Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2015 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 33

 

                                         

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

          Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Ё.Мөнхгэрэл,  

          Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,

         Шүүгдэгч: Б.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  198 дугаар зүйлийн  198.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баарингууд овогт Бадарчийн Батаад холбогдох 201720000050 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1957 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг Галданбошигтын 16 дугаар байрны 14 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй. Регистрийн дугаар /ЧС57120483/ Баарингууд овогт Бадарчийн Батаа.

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдснаар/ Шүүгдэгч: Б.Батаа нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын талаас Монгол Улс руу Дорноговь аймгийн Замын-Үүдын боомтоор хил нэвтрэхдээ Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн, Монгол улсад хэрэглэхийг зөвшөөрч бүртгэсэн эмийн бүртгэлийн жагсаалтанд бүртгэгдээгүй “TRAIMCINOLONE ACETONIDE ACETATE INJECTOIN” гэх нэртэй 100 ширхэг эмийг хууль бусаар импортлож, 2016 оны 11 сард иргэн Б.Уртнасанд 10 ширхэг эмийг түгээсэн, 2017 оны 1 дүгээр сард Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах “Талст” нэрийн дэлгүүрээр иргэн Д.Алтанцэцэгт 10 ширхэг эмийг худалдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                                                                                                                

         1. Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 тал/,

         2. Увс аймгийн Цагдаагийн газрын 2017 оны 1 сарын 30-ны өдрийн нэгжлэг хийх тогтоол, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-13 тал/,

          3. Увс аймгийн Цагдаагийн газрын 2017 оны 1 сарын 30-ны өдрийн эд зүйл хураан авсан тогтоол, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 14-15 тал/,

         4. Гэрч Б.Уртнасангийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт мал маллаж амьдардаг. Би өөрөө элэгний С вирустэй, үе мөчний өвчтэй, ходоод өвддөг учраас тогтмол эмчилгээ хийлгэдэг. Миний хөл, гарын үе, нурууны үе байнга өвдөж, зовиурладаг байсан. 2016 оны 11 дүгээр сард миний төрсөн дүү Б.Батаа манайд ирсэн. Тухайн үед манай гэр Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг Өргөн ширэг гэх нэртэй газарт байсан. Б.Батаа надтай уулзаад “Үе мөчинд маш сайн тариа байна. Би өөрөө тэр тарианаас хэдэн ширхэгийг тариулаад миний хөлний өвчин зүгээр болчихлоо. Таны хөл, мөч өвддөг болохоор би таньд бас хэдэн ширхэг тариа авч ирлээ” гэж хэлээд надад цагаан өнгийн цаасан хайрцагтай, пинцилний шилтэй төстэй шилтэй, шингэн тариа 10 ширхэгийг үнэгүй өгсөн. Миний төрсөн дүү Б.Батаа нь тухайн тариаг хаанаас, хэнээс авсан болохоо надад хэлээгүй. Тэр талаар би Б.Батаагаас ямар нэгэн зүйл асуугаагүй. Тухайн тариаг миний дүү Б.Батаа нь надад үнэгүй бэлэглэсэн болохоор би тэр тарианы үнэ, өртөгийг Батаагаас асуугаагүй. Би Б.Батаагаас авсан 10 ширхэг тариаг өөртөө хийж дуусгасан. Би тэр тарианаас 5 хоногт 1 ширхэг тариаг өөртөө тарьж байсан бөгөөд өөр хүнд тухайн тарианаас өгсөн зарсан зүйл огт байхгүй. Б.Батаагийн авчирж өгсөн тарианы хайрцаг дээр Хятад болон Англи бичиг байсан. Би тухайн тариаг юу гэдэг нэртэй, хаана үйлдвэрлэсэн, ямар зориулалттай тариа болохыг огт мэдэхгүй. Миний төрсөн дүү Б.Батаа надад “Энэ тариа нь үе мөчинд маш сайн тариа байгаа юм. Би өөртөө хийлгээд миний хөл өвдөхөө больсон” гэж хэлсэн учир би Б.Батаагаас янз бүрийн зүйл асуухгүйгээр тэр тариаг өөртөө тарьсан. Б.Батаагийн өгсөн тарианаас одоо надад үлдсэн тариа болон хайрцаг сав байхгүй. Б.Батаа нь надаас өөр ямар ямар хүмүүсд тариа өгсөн, зарсан эсэхийг би мэдэхгүй байна. Тэр тариаг тариулсанаар миний хөлний өвчин эдгэрсэн. Энэ тариаг тариулсанаар миний биед ямар нэгэн сөрөг үр дагавар үзүүлээгүй. Миний төрсөн дүү Б.Батаа нь Увс аймгийн Улаангом суманд хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Б.Батаа гэртээ өөрийн төрсөн охин Ариунаагийн хамт амьдардаг. Миний дүү Б.Батаа нь зан аашийн хувьд бусадтай нийтэч, шулуун шударга зантай, бодсон санасан зүйлээ илэн далангүй хэлчихдэг, хүнд тусархаг зантай. Б.Батаад янз бүрийн муу зуршил байхгүй. Б.Батаа нь 3 хүүхэдтэй бөгөөд 2 том хүүхэд нь Улаанбаатар хотод байдаг. Б.Батаагийн нөхөр Иванов нь олон жилийн өмнө өвчний улмаас нас барсан. Тэрнээс хойш миний дүү Б.Батаа нь өөрийн хүүхдүүдээ өгсөж, хүмүүжүүлэн хүний дайтай авч яваа юм. Миний дүү Б.Батаа нь их хөдөлмөрч хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/,

