 4 /дөрөв/ сар баривчлах ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Ц.Отгонтамирт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчилсан эдлүүлсүгэй.

     4. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Отгонтамир нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 20.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Отгонтамираас хураан улсын орлого болгосугай.

    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч Ц.Отгонтамирын эзэмшлийн шалгүй 5 ханатай монгол гэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял биелүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж дуустал хэвээр үлдээсүгэй.

 

          7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.6, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Ц.Отгонтамирт өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

         8. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зїйлийн 303.1, 304 дїгээр зїйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.БОЛОРТУЯА