| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 2211000000013 |
| Дугаар | 2022/ДШМ/407 |
| Огноо | 2022-04-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2022/ДШМ/407
2022 4 19 2022/ДШМ/407
Г.Шд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор О.Нандинцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Шгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2211000000013 дугаартай хэргийг 2022 оны 4 сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Г.Ш, 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Баянзуух” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ............................;
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,
Шүүгдэгч Г.Ш нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ-624 тоотод С.Мтэй үл ялих шалтгаанаар маргаж, улмаар түүний зүүн шилбэнд өшиглөсний улмаас биед нь зүүн шилбэний шаант, тахилзуур ясны хугарал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Шгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Г.Ш /РД:ВЮ88061713/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шд 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Г.Ш нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Шгаас 1.353.806 /нэг сая гурван зуун тавин гурван мянга найман зуун зургаан/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Эт 1.153.806 / нэг сая нэг зуун тавин гурван мянга найман зуун зургаа/ төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банкны дансанд 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгийг тус тус олгож, хохирогч С.Э нь нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Ш давж заалдах гомдолдоо: “...Тухайн үед анхан шатны шүүх хуралд оролцохдоо хохирогч С.Эт хохирлын мөнгө болох 174.000 төгрөг нийгмийн даатгалын хөнгөлөлт болох 1.170.000 төгрөгийг хохиролд барагдуулаагүй байсан. Шүүхээс надад 5 хоногийн хугацаа өгсөн боловч тэр үед “covid-19” туссан гэртээ 10 хоног тусгаарлагдан хохирлоо барагдуулж чадаагүй одоо миний бие ажил хөдөлмөр хийн хохирлоо барагдуулах бүрэн чадамжтай болсон учир миний гомдол хүсэлтийг хүлээн авч давж заалдах шатны шүүх хуралд оролцуулж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор О.Нандинцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэж оновчтой хариуцлага хүлээлгэсэн гэж үзэж байна. Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь хохирогч болон гэрч, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх хуралдаанд хохирол нөхөн төлөх 5 хоногийн завсарлага авсан боловч хохирлыг төлөөгүй. Мөн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч энэ хугацаанд хохирогчид олгох 1.153.806 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 200.000 төгрөгийг төлөөгүй байгаа учир анхан шатны шүүхээс оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тохирсон. Хохирол, хор уршгийг барагдуулаагүй байх тул торгох болон бусад ялын төрлийг оногдуулах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Ш нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ-624 тоотод С.Этэй үл ялих шалтгаанаар маргаж, улмаар түүний зүүн шилбэнд өшиглөсний улмаас биед нь зүүн шилбэний шаант, тахилзуур ясны хугарал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч С.Эийн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 15:00 цагийн орчим Зурагтад байрлах Мөнхцэцэгийн гэрт очтол Мөнхцэцэг, түүний нөхөр, түүний найз, өөр нэг танихгүй хүүхэн болон Шинэтуяа нар байсан. Мөнхцэцэгийн нөхөр архи задалчихсан уугаад сууж байсан. Бид нар тэр архинаас уугаад хэсэг зуур сууж байтал тэнд байсан хүүхэнтэй жоохон маргалдтал Шинэтуяа тэр хүүхнийг өмөөрөөд надруу юм яриад байсан. Тэгэхээр нь би явлаа гээд куртикээ өмсөөд босоод явах гэтэл Шинэтуяа миний хөлрүү хөлөөрөө аймар хүчтэй жийсэн чинь тэсэхийн аргагүй өвдсөн. Тэгээд хөлөө бариад газарт унасан чинь Бавуу миний гутлын цахилгааныг нээгээд үзтэл аймар хавдчихсан байсан. ...” /хх 5/,
гэрч С.Мийн “...Эрдэнэцэцэг манай хоёр найзыг энэ хогнуудаа явуулаач гэж хэлснээс болж Эрдэнэцэцэг, Золзаяа нар хоорондоо маргалдах шинжтэй болоод ирсэн чинь Шинэтуяа Золзаяг өмөөрөх маягтай Эрдэнэцэцэгт чи одоо болиоч гэж хэлтэл чи дуугүй бай гэж хэлээд хөлрүү нь удаа дараа өшиглөж харагдсан. Тэгээд дахиад өшиглөх гэхээр нь Шинэтуяа эргүүлээд хөлөөрөө зөрүүлээд өшиглөсөн чинь Эрдэнэцэцэг хөлөө бариад газарт унасан. Тэгээд сандралдаад Шинэтуяа Эрдэнэцэцэгийг үүрээд гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөхөд хөл нь хугарсан байна гэж хэлсэн. ...” /хх 13/,
гэрч Ц.Бавуугийн “...Эрдэнэцэцэг тэнд байсан нэг танихгүй хүнтэй хэсэг маргалдсан бөгөөд гэнэт ёо ёо гэж хэлээд газар өнхөрөөд уначихсан. Тэгээд юу болов гээд бид нар сандралдсан чинь Эрдэнэцэцэг газар хөлөө барьчихсан сууж байсан. Тэгээд юу болов гэж асуухад Шинэтуяа өшиглөсөн гэсэн. Тэгээд Шинэтуяа бид хоёр Эрдэнэцэцэгийг аваад гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд хөл нь хугарсан байна гэж хэлсэн. ...” /хх 15/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2011 дугаартай “...С.Эийн биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх 16-17/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Г.Шгийн “...Шүүхээс надад 5 хоногийн хугацаа өгсөн боловч тэр үед “covid-19” туссан гэртээ 10 хоног тусгаарлагдан хохирлоо барагдуулж чадаагүй одоо миний бие ажил хөдөлмөр хийн хохирлоо барагдуулах бүрэн чадамжтай болсон. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүхээс шүүгдэгч Г.Шг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шд 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирол, хор уршиг, түүний хувийн байдал зэрэгт тохирсон байна.
Анхан шатны шүүх мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Хэдийгээр шүүгдэгч хохирол төлбөрийг төлөх боломжтой болсон гэж байгаа боловч хохирол одоог хүртэл төлөгдөөгүй байна
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Шгийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Харин яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт хохирогч С.Эийн нэрийг С.М гэж буруу бичсэн байх бөгөөд цаашид анхаарах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Шгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