Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2017/0562

 

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2017/0562

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б***т О******с К******е ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ...Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын ашиглалтын ******* тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгуудах нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мя********ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Эн*******н, гэрч У.Сү******р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Удаанжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б***т О******с К******е ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2015 оны 5 дугаар сард өөрийн эзэмшиж буй VX-011679 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 2015, 2016 онуудын төлбөрийг төлөхдөө Ш**н Ш**н П***с ХХК-ний Ашигт малтмалын газрын дансанд илүү төлөгдсөн мөнгөнөөс шилжүүлэн төлөхөөр тохиролцсон юм. Ингэж тохиролцсоны үндсэн дээр Ш**н Ш**н П***с ХХК нь 2015 оны 5 дугаар 13 өдөр 5/15 тоот албан бичгээр манай компанийн 2015, 2016 онуудын төлбөрийг шилжүүлэн төлүүлэх тухай хүсэлт хүргүүлснийг Ашигт малтмалын газар хүлээн авч уг хүсэлтийн дагуу 2015 онд төлбөрийг шилжүүлэн тооцсон атлаа 2016 онд төлбөр төлөгдөөгүй гэсэн үндэслэлээр манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байсан. Бид өөрийн эзэмшиж буй дээрх тусгай зөвшөөрөл цуцлагдсан тухай 2017 оны 03 дугаар сарын дундуур тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөхөөр очиход Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийн төлбөр хураан авч бүртгэдэг мэргэжилтэнгээс /Сү******р гэдэг/ цуцлагдсан талаар мэдсэн. Ашигт малтмалын газраас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэл, мөн тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар мэдэгдлийг 2016 онд манай компани гардаж аваагүй бөгөөд манай компани мэдэгдлийг хүлээн авч мэдээгүй юм. Манай зүгээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн талбай дахь тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлөхөөс гадна мөн хуулийн 27, 34 дүгээр зүйлүүдэд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх нийтлэг үүргийг бүрэн биелүүлсээр ирсэн. Компанийн зүгээс Кадастрын хэлтсийн даргын ******* дугаар шийдвэр нь илтэд хууль бус бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар цуцалж буй шийдвэрээ тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдээгүй, энэ байдал нь мөн хуулийн 56 зүйлийн 56.3 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчсөн, цуцлах үндэслэл болсон Ашигт малтмалын тухай хуулийн 56 зүйлийн 56.1.2 дахь хэсэг нь бодит байдалтай нийцээгүй илтэд хууль бус акт болсон гэж үзэж байна. Манай компани нь 2016 оны төлбөрөө Ш**н Ш**г П****с ХХК-ний илүү төлөгдсөн мөнгөнөөс шилжүүлэн төлсөн байхад Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрөл цуцлагдсан талаар манай компанид мэдэгдэлгүй төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалсан нь хууль бус юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.3.1 хэсэгт захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэж зааснаар Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 5 сарын 24-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгож ашигт малтмалын ашиглалтын VX-011679 тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын Х\/-011679 дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараахи тайлбарыг хүргүүлж байна.

Ховд аймгийн Алтай сумын нутагт орших Хөх булаг нэртэй 1010.15 га

талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын Х\/-011679 тоот тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын 2006 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 163 дугаар шийдвэрээр Г*****и-Экс******н ХХК-д олгосон байна.

Г*****и-Экс******н ХХК-ийн Ховд аймгийн Алтай сумын нутагт орших Хөх булаг нэртэй 1010.15 га талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын Х\/-011679 тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдөл гаргасныг хянан үзэж, Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг үндэслэл болгон Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 118 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Б***т О******с К******е ХХК-д шилжүүлснийг бүртгэж, тэмдэглэгээ хийсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж зааснаар ашигт малтмалын хайгуулын Х\/-011679 тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй тул Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ******* тоот албан бичгээр цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.2, 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг, алдангийн хамт төлөөгүй тул Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Ийнхүү цуцалсан тухай мэдэгдлийг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна. Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №9 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан мэдэгдэнэ гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ

баримтжуулсан байхыг ойлгоно гэж заасан ба Б***т о*****нс ку****е ХХК-д дээрх мэдэгдлүүдийг хүргүүлсэн нь баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар баталгаажиж байна.

Б***т о*****нс ку****е ХХК нь дээрх шийдвэртэй холбогдуулж Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд тухайн актад гомдол гаргах хугацаа хэтэрсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Б***т о*****нс ку****е ХХК нь нэхэмжлэлдээ дурдахдаа 2016 оны тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ш**н Ш**г П****с ХХК нь илүү төлөлттэй төлбөрөөс төлбөрийг суутгуулах хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд харин 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Хүсэлт гаргах нь ******* тоот албан бичгээр Г**о ма***р ХХК-ийн ******* дугаарын тусгай зөвшөөрлийн төлбөрийг өөрийн компанийн илүү төлөлтөөс тооцож өгнө үү гэж хүсэлт гаргаж байсан зэргээс үзэхэд дээрх нөхцөл байдал нотлогдохгүй байна.