           5. Гэрч Д.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Миний хөл, үе мөч өвддөг учраас би заримдаа үе мөчний эмчилгээ хийлгэдэг. Одоогоос 1 жил орчимын өмнө буюу 2016 оны 3 дугаар сард би Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байдаг Талст нэртэй дэлгүүрээр орж Б.Батаатай уулзсан. Би Б.Батаатай уулзаад юм ярьж байгаад Б.Батаагаас “Чиний хөл өвддөг байсан биз дээ. Яаж зүгээр болгосон юм. Ямар эмчилгээ хийлгэсэн бэ” гэж асуухад Б.Батаа “Би Бээжин хотод явж байгаад үе мөчний эм худалдаж авсан. Тэр эмийг тариулаад миний хөл зүгээр болсон. БНХАУ-д үйлдвэрлэсэн үе мөчний сайн тариа байна” гэж хэлсэн. Би Б.Батаад “Чи дахиж Хятад руу явах юм бол надад тэр тарианаасаа авчирж өгөөрэй. Миний хөл бас өвдөөд болохгүй байна” гэж хэлж, гуйсан байсан. 2017 оны 1 дүгээр сарын эхээр би дахин Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байдаг Талст нэртэй дэлгүүрээр орж Б.Батаатай уулзсан. Б.Батаа надад “Би чиний захисан тариаг аваад ирсэн. Чи надаас 1 ширхэг тариаг 10000 төгрөгөөр худалдаж ав. Энэ тарианаас 6 ширхэгийг тариулахад болох байх” гэж хэлсэн. Тэр үед би мөнгө, төгрөггүй явж байсан бөгөөд Б.Батаад “Найз нь одоогоор мөнгөний боломжгүй явж байна” гэж хэлэхэд Б.Батаа “Чи боломжтой болохоороо мөнгийг нь өгчих. Надаас зээлээр аваад тариулж бай” гэж хэлсэн учраас би Б.Батаагаас цагаан, цэнхэр өнгийн цаасан хайрцагтай, пинцлиний щилтэй төстэй шилтэй 6 ширхэг тариа худалдаж авсан. Би нэг ширхэг тариаг нь 10000 төгрөгөөр бодож Б.Батаагаас худалдаж авсан. Гэхдээ одоо болтол надад мөнгө, төгрөгний боломж гараагүй байгаа учраас би тарианы үнэ болох 60000 төгрөгийг Б.Батаад өгч чадаагүй байгаа. Би тухайн 6 ширхэг тариаг авсан дороо өөртөө тариулаад дуусгасан. Тэр тариаг миний охин Чимэгээ надад тарьж өгсөн. Одоо тэр тарианаас надад үлдсэн тариа байхгүй. Б.Батаа нь надаас өөр хүнд тариа зарсан эсэхийг би мэдэхгүй байна. Тэр тариаг тариулсанаар миний хөлний өвчин эдгэрсэн. Энэ тариаг тариулсанаар миний биед ямар нэгэн сөрөг үр дагавар үзүүлээгүй. Миний эрүүл мэндэд ямар нэгэн хор, хохирол учраагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 тал/,

           6. Гэрч М.Чимгээгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн Б.Батаа эгчийг манай ээжийн найз гэдгээр нь сайн танина. Батаа эгч бид 2-ын дунд ямар нэгэн хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. Бас бид 2-ын дунд ямар нэгэн өр авлага, өш хонзон байхгүй. 2017 оны 1 дүгээр сарын эхээр миний ээж Д.Алтанцэцэг нь цагаан, цэнхэр өнгийн цаасан хайрцагтай, пинцилний шилтэй төстэй шилтэй, шингэн тариа 6 ширхэгийг авч ирсэн байсан. Миний ээж Д.Алтанцэцэг хэлэхдээ “Үе мөчинд сайн тариа байдаг гэхээр нь би Б.Батаад захиж энэ тариаг авахуулсан. Хятад улсад үйлдвэрлэгдсэн тариа юм байна. Үе мөчний өвчинд маш сайн тариа гэнэ” гэж хэлсэн. Тухайн тариаг 1 ширхэгийг хэдэн төгрөгөөр авсан болохоо ээж надад хэлээгүй. Би ч тэр талаар ямар нэгэн зүйл ээжээс асуугаагүй. Би тэр тарианы албан ёсны нэрийг мэдэхгүй бөгөөд хайрцаг дээр Хятад болон Англи бичигтэй тариа байсан. Миний ээж Д.Алтанцэцэг нь тухайн тариаг өөртөө тариад өг гэж хэлсэн учраас би уг тариагаар ээжийг тарьж өгсөн. Миний ээж Д.Алтанцэцэг нь үе мөчний өвчтэй, хөл нь маш их өвддөг байсан бөгөөд тухайн тариаг тариулсанаар ээжийн үе мөчний өвчин нь зүгээр болж, хөлний өвчин гайгүй болсон. Тэр тариаг тариулаад ээжийн биед ямар нэгэн сөрөг үр дагавар үзүүлээгүй. Ээжийн эрүүл мэндэд ямар нэгэн хор, хохирол учраагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

