Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 46

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүгч С.Болортуяа даргалж

                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Жаргалсайхан,

                Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

                Хохирогч: С.Батжаргал,  Г.Хоролсүрэн,

                Хохирогчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,

                Шүүгдэгч нарын  өмгөөлөгч: Д.Бунжаа, Б.Лхагважав,

      Шүүгдэгч: Н.Гонгорсүрэн, Б.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булгадар Насанжавын Гонгорсүрэн, Харганыхан овогт Батлянхын Батмөнх нарт холбогдох 201620000337 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: /яллах дүгнэлтэд дурдснаар/

         1. Монгол Улсын иргэн, 1970 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баруунтуруун сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь 1991 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-д заасан гэмт хэрэг үйлдэж торгох ялаар, 1993 онд Эрүүгийн хуулийн 123.2-д зааснаар 1 жил 4 сар, 1996 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Увс аймгийн Сум дундын шүүхийн 85 тоот шийтгэх тогтоолоор 11 жил хорих ялаар шийтгэгдэж 2008 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан /РД:ОТ70042671/ Булгадар Насанжавын Гонгорсүрэн. 

           2. Монгол Улсын иргэн, 1968 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганц бие, Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь 1996 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Сум дундын шүүхийн 216 тоот тогтоолоор 3 жил хорих ялаар шийтгэгдэж, 1998 оны 3 дугаар сарын 19-ний өдөр тэнсэн суллагдсан, 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Сум дундын шүүхийн 67 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 сар 5 хоног баривчлах ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай. /ОА68081816/ Харганыхан овогт Батлянхын Батмөнх.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн товч утга: /яллах дүгнэлтэд дурдснаар/

Яллагдагч Б.Батмөнх, Н.Гонгорсүрэн нар нь бүлэглэж 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн нутаг “Шадын өвөр” гэх газраас хохирогч С.Батжаргалын 6, хохирогч Г.Хоролсүрэнгийн 3, хохирогч Б.Энэбишийн 2 тооны үхэр, нийт 11 тооны буюу олон тооны үхрийг хулгайлж нийт 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгний хохирол учруулсан, Яллагдагч Б.Батмөнх нь давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын нутаг “Элсний хаяа” гэх газраас хохирогч С.Батжаргалын 1 тооны 4 настай гүү хулгайлж 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүх хуралдаанаар дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

        1. Хохирогч С.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манайх 2016 оны намар “Майхны ар” гэх газар шинээр өвөлжөө бариад өвөлдөө өвөлжихөөр бэлтгэл ажил хийсэн. Манайх шинэ өвөлжөөн дээрээ 2016 оны 10 сарын 20-ны өдөр буусан бөгөөд манай үхэрнүүд намаржааны бууринаас хуучин өвөлжөөний буйр болох “Шадын өвөр” гэх газруудын хооронд бэлчээрлэж байсан.  Тэгээд 10 сарын 23-ны өдөр би хүү Даваасүрэнг явуулж үхэрнүүдээ хараад ир гэхэд тэр өдрөө явж үзээд үхэрнүүд бүгд байна гэж ирсэн. Түүнээс хойш өвөлжөө бууцаа дулаалж дуусаад 3 хоногийн дараа буюу 10 сарын 26-ны өдөр Даваасүрэнг чи яваад үхэрнүүдээ дөхүүлээд ир гэж явуулахад Даваасүрэн манай үхэрнүүд Энэбиш ахын урд талын поолинд байсан байна, эр суваа голдуу 9 тооны үхэр дутуу байсан байна бусад үхрээ аваад ирлээ гэж ирсэн. Тэгээд тэр оройгоо гэртээ хоноод маргааш өглөө нь буюу 10 сарын 27-ны өдрөөс хойш хайгаад олоогүй. Тэр үедээ Б.Даваасүрэн нь хүргэн болох Энэбиш, Эрдэнэбат нартай цуг хайгаад олоогүй байсан. Тэгээд лам хард үзүүлэхэд хөлөөрөө байна гэсэн. Тэгээд хайж байтал Тэс суманд 10 гаруй үхэр байна гэсэн сургаар Тэс сум руу Энэбиш, Дамдинбалжир  бид нар явсан боловч тухайн үхэрнүүд биш байсан. Манай үхэр алга болох үеэр Энэбишийн 2 тооны үхэр мөн алга болсон байсан. Тэгээд олдохгүй болохоор цагдаад хандсан юм. 2016  оны 10 сарын 24-26-ны хооронд Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн “Шадын өвөр” гэх газарт манай 30 гаруй тооны үхэр бэлчээрлэж байснаас 9 гаруй тооны үхэр алга болсон яг энэ цаг хугацаанд миний хүргэн Энэбишийн 2 тооны үхэр мөн алга болсон байсан урьд цагдаад гомдол гаргахдаа энэ талаар тодорхой яриагүй юмаа. Миний алга болсон 9 тооны үхрээс 3 тооны үхэр нь миний авга дүү болох Хоролсүрэнгийнх үлдсэн 6 тооны үхэр миний өөрийн үхэр байгаа юм. Хоролсүрэн нь өөрөө сумын төв дээр байдаг бөгөөд тэдний үхэр манай үхэртэй нийлээд 6 жил болж байна. Миний өөрийн 6 үхэр нь 1. Улаан зүсмийн нас гүйцсэн 10 настай, 2 чих нь он имтэй, сүүл нь тасарсан оодон сүүлтэй, эм үхэр (тухайн үхрийг 3 жилийн өмнө Пүрэвсүрэн гэдэг хүнээс 1 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Учир нь тухайн үхрийг би малын хишиг дуудуулах гэж зүс, насыг нь харж худалдаж авсан учиртай юмаа. 7 настай байхад худалдаж авсан. Бэлхүүс алаг зүсмийн 4 настай, зөв чих нь хойноосоо сүйх, буруу чих нь он, урдаасаа ухам имтэй эр үхэр. Улаан хүрэн зүсмийн 4 настай, зөв чих нь хойноосоо сүйх, буруу чих нь он урдаасаа ухам имтэй эр үхэр. Хүрэн улаан зүсмийн 4 настай, зөв чих нь хойноосоо сүйх, буруу чих нь он урдаасаа ухам имтэй эр үхэр. Хүрэн улаан зүсмийн 4 настай, зөв чих нь хойноосоо сүйх, буруу чих нь он урдаасаа ухам имтэй эр үхэр. Цагаан цавьтай хар зүсмийн 3 настай, зөв чих нь хойноосоо сүйх, буруу чих нь он урдаасаа ухам имтэй эр үхэрнүүд миний өөрийн эзэмшилийн үхэрнүүд юмаа. Харин Хоролсүрэнгийн 3 үхэр нь: Цайвар цагаан зүсмийн 10 настай, сүүл нь оодон өрөөсөн эвэр нь хугархай, зөв чих нь хойноосоо сүйх, буруу чих нь он, урдаасаа ухам имтэй эм үхэр. Цайвар цагаан зүсмийн 3 настай, зөв чих нь хойноосоо сүйх, буруу чих нь он, урдаасаа ухам имтэй эм үхэр. Мухар улаан ягаан зүсмийн 3 настай, зөв чих нь хойноосоо сүйх, буруу чих нь он, урдаасаа ухам имтэй эр үхэрнүүд тус тус алга болсон. Энэбишийн 2 үхэр нь: Цайвар ягаан зүсмийн нас гүйцсэн /6-7насны/ эм үхэр Бор саарал зүсмийн нас гүйцсэн /6 настай/ эм үхэр зэрэг нийт 11 тооны үхэр тухайн үед хулгайлагдсан юм. Би хулгайлагдсан үхэрнүүдийн үнэлгээ болох зардал дээр нэмж эрэл хайгуулын зардлыг, лам хуврагаар явж ном уншуулсан 2 сая орчим төгрөгний эрэл хайгуулын зардал гарсан. Тухайн зардлуудын баримтуудыг гаргаж өгөх болно. Би манай сумын иргэн болох Батмөнхтэй уулзахад Гонгорсүрэнтэй цуг явж танай үхэрнүүдийг хулгайлж авсан. Бид хоёр нийт 11 тооны үхэр авсан гэж надад хэлсэн юм. Батмөнх хэлэхдээ Гонгорсүрэнтэй цуг яваад “Шадын өврөөс” туугаад “Ац ухай” гэх газарт айлын эзгүй өвөлжөөнд хашаад Гонгорсүрэнтэй цуг тэднийд хоноод маргааш нь Баавгай гэх айлд очиж Лхагвасүрэн гэх залууд С.Батжаргалын үхэр хулгайлсан гэдгээ хэлсэн гэж надад хэлж байсан. Мөн Миний 2 унагатай гүү 1 хязаалан байдас манай авга ах Зүүнхангай сумын харьяат Эрдэнэбаатарын адуунд байдаг юм. Тэдний адууг Батбаяр гэж хүүхэд хариулж малладаг бөгөөд би хааяа утсаар ярихдаа хэдэн адуугаа асуухад бүрэн бүтэн байна гэж хэлдэг юм. 2016 оны 11 дүгээр сарын үеэр байх үхрээ хайж яваад дурандаж үзэхэд Хар модны сүвийн цаад талд элсэнд морьтой хүн адуу наашлуулж байсан юм. Тухайн үед би тэр орчмын айлын адуу юм байх гэж бодоод өнгөрсөн. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа байх Батбаяр надтай утсаар яриад би хэд хоног адуугаа хараагүй байж байгаад адуугаа харсан хуулийн чинь таны саарал байдас алга болчихсон байна, байдас алга болох үеэр танай Баруунтуруун талаас ганц нэг хүн явсан сураг байна гэж хэлсэн тул би тэр хавиар явсан хүн юу байна гээд сураглаад байж байтал Хулаа буюу Батмөнх Дамиран гэх хүнд адуу авч ирж алж өгсөн байна гэж сонсоод Дамирантай очиж уулзахад Батмөнх саарал зүсний хязаалан байдас авч ирж өгсөн зөв гуяндаа ШУ тамгатай гэж хэлсэн. Тэгээд Б.Батмөнхөөс асуухад тиймээ би мэдсэнгүй төлж өгнө гэж хэлсэн. Үхрийн хохирол төлбөр төлөгдөөгүй, гүүний хохирол төлөгдсөн байгаа. Үхрээ эрж хайсны зардал болон Улаангом руу ирж буцсан замын зардал, 6 тооны үхрийн үнийг гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 71-76, 86-87-р тал/,

          2. Хохирогч Б.Энэбишийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манайх 2016 оны өвөл “Тасгийн төв” гэх газарт өвөлжиж байгаа бөгөөд урьд жилүүдэд “Шадын өвөр” гэх газар хадам С.Батжаргалын малтай өвөлждөг байсан. Тэгээд 2016 оны 10 сарын 23-ны өдөр манай үхэр Шадын өвөрт байсан бөгөөд би тэр үед үхрээ харчихаад өвс аваад Тасгийн төвд байх гэртээ ирээд маргааш нь буюу 10 сарын 24-ны өдөр очиж авах гэхэд миний үхэр бэлчээрт гарсан байсан бөгөөд би үхрээ очиж нүдээр тоолж бүртгээгүй. Тэгээд гэртээ байж байтал миний хүргэн дүү Даваасүрэн манай сувай голдуу үхэр алга байна гэхэд нь цасан шуургатай байгаа юм чинь Цагаан уул руу эргэсэн байгаа байх гэж хэлээд явуулсан. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа үхэрнүүдээсээ очиж нэг үхэр авч зарж борлуулах гээд яваад очиход миний цайвар ягаан зүсмийн 6 настай эм үхэр, цагаан цавьтай бор саарал зүсмийн 6 настай үхэрнүүд нийт 2 үхэр алга байсан. Тэгээд би хүргэн дүүд энэ хавиар хайж байгаарай (Зүүнтурууны нутгаар) гэж хэлээд хадам аав С.Батжаргалын хамт Тэс сумаар явж хайсан боловч олдоогүй. Тэс сум руу Дамдинбалжир, Пүрэвсүрэн хадам аав С.Батжаргал бид нар явж хайсан. Тэгээд сураг тасраад байж байтал хадам аав манай үхэрнүүдийг Б.Батмөнх, Гонгорсүрэн нар хулгайлсан гэж Б.Батмөнх хэллээ гэж надад хэлсэн. Манай хадам аав С.Батжаргалын үхэр 2015 онд манай үхэртэй цуг “Шадын өвөр” гэх газар өвөлжсөн болохоор энэ жил нийлээд “Шадын өврөөр” бэлчээрлэж байсан. Миний үхрийг хулгайлсан хүмүүсээс үхэрнүүдийн үнэлгээг гаргаж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 77-79-р тал/,

              3. Хохирогч Г.Хоролсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний хэдэн мал авга ах С.Батжаргалынд байдаг юм. Гэтэл 2016 оны 10 сарын сүүлээр С.Батжаргал ах 9 тооны үхрээ хулгайд алдчихсан байна гэж сонссон бөгөөд тухайн үед Батжаргал ах надад өөрийн чинь үхэр алга болсон гэж хэлээгүй. Би ч тэр алга болсон 9 тооны үхэрт миний үхэр байгаа юу гэж тодруулж асуугаагүй юм. С.Батжаргал ахаас идэшний үхэр авах ёстой байсныгаа авъя гэхэд надад Батжаргал ах чамд өгөх гэж байсан үхэр хулгайд алдагдсан. Мөн чиний өөрийн чинь манайд байсан 3 тооны үхэр давхар алга гэж хэлсэн юм. С.Батжаргал ах надад ахад нь ганц шүдлэн эр үхэр үлдсэн түүнийгээ гаргаад хагас махыг өгөхөөс гэж хэлсэн юм. Миний С.Батжаргал ахын үхэрт байсан 3 тооны үхэр 5 настай 2 ягаан үнээ, хүрэн зүсмийн шүдлэн 3 настай эр үхэр зэрэг 3 тооны үхэр байсан юм. Түүнээс хойш С.Батжаргал ах манай үхэртэй ижил зүстэй үхэрнүүдийг суманд байна гэж Пүрэвсүрэнг авч явахдаа надаас 2 талын бензиний үнэ болон бэлнээр хэдэн төгрөг авч явсан юм. Одоо С.Батжаргал ах, болон тэдний хүргэн Б.Энэбиш, миний нийлсэн 11 тооны үхрийг Зүүнтуруун багийн иргэн Хулаа буюу Батмөнх Гонгорсүрэн гэх хүний хамт хулгай хийж аваад “Нисэх” гэх газар луу оруулсан гэдгээ хэлж байгаа болохоор надад учирсан хохирлыг барагдуулж өгнө гэдэгт итгэлтэй байна. Надад хулгайд алдсан 3 тооны үхэрний үнээс гадна Тэс сум руу Land-80 машин хөлсөлж явахад хийсэн бензиний мөнгө, замын зардал зэргийг хохиролд гаргуулах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82-р тал/,

              4. Гэрч Д.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Б.Батмөнх нь миний төрсөн дүү бөгөөд ганц бие манайхаар амьдардаг, манайд байдаг юм. Батмөнхийг бид нар Хулаа гэж дууддаг. Батмөнх нь миний ээж Батлянхын нэрээр овоглож явдаг бөгөөд би болохоор ааваараа овоглож явдаг юм. Б.Батмөнх нь байнга манайхаар байдаг ер нь гэр орноос гарч яваад байдаггүй. Харин 2016 оны 10 сарын 24-ний өдөр манай хошоо айл болох Лхамсүрэнгийн хонь тасар үлдэхэд миний дүү Батмөнх түүнийг хүргэж өгөхөөр туугаад явсан. Тэгээд 10 сарын 24-нд яваад 10 сарын 28-ны өдөр гэртээ ирсэн. Түүнээс хойш дахин гэрээс гараагүй. Батмөнх нь 10 сарын 24-ний өдөр гэрээс явахдаа хар зүсмийн морьтой яваад буцаж ирэхдээ миний хүү Очирбатын нэр дээр байдаг цагаан зүсмийн морь унаж ирсэн. Манай багийн иргэн С.Батжаргал нь 2016 оны 10 сарын 25-наас хойш үхрээ хулгайд алдсан гэж хайж явсан бөгөөд надруу залгаж таны дүү Батмөнх миний алга болсон үхэртэй холбоотой юм шиг байна гэхээр нь би Батмөнхийг очиж Батжаргалтай уулз гэж хэлсэн. Тэгээд ирээд надад хэлэхдээ 2016 оны 10 сарын 25-ны өдөр Лхамсүрэнгийн хонь тууж хүргэж өгчихөөд Гонгорсүрэнтэй нийлж үхэр туугаад Гонгорсүрэнд хүргэж өгчихөөд 1 хоноод ирсэн юм гэж надад хэлж байсан. Б.Батмөнх нь манайхаас ер нь гарч явдаггүй бөгөөд 2016 оны 10 сарын 25-ны өдөр явахдаа л ийм үйлдэл хийсэн юм байна лээ дээ. Манайх нэлээн хэдэн жилийн өмнө “Ац ухай” их газарт амбаар барьсан тэр пүнзэнд 10 үхэр чөлөөтэй багтах зайтай. Гонгорсүрэн манайх хэр зайтайг сайн мэдэхгүй. Манайх сумын төвөөс “Нисэх” гэх газар луу явах замд байдаг бөгөөд С.Батжаргал надад хэлэхдээ танай хажуугаар Н.Гонгорсүрэнгийнх рүү чиглэж “Нисэх” чиглэлд машин явбал хэлээрэй гэхээр нь 2016 оны 12 сарын 07-ны өдөр “Нисэх” чиглэлд нэг машин зөрөхөөр нь би Батжаргал руу залгаж Нисэх рүү машин явлаа гэж хэлсэн. Манай үүдээр өнгөрч байгаа зам нь төв зам боловч урдуур элсний хаяагаар поольны замаар бас явж болно. Б.Батмөнх нь 1968 онд төрсөн. Эцэг эхээсээ 9-үүлээ айлын 6 дахь хүүхэд. Сургуульд ороогүй, боловсролгүй. 1987 онд цэрэгт явж 2 жил цэргийн алба хаасан. Б.Батмөнх нь төлөв даруу, үг дуу цөөтэй. Хүний үгнээс гарна гэж байхгүй. Дэндүү цайлган сэтгэлтэй бусдад тусархуу. Цайлган зангаасаа болж хэрэгт холбогдчих гээд байдаг муу зантай. Батмөнх нь худал хэлнэ гэж ёстой байхгүй болсон үйл явдлыг бүгдийг нь үнэн зөвөөр хэлдэг. Б.Батмөнхийн тархинд булчирхай байна гээд олон жилийн хагалгаа хийсэн боловч ямар нэгэн сэтгэцэд нь нөлөөлсөн зүйл огт байхгүй. Яг хэдэн жилийн өмнө хагалгаанд орсныг нь мэдэхгүй олон жилийн өмнө орж байсан. Б.Батмөнхөд манай адуунд нас гүйцсэн 2 гүү байгаа. Өөр эд хөрөнгө гэж байхгүй. Гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан морины хазаар ногт нь манайд байгаа. Эмээл нь айлын хашаанд  байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 88-90-р тал/,   

              5. Гэрч Ш.Даваадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Б.Батмөнх нь гэр бүл байхгүй ганц биеэрээ манайд байдаг бөгөөд би 2016 оны 10 сарын 10-ны үед Улаанбаатар хот руу яваад 10 сарын 28-ны өдөр гэртээ ирсэн. Тэр үед Б.Батмөнхийг гэртээ байсан эсэхийг мэдэхгүй байна. Намайг гэртээ ирчихсэн байхад манай багийн С.Батжаргалын үхэр хулгайлагдсан гэж сонсогдсон. Намайг ирсэнээс хойш Батмөнх гэрээс гарч яваагүй. Манайх “Ац ухай” гэх газарт хэдэн жилийн өмнө бууж байсан. Сүүлийн хэдэн жил буугаагүй. Одоо тэнд 4 ширхэг 8х4м хэмжээтэй үхрийн хашаанаас өөр зүйл байхгүй. Б.Батмөнх нь цагаан цайлган сэтгэлтэй, худал хэлдэггүй, архи уудаггүй, бусдад тусархуу хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 91-р тал/

              6. Гэрч А.Дамдинбалжирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Гонгорсүрэн, Б.Батмөнх нарыг нэг сум багийн иргэн гэдгээр нь танина. Орон нутгийн сонгууль 2016 оны 10 сарын 19-ний өдөр болсон түүнээс хойш хэд хоногийн дараа 10 сарын 20-н гарсан байсан манайх өвөлжиж байгаа газар болох Зүүнтуруун багийн нутаг “Тасгийн төв” гэх газраас мод ачаад сумын төв рүү орох гэж байтал Гонгорсүрэн, Улаанаа, Тогоо гурав манай гадна ирээд Гонгорсүрэн мотоциклоо үлдээгээд надтай цуг сумын төв орсон. Дээрх 3 хүн манай гадна ирэхэд би Гонгорсүрэнг надтай цуг сумын төв ороод буцаад ир гэхэд зөвшөөрч бид 2 сумын төв орж модоо буулгачихаад өглөө үүрээр манайд ирээд унтаж байгаад үдээс хойш яваад өгсөн. Гонгорсүрэнгийн гэр манайхаас зүүн зүгт 40 орчим километрт “Нисэх” гэх газарт байдаг. Сумын төв манайхаас баруун зүгт байдаг. Манайхаас хөдлөөд явахдаа Улаанаа, Тогоо 3-уулаа 1 мотоцикль дээр суугаад сундалдаад явцгаасан. Манайд 3-уулаа ирсэн. Тэгтэл Улаанаа, Тогоо хоёр нь машины сэлбэг хайнаа чи эндээ байж бай гэж манайд үлдэхэд би Гонгорсүрэнг хоёулаа сумын төв рүү мод оруулчихаад ирье гэж авч явсан. Гонгорсүрэн надтай цуг яваад буцаад надтай цуг манайд ирсэн бууж үлдсэн тохиолдол огт байхгүй. Сумын төвөөс манайх руу ирэхэд Лхамсүрэнгийхээр дайрахгүй. Манайхаас зүүн зүгт байгаа. Сумын төв баруун зүгт байгаа. Гонгорсүрэн надтай цуг явахдаа хэн нэгэнтэй утсаар яриагүй. Гонгорсүрэн манайд ирээд буцсанаас хойш нэлээд хоногийн дараа С.Батжаргал манай үхэрнүүд хулгайлагдсан байна гэж хүргэнийхээр ирээд явсан гэж сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93/,

            7. Гэрч Ч.Лхамсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2016 оны 10 дугаар сарын 24-25-ны үед манайх “Нуурын цагаан” гэх назар намаржаанд байсан. 2016 оны 10 сарын 24-ны өдөр манайх нүүгээд явж байтал манай хонь Даваадоржийн хоньтой нийлсэн. Тухайн үед 2 хонь салахгүй болохоор Батмөнхийг ялгаад дөхүүлчих гэсэн. Миний хээр морь “Тасгийн төв” гэх газрын арын поолинд байнга байдаг байсан. Би тухайн үед ганц хээр морьтой байсан. Мотоциклоо унаад малаа эргүүлчихдэг хааяа л нэг морин дээрээ очдог. Хээр морийг манайд Гонгорсүрэн унаж ирсэнийг санахгүй байна. Манайхан орос хар эмээл тохсон байсан хазаарт урт жолоо хийчихдэг, ногттой байдаг байсан. Гэмт хэрэг үйлдсэн талаараа надад огт яриагүй. Хээр морь тушаатай л байж байдаг байсан ба 10 сард цас орсон байсан тул унд ус хайх шаардлагагүй цаг үе байсан. Ер нь байнга поолинд байдаг байсан. Миний хээр морь одоо хөдөөгүүр 5 ижилтэй явж байгаа 9-10 насны нас гүйцсэн морь байгаа. 2016 оны 10 сарын 24-нд манайх Нуурын цагаан гэх газар гэрээ барьж байсан. Гэр барьж байх үед миний утас дуугарч утсаа авахад Гонгорсүрэн залгасан надтай ярихдаа та миний цагаан өсгийтэй морийг харсан уу гэж асуусан.” гэх мэдүүлэг /хх-ийн 94-96/,

             8. Гэрч Д.Ариунаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Намайг Бороо гэж дууддаг бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баруунтуруун сумын төвд ороод байж байгаад 10 сарын 24-ны өдөр сумын төвөөс гарч ирэхэд манайх “Нуурын цагаан” гэх газраас нүүгээд Элсний хаяа гэх газар ирчихсэн байсан. Батмөнх нь манайхаар байнга орж гараад явж байдаг. Гонгорсүрэн гэдэг хүнийг би хараагүй. Манайд морь гээд байх зүйл байхгүй. 2016 оны 8 сарын 20-нд нас гүйцсэн хээр морь барьж авсан байсан. Тэр морийг 10 сарын 03 хүртэл унасан. 10 сарын 25-ны үед нүүхдээ Тасгийн төвийн арын поолинд тушаатай байсан. Уг морь байнга тэр газар идээшилдэг урд 2 хөлийг нь тушаад орхичихдог байсан. Манайх тасгийн төвийн ойролцоо нуурын цагаан гэх газарт байхдаа тэр гэртээ эмээл хазаараа хадгалдаг байсан. Манайд орос хар гэж нэрлэдэг хар эмээл байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 тал/,

             9. Гэрч Д.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тогоо, Гонгорсүрэн нар нь манай саахалт айлууд бөгөөд Тогоо нь өөрийн дүү Чүлтэмийн гэрт байсан. Гэр нь Улаангомд байдаг. Н.Гонгорсүрэн нь гэртээ ганцаараа эхнэр нь байхгүй байсан. 2016 оны 10 сарын 20-ны үед Чүлтэмийн түлшний мод ачаад явж байтал миний 131 маркийн авто машины бөгс эвдэрч сэлбэг хайхаар Тогоо, Н.Гонгорсүрэн бид 3 Тогоогийн мустанг-5 маркийн мотоциклоор “Тасгийн төв” гэх газар ирэхэд Дамдинбалжир сумын төв рүү орох гэж байна. Н.Гонгорсүрэнг цуг яваад өг гэж хэлээд түүнийг аваад явсан. Тэр орой нь Тогоо бид 2 Дамдинбалжирын гэрт хоноод өглөө эрт манай зуслангийн буйран дээр очиж тэнд байсан автомашины сэлбэгийг аваад буцаад ирэхэд Н.Гонгорсүрэн, Дамдинбалжир нар ирчихсэн байсан. Тэгээд бид тэндээсээ мотоцикль дээрээ 3-уулаа суугаад явж байтал Гонгорсүрэн намайг поолинд буулгачих тэнд Лхамсүрэнгийн морь байгаа түүнд хүргээд өг гэсэн. Лхамсүрэн орхичоод нүүсэн гэж хэлээд Тасгийн төвөөс 1км орчим яваад поолинд буухад тэнд хээр зүсмийн аргамжаатай идээшилж байсан түүний дэргэд буугаад үлдсэн. Тогоо бид хоёр цааш нь Нисэх рүү автомашиныхаа сэлбэгийг аваад явсан. Түүнээс хойш Гонгорсүрэн манай аав Баавгайнд орж ирсэн. Тухайн үед Улаанбаатар хотоос хүмүүс ирчихсэн тэнд би архи уучихсан согтуу байсан. Архи уугаад тасарчихсан байсан болохоор цааш нь юу болсныг санахгүй байна. Гонгорсүрэн ирсэнийг би санаж байна. Маргааш нь хүмүүстэй ярилцахад Батмөнх ах ирсэн гэж байсан. Эхнэр маань өнгөрсөн өдөр Гонгорсүрэнтэй цуг архи уусан гээд загнаад байсан. Гонгорсүрэн, Батмөнх нар манайд юу ярьсаныг би санахгүй байна. Үхэр хулгайлсан талаараа надад ярьсаныг санахгүй байна. Би тухайн үед их согтсон байсан. Н.Гонгорсүрэн манай хоёр 500-600 метрийн зайтай байсан. “Ац ухай” гэх газраас 10 орчим км зайтай байсан. 2016 оны 10 сард манай аав Баавгай манайх 2 нэг хот айл, Гонгорсүрэнгийнх ганцаараа, Чүлтэм ч мөн ганц гэрээрээ нийт 3 хот айл байсан. Чүлтэмийнд Тогоо, Довчин нар байсан. Өөр гадна дотны хүмүүс байгаагүй. Ижил буруу мал бэлчээрлэж харагдаагүй. Манай үхэр хойш нь уул руугаа гардаг байсан. Чүлтэмийн үхэр цаад талын бургас руу орж бэлчээрлэж байсан” гэх мэдүүлэг/хх-ийн 99-103/,

