Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2016/0053

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч Ц.Мөнхзул нарын шүүх бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д. Г*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн б/1275, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн б/1325 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилд эгүүлэн тогтоох хүртэлх хугацааны цалинг олгож, мөн хугацааны эрүүл мэндийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******, иргэдийн төлөөлөгч Э.А******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мөнхчулуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн б/1275 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн б/1325 дугаар тушаал гарган 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн б/1275 дугаар тушаалыг хүчингүй болгосон тухай 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн хариуцагч талын шүүхэд гаргасан хариу тайлбараас олж мэдлээ.

2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн б/1275 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн-ийг үндэслэсэн байсныг б/1325 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т тэтгэвэрт тогтоолгох насанд хүрсэн-ийг үндэслэн өөрчилсөн байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасан эрхийнхээ дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн б/1275 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн б/1275, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн б/1325 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулж, өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, мөн хугацааны эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх болгон нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх болон Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т цэргийн алба хаасны тэтгэвэр авагч өөрөө хүсвэл цэргийн алба хаасан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоож болно, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна гэсэн хуулийн заалтыг зөрчиж, ямар нэг зөрчил гаргаагүй, өөрөө хүсээгүй байхад цэргийн албанаас халсан тушаал гаргасан.

Мөн миний бие Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасны дагуу төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ удаа дараа танилцуулж байсан төдийгүй төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллах тухай удирдлагын зөвлөлийн хурал дээр илэрхийлж байсан болно.

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн б/1275, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн б/1325 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулж, өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Улсын дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар тогтоолд Иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан байна.

Энэхүү тогтоолын 2 дугаар зүйлд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д заасан генерал, комиссар, офицер, ахлагч, байлдагчийн цэргийн алба хаах насны дээд хязгаарыг тогтоох, алба хаах хугацааг сунгах асуудлыг эрх бүхий этгээд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт багтаан шийдвэрлэхэд Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан зохицуулалт саад болохгүй гэж тайлбарласан байна.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т тагнуулын байгууллагын генерал, офицер, ахлагч 4.5-т цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, байлдагч нар нь Төрийн албаны тухай хуульд зааснаар 65 нас хүртэл ажиллах нь хуульд нийцэж байна. Анх ажлаас халсан 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 6/1275 дугаар тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэх үндэслэлээр тушаал гаргасан байдаг. Д.Г******* нь төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар болох 65 насанд хүрээгүй байхад төрийн албанаас халсан үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тушаал гарч, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Д.Г*******аас тухайн ажлыг нь хүлээж аваад, ээлжийн амралт эдлэх хуудсыг олгосон байдаг. Ээлжийн амралтаа эдэлж байх хугацаанд Д.Г*******т цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоосон нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна.

Иймд Д.Г*******ийн төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар болох 65 насанд хүрээгүй, ээлжийн амралтаа эдэлж байхад цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоосон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн б/1275 дугаар тушаал болон 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 6/1325 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, мөн хугацааны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлд 1-ийн 3-т Цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаар, ахлах офицер 50 нас хүртэл, 19 дүгээр зүйлийн 19.4-т Цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарт хүрсэн ... офицер, ахлагчийг цэргийн албанаас бэлтгэлээр хална, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-т 25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй, 19 дүгээр зүйлийн 19.1-д Цэргийн албан хаагч эрэгтэй 25-аас доошгүй, ... алба хаагаад цэргийн алба хаасны насны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.4-т хорих байгууллагад ажилласан хугацааг тооцох тухай тус тус заасан байна.

