Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 460

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч Д.Нямсүрэн,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болд,

Өсвөр насны шүүгдэгч Б.

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Өсөхжаргалд холбогдох эрүүгийн 1711003710114 дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Өсвөр насны шүүгдэгч: Хаяд, Монгол Улсын иргэн, 2001 оны 8 сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн 12в ангийн сурагч, ам бүл 4, эцэг эх, дүүгийн хамт, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-3-65 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Ө нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 8 сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн гудамжинд байрлах тоглоомын талбайд О.Мөнхбатыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгч Б.Өсө мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Би 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр орой 22 цаг өнгөрч байх үед гэртээ харихаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Зүрх уул” нэртэй дэлгүүрийн урд талын саадны орчимд явж байтал Мөнхбат гэх хүүхэд уг саадны сандал дээр сууж байснаа над руу хараад “тамхи байна уу” гэж асуухаар нь би “тамхи байхгүй” гэж хэлээд саадны нөгөө талын сандал руу суухаар алхтал Мөнхбат миний шилбэ рүү өшиглөсөн. Энэ үед би эргэж хараад гараа далайгаад Мөнхбат “сүртэй пизда вэ” гэхээр нь би зүүн гараараа Мөнхбатын баруун талынх нь нүд рүү нэг удаа, баруун шанаа руу нь нэг удаа цохисон. Тэгээд Мөнхбат надтай маргалдах гээд байхаар нь би шууд гэр лүүгээ харьсан. Би тухайн үед хөлөөрөө хадаасан дээр гишгэчихсэн болохоор бага зэрэг доглож явж байсан.. гэсэн мэдүүлэг /хх-25/

 

Хохирогч О.Мөнхбатаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2017 оны 8 сарын 7-ны орой 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн гудамжинд байдаг тоглоомын талбай дээр найз Баатарцогт, Нямцоож, Дэлгэрмаа, Байгалмаа нартай хамт юм яриад сууж байсан. Хэсэг хугацааны дараа Дэлгэрмаа, Байгалмаа 2 гэр, гэр рүүгээ явлаа гээд яваад Баатарцогт, Нямцоож бид 3 үлдээд хоорондоо юм яриад сууж байтал Зараа буюу Өсөхжаргал гэдэг хүүхэд ирэхээр нь би Өсөхжаргалаас “юу байна андаа, тамхи байна уу” гэж асуухад Зараа “юу гээд байгаа юм, би тамхичин юм шиг харагдаад байна уу” гэж хэлсэн би тэгэхэд Өсөхжаргалын өөдөөс дунд хуруу гаргахад Өсөхжаргал намайг “ална шүү” гэсэн хариуд нь Өсөхжаргалын баруун хөл рүү нь зөөлөн өшиглөтөл Өсөхжаргал миний баруун гарын бугалга хэсэг рүү 1 удаа гараараа цохьсон, би зөрүүлээд Өсөхжаргалын гар руу 2 удаа гараараа цохьсон. Ингээд бид хоёр маргалдахаа болиод салсаны дараа сандал дээр сууж байтал Өсөхжаргал хүрч ирээд намайг түлхээд гараараа миний баруун талын нүд рүү нэг удаа цохиод, намайг газар унах үед ахин миний хэвлий хэсэг рүү 2-3 удаа гараараа цохьсон. Энэ үед манай найз Нямцоож бид хоёрыг салгасан. Үүний дараа Өсөхжаргал бид хоёр эвлэрээд хэсэг юм ярьж сууж байгаад салсан.. гэсэн мэдүүлэг /хх 17-18/

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Өсөхжаргалын төрсний гэрчилгээний лавлагаа /хх 31/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-30/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 29/, сургуулийн тодорхойлолт /32/, суралцагчийн тухай ерөнхий мэдээлэл  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Б.Өсөхжаргал нь 2017 оны 8 сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн гудамжинд байрлах тоглоомын талбайд О.Мөнхбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь нотлогдсон бөгөөд өсвөр насны шүүгдэгчээс шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн болно.

Өсвөр насны шүүгдэгч Б.ӨсөЭрүүгийн хууулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Тэрээр гэмт хэрэг үйлдэгдэх үед болон хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 16 настай буюу өсвөр насны хүн болох нь төрсөний гэрчилгээний хуулбар, нас тоолсон баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тусгай журмыг баримталж шүүх хуралдааныг явууллаа.

Энэ гэмт хэрэг хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан үйлдэгдсэн, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг хохирогчид төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, гэм бурууг нь ухамсарлуулах, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.Өс хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хараа хяналтандаа байлгахыг өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болдод даалгахаар шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Өс нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2, 18.7, 18.10, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Өсвөр насны шүүгдэгч Б.Өс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ө зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хараа хяналтандаа байлгахыг өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болдод даалгасугай.

5. Өсвөр насны шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Өсвөр насны шүүгдэгч Б.Өс авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР