| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 2203000000067 |
| Дугаар | 2022/ДШМ/408 |
| Огноо | 2022-04-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2022/ДШМ/408
2022 4 19 2022/ДШМ/408
Х.Бт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Дэлгэрмаа,
шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Бийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2203000000067 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Далив овгийн Х.Б, 1996 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “А-үйлс” ХХК-д прессийн машин баригч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ....................;
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 404 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг биелүүлээгүй,
Шүүгдэгч Х.Б нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ядарсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 22-ны 10 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Бадамжунайн зам “Баясгалант хөтөл хайрхан” хүнсний дэлгүүрийн урд талын замд “Toyota Prius” маркийн 85-15 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж, явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа явган зорчигч Н.Лад зогсож зам тавьж өгөлгүй, мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан, мөн дүрмийн 3.5.а.б.г-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэг, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээг авах;” гэсэн заалтыг зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Х.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Далив овогт Х.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Х.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 (долоон зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг тус тус журамлан шүүгдэгч Х.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногоор тооцон нэмж, нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 (нэг) жил, 3 (гурав) сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 404 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Х.Б нь эмчилгээний зардалд 1.905.600 (нэг сая, есөн зуун таван мянга, зургаан зуу) төгрөгийг хохирогч Н.Лад төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.Амарбаярт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Н.Ла нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гаргах зардлуудаа нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.Б, иргэний хариуцагч Б.Амарбаяр нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хохирогчид учруулсан хохирлоо бүрэн гүйцэд төлсөн боловч автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож хорих ялаар шийтгэгдсэн. Тухайн үед намайг хэргийн газраас зугтаасан гэх боловч эргэж ирээд цагдаа болон түргэн тусламжийн хамтаар туслалцаа үзүүлсэн. Иймд миний бие хэргийн газрыг орхиж зугтаагаагүй гэж бодож байна. Миний бие эхнэр Ж.Отгонцэцэг, том хүү Чинхүсэл /6 настай/, бага хүү Чинзориг /2 настай/, охин Өлзиймаа /7 сартай/ нарын хамт ам бүл тавуулаа амьдардаг. Эхнэр нялх биетэй учир ажил хийж үр хүүхдүүдээ тэжээх боломжгүй юм. Санамсар болгоомжгүй байдлаас болж ийм алдаа гаргаж гэмт хэрэг үйлдсэндээ би маш их харамсаж, гэмшиж байна. Иймд ар гэр болоод хувийн байдлыг минь харгалзан үзэж хэргийг хуулийн хүрээнд үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Х.Бийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Х.Б нь анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож хорих ял шийтгүүлсэн. Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан хэргийн газраас зугтаах хэргийн талаар шүүх дүгнэлтэд нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хэргийн 37-38 дахь талд гэрч Равжир мэдүүлэг өгөхдөө “би түргэний машин, цагдаа дуудаад хүлээсэн. Тэгж байтал явган зорчигчийг мөргөсөн автомашины жолооч гээд эрэгтэй эхнэртэйгээ хамт ослын газар хүрч ирсэн” гэсэн. Эндээс үзэхэд Х.Б хэргийн газрыг хаяж зугтаагаагүй. Тухайн үедээ явган зорчигчийг мөргөчхөөд нам зогсоогүй боловч цааш эргэж хэдэн метр яваад буцаж ирсэн. Түүгээр зогсохгүй түргэн ирээд “амь насанд аюулгүй байна” гээд орхиод явсныг хохирогчийн ар гэр, Гэмтлийн эмнэлэгт хүргэж, тусламж үзүүлсэн. Иймд энэ зүйл ангийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. Үйлчлүүлэгч маань гэм буруугийн асуудлаар маргаагүй, автотээврийн хэргийн хувьд анх удаа, санамсар болгоомжгүйгээр үйлдсэн. Мөн гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа хохирогчид тусламж үзүүлж, учруулсан хохирлоо нөхөн төлж, хохирогчийн эмчилгээний зардлыг барагдуулсан. Бага насны гурван хүүхэдтэй, эхнэр нь нялх биетэй тул ажил эрхлэх боломжгүй байгаа. Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Х.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, Замын хөдөлгөөний дүрэмд заасан ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг мөргөж зугтаасан. Энэ нь хэрэгт авагдсан камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг /хх 31, 37-38, 44/, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй талаар жолоочийн лавлагаа /хх 26, 79/-аар нотлогдсон. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслийг нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асааж, зогсолтын тэмдгийг зохих журмын дагуу байрлуулж, бусад холбогдох эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, эмнэлгийн байгууллагад тээврийн хэрэгслээр хүргэж өгөх, эсхүл өөрийн овог, нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн маркийг тэмдэглүүлж, буцаж ирэх, цаашлаад ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэх зэрэг үүргүүдийг биелүүлээгүй, ослын газрыг зориуд орхиж зугтаасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан буюу тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл гаргасан учир улсын яллагчаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналыг шүүхэд гаргасан. Энэ хэргийн санкцийн хувьд хамгийн багадаа 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хүртэл хугацаагаар хасах сонгох санкцитай. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялын шийдвэр гаргасан. Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, урчуулсан хохирол, хор уршиг, гэм буруудаа гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн. Х.Б өмнө нь 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн. Уг ялыг биелүүлээгүй байсан талаарх холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргасан. Шүүх торгох ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдана гэж үзсэн учир уг ялыг өршөөн хэлтрүүлсэн. Хүнд гэмтэлтэй хохирогчид 1.405.600 төгрөг төлсөнийг дурдаж байна. Гэтэл уг мөнгө нь зөвхөн баримттай хохирол бөгөөд хохирогч нь зөвхөн эрүүл мэндийн хувьд хүнд гэмтэл аваад зогсохгүй том хор уршигтай гэмт хэрэг байсан Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг дэмжиж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн атлаа 2021 оны 12 дугаар сарын 22-ны 10 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Бадамжунайн зам, “Баясгалант хөтөл хайрхан” хүнсний дэлгүүрийн урд талын замд “Тоуо1а Рпиз” маркийн 85-15 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авалгүй явснаас үүдэн явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан иргэн Н.Лаг мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан зам тээврийн осол гаргасан, улмаар осол гаргаснаа мэдсээр байж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь:
хохирогч Н.Лагийн: “...Би тухайн өдөр өглөө хашааны цасаа шүүрдэж цэвэрлээд дэлгүүр орохоор 10 цагийн үед гэрээсээ гараад гэртээ ойрхон байдаг хүнсний дэлгүүр лүү орох гээд явсан. Ингээд дэлгүүр орох гэтэл мөнгөө гэртээ үлдээсэн байсан болохоор буцаад гэр лүүгээ явахаар явган хүний гарцаар хойноосоо урагшаа зам хөндлөн гарахаар зорчих хэсэг рүү ортол зүүн талаас машин мөргөөд намайг газар унагаасан. Тэрнээс хойш явдлыг сайн санахгүй байна. Эмнэлэгт ухаан орсон. ...” /хх 18/,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Амарбаярын “...Тоёотоа приус маркийн 85-15 УНҮ улсын дугаартай автомашиныг 2 сарын өмнө манай компанийн захирал миний нэр дээр худалдан авч Бямбахуяг гэх ажилтанд өгсен. Бямбахуяг нь төлбөр мөнгөө төлж дуусахаар нь нэрийг нь шилжүүлнэ гэж хэлсэн. Надад санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй, тухайн автомашин нь миний нэр дээр бүртгэлтэй боловч Бямбахуягийн эзэмшлийн автомашин. Би удахгүй нэрээ шилжүүлж Бямбахуягт өгнө. ...”/хх 21, 24/,
гэрч О.Равжирын: “...Би тухайн өдөр Баясгалант Төгөл Хайрхан нэртэй дэлгүүрээс захиалга авчхаад дэлгүүрээс гараад машиндаа суухаар алхаж явтал машин мөргөлдөж байгаа юм шиг чимээ гарахаар нь эргээд хартал явган зорчигч машинд мөргүүлээд шидэгдэж байгаа нь харагдсан. Нөгөө мөргөсөн машин нь бараан өнгийн жижиг суудлын автомашин байсан марк, улсын дугаарыг нь харж амжаагүй, тэр машин цааш явж байснаа хурдаа нэг хасаад буцаад чигээрээ яваад өгсөн. Осол болсон газар нөгөө автомашины 85-15 УНҮ улсын дугаар унасан байсан. Тэгээд би 102 дугаарын утас руу өөрийн 99044467 дугаарын гар утсаар дуудлага өгсөн. Би түргэний машин болон цагдааг иртэл хүлээсэн. Тэгээд байж байхад явган зорчигчийг мөргөсөн автомашины жолооч нь гээд эрэгтэй, эхнэртэйгээ хамт ослын газар алхаад ирсэн. ...Явган зорчигчийг мөргөсөн автомашины жолооч нь шөнө ажилласан, тэгээд нойрмоглоод мөргөчихлөө гэсэн. Тэгэхээр нь би яагаад зогсоогүй юм бэ гэхэд айгаад зогсоогүй гэж хэлсэн. ...” /хх 37-38/,