Нэхэмжлэгч Д.Г******* нь улсад 25-аас дээш жил ажилласан, цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрч, цэргийн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул дээрх хуулиудад заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох тухай тушаал гаргасан байна. Уг тушаалаас харахад Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т ... төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй гэж заасан тул нэхэмжлэгчийн төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь тушаал гарахад саад болохгүй учир төрийн албанаас чөлөөлж, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох тухай тушаал гаргасан байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн б/1325 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Г*******ийг албан тушаалаас чөлөөлж Цэргийн албанаас бэлтгэлээр халсан нь хууль зөрчөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Г******* тус шүүхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн а/1275, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн б/1325 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн а/1275 дугаар[1] тушаалаар Д.Г*******ийг Хорих 407 дугаар ангийн даргын албан тушаалаас чөлөөлж, цэргийн албанаас бэлтгэлээр халсан бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн б/1325 дугаар[2] тушаалаар а/1275 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Г*******ийг 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас чөлөөлж, цэргийн албанаас бэлтгэлээр халсаныг хууль бус гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг дор дурдсан албан хаагч авах эрхтэй. 5/цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, байлдагч; гэж, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 1З дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т Цэргийн албан хаагч нь офицерын албыг: ...-ахлах офицер 50 нас хүртэл хааж болно гэж зааснаар Д.Г*******ийг цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж үзэн цэргийн албанаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т цэргийн алба хаасны тэтгэвэр авагч өөрөө хүсвэл цэргийн албан хаасан болон даатгалын шимтгэл төлсөн хугацаагнэгтгэн тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоож болно мөн Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар 65 нас байна гэсэн хуулийн заалтыг зөрчиж ямар нэгэн зөрчил гаргаагүй, өөрөө хүсээгүй байхад цэргийн албанаас халах тушаал гаргасан. Мөн миний бие Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасны дагуу төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ удаа дараа танилцуулж байсан төдийгүй энэ тухай удирдлагын зөвлөлийн хурал дээр илэрхийлж байсан гэж тайлбарладаг.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Мэдэгдэх хуудсаар[3] Д.Г*******т тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ ирүүлэхийг мэдэгдсэн байдаг.

Нэхэмжлэгч Д.Г*******аас төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэл үргэлжүүлэн ажиллах талаар бичгээр хүсэлт гаргаж байгаагүй гэдэг нь нэхэмжлэгч хариуцагчийн тайлбараар, ерөнхий газрын даргад хүсэлт гаргаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар ажиллаж байсан гэрч С.Б******* мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч уг асуудлыг ...удирдлагын зөвлөлийн хуралд илэрхийлсэн гэж тайлбарласан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдааны 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 5 дугаар[4] тэмдэглэлд хорих 407 дугаар ангид ялтан нас барсан талаар хэлэлцэж тус ангийн дарга Д.Г*******т сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг хуралд Д.Г*******ын сахилгын зөрчилтэй холбоотой асуудлыг хэлэлцэж түүнд сахилгын шийтгэл ногдуулах талаар хэлэлцэхэд Д.Г******* Энэ байгууллагад насаараа ажилласан. Цаашид үргэлжлүүлэн ажиллах бодолтой байдаг гэсэн саналыг хэлсэн нь Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэл ажиллах хүсэлт гаргасан гэж үзэх боломжгүй юм.

Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 1З дугаар зүйлийн 2-т Энэ зүйлийн 1-д заасан насны дээд хязгаарт хүрсэн цэргийн өндөр мэргэжил, дадлага сайтай зарим офицер, ахлагчийн цэргийн жинхэнэ алба хаах хугацааг батлан хамгаалах болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр 5 хүртэл жил сунгаж болно зааснаас үзэхэд цэргийн албан хаах насны дээд хязгаар хүрсэн цэргийн алба хаагчийн албан хаах хугацааг сунгах асуудлыг төрийн алба хаах насны дээд хязгаарт багтаан шийдвэрлэх эрхийг хариуцагч бую Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад олгосон байна.

Өөрөөр хэлбэл цэргийн алба хаах насны дээд дугаар хязгаарт хүрсэн офицерын өндөр мэргэжил, мэргэшил, ажлын дадлага туршлага зэргийг харгалзан цаашид Төрийн албаны тухай хуульд заасан хязгаарт хүртэл үргэлжлүүлэн ажиллуулах эрхийг хариуцагчид олгосон, түүнчлэн нэхэмжлэгч Д.Г******* дээрх хязгаарыг сунган ажиллах хүсэлт гаргаагүй зэрэг байдлуудыг дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2014 оны 7 дугаар сарын 24-ны өдөр тэтгэвэрт гарах мэдэгдлийг Д.Г*******т хүргүүлснийг нэхэмжлэгч мөн өдөр нарийн бичгийн даргаасаа гардан авсан гэдгээ шүүх хуралдаанд мэдүүлсэн тул Д.Г*******ийн ээлжийн амралтаа хэзээ, ямар хугацаанд эдэлсэн талаар дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

Иймээс нэхэмжлэгч Д.Г*******ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн а/1275, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн б/1325 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-ийн 4, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-ийн 3-т заасныг тус тус баримтлан Д.Г*******ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн а/1275, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн б/1325 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх-ээр гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН

ШҮҮГЧИД М.БАТЗОРИГ

Ц.МӨНХЗУЛ