           10. Гэрч О.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Б.Батмөнх, Н.Гонгорсүрэн нар манайд ирсэн. Тэгэхдээ Н.Гонгорсүрэн манайд түрүүлээд алхаад ирсэн. Гонгорсүрэн манайх 2 тухайн үед ойрхон 500 метр орчим зайтай байсан. Гонгорсүрэн ирээд байж байтал Батмөнх цагаан морьтой ирсэн. Тэр өдөр миний аав Баавгайн гэрт Улаанбаатар хотоос миний эгч хүргэн ах нар ирчихсэн байсан. Тэр хүмүүс аавын гэрээс гарцгааж байх үед Батмөнх ирсэн. Тэгээд тэр хүмүүс явах гэж байхад манайд орж ирээд задалчихсан байсан архинаас Гонгорсүрэн миний нөхөр Лхагвасүрэн /Улаанаа/ 2 хувааж уусан. Батмөнх архи уугаагүй. Ер нь ч архи уудаггүй. Би аавынд байж байгаад ороод ирэхэд Гонгорсүрэн, Батмөнх, Лхагвасүрэн нар нь юм яриад сууж байсан намайг орж ирэхэд адууны талаар ярьж байсан. Үхэр малын талаар яриагүй. Түүнээс 4-5 хонгийн дараа Н.Гонгорсүрэн Улаангом руу явсан. Н.Гонгорсүрэн Улаангомоос Чүлтэмийнд ирсэн Битүү хавирга Бат-Очир гэдэг хүнтэй цуг Улаангом руу явсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 104-105-р тал/,

          11. Гэрч Г.Баавгайгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Тэр үед Гонгорсүрэн, Батмөнх нар ирсэн. Тэр үед Улаанбаатар хотоос миний хүүхдүүд ирчихсэн байсан бөгөөд би архи уугаад нэлээн муудсан байсан тул тэр үед хүмүүс юу юу ярьж байсныг үнэхээр санахгүй байна. Би гэрээс гарах тэнхэлгүй байсан учир ямар унаагаар ирсэнийг нь мэдэхгүй байна. Б.Батмөнх нь архи уудаггүй гэж өөрөө хэлдэг. Тухайн үед уугаагүй байсан байх мэдэхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 106-р тал/,

         12. Гэрч Г.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 11 сарын эхээр би Баруунтуруун сумын төвд явж байгаад гэртээ ирэхэд миний эхнэр С.Батжаргал ахын үхэр хулгайлагдсан гэж хүү нь ирээд явлаа гэхээр нь би С.Батжаргал ахтай уулзахад чи ахдаа цуг эрж хайж өгөөч гэхээр нь би Энэбиш, Дамдинбалжир, Батжаргал ах нартай цуг Тэс сум хүртэл хайж Тэс сумын цагдаагийн жолооч О.Батсүх гэдэг хүнтэй уулзаж түүний утсан дээр төстэй үхрийн зураг байна гэхээр нь үзэхэд С.Батжаргал ахын үхэр биш байсан тул бид нар буцаж ирсэн. Түүнээс хойш дахин эрж хайлцаагүй. Сүүлд сонсоход Батмөнх, Гонгорсүрэн нар хулгайлсан гэж дуулдсан. Тухайн үед С.Батжаргал ах хэлэхдээ өөрийнх нь 9, Энэбишийн 2 нийт 11 тооны үхэр алга болсон гэж хэлж байсан. Одоогоос 4 жилийн өмнө С.Батжаргал ах надаас 1 сая төгрөгөөр улаан зүсмийн оодон сүүлтэй эм үхэр худалдаж авсан. 2 чих нь он имтэй байсан. Биерхүү том үхэр байсан тул гуйгаад байхаар нь би зарсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 108-р тал/,

         13. Гэрч М.Энхболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “Миний найз Цэнджаргал нь 2016 оны 12 сарын 06-ны өдөр намайг дуудаж 2-уулаа Зүүнтуруун баг руу “Нисэх” гэх газар луу яваад айлын мах ачаад ирье намайг хүн гуйгаад байна гэхээр нь за тэгвэл цуг явъя гээд зөвшөөрч нисэх гэх газар луу очиж Чүлтэм гэх айлын гаднаас Довчин гэх хүн мах, шир ачуулсан. Тухайн үед хүнс болон нядалсан мал гэж байсан. Тухайн үед хичнээн ширхэг хичнээн тооны мах ачсаныг мэдэхгүй. Машины тэвш дүүртэл ачсан. Тэгээд явж байтал элсний хаяа гэх газарт явж байтал цагдаа нар болон Зүүнтуруун багийн иргэн С.Батжаргал нар ирсэн. Тэгээд бид нар тэндээ хоноод өглөө машины тэвшин дээрх ачааг буулгахад эвхэж бөөрөнхийлсөн 3 ширхэг арьсыг ялгаж аваад С.Батжаргал энэ арьс миний үхрийн арьстай төстэй байна дэлгэж үзмээр байна гээд аваад үлдсэн. Ямар ямар зүсмийн арьс авч үлдэснийг би сайн санахгүй байна. Улаан зүсмийн арьс байсныг санаж байна. Хулгайд алдсан үхрийн ширтэй адилхан байна дэлгэж үзнэ гэж С.Батжаргал хэлээд Түвшинбаяр хурааж авсан. Дочин өөрөө цуг явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 111-112-р тал/,

14. Гэрч Д.Цэнджаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би хувьдаа ачааны маяти гэдэг авто машинтай бөгөөд Баруунтуруун суманд байж байтал Довчин гэдэг хүн ирж Зүүнтуруун багийн Нисэх гэх газраас идэшний мах ачаад өгөөч гэхээр нь би сумын төвөөс найз Эхнболдыг 2-уулаа цуг яваад хүний мах ачаад ирье надтай хань бараа болоод цуг яваад ирээч гэж гуйж авч яваад “Нисэх” гэдэг газар Чүлтэм гэх айлын гадна очиж үхэр болон бог малын мах, арьс шир ачаад тэвш дүүрсэн ачаа болоод бид нар сумын төв рүү буцаад ирж яваад элсний хаяа гэх газарт ирэхэд сумын цагдаагийн хэсгийн дарга Н.Түвшинбаяр, Зүүнтуруун багийн иргэн С.Батжаргал нар тааралдаж цагдаа нар миний авто машиныг болон тэвшин дээрх ачааг шалгаж үзээд 3 ширхэг үхрийн ширийг ялгаж аваад энэ 3 ширхэг арьсыг дэлгэж үзмээр байна. Миний үхрийн ширтэй төстэй зүс ижилхэн байна гэж С.Батжаргал хэлээд 1 улаан, 1 ягаан, 1 алаг цоохор нийт 3 шир аваад үлдсэн. Учир нь тэр ширнүүд нь бөөрөнхийлж хөлдөөсөн байсан тул дэлгэж үзнэ гээд аваад үлдсэн. Тэгээд бид нар сумын төв орж ирээд ачаагаа буулгах гэхэд Зүүнговь сум руу оруулаад өг тэнд 1 машин аймаг явах гэж байна наадах мах ширийг чинь аймаг оруулна гэж хэлээд Зүүнговь сум руу оруулж нэг ачааны машин дээр аваачиж ачуулсан. Довчин надад хэлэхдээ ах дүү нарын хүнсний мах болох 10 гаруй үхрийн мах 20 гаруй бог малын мах байгаа гэж хэлж авч явсан. Яг хэдэн үхрийн мах шир ачсаныг мэдэхгүй байна. Үхэрнүүдийн толгойг ачуулсан ачсан толгойн зарим арьсыг нь шулчихсан, зарим нь арьстайгаа байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 113-114-р тал/,