           7. Гэрч Ч.Даваадоржын мөрдөн байцаалтанд өгсөн: “Б.Батаа нь миний төрсөн эгч бөгөөд би ээжээрээ овоглодог учраас бид 2-ын овог өөр байгаа юм. Бид нар аав, ээжээс 10-уулаа бөгөөд миний эгч Б.Батаа нь айлын дээрээс 7 дахь хүүхэд нь юм. Миний төрсөн эгч Б.Уртнасан нь Увс аймгийн Улаангом суманд мал маллаж амьдардаг, төрсөн дүү Ч.Оюунхүү нь Увс аймгийн Улаангом суманд Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт мэргэжилтэн хийдэг. Мөн төрсөн ах Б.Жаргал, эгч Б.Хоохүү нар нь Увс аймгийн Улаангом сумын төвд өндөр настны тэтгэвэрт байдаг. Харин Б.Батаа эгч Увс аймгийн Улаангом сумын төвд хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Бусад ах, дүү нар маань нас барсан. Миний төрсөн эгч Б.Батаа нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт хувиара Талст нэртэй барааны дэлгүүр ажиллуулдаг. Б.Батаа эгч 3 хүүхэдтэй бөгөөд дунд охин Ариунаа нь одоо ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Б.Батаа эгчийн том охин Амгалан нь Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн эмнэлэгт эмч хийдэг. Бага хүү Амарсанаа нь Улаанбаатар хотод Нисэхийн ерөнхий газарт ажилладаг. Б.Батаа эгчийн нөхөр Иванов нь одоогоос 10 гаруй жилийн өмнө өвчний улмаас нас барсан. Тэрнээс хойш миний эгч Б.Батаа нь ганцаараа үр, хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлсэн. Миний эгч Б.Батаа нь зан аашийн хувьд бусадтай нийтэч, шулуун шударга, бодсон санасан зүйлээ илэн далангүй хэлчихдэг, хүнд тусархаг зантай. Б.Батаа эгч нь бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, ах дүү, хамаатан садандаа байнга тус дэм болж явдаг, үр хүүхдүүддээ ачлалтай хүн байгаа юм. Миний эгч Б.Батаад янз бүрийн муу, зуршил байхгүй. Б.Батаа эгч залуудаа Цанын спортоор сонирхож хичээллэдэг байсан. Б.Батаа эгч эрүүл мэндийн хувьд хөл гар, үе мөч нь их өвддөг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

           8. Гэрч Ц.Оюуны мөрдөн байцаалтанд өгсөн: “Б.Батаа бид хоёр одоогоос 10 гаруй жилийн өмнө буюу 2000 онд анх танилцаж найзууд болсон. Тэрнээс биш Б.Батаа бид 2-ын дунд ямар нэгэн хамаатан садны холбоо байхгүй. Бас бид 2-ын дунд ямар нэгэн өр авлага, өш хонзон байхгүй. Б.Батаа одоо охин Ариунаагийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт амьдардаг. Батаагийн охин Амгалан, хүү Амарсанаа нар нь Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг. Б.Батаа өөрөө аймгийн Улаангом сумын 3 дугаар багт Талст нэртэй барааны дэлгүүр ажиллуулдаг. Б.Батаа нь зан аашийн хувьд даруу төлөв, бусадтай нийтэч, шулуун шударга, хүнд тусархаг зантай. Б.Батаа нь өөрийн найз нөхөд, хүрээлэлд байгаа хүмүүстэйгээ их нийтэч харьцаатай. Б.Батаад янз бүрийн муу, зуршил байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

          9. Увс аймгийн Цагдаагийн газрын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн шинжилгээ хийлгэх тогтоол, /хх-ийн 26 тал/,

        10. Увс аймгийн Цагдаагийн газрын 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн иргэн Д.Алтанцэцэгийн биед шинжилгээ хийлгэх тогтоол /хх-ийн 31 тал/,

         11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ¹151 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Д.Алтанцэцэгийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Иргэн Д.Алтанцэцэгийн биед урьд нь гэмтэл байхгүй гэнэ” гэх дүгнэлт /хх-ийн 32-р тал /,

         12. Увс аймгийн Цагдаагийн газрын 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн иргэн Б.Уртнасангийн биед шинжилгээ хийлгэх тогтоол, /хх-ийн 35 тал/,

         13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ¹153 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Б.Уртнасангийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Иргэн Б.Уртнасангийн биед урьд нь гэмтэл байхгүй, цусны даралт ихдэх өвчинтэй байсан гэнэ” гэх дүгнэлт /хх-ийн 37-р тал /,

        14. Увс аймгийн Цагдаагийн газрын 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн иргэн Б.Батаагийн биед шинжилгээ хийлгэх тогтоол, /хх-ийн 40 тал/,

          15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ¹152 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Б.Батаагийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Иргэн Б.Батаагийн биед урьд нь бэртэл гэмтэл байхгүй, харшилтай байсан гэнэ” гэх дүгнэлт /хх-ийн 41-р тал /,

        16. Увс аймгийн Цагдаагийн газрын 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн иргэн Б.Батаагаас хураан авсан “TRAIMCINOLONE ACETONIDE ACETATE INJECTOIN” гэх эм бэлдмэлд шинжилгээ хийлгэх тогтоол,  /хх-ийн 45 тал/,

          17. Мэргэжлийн Хяналтын газрын Эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч, шинжээч Д.Оюундарийн: “Манайд ирүүлсэн 160111 цувралын дугаартай 2018.12 сар хүртэл хүчинтэй хугацаатай, БНХАУ-д үйлвэрлэсэн, 5фл шингэн бодис нь шинжилгээнд өгөх дээжинд хүрэлцээтэй байна. Шинжилгээнд өгсөн шингэн бодис нь МХЕГ-ын ХАБҮЛЛ-ийн эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторын 2017-464 тоот дүнгээр “TRIAMCINOLONE ACETONIDE ACETATE” гэдэг эм гэдгийг нотолсон байна. Тус эм нь БНХАУ-д үйлдвэрлэсэн “TRAIMCINOLONE ACETONIDE ACETATE” гэдэг эм байна. Энэ эм нь Монгол улсад хэрэглэхийг хүлээн зөвшөөрч бүртгэсэн эмийн бүртгэлийн жагсаалтанд бүртгэгдээгүй учраас эм хангамжийн байгууллагууд худалдан борлуулж болохгүй. Эмийг эмчийн заавраар, тусгай зөвшөөрөлтэй эмийн сангаас худалдан авч иргэн хүн заавар зөвлөмжийн дагуу хэрэглэх ёстой. Хэрэв тун хэмжээг тохируулж зөв хэрэглээгүй нөхцөлд эм бүр гаж нөлөө, сөрөг үр дагавар үзүүлдэг. Тухайлбал энэ эм нь тун хэмжээг хэтрүүлэн хэрэглэвэл глюкокортикостероидын бүлгийн эмийн адил таргалалт үүсэх, ясны сийрэгжилт явагдах, эрших хамшинж илрэх, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг мөчлөг алдагдах, сэтгэцэд өөрчлөлт орох, ходоодны шархлаа үүсгэх, нойр булчирхайн үрэвсэл үүсч болзошгүй учраас эмчийн нарийн хяналтад хэрэглэх заалттай эм юм. Шинжилгээнд өгсөн шингэн бодисыг МХЕГ-ын ХАБҮЛЛ-ийн эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторит шинжлүүлхэд шинжилгээний 2017-464 тоот дүнгээр таних урвалаар “TRAIMCINOLONE ACETONIDE ACETATE” эм гэдгийг нотолж мөн хими, биологи, бактерлогийн шинжилгээгээр ВР2013-н шаардлагыг хангасан байна” гэх 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №2 дугаартай дүгнэлт, шинжилгээний дүн. /хх-ийн 47-49-р тал /,

            18. Шүүгдэгчийн өмчлөлд буй Баяннуур Увс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ. /хх-ийн 58/

        19. Увс аймгийн Эрүүл мэндийн Газрын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Талст нэртэй барааны дэлгүүр нь эм, эмнэлэгийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, хадгалах, худалдах, түгээх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөлөл олгогдоогүй болно гэх 137 тоот албан бичиг /хх-ийн 60/,

          20. Увс аймгийн Эрүүл мэндийн газрын 2017 оны 3 сарын 10-ны өдрийн Баяннуур Увс ХХК нь эм, эмнэлэгийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, хадгалах, худалдах, түгээх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдоогүй үнэн болно гэх 167 тоот албан бичиг. /хх-ийн 63/,

       21. Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 2 сарын 01-ний өдрийн “БНХАУ-д үйлдвэрлэсэн Triamcinolone acetonide acetate 5 мл, 50 мг тариа нь Монгол Улсад хэрэглэхийг зөвшөөрч бүртгэсэн эмийн бүртгэлийн жагсаалтад бүртгэгдээгүй эм болно” гэх 109 тоот албан бичиг /хх-ийн 65/,

        22. Увс аймаг, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Хүний Гавъяат Эмч Х.Дэлэгийн нэрэмжит нэгдсэн эмнэлэгийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 235 тоот албан бичиг. /хх-ийн 67/,

            23. Шүүгдэгчийн гадаад паспортын хуулбар. /хх-ийн 77-79-р тал/,

            24. Шүүгдэгч Б.Батаагийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 80-90-р тал/,

            25. Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91-92-р тал/,

          26. Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 3 сарын 29-ний өдрийн 7.2/1331 тоот албан бичиг, хавсралтын хамт. /хх-ийн 96-97-р тал/,

