Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/444

 

 

 

 

 

 

   2022             4             27                                        2022/ДШМ/444                                  

 

 

М.Бд холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Э.Баасанбаяр,

            нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурор Э.Баасанбаярын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 5 дугаартай эсэргүүцлээр М.Бд холбогдох эрүүгийн 2104000630072 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Булгадар овгийн М.Б, 1968 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, группт, ам бүл 2, эхнэрийн хамт ..................;

Шүүгдэгч М.Б нь 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 26А байрны 30 тоотод өөрийн гэртээ хохирогч П.Аийн орхиж явсан “Самсунг А51” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж хувьдаа авч завшсан бөгөөд тухайн гар утсыг 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр иргэн Б.Баттогтоход 100.000 төгрөгөөр зарсны улмаас хохирогч П.Ад бага хэмжээнээс дээш буюу 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн прокурорын газраас: М.Баттулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Булгадар овгийн М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Булгадар овгийн М.Бд 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/төгрөгийн торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 (нэг) жилийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг М.Бд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Бд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Бас эд хөрөнгөд учирсан хохирол болох 100.000 (нэг зуун мянган) төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Баттогтоход олгож, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, М.Бд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Э.Баасанбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүнийг өршөөлд хамруулахаар хуульчилжээ. Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон бөгөөд Өршөөлийн тухай хуульд хамруулах боломжтой байжээ. Шүүгдэгч М.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугийн асуудлаар маргасан тул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд, шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн зүйлийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт заасан “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ” гэж заасан байхад шүүгдэгч М.Бд торгох ял оногдуулж шүүгдэгчийн эрх зүйл байдлыг дордуулсан шийдвэр гаргасан байх тул Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.Б нь 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 26А байрны 30 тоотод өөрийн гэртээ хохирогч П.Аийн орхиж явсан “Самсунг А51” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж хувьдаа авч завшсан бөгөөд тухайн гар утсыг 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр иргэн Б.Баттогтоход 100.000 төгрөгөөр зарсны улмаас хохирогч П.Ад бага хэмжээнээс дээш буюу 650.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч П.Аийн “...М.Баттулгын гэрт дахиж очоод гэр лүү нь ороход миний утсыг ширээн дээрээ цэнэглээд байж байсан. Би утсаа авч гараад архи худалдаж аваад, Баттулгын гэрт орж уусан. Маргааш өглөө сэрэхэд миний утас байхгүй байсан. ...2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баттулгын гэрт очиход ганцаараа архи уугаад сууж байсан. Би гар утсаа асуухад “манайд байхгүй” гэсэн. Маргааш нь эрүүл болсон байх гэж бодоод Баттулгын гэр лүү очиход олон хүн цугларчихсан архи уугаад сууж байсан ба дахин гар утсаа асуухад “би аваагүй” гэж хэлсэн. Тэгээд би гарч яваад Хэрлэн худалдааны төвийн урд очиж өөрийн гар утсаа сурагласан. Тэгсэн Улаанбаатар, Багануур хооронд таксинд явдаг Н.Цогтоо, Н.Ганхуяг гэх хүмүүс намайг дуудаад “чиний гар утас чинь шар гэртэй, 2 симтэй гар утас мөн үү, Б хэд хоногийн өмнө орой 22 цагийн үед тийм гар утас барьчихсан “Хэрлэн” худалдааны төвийн урд талын зогсоол дээр явж байсан бөгөөд тухайн гар утсанд байсан 2 симийг авахуулж, хавтсанд нь хийлгэж оронд нь Юнителийн сим хийлгээд аваад явсан” гэсэн. ...Би өөрийн гар утсаа 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн 108 тоот өрөөнд дэслэгч Б.Мөнхжин гэх хүнээс авсан. Гар утсаа авсан тул гомдол, санал байхгүй. ... /хх 7, 102/,

иргэний нэхэмжлэгч Б.Баттогтохын “...2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо 41 дүгээр байрны гадаа дундаж өндөртэй, саравчтай малгайтай, масктай, бага зэрэг халамцуу эрэгтэй хүн “гар утас хямд зарна, ах нь архи уух гэсэн юм” гэхээр нь 100.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед утсыг авахад кодтой байсан бөгөөд утасны кодыг асуухад “ах нь кодыг мартсан байна, чи кодыг нь тайлуулаад ав” гэсэн. Дүү Пүрэвсүрэнгээр кодыг нь тайлуулж аваад нөхөр Гантулгад өгсөн. Би гар утас авсан 100.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...”/хх 99/,