           15. Гэрч Ж.Чүлтэмийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Н.Гонгорсүрэн нь нэг нутаг усны мөн эхнэр Цэвээн нь манай хамаатан юмаа. Манай ээж ах нарын хүнсний хэрэглээний адуу, үхрийн 20 орчим бод малын мах, ойролцооны шир ачаад манай ах Довчин гэх хүн аваад явсан. Яг ямар 3 шир хурааж авсаныг мэдэхгүй. Тухайн үед би Улаангом суманд явсан. Миний ах Довчин мах, шир хурааж авлаа л гэж хэлсэн. Манай ээж Буянхишигийнх улаан зүсмийн оодон сүүлтэй үхэртэй бөгөөд түүнийгээ алж нядалсан. Миний болон ахын үхэрнүүдэд ягаан зүсмийн үхэр байгаа. Гонгорсүрэнгийнх манайхаас 4 км зайд байдаг. Батмөнхийнх жаахан зайтай. Батмөнх, Гонгорсүрэн нар нь манайхаар байнга орж гарч явдаг. Шөнө оройн цагаар ирж байсныг санахгүй байна. Гонгорсүрэнгийн эхнэр 10 сарын эхээр байх Улаангом яваад 10 сарын 25-ны үед Гонгорсүрэн ганцаараа байсан тэр үед эхнэр нь байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 115-118-р тал/,

            16. Гэрч М.Лхагва-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ү.Лхамсүрэн гэх ахын 3 тонн хонины мах, 9 ширхэг адууны мах, 5 ширхэг үхрийн мах, 12 ширхэг ямааны махыг бод малын арьс ширтэй нь ачсан ба цаана нь “Хар модны сүв” гэх газарт Цогт-Очир гэх айл дээрээс Чүлтэм гэх залуугийн 13 тооны үхрийн мах, 10 ширхэг хонины мах байснаас 9 ширхэг үхрийн махыг ачаад дахин багтаагүй юм. “Хар модны сүв” гэх газарт ачаа байна гэдгийг Ү.Лхамсүрэн ах надад хэлсэн бөгөөд ачуулсан махны эзэн нь мөн над руу 2016 оны 12 сарын 24-ний өдөр ярьж хэлсэн юм. Би Ж.Чүлтэм гэх залуугийн мах нь багтахгүй болохоор нь яг өөрийнх нь болох 9 тооны үхрийн махыг ачиж хүний борлуулж өг гэсэн гэх 4 үхрийн мах, 10 хонины махыг багтахгүй болоод үлдээсэн юм. Тэр үлдсэн малын мах цаанаа ямар эзэнтэй болох талаар мэдээгүй. Чүлтэм гэх залуу хүн авч яваад борлуулаад өг гэсэн юм. Уг нь багтаагаад аваад явчихсан бол гэж хэлж байсан юм. Тэр Чүлтэм гэх залуугийн ачсан малын 9 тооны арьсыг бүгдийг нь бөөрөнхий болгож хөлдөөсөн арьс байсан бөгөөд ихэнх арьс нь улаан өнгийн зүстэй. Малын арьс байсан санагдаж байна. Би одоо яг ямар ямар зүстэй арьснууд байсныг тодорхой санахгүй байна. Мөн миний машинд багталгүй үлдсэн малын арьс ямар өнгө, зүстэй арьс байсан болохыг мэдэхгүй байна. Тэгээд тэр Чүлтэм гэх залуу 9 үхрийн мах, гэдэс, арьс ширтэйг нь ачиж надтай хамт Улаанбаатар хот руу хамт явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 119-120-р тал/,

          17. Гэрч П.Цэвээний мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2016 оны 9 дүгээр сарын 20-ны үед Улаангом сум руу орж ирээд Тува улс руу гараад буцаж ирээд 11 дүгээр сарын эхээр Баруунтуруун сумын Зүүнтуруун багт байх гэртээ очсон. Гэртээ байж байтал Баруунтуруун сумын цагдаа нар манай нөхрийг хэрэгт холбогдуулан шалгана гээд аваад явсан. Ямар хэрэгт холбогдуулж байгааг нь одоо болтол мэдээгүй байна. Миний нөхөр хэлэхдээ ямар нэгэн хэрэг үйлдээгүй гэж хэлсэн. Н.Гонгорсүрэнг би 10 жилийн урдаас мэднэ бид хоёр гэр бүл болоод 7 жил гаруй 8 дахь жилдээ болж байна. Н.Гонгорсүрэн нь урьд өмнө нь гэмт хэрэг үйлдэж шоронгоор явж байсан боловч ер нь их өрөвч зөөлөн, элдэв муу зуршилгүй архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглээд байдаггүй хааяа нэг найз нөхдийн хүрээнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Гэрийн ойр зуурын ажилд сайн. Мал маллах сонирхолтой тэр утгаараа хөдөө мал дээр гарсан. Одоогоор ам бүл 4 эхнэр миний бие болон 18 настай Бумсайхан, 5 настай Содчимэг нарын хамт Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багт мал маллан амьдарч байгаа. Манай хоёр хүүхэд Улаангом суманд сургууль болон цэцэрлэгт байгаа. Н.Гонгорсүрэнд нас гүйцсэн 1 тугалтай үхэр, 10 тооны хонь, 8 ханатай бүрэн тавилагатай монгол гэр /Улаангом суманд байгаа/ Баруунтуруун суманд 6 ханатай монгол гэр байгаа  өөр эд хөрөнгө байхгүй. Би 10 сард гэртээ байгаагүй. Тухайн үед манай нөхөр Н.Гонгорсүрэн ганцаараа байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 121-122-р тал/,

           18. Гэрч Н.Түвшинбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн С.Батжаргал над руу залгаж “Нисэх” гэх газраас мах ачсан машин гарч явна гэхээр нь би сумын төвөөс гарч Элсний хаяа гэх газарт очиж Д.Цэнджаргалын 37-89 УВХ улсын дугаартай автомашинд үзлэг хийхэд 10 гаруй бод, 20 гаруй бог малын мах 7 ширхэг үхрийн шир байсан бөгөөд улаан өнгийн үхрийн арьсыг сүүлийг нь дотогш хийж эвхэж хөлдөөсөн мөн ягаан, алаг ширнүүдийг ялгаж С.Батжаргалд үзүүлэхэд миний үхрийн ширнүүдтэй ижил ширнүүд байна гэж хэлээд улаан зүсмийн ширний сүүлийг татаж гаргаж ирэхэд хугарсан оодон сүүлтэй байсан. Тэгээд дээрхи 3 ширхэг арьсыг хурааж авсан юм. Гонгорсүрэн ганц гэрээрээ байдаг ойролцоо Чүлтэм, Баавгай гэх айлууд байгаа өөр айлууд байхгүй. Дээрхи арьснуудыг Чүлтэмийн гаднаас ачиж явна гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 123-р тал/,

