Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/455

 

  

  

 

 

 

     2022           4             27                                         2022/ДШМ/445                                 

 

 

С.Гт холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор К.Чимгээ,

            нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЗ/868 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурор К.Чимгээгийн 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцлээр С.Гт холбогдох эрүүгийн 2206004140659 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн С.Г, 1959 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбооны техникч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3, ......................;

Шүүгдэгч С.Г нь 2021 оны 12 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 02-44 УНҮ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ такси үйлчилгээнд явж байхдаа Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайга” гэх нэртэй зочид буудлын ойролцоо таксигаар үйлчлүүлж байсан иргэн Д.Бийг буулгах үед түүний мартаж буусан түрүүвчийг авч, улмаар 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Ю.Дтой бүлэглэн Д.Бийн түрүүвчинд байсан түүний хаан банканд эзэмшдэг 5431136515 дугаартай данснаас бэлэн мөнгөний төхөөрөмж ашиглан 4 удаагийн үйлдлээр 1.565.000 төгрөгийг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан иргэн Д.Боос гаргасан “2021 оны 12 дугаар сарын 6-ны 03 цаг 30 минутын орчим Алтай хотхоноос Сансарын колонк руу таксигаар явж очоод 04 цаг 17 минут орчимд таксинаас буухдаа түрийвчээ мартаж буусан” гэх гэмт хэргийн талаарх мэдээлэл /хх 4/, хохирогч Д.Бийн "... Би түрийвчээ өмднийхөө ар талын баруун халаасанд хийсэн байсан. Таксин дотор түрийвчээ мартаад буусан. Буухдаа таксины тооцоо болох 10.000 төгрөгийг Г гэх данс руу шилжүүлсэн. Данснаас эхлээд 10.000 төгрөг, дараа нь Дарь-Эхийн АТМ-с 800.000, 700.000 төгрөг, Их засгийн АТМ-с 55.000 төгрөг авсан байсан. Түрийвч дотор иргэний үнэмлэхийн лавлагаа, Хаан банкны карт байсан. Миний картны нууц үг төрсөн өдрөөр байдаг болохоор лавлагаанаас харсан байх” гэх мэдүүлэг /хх 9-10/, хохирогчоос дахин авсан “Хохиролд 800.000 төгрөг хүлээн авсан, таксины жолооч Гтай уулзахад миний түрийвчийг газраас олсон гэж ярьсан. Түрийвчээ алга болгосны маргааш миний данснаас 1.565.000 төгрөгийн зарлага гарсан” гэх мэдүүлэг /хх 11/, Д.Бийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 13/,