гэрч Ц.Гантулгын ...80409112 дугаарыг манай төрсөн дүү Ганцэцэг урамшуулал сайтай болохоор нь авч байсан. Би уг дугаарыг ашиглаад хагас жил болж байна. Би Самсунг А51 загварын гар утсыг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс манай эхнэр Баттогтох надад худалдаж авч өгсөн. ...” /хх 9/,

гэрч Г.Мөнхзулын “...2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хэрлэн худалдааны төвийн гадна зогсоол дээр Н.Хуягаа, Н.Цогтоо, М.Б ах нар байсан. Би Цогтоо ахын машинд суутал Хуягаа ах намайг “Баттулгын авч ирсэн утасны симийг нь солиод өгчих” гэхээр нь би сольж өгсөн. “А51” маркийн гар утас байсан. Би гар утасны камерыг нь хараад ялгаж чадна. ... /хх 18/,

гэрч Ш.Цогтоогийн “...Би 2021 оны 6 дугаар сарын 20-ны орчим /он сарыг сайн санахгүй байна/ “Хэрлэн” худалдааны төвийн зогсоол дээр Улаанбаатар хот руу хүн авч явахаар зогсож байхад зүс таних Б гэх эрэгтэй хүрч ирээд нэг гар утас гаргаж ирээд “сим солиод өг” гээд байсан. Тухайн гар утас нь гадуураа шар өнгийн гэртэй байсан. Ямар утас гэдгийг тодорхой хараагүй. Тухайн үед таксинд явдаг 2 залуу хамт байсан. Нэг залуу нь симийг нь сольж өгч байсан. ...” /хх 14/,

Шүүгдэгч М.Б яллагдагчаар өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Алтангэрэл, Отгонбат нар манай гэрт ирж архи уусан. Орой 18 цагийн үед Аптангэрэл манайхаас гараад явсан. Буцаад 21 цагийн үед ирээд “ах миний утас байна уу” гэхээр нь би “ширээн дээр цэнэглэж байгаа” гэж хэлэхэд аваад гараад явсан. Маргааш өглөө над дээр ирээд “утас алга байна, гаргаад өвчих, та авсан биз дээ” гээд байхаар нь би утсыг чинь аваагүй гэж хэлээд явуулсан. ...”/хх 51/ гэсэн мэдүүлгүүд,

Сэлэнгэ-Эстимэйт хөрөнгийн үнэлгээний төвийн 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 88 дугаартай дүгнэлтэд ...Самсунг-А51 загварын гар утасны зах зээлийн дундаж үнийг 650.000 төгрөгөөр тогтоов. ...” /хх 37/,

Гар утас төхөөрөмжийн баталгаат засварын хуудас болон худалдах худалдан авах гэрээгээр “…Samsung А51 загварын гар утас, IMEI 1:352349117089248, IMEI 2:352350117089246, 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр худалдаж авсан. … /хх 29-32/, “Юнител” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №05-01/3334 албан бичигт “352349117089248 болон 352350117089246 имэй кодтой гар утсанд 80409112 дугаарыг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс хийж ашиглаж эхэлсэн байна. 80409112 Цагааны Ганцэцэг” гэжээ. /хх 39/, хохирогч П.Аийн “2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Самсунг- А51 загварын гар утсаа хүлээн авлаа, гомдол саналгүй” гэсэн тайлбар /хх 66/ зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Б “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч М.Б нь хохирогч П.Аийн орхиж явсан “Самсунг А51” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж хувьдаа авч завшсан бөгөөд тухайн гар утсыг 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр иргэн Б.Баттогтоход 100.000 төгрөгөөр зарсны улмаас хохирогч П.Ад бага хэмжээнээс дээш буюу 650.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлд Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх гэмт хэрэг, мөн хуулийн 5 дугаар зүйлийн Зарим хугацаа болон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох тухай хуулийг хэрэглэхээр хуульчилсан.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 “...Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно...” гэж,

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 “...Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна....” гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч М.Б нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлээгүй болох нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх шаардлагыг хангахгүй байх тул Өршөөлд хамруулах талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

                   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Э.Баасанбаярын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 5 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                            Б.БАТЗОРИГ

           

ШҮҮГЧ                                            М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