             19. Гэрч Ж.Довчингийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом сумаас Битүү хавирга хочит Бат-Очир гэдэг хүнийг гуйж оторын гэр, чулуун давс ачаад Баруунтуруун сумын Зүүнтуруун багт хүргэж өгөөч гэж хэлээд түүний УАЗ машиныг хөлсөлж Баруунтуруун сумын Зүүнтуруун багт дүү Чүлтэмийн гэрт 10 дугаар сарын 26-ны үүрээр явж очсон юм. Тухайн үед тэнд цас орчихсон байсан. Чүлтэмийн гэрт тухайн үед Баттогтох /Тоогоо/ гэж дууддаг Чүлтэм гэр бүлийнхэнтэйгээ байсан. Тэнд Бат-Очир гэдэг хүний машиныг ашиглаж өвөлжөө рүү отрын гэр буулгаж, мод ачсан. Бат-Очир 3 хоноод 10 сарын 28-ны өдөр Гонгорсүрэнтэй цуг Улаангом сум руу явсан. Тухайн үед машиныхаа тэвшин дээр Чүлтэмийн гэрээс 2 хонины мах ачаад Улаангом руу явсан. Өөр зүйл ачаагүй. Тэгээд би тэндээ Чүлтэмийн үхэр мал хариулж байгаад 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баруунтуруун сумаас маяти маркийн авто машиныг авч Зүүнтуруун багийн нутагт байрлах Чүлтэмийн гэрийн гаднаас ээжийн 4 үхэр, миний өөрийн 1, Чүлтэмийн 1, нийт 6 үхрийн мах, 3-4 адууны мах ачаад дээр нь тухайн үхэр, адууны ширнүүдийг ачаад Баруунтуруун сум руу явж байтал замд Баруунтуруун сумын цагдаа нар зогсоож 3 үхрийн ширийг хурааж авсан. Баруунтуруун сумын цагдаа нартай цуг С.Батжаргал гэдэг хүн явж байгаад энэ манай хулгайлагдсан үхэрнүүдийн арьс байна гэж хэлээд 3 арьсыг ялгаж авсан. Би тухайн үед өгөхгүй манай идэшний үхэрнүүдийн арьс гэхэд авахгүй бол болохгүй гэж хэлээд авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 126-128-р тал/,

20. Гэрч Ж.Баттогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 10 сард би Баруунтуруун сумын Зүүнтуруун багт дүү Чүлтэмийн гэрт тэдний хашаа хороог нь барилцаад өвлийн ажилд нь туслаад байж байсан. Тэгээд мод ачиж байтал Чүлтэмийн саахалт айл болох Лхагвасүрэнгийн машины бөгс эвдэрч, тасгийн төв гэх газар луу явж сэлбэг авахаар явсан. Тэр үед Лхагвасүрэн, Гонгорсүрэн бид 3 мустанг-5 маркийг мотоциклоор тасгийн төв гэх газарт ирж Дамдинбалжир гэх айлд орж тэндээсээ Лхавасүрэнгийн өвөлжөө  рүү явахаар болсон тухайн үед Дамдинбалжир сумын төв рүү мод ачаад явах гэж байгаад Н.Гонгорсүрэнтэй сумын төв рүү явсан. Лхагвасүрэнгийн эвдэрсэн машин нь тасгийн төвөөс 15км зайнд эвдэрсэн байсан бөгөөд  машин дээрээ очиж машинаа засаж аваад Лхагвасүрэн бид 2 машинтай Нисэх гэх газар явсан. Харин Гонгорсүрэн миний  мотоциклийг унаад ирсэн Н.Гонгорсүрэн замдаа бууж үлдсэн удаа байхгүй ээ. 2016 оны 12 сарын эхээр Чүлтэмийн гадна миний дүү Довчин Чүлтэм бид 3 өөрсдийнхөө болон ээжийн хүнсний малыг нядалсан. Түүн дээр Чүлтэм мөнгө олох зорилгоор өөрийн хэдэн үхрийг нядалсан. Бид 3 нийт ээжийн 4, Довчины 3, Чүлтэмийн 10 гаруй үхэр 7 адуу нядласан юм.  Тухайн үед ижил буруу үхэр мал ирээгүй. Гонгорсүрэн Чүлтэм 2-н гэр хоорондоо 1 км орчим зайтай байсан. Батжаргалын үхэр байсан гээд байгаа газар Нисэх 2-н хооронд 30 гаруй км зайтай. 10 сард алга болсон үхэр 12 сар хүртэл байвал мэдэгдэх боломжтой . Хэрэв Гонгорсүрэн Батмөнх нар хулгайлсан бол өөр газар авч очсон байлгүй нисэх рүү авч очоогүй. Баточир нь Гонгорсүрэнгийн гаднаас ямарч мах ачаагүй. Гонгорсүрэнтэй Улаангом сум руу явсан. Довчин нь Чүлтэмийн гаднаас малынхаа ширүүдийг бүгдийг нь ачсан бас толгойг нь бас ачаад явсан. Би үхэр нядлахдаа яг ч оодон биш ахар сүүлтэй, сүүлнийхэн үзүүрээс жаахан тасарсан үхрийг нядалсан уг үхэр нь миний ээжийн үхэр байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 129-130-р тал/,

             21. Гэрч Б.Цогт-очир мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 12 сарын 20-ны үед би хонинд яваад ирэхэд Нисэх гэх газар Чүлтэм гэх залуу Улаанбаатар хот руу ачуулах гээд малын мах арьс шир ногоон өнгийн  хойноо тэвштэй жийп машинаар ачаад  ирчихсэн манай гэрийн  урд буулгаад  цасаар булж байсан юм. Тэгээд хамт цасаар булалцаж байхдаа ямар учиртайг нь асуухад Улаанбаатар хот ачуулах гэж байгаа юмаа танайхан замд ойрхон болохоор аваад ирлээ. Үүнээс хойш 10 орчим хоногийн дараа байх Чүлтэм манайд өглөө үүрээр ирсэн ба надад Лхамсүрэн ахынд Хуулаа ирж хоносон одоо хүрээд ирэх байх мах ширээ ачуулна гэсэн. Удалгүй гадна шар толгойтой машин ирж мах ширээ ачиж эхлэсэн. Би Чүлтэмийг манай гаднаас хэдэн бодын мах арьс шир ачиж байгааг огт мэдээгүй. Тухайн үед Чүлтэмийн ачиж ирсэн арьс ширнээс толгойг нь мартчихсан байсан. Одоо манай гадна  малын толгой цасанд булаатай байна яг хэдэн толгой байгааг нь мэдэхгүй ээ. Би тэр арьс шир ачсан жолоочийг нь танихгүй ээ машины номерыг нь мэдэхгүй ээ туранхай шар залуу байсан. Тухайн үед Чүлтэмтэй хамт 2 хүн байсан ба нөгөө хүнийг би анзаараагүй ээ” гэх мэдүүлэг /131-132-р тал/,

               22. Гэрч П.Бат-очирын мөрдөн байцаалтанд өгсөн: “2016оны 10 сарын 20-ны үед нэг отрын гэр ачаад Баруунтуруун сум руу оруулж өгөөч хөлсийг нь өгнө гэхээр Буянхишиг гэдэг хүний залуу залуу Довчинтой  Баруунтуруун  сумын  Зүүнтуруун баг руу  яваад тэндээ очоод 2 хоноод буцаад  10 сарын 28-ны өдөр Улаангом сум руу Н.Гонгорсүрэнтэй цуг ирсэн бөгөөд тэндээс нааш явхад хөлс гэж 1 хонь гаргаж өгсөн. Мөн Чүлтэм гэх залуугийн ээж гэр хүргээд өгчих гээд 1 хонь гаргаж  өгөөд  нийт 2 хонины  мах ачиж ирсэн. Бид 2 шулуухан замаар  яваад ирсэн замаасаа салсан удаа байхгүй. Би Гонгорсүрэнгийн гэрийг нүүлгээгүй  миний машиныг Чүлтэм барьж яваад Н.Гонгорсүрэнгийн гэрийг нүүлгээд ирсэн. Би өөрөө хаяа жижиг машинаар таксинд явдаг бөгөөд цагдаагийн газрын үүдэнд зогсож байхад Н.Гонгорсүрэн ирж мэнд ус болоод явсан. Чи юу хийж байгаа юм бэ? гэхэд би хэрэгт холбогдоод шалгагдаж байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /133-р тал/,