      27. Шүүгдэгч Б.Батаагийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манайх хувьдаа Баян Нуур Увс ХХК-тай бөгөөд би өөрөө компанийхаа захирлын ажлыг хийдэг. Манай Баян Нуур Увс ХХК нь сургалт, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт Талст нэртэй барааны дэлгүүр ажиллуулдаг. Би өөрөө Талст нэртэй дэлгүүрийнхээ худалдагчаар ажилладаг. Манай дэлгүүр нь бэлэг дурсгалын зүйл, бичгийн хэрэгсэл, гоо сайхны эд зүйл зарж, борлуулдаг. Дэлгүүрийнхээ бараа, материалыг би өөрөө явж Улаанбаатар хот болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин, Эрээн хотуудаас худалдаж авдаг. Миний 2 хөлний өвдөгний үенд яс ургалттай бөгөөд үүнээс болж би 2010 оноос хойш үе, мөчний эмчилгээ хийлгэх болсон. Би Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгийн байгууллагуудаар эмчилгээ, үйлчилгээ хийлгэж, Монгол улсад худалдаж, түгээж байгаа эм, тариаг авч хэрэглэсэн боловч миний хөлний өвчинд үр дүн өгөөгүй. Миний хөлний өвчин эдгэрэхгүй байсан учраас эмч нар Портез /үе солиулах эмчилгээ/ хийлгэ гэж надад зөвлөж байсан. Одоогоос 2 жилийн өмнө буюу 2015 оны 3 дугаар сарын үед Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн Ясны сийрэгжилт өвчин буюу харшилын эсрэг тариа байдаг, тухайн тариа нь маш үр дүнтэй талаар хүнээс сонссон. Тухайн үед хэн гэдэг хүнээс сонссон болохоо одоо би сайн санахгүй байна. Тэрнээс хойш 1 жил орчимын дараа буюу 2016 оны 3 дугаар сард би дэлгүүр дотроо сууж байтал үл таних 25-30 орчим настай, өндөр нуруутай эрэгтэй хүн манай дэлгүүрт орж ирээд “Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн ясны сийрэгжилт, харшилын эсрэг тариа байна. 1 ширхэгийг 15000 төгрөгөөр зарж байна. Та энэ тариаг худалдаж авах уу” гэж асуусан. Тухайн тариаг би маш их үр дүнтэй тариа гэж сонсож байсан учраас тэр залуугаас 10 ширхэг тариа авч хэрэглэсэн. Тэр тариа нь цагаан, цэнхэр өнгийн цаасан хайрцагтай, пинцлиний шилтэй төстэй шилтэй тариа байсан. Надад тариа зарсан залуу “Та эхлээд 7 хоногт 3 ширхэг тариа хийлгэ. Дараа нь сар бүр 1 ширхэг тариа хийлгэ” гэж хэлж, зөвлөсөн бөгөөд би тэр залуугийн хэлсэн зааврын дагуу тухайн тариаг хэрэглээд миний хөлний өвчин, харшил бүрэн эдгэсэн. Тухайн тариаг би өөрөө өөртөө тарьж, хэрэглэж байсан. Тэр залуугаас авсан тариаг хийлгээд миний хөлний өвчин бүрэн эдгэрсэн учраас би маш их үр дүнтэй тариа юм байна гэж ойлгосон. Би 2016 оны 11 дүгээр сард БНХАУ-ын Бээжин хот руу дэлгүүрийнхээ бараа, материал худалдаж авахаар явсан. Миний хамаатан садан, ах дүү, танил хүмүүст хөлний өвчтэй, харшилтай хүмүүс олон байдаг учраас би тэр хүмүүст туслахаар шийдэж өөрийнхөө хийлгэсэн тарианаас худалдаж авахаар шийдсэн. Би БНХАУ-ын Эрээн хотод явж байгаад Эмийн сангаас 10 хайрцаг тариа худалдаж авсан. Хайрцаг тус бүрт 10 ширхэг шилтэй, шингэн тариа байсан. Нийт 100 ширхэг шилтэй тариа худалдаж авсан бөгөөд 1 ширхэг тариаг 25 юан буюу монгол мөнгөөр 9000 төгрөгөөр худалдаж авсан. Би тэр тарианы үндсэн нэрийг нь мэдэхгүй бөгөөд эм худалдаж авах үед байсан орчуулагч тэр тарианы нэрийг “Кальцийн дутагдлаас үүссэн ясны сийрэгжилтийн үрэвслийн тариа, харшил, эгзим” гэж монголоор орчуулж хэлж өгсөн. Би авч ирсэн 100 ширхэг тарианаасаа 10 ширхэгийг нь өөрийн төрсөн эгч Б.Уртнасанд үнэгүй бэлэглэсэн. Мөн 10 ширхэгийг нь өөрийн найз Д.Алтанцэцэгт өгсөн. Д.Алтанцэцэг өмнө нь надаас “Чи өөрийнхөө хэрэглэсэн тарианаас надад авч ирж өгөөч” гэж хэд хэдэн удаа гуйсан учраас би Д.Алтанцэцэгт 10 ширхэг тариа өгсөн. Би Д.Алтанцэцэгт тариа өгөхдөө “Энэ тариа 1 ширхэг 10000 төгрөгний үнэтэй тариа юм байна лээ” гэж хэлээд өгсөн. Гэхдээ би Д.Алтанцэцэгээс өнөөдрийг хүртэл ямар нэгэн мөнгө, төгрөг аваагүй байгаа. Тухайн эмнээс би өөр бусад хүнд зарсан, борлуулсан зүйл огт байхгүй. Би үлдсэн 80 ширхэг эмийг өөрийнхөө дэлгүүрийн лангуу доор тавьсан байсан. Гэхдээ би тэр эмийг зарж ашиг олъё гэж бодоогүй. Зайлшгүй тэр эмний хэрэгцээтэй, надтай адилхан өвчтэй хүмүүст худалдаж авсан үнээрээ өгч тус болъё гэж бодож байсан. Тэр тариаг тариулсанаар миний үе мөчний өвчин, харшил бүрэн эдгэрсэн. Миний биед ямар нэгэн сөрөг үр дагавар үзүүлээгүй, эрүүл мэндэд ямар нэгэн хор, хохирол учраагүй. Би 2016 оны 10 сарын 12-ны өдөр БНХАУ руу яваад 2016 оны 10 сарын 14-ний өдөр Монгол улсад ирэхдээ уг эмийг авч ирсэн. Монгол Улсын хилээр оруулж ирэхдээ гар тээшиндээ хийсэн байсан. Намайг хилээр орж ирэхэд гааль, хяналтын байгууллагын ажилчид миний гар тээшийг шалгаж, тухайн эмийг надаас хурааж авсан зүйл байхгүй. Миний хувьд гааль дээр тухайн эмийг шалгуулахаас зайлсхийсэн, нуусан зүйл огт байхгүй. Би тэр эмийг Монгол улсад зөвшөөрөгдсөн эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, нууж оруулж ирдэг гэдгийг ч мэддэггүй байсан учраас гар тээшиндээ авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 53-57-р тал/,

28. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэлээс гаргаж өгсөн шүүгдэгчийн амбулаториор эмчлүүлэгчийн карт, Мөнгөн гүүр эмнэлэгийн шинжилгээний хариу, рентгэн зураг, түүний үзүүлэлт, Элма хужирт рашаан сувилалын дэвтэр, Эрээн хотын эмийн сангаас тариа худалдан авсан баримт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан шийдвэрлэлээ.

           Шүүгдэгч Б.Батаа нь зохих зөвшөөрөлгүйгээр 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор хил нэвтрэхдээ Монгол Улсад хэрэглэхийг зөвшөөрч бүртгэсэн эмийн бүртгэлийн жагсаалтад бүртгэгдээгүй эм болох “Triamcinolone acetonide acetate” нэртэй 100 ширхэг тариаг хууль бусаар импортолсон, худалдсан, түгээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн нэгжлэг хийх тогтоол, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хураан авах тогтоол, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, шинжээчийн 151, 152, 153 дугаартай дүгнэлтүүд, Мэргэжлийн хяналтын газрын Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Д.Оюундарийн 2017 оны 3 сарын 22-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт,  Увс аймгийн Эрүүл мэндийн газрын 2017 оны 137, 162, 167 дугаартай албан тоот, Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 109 дугаартай албан тоот, шүүгдэгч Б.Батаагийн гадаад паспортын хуулбар, Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 7.2/1331 дугаартай албан тоот, түүний хавсралт, гэрч Б.Уртнасан, Д.Алтанцэцэг, М.Чимгээ нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