шүүгдэгч Х.Бийн яллагдагчаар өгсөн: “...08 цагийн орчим Үйлдвэр кабинетад байдаг ажлаасаа буугаад Амарбаяр гээд хуурай ахын эзэмшлийн Т.Приус-11 маркийн автомашиныг жолоодоод Сонгинохайрхан дүүрэгт байх гэр лүүгээ харихаар явсан. Ингээд гэрийнхээ ойролцоо асфальтан замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байгаад зүүрмэглэсэн байна лээ, нэг мэдэхэд хүн орилох шиг чимээ гараад би сэрсэн. Тэгээд харахад машины урд салхины шил хагарсан байсан ба тэр үед би хүн мөргөчихлөө гэж мэдээд осол болсон газраас цааш явж байгаад зогсоод толиндоо харахад замын хойд талд нэг эрэгтэй хүн сууж байсан, би айсандаа цааш чигээрээ яваад гэртээ очсон. ...Автомашин нь миний эзэмшлийнх боловч зээлийн гэрээгээр худалдан авах гэхээр болохгүй байсан болохоор захирал Амарбаяр гээд дүүгийнхээ нэр дээр шилжүүлээд надад худалдаж авч өгсөн. ...”/хх 113/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 852 дугаартай “...Н.Лагийн биед баруун талд зулай ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсны дээрх нимгэн ялтаслаг цусан хураа, зулайн дэлбэнгийн цусархаг няцрал, зүүн зовхи, өвдөг, гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. ...”/хх 44-45/,
Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 9 дугаартай “...тоёота приус-11 маркийн 85-15 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун гар талын их гэрлийн бүрхүүл шил хагарсан, салхины шил баруун хэсэгтээ 100х70см хэмжээтэй хагарч цөмөрсөн гэмтлүүд нь зам тээврийн осол гарах үед үүссэн байна” гэж тусгагдсан. ...” /хх 52-56/ гэсэн дүгнэлтүүд,
Мөрдөгчийн 58 дугаартай магадлагаа “...жолооч Х.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а/ “тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүн... жолоодох”, мөн дүрмийн 16.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс гадна мөн дүрийн 3.5а/б/г-д заасан заалтуудыг зөрчсөн. ...” /хх 101-102/,
2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-5, 6-12, 14-15/, камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Бичлэгийг эхлүүлэхэд эсрэг урсгалтай 2 эгнээ замаар автомашинууд хөдөлгөөнд оролцож байгаа нь харагдах ба бичлэгийн 10:40:31 секундэд дэлгүүрээс хар бараан өнгийн хувцас өмссөн эрэгтэй хүн гарч бичлэгийн 10:40:43 дахь секундэд зорчих хэсэг рүү алхан орж байгаа нь харагдав. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байсан тоёота приус маркийн автомашины ямар нэгэн зогсох, хурд хасах үйлдэл хийлгүйгээр явган зорчигчийг бичлэгийн 10:40:45 дахь секундэд мөргөж байгаа нь харагдлаа...” гэх тэмдэглэл /хх 41/, Х.Б нь жолоочийг бүртгэлтгүй (тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгогдоогүй) тухай албан бичиг /хх 79/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.
Шүүгдэгч Х.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүх, Х.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Бийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялын хэмжээг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тус тус тохирсон байна.
Шүүгдэгч Х.Бийн “...Тухайн үед намайг хэргийн газраас зугтаасан гэх боловч эргэж ирээд цагдаа болон түргэн тусламжийн хамтаар туслалцаа үзүүлсэн. Хэргийн газраас зугтаасан үйлдэл гэж үзэж байгааг харгалзан үзэж хэргийг хуулийн хүрээнд үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хэрэгт буй гэрч О.Равжирын: “...явган зорчигч машинд мөргүүлээд шидэгдэж байгаа нь харагдсан. ...тэр машин цааш явж байснаа хурдаа нэг хасаад буцаад чигээрээ яваад өгсөн. ...би яагаад зогсоогүй юм бэ гэхэд айгаад зогсоогүй гэж хэлсэн. ...” /хх 37-38/,
шүүгдэгч Х.Бийн яллагдагчаар өгсөн: “...гэрийнхээ ойролцоо асфальтан замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байгаад зүүрмэглэсэн байна лээ, нэг мэдэхэд хүн орилох шиг чимээ гараад би сэрсэн. Тэгээд харахад машины урд салхины шил хагарсан байсан ба тэр үед би хүн мөргөчихлөө гэж мэдээд осол болсон газраас цааш явж байгаад зогсоод толиндоо харахад замын хойд талд нэг эрэгтэй хүн сууж байсан, би айсандаа цааш чигээрээ яваад гэртээ очсон. ...”/хх 113/ гэсэн мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Т.Приус маркийн автомашины ямар нэгэн зогсох, хурд хасах үйлдэл хийлгүйгээр явган зорчигчийг бичлэгийн 10:40:45 дахь секундэд мөргөж байгаа нь харагдлаа...” гэх тэмдэглэл /хх 41/ зэргээс үзэхэд шүүгдэгч Х.Бийн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Х.Бийн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдлийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч Х.Б нь 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл нийт 43 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл нийт 43 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