Хаан банкны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 33-38/, яллагдагч С.Гын “Би 2021 оны 12 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө 02-44 УНҮ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй такси үйлчилгээнд явж байсан. Тэр үед Алтай хотхоноос 1 эрэгтэй, 2 эмэгтэй хүн суулгаад Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо, Тайга зочид буудлын хажуу талаар дээш шороон замаар өгсөөд тэр 3 хүнийг буулгасан. Хүмүүсээ буулгаад дээш 40-50 метр яваад машинаа эргүүлээд буцаад явж байтал газар хар өнгийн түрийвч хэвтэж байхаар нь зогсоод аваад явсан. Миний машинаас хүмүүс буусан газрын ойролцоо байсан бөгөөд машинаас буусан хүмүүс холдоод явсан байсан. Түрийвч олсны маргааш ...банкны картнаас 1.500.000 төгрөг авсан” гэх мэдүүлэг /хх 46/ зэрэг нотлох баримтуудаар бусдын гээгдүүлсэн эд хөрөнгө болохыг мэдсээр байж авч завшсан үйл баримт тогтоогдож байна. Гэтэл улсын яллагчийн зүгээс дээрх нотлох баримтуудыг үнэлээд ‘хохирогчийн түрийвчийг хууль бусаар өөрийн захиран зарцуулах эрхэд шууд авсан үйлдэл нь гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшсан, бэлэн мөнгөний машин ашиглан хохирогчийн данснаас мөнгө авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг нууцаар авч хулгайлсан гэх нийлмэл гэмт хэргийн шинжтэй байх боловч гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас 25.000 төгрөгийн хохирол /түрийвч, карт/ учирсан нь бага хэмжээнд хүрэхгүй тул зөрчлийн шинжтэй” гэж дүгнэж хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргүүд нь бусдын өмчлөх эрхийн эсрэг үйлдэгддэг, хуульд заасан материаллаг хохирол шаарддаг, өөртөө захиран зарцуулсан үйлдэл хийдэг шинжээрээ адил боловч эд хөрөнгийг хууль бус ямар аргаар олж авч байгаа болон гэм буруугийн санаа сэдэл хэзээ үүсэж байгаа шинжээрээ ялгаатай. Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд тухайн эд хөрөнгийг олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгддэггүй, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт этгээдийн мэдэлд шилжсэний дараа эд хөрөнгийг завших, шамшигдуулах санаа сэдэл төрж захиран зарцуулсан байдаг. Харин хулгайлах гэмт хэргийн хувьд гэмт этгээд тухайн эд хөрөнгийг олж авах санаа сэдэл анхнаасаа үүсэж чиглэсэн, эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууц, далд, сэм аргаар идэвхтэй үйлдэл хийн авч өөртөө захиран зарцуулах бололцоо бүрдүүлсэн байдаг онцлогтой юм. Гээгдэл эд хөрөнгө завших гэж бусдын эд хөрөнгө болохыг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгох бөгөөд хохирогч Д.Бийн гээгдүүлсэн виза картнаас мөнгө авсан Х.Гын үйлдэл нь дээрх ойлголтод хамаарна. Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг зөвхөн халдлагын зүйл буюу гээгдэл хөрөнгийн үнэлгээгээр тогтоохгүй, гээгдэл эд хөрөнгийг эргэлтэд оруулж өөртөө захиран зарцуулсан мөнгөн дүнгийн хэмжээг оруулан тооцох нь зүйтэй. Иймээс хэргийн бодит байдал нь зүйлчлэлтэй тохироогүй гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болох ч хөнгөрүүлсэн зүйл хэсэгт хорих ял оногдуулахаар заагаагүй байхад прокурорын хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналын хүрээнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэсэн нөхцөл байдал хангагдаагүй үндэслэлээр хэргийг прокурорт буцааж, энэ захирамж хүчин төгөлдөр болох хүртэл яллагдагч С.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор К.Чимгээ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэр нь “үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангахын тулд шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал бүрэн тогтоогдсон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгөх нь хууль ёсны байх зарчимд нийцнэ. Гэтэл анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийн талаар прокурорын гаргасан шийдвэрийн үндэслэлийг няцааж, хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Энэ нь прокуророос С.Гын 2 төрлийн үйлдлийг дүгнэсэн. Өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн кабинд зорчигчийн үлдээсэн түрийвч, түүний дотор байсан эд зүйл болох төлбөрийн картыг “гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан” үйлдлийн “халдлагын зүйл” гэж үзсэн. Эдгээр 2 төрлийн эд хөрөнгийн үнэлгээ нь нийтдээ 25.000 төгрөг байсан тул тухайн асуудлыг гэмт хэрэг бус, зөрчил гэж үзсэн. Хоёр дахь үйлдэл буюу тухайн төлбөрийн картын харилцах дансанд байсан эд хөрөнгийг хууль бусаар авсан үйлдлийг хулгайлах гэмт хэрэг гэж үзсэн. Харин хулгайлах гэмт хэргийн санаа зорилго нь гээгдэл эд хөрөнгийг завшсан үйлдлээс хойш, уг үйлдэлтэй хамааралтайгаар шинээр бий болсон гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан үндэслэлээр гэж, хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн хувьд алдаатай байна. Учир нь: С.Гын гэмт үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай нотлогдсон бөгөөд нотлогдоогүй аливаа үйлдэл, үйл баримт байхгүй. Яллагдагч (шүүгдэгч) өөрөө тухайн гэмт үйлдлүүдийг хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх;” гэсэн ойлголт нь гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлох баримтаар батлагдаж байна уу гэсэн хүрээ хязгаарыг хамаарахаас бус, тухайн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт хамаарах зүйлчлэл мөн эсэх, эсхүл өөр зүйлчлэлээр зүйлчлэгдэх эсэх талаарх шүүхээс хийж буй хууль зүйн дүгнэлт биш юм. Тодруулбал прокуророос дүгнэсэн хууль зүйн дүгнэлт, хуулийн зүйлчлэлтэй шүүгч санал нийлж байгаа эсэх асуудал нь гэмт хэргийн үйлдэл, үйл баримт нотлогдсон эсэхээс өөр ойлголт атал зүйлчлэл, нотлогдсон байдлыг шүүх адилтгаж авч үзсэнээрээ шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Түүнчлэн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 868 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар хэргийг буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг дангаар нь удирдлага болгосон нь мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг ноцтой зөрчсөн, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүх өөрөө ноцтой зөрчсөн болохоо илэрхийлж байгаа явдал юм. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 868 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар С.Гт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт буй баримтыг судлахад, С.Гт холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокуророос С.Гыг хохирогч Д.Бийг буулгах үед түүний мартаж буусан түрүүвчийг авч, улмаар 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Ю.Дтой бүлэглэн Д.Бийн түрүүвчинд байсан түүний хаан банканд эзэмшдэг 5431136515 дугаартай данснаас бэлэн мөнгөний төхөөрөмж ашиглан 4 удаагийн үйлдлээр 1.565.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийн хувьд хулгайлах гэмт хэрэг, эсвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ““эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэргийн шинжтэй үйлдэл эсэхийг шалгаж тодруулах нь зүйтэй гэж үзсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс  буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан буюу гэмт хэргийн нотолбол зохих байдал нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийн прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 868 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор К.Чимгээгийн 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ШҮҮГЧ                                        Б.БАТЗОРИГ

           

                               ШҮҮГЧ                                        М.АЛДАР

 

                   ШҮҮГЧ                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