            Тодруулбал, Гэрч Б.Уртнасангийн “...Б.Батаа надтай уулзаад “Үе мөчинд маш сайн тариа байна. Би өөрөө тэр тарианаас хэдэн ширхэгийг тариулаад миний хөлний өвчин зүгээр болчихлоо. Таны хөл, мөч өвддөг болохоор би таньд бас хэдэн ширхэг тариа авч ирлээ” гэж хэлээд надад цагаан өнгийн цаасан хайрцагтай, пинцилний шилтэй төстэй шилтэй, шингэн тариа 10 ширхэгийг үнэгүй өгсөн…” /хх-ийн 16 хуудасны ар тал/ гэх мэдүүлэг, Гэрч Д.Алтанцэцэгийн “...Одоогоос 1 жил орчимын өмнө буюу 2016 оны 3 дугаар сард би Талст нэртэй дэлгүүрээр орж Б.Батаатай уулзаад юм ярьж байгаад Б.Батаагаас “Чиний хөл өвддөг байсан биз дээ. Яаж зүгээр болгосон юм. Ямар эмчилгээ хийлгэсэн бэ” гэж асуухад Б.Батаа “Би Бээжин хотод явж байгаад үе мөчний эм худалдаж авсан. Тэр эмийг тариулаад миний хөл зүгээр болсон. БНХАУ-д үйлдвэрлэсэн үе мөчний сайн тариа байна” гэж хэлсэн. Би Б.Батаад “Чи дахиж Хятад руу явах юм бол надад тэр тарианаасаа авч ирж өгөөрэй. Миний хөл бас өвдөөд болохгүй байна” гэж хэлж, гуйсан байсан. 2017 оны 1 дүгээр сарын эхээр би дахин Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байдаг Талст нэртэй дэлгүүрээр орж Б.Батаатай уулзсан. Б.Батаа надад “Би чиний захисан тариаг аваад ирсэн. Чи надаас 1 ширхэг тариаг 10000 төгрөгөөр худалдаж ав. Энэ тарианаас 6 ширхэгийг тариулахад болох байх” гэж хэлсэн. Би Б.Батаад “Найз нь одоогоор мөнгөний боломжгүй явж байна” гэж хэлэхэд Б.Батаа “Чи боломжтой болохоороо мөнгийг нь өгчих. Надаас зээлээр аваад тариулж бай” гэж хэлсэн учраас би Б.Батаагаас цагаан, цэнхэр өнгийн цаасан хайрцагтай, пинцлиний щилтэй төстэй шилтэй 6 ширхэг тариаг нэг ширхэгийг 10000 төгрөгөөр бодож Б.Батаагаас худалдаж авсан. Гэхдээ одоо болтол надад мөнгө, төгрөгний боломж гараагүй байгаа учраас би тарианы үнэ болох 60000 төгрөгийг Б.Батаад өгч чадаагүй байгаа...” /хх-ийн 19 хуудасны ар тал/ гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Батаагийн “...Миний 2 хөлний өвдөгний үенд яс ургалттай болж би 2010 оноос хойш үе, мөчний эмчилгээ хийлгэх болсон. Би Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгийн байгууллагуудаар эмчилгээ, үйлчилгээ хийлгэж, Монгол улсад худалдаж, түгээж байгаа эм, тариаг авч хэрэглэсэн боловч миний хөлний өвчинд үр дүн өгөөгүй. ...2016 оны 3 дугаар сард би дэлгүүр дотроо сууж байтал үл таних 25-30 орчим настай, өндөр нуруутай эрэгтэй хүн манай дэлгүүрт орж ирээд “Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн ясны сийрэгжилт, харшилын эсрэг тариа байна. 1 ширхэгийг 15000 төгрөгөөр зарна. Та энэ тариаг худалдаж авах уу” гэж асуусан. Тухайн тариаг би маш их үр дүнтэй тариа гэж сонсож байсан учраас тэр залуугаас 10 ширхэг тариа авч ...хэрэглээд миний хөлний өвчин, харшил бүрэн эдгэсэн. ...Миний хамаатан садан, ах дүү, танил хүмүүст хөлний өвчтэй, харшилтай хүмүүс олон байдаг учраас би тэр хүмүүст туслахаар шийдэж өөрийнхөө хийлгэсэн тарианаас худалдаж авахаар шийдсэн. Би БНХАУ-ын Эрээн хотод явж байгаад Эмийн сангаас 10 хайрцаг тариа худалдаж авсан. Хайрцаг тус бүрт 10 ширхэг шилтэй, шингэн тариа байсан. Нийт 100 ширхэг шилтэй тариа худалдаж авсан бөгөөд 1 ширхэг тариаг 25 юан буюу монгол мөнгөөр 9000 төгрөгөөр худалдаж авсан. Би тэр тарианы үндсэн нэрийг нь мэдэхгүй бөгөөд эм худалдаж авах үед байсан орчуулагч тэр тарианы нэрийг “Кальцийн дутагдлаас үүссэн ясны сийрэгжилтийн үрэвслийн тариа, харшил, эгзим” гэж монголоор орчуулж хэлж өгсөн. Би авч ирсэн 100 ширхэг тарианаасаа 10 ширхэгийг нь өөрийн төрсөн эгч Б.Уртнасанд үнэгүй бэлэглэсэн. Мөн 10 ширхэгийг нь өөрийн найз Д.Алтанцэцэгт өгсөн. ...Би Д.Алтанцэцэгт тариа өгөхдөө “Энэ тариа 1 ширхэг 10000 төгрөгний үнэтэй тариа юм байна лээ” гэж хэлээд өгсөн. Гэхдээ би Д.Алтанцэцэгээс өнөөдрийг хүртэл ямар нэгэн мөнгө, төгрөг аваагүй байгаа. Тухайн эмнээс би өөр бусад хүнд зарсан, борлуулсан зүйл огт байхгүй. Би үлдсэн 80 ширхэг эмийг өөрийнхөө дэлгүүрийн лангуу доор тавьсан байсан. Гэхдээ би тэр эмийг зарж ашиг олъё гэж бодоогүй. Зайлшгүй тэр эмний хэрэгцээтэй, надтай адилхан өвчтэй хүмүүст худалдаж авсан үнээрээ өгч тус болъё гэж бодож байсан” /хх-ийн 54-55/ гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.Батаа нь БНХАУ-аас 100 ширхэг тариаг Монгол Улсын хилээр оруулж ирж, бусдад худалдах, бэлэглэх хэлбэрээр шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

            Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “...уг тариа нь үе мөчний өвчинд маш сайн тариа байсан тул Монгол Улсын хилээр оруулж ирсэн. Хилээр оруулж ирэхдээ гааль хяналтын байгууллагаас нуусан зүйл огт байхгүй, гар тээшиндээ авч гарсан боловч гааль хяналтын байгууллага шалгаагүй нэвтрүүлсэн байдаг. Шүүгдэгч нь биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас уг тариаг өөртөө хийлгэх буюу хувийн хэрэгцээндээ хэрэглэх зорилгоор авч ирсэн, ямар нэг байдлаар худалдаад ашиг ольё гэсэн санаа зорилго байгаагүй тул энэ гэмт хэргийн субъектив талын бүрэлдэхүүнгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх санал гаргасныг хүлээн авах боломжгүй юм. Учир нь шүүгдэгчийн БНХАУ-аас Монгол Улсын хилээр нэвтрүүлж оруулж ирсэн “Triamcinolone acetonide acetate” нэртэй 100 ширхэг тариа нь Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заагдсан Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх эмийн жагсаалтад багтдаггүй байхаас гадна Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан зорчигчийн хувийн хэрэглээний эмэнд мөн хамаарахгүй байна.  

          Эм, эмнэлэгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “хүний болон мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх, дархлаажуулах зориулалттай, үйлчлэл нь эм судлал, эмнэлзүйн сорилт туршилтаар нотлогдсон, нийлэг буюу амьтан, ургамал, эрдсийн гаралтай бодисыг тодорхой хэлбэрт оруулсан, зохих тун, хэмжээгээр хэрэглэдэг бэлдмэлийг эм” гэж томъёолж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д ”Монголд улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах, эм, эмийн түүхийн эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг энэ хуулийн 22.7-д зааснаас бусад тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлсэн байх”-аар заажээ.  

          Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 109 дугаартай албан тоот /хх-ийн 65/, тус газрын Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Д.Оюундарийн гаргасан дүгнэлт /хх-ийн 47-48/, Монгол улсад бүртгэлтэй эмийн кодолсон жагсаалт зэргээр шүүгдэгчийн БНХАУ-аас оруулж ирсэн эм нь “Triamcinolone acetonide acetate” /Триамцинолон ацитонид ацитет/ нэртэй тариа байх ба Монгол Улсад хэрэглэхийг зөвшөөрч бүртгэсэн эмийн бүртгэлийн жагсаалтад бүртгэгдээгүй эм болох нь нотлогдсон, Увс аймгийн Эрүүл мэндийн Газрын 2017 оны 137, 162, 167 дугаар албан тоот /хх-ийн 60-61, 63/-уудаар Улаангом сумын 3 багт байрлаж үйл ажиллагаа явуулдаг шүүгдэгчийн эзэмшлийн аж ахуй нэгж болох “Баян нуур Увс” ХХК, тус компаний “Талст” нэртэй барааны дэлгүүр нь эм, эмнэлэгийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, хадгалах, худалдах, түгээх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгч Б.Батааг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэглээнд гаргахыг зөвшөөрөөгүй хориглосон эмийг хууль бусаар имторлож, худалдсан, түгээсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

           Иймд прокуророос ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Батааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

           Шүүхээс шүүгдэгч Б.Батаад ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д “...анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.9-д “үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал /эрүүл мэнд/ зэргийг харгалзан үзээд Б.Батаад оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзах боломжтой байна гэж үзлээ. 

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, “Triamcinolone acetonide acetate” нэртэй 75 ширхэг тарианы хэрэглэх заавар монгол хэл дээр байхгүй, эмийн бүртгэлийн жагсаалтад бүртгэгдээгүй, хэрэглэхийг хориглосон эм байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

           Шүүгдэгч Б.Батаа нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

          Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас нотлох баримтаар өгсөн эм, эмийн бэлдмэлийн жагсаалт гэх 181 хуудас баримт,  шүүгдэгчийн өмгөөлөгчөөс нотлох баримтаар өгсөн 2016.10.13 гэсэн хятад бичиг бүхий 1 хуудас баримт /он сар ойлгомжгүй 2 огноотой/, уг баримтын орчуулга гэх 5 сарын 3 гэсэн 1 хуудас баримт зэрэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул үнэлээгүй болохыг, мөн хавтас хэргийн 56 хуудаст авагдсан Яллагдагчаар татах тогтоолоор Баарингууд овогт Бадарчийн Батаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татаж гарын үсэг зуруулсан боловч тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгчийн овог нэр, хэргийн дугаарыг буруу бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасан болохыг дурдвал зохино.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-296 зүйл, 297 дугаар зүйлийн 297.1-297.5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

        1. Шүүгдэгч Баарингууд овогт Бадарчийн Батааг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар эм имторлох, худалдах, түгээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батаад 3 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батаад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

           4. Шүүгдэгч Б.Батаа нь энэ гэмт хэрэгт бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, “Triamcinolone acetonide acetate” нэртэй 75 ширхэг эм /тариа/-ийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батаад оногдуулсан 3 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Увс аймгийн Цагдаагийн Газарт даалгасугай.

        7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батаад урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

         8. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зїйлийн 303.1, 304 дїгээр зїйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.БОЛОРТУЯА