Иймд Ашигт малтмал газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын Х\/-011679 дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Б***т о*****нс ку****е ХХК-ийн гаргасан ...Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар шийдвэрийн Б***т о*****нс ку****е ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын Х\/-011679 дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр

ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсныг нэхэмжлэгчийн зүгээс Ш**н Ш**г П****с ХХК-ийн илүү төлөлтийг суутган тооцуулах хүсэлтийг тус компаниас өгсөөр байтал харгалзан үзээгүй гэж, хариуцагчийн зүгээс Тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, өөр компанийн төлбөрөөс суутган тооцуулах тохиолдолд албан бичгээр заавал мэдэгдэх үүрэгтэй гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2006 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 163 дугаар шийдвэрээр Ховд аймгийн Алтай сумын Хөх булаг нэртэй газар 1168 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-11679 тоот тусгай зөвшөөрлийг Г***и Эк*****н ХХК-д анх олгож 2010 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 118 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б***т о*****нс ку****е ХХК-д шилжүүлэн олгожээ.

Улмаар Ашигт малтмалын газрын 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 420 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХV-11679 дүгээр тусгай зөвшөөрлөөр олгогдсон 1168 гектар талбайгаас 157,08 гектар талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож үлдэх 1010,15 гектар талбайг хайгуулын талбайгаар бүртгэж 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 534 дүгээр шийдвэрээр 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж зааснаар ашигт малтмалын хайгуулын ХV-11679 дүгээр тусгай зөвшөөрлийн ээлжит 11 дэх жилийн төлбөрийг 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс өмнө төлөх ёстой байсан байна.

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс уг төлбөрийг төлөөгүй тул хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаар албан бичгээр цуцлагдах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдлийг илгээсэн боловч уг мэдэгдлийг нэхэмжлэгч компанид хүлээлгэн өгөөгүй буцсан болох нь Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн бичиг баримт хүлээлцэх дэвтэрт 5 дугаар сарын 2-ны өдөр буцаалт гэсэн тэмдэглэгээ болон Монгол шуудан ТӨХК-иас тус шүүхэд 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартайгаар ирүүлсэн баримт зэргээр тус тус тогтоогдож байна.

Ш**н Ш**г П****с ХХК-ийн зүгээс 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн дугаар албан бичгээр хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандаж тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн

төлбөрийн илүү төлөлтөөс нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын хайгуулын ХV-11679 дүгээр тусгай зөвшөөрлийн 2015, 2016 оны төлбөрт тооцуулах тухай, 8 дугаар сарын 11-ний өдрийн ******* дүгээр албан бичгээр мөн илүү төлөлт болох 4,841,550 төгрөгийг Ге******р  ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-14030 дугаар тусгай зөвшөөрлийн ээлжит 8 дахь жилийн төлбөрт тооцохыг хүссэн байна.

Ш**н Ш**г П****с ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшин лицензийн төлбөр төлж байснаа Ашиглалтын өмнөх гэрээ байгуулсны улмаас тус компанид Ге******р  ХХК-ийн төлбөрийг суутгаснаас гадна 7,206,285.28 төгрөгийн илүү төлөлт үүссэн болох нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн болон төлбөрийн системд хийсэн бичиг баримтын үзлэг болон гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр хайгуулын талбайн гектар тутамд эхний жилд 145 төгрөг, 2 дахь жилд 290 төгрөг, 3 дахь жилд 435 төгрөг, 4-6 дахь жилд тус бүр 1450 төгрөг, 7-9 дэх жилд тус бүр 2175 төгрөг, 10-12 дахь жилд 7250 төгрөг байна гэж заасны дагуу нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн 1010,15 гектар талбайн төлбөрийг дээрх хуульд 10-12 дахь жилээр тооцон үзэхэд 7,323,587,5 төгрөг бөгөөд зөрүү нь 117305,5 төгрөг байх бөгөөд энэ зөрүүг төлөөгүйн улмаас нэхэмжлэгчийн олон жилийн хайгуулын судалгааны ажлын үр дүнг үнэгүйдүүлэх нь нийгэм, эдийн засгийн ач холбогдолгүй байна.

Харин нэхэмжлэгч компанийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 35.12 дахь хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ. гэж заасан үүргээ биелүүлээгүй боловч хариуцагчийн зүгээс Ш**н Ш**г П****с ХХК-ийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн дугаар албан бичгийн хүлээн авч 2015 оны төлбөрийг тооцсон атлаа 2016 оны төлбөрийг суутган тооцолгүйгээр Ш**н Ш**г П****с ХХК-ийн нэр дээр илүү төлөлтийг бүртгэн нэхэмжлэгч Б***т о*****нс ку****е ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг төлбөр төлөөгүй гэх шалтгаанаар цуцалсан нь үндэслэлгүй байна.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.20-д Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд төрийн захиргааны байгууллага гэх) дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: үйлчилгээний хөлс, түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хураан

авах, 32 дугаар зүйлийн 32.2-т Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр хайгуулын талбайн гектар тутамд эхний жилд 145 төгрөг, 2 дахь жилд 290 төгрөг, 3 дахь жилд 435 төгрөг, 4-6 дахь жилд тус бүр 1450 төгрөг, 7-9 дэх жилд тус бүр 2175 төгрөг, 10-12 дахь жилд 7250 төгрөг байна, 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 56 дугаар зүйлийн 56.8-д Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар шийдвэрийн Б***т о*****нс ку****е ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын Х\/-011679 дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.4, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.20, 32 дугаар зүйлийн 32.2, 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б***т о*****нс ку****е ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар шийдвэрийн Б***т о*****нс ку****е ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын Х\/-011679 дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.

2.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б***т О******с К******е ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           

ШҮҮГЧ Ц.ОДМАА