              23. Гэрч С.Золбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2016 оны 12 дугаар сарын эхээр 07-09-ний хооронд Зүүнговь суманд нүүрс буулгачихаад Улаангом сум руу явах гэж байтал үдээс хойш Баруунтуруун сумаас маяти маркийн цагаан машин дээр Довчин гэдэг залуу маятины жолооч болон нэг залуугийн хамт ирээд та надад Улаангом сум руу энэ махыг оруулаад өгөөч хөлс мөнгийг нь өгнө гэхээр нь би зөвшөөрсөн юм. Довчин бид хоёр орой харанхуй болсон хойно орж ирээд тэр ээж Буянхишиг гэх айлд махаа буулгаж авсан. Би тухайн хүнсийг хэн хэний хүнс болохыг мэдээгүй. Тэр хэлэхдээ би Баруунтуруун сумаас дүү Чүлтэмийн гаднаас мах ачиж явна гэж хэлж байсан. Зарим нэгийг нь борлуулж хэдэн төгрөг болгоно гэж хэлж байсан. Яг хэдэн малын мах байсныг би мэдээгүй 4 тонн орчим мах байгаа гэж хэлж байсан. Мөн малын гэдэс дотор, арьс шир, толгой зэрэг зүйлс бас байсан. Хээр зүсмийн адууны толгой, улаан зүсмийн үхрийн толгой харагдаж байсан. Яг хэдэн ширхэг толгой байсныг би анзаарч тоолоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 134-р тал/,

             24. Гэрч Д.Алтайгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Н.Гонгорсүрэн нь Улаангом сумын 6-р багийн иргэн Чимэдийн Гантөмөрт 4.891.750 төгрөгний хохиролтой байгаагаас 307.000 төгрөгийг нь төлсөн. Бичил Глобус гэх газарт 384,498 төгрөгний өртэй гэж шүүхийн шийдвэр гарсан байгаа. 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр би Н.Гонгорсүрэнтэй уулзаагүй. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр Н.Гонгорсүрэн ирж надтай уулзаж гарын үсэг зурсан. 2016 оны 11 сарын 18-ны өдөр Бичил Глобус төвийн хохирлыг Н.Гонгорсүрэн нь барагдуулж тэр өдрөө би материалаа хааж Н.Гонгорсүрэнгээр гарын үсэг зуруулсан. Түүнээс өмнө надтай уулзаж байсан удаа байхгүй. Н.Гонгорсүрэн нь улаан зүсмийн гунжин үхэр өрөндөө авч ирж өгч хохирлыг барагдуулсан. Бичил Глобус төвийн эрхлэгч Даваажаргал тухайн үхрийг хүлээж авсан. Би 2016 оны 11 сарын 18-ны өдөр хохирлыг барагдуулсан болохоор түүнээс өмнө хэдэнд Улаангом орж ирснийг мэдэхгүй байна. Н.Гонгорсүрэнгийн хохиролдоо өгсөн үхэрний имийг нь санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 135-р тал/,

           25. Гэрч Д.Дамирангийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 өвөл манайх шадын өвөр гэх газар өвөлжиж байтал Хулаа буюу Б.Батмөнх надаас даага өгнө гэж хэлээд нэг бугуйл авсан юм. Тэгээд би Батмөнхтэй зэргэлдээ өвөлжөөн дээр байсан болохоор таарсан үедээ даагаа өг гэхээр өгнө өгнө гэж явсаар нилээд удчихсан юм. Би 2016 оны 03 дугаар сарын дундуур байх Б.Батмөнхийг зорьж очиж уулзаад даагаа авья гэхэд Батмөнх одоогоор бэлэн байхгүй байна гэхээр нь өгсөн бугуйлаа буцаагаад авчихсан юм. Түүнээс хойш Б.Батмөнх бид 2 хоорондоо наймаа хийлгүй байж байгаад манайх шадын өврийн өвөлжөөн дээр байхад 2016 оны 11 дүгээр сарын эхээр Б.Батмөнх ирэхээр нь би адууны идэш байхгүй болохоор Батмөнхөд ахын дүү хавраас үнэ өртөгийг нь өгье идэшний бага адуу байвал өгөөч гэж хэлсэн юм. Тэгэхэд тэр бага мал бол болох байх гэж хэлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 23 цагийн үед манайд Батмөнх ирсэн юм. Тэгээд Батмөнх надад Дамиран ахаа таны захисан адууг аваад ирлээ гэж хэлсэн бөгөөд тухайн үед харанхуй шөнө байсан болохоор би гарч хараагүй Батмөнх өөрөө эмнэг байдас малын хашаанаас уячихлаа гэж хэлсэн юм. Маргааш нь алахаар гараад харахад саарал зүсмийн зөв гуяндаа ШУ гэсэн үсгэн тамгатай имгүй 3-4 настай байдас гүү байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 138-140-р тал/,

           26. Гэрч Т.Оюуны мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 11 дүгээр сарын сүүлээр шөнө манайд ирсэн ба нөгөө идэшний малыг чинь аваад ирлээ гэж хэлсэн. Тэгээд Батмөнх манайд хоночихоод маргааш өглөө нь манай нөхөр Дамирантай хамт хөтөлж ирсэн саарал зүсний байдас гүүг алалцчихаад хоол унд идэж аваад явсан юм. Хулгайн мал гэдгийг хэлээгүй хаанаас авсан талаар ч асуугаагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 141-142-р тал/,

          27. Гэрч Ш.Сэнгэдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…Батбаяр над руу утсаар яриад манай адуунд байсан С.Батжаргал ахын саарал зүсмийн хязаалан байдас алга боллоо гэж хэлсэн юм. Мөн манай адуу Агиртагийн ард байсныг бүгдийг элсний нүүр дагуулж хөөгөөд Хар модны сүвийн амны хажууд очиж адууг нь орхиод цааш явсан байна гэж ярьсан. Сүүлд Хулаа буюу Батмөнх хулгайлж аваад хүнд алаад өгсөн байна гэж сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 143-144-р тал/,

            28. Гэрч С.Батбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “Манайх энэ жил элсний хаяаны хулганы сүвд өвөлжиж байгаа бөгөөд манай адуунд авга ах С.Батжаргалын хэдэн адуу байдаг юм. Би хэд хоног адуугаа харалгүй байж байгаад харахад С.Батжаргал ахын саарал зүсмийн зөв чих нь хойноосоо сүйх имтэй зөв гуяндаа ШУ үсгэн тамгатай хязаалан байдас алга болсон байсан ба манай адууг бүгдийг нь элсний хаяа дагуулж нилээд хөөж байгаад авч явсан бололтой байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 145-146-р тал/,

           29. Гэрч Б.Мөнхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “Гонгорсүрэн над руу өнгөрсөн намар 11 сарын эхээр хэд хэдэн удаа залгаж хэдэн үхэр байна. Би туугаад оръя манай эндээс нэг машин явах гэж байна болохгүй бол ачаад оръя. Чи 4500 төгрөгөөр авчихаач гэж хэлсэн. Би тухайн үед мах хямдарсан 4000 төгрөг байгаа гэж хэлсэн. Түүний дараа дахин манайх сарлагын мах авч байхад монгол үхрийн мах авч байгаа юу гэж асуусан. Би зөвхөн сарлагын мах авч байгаа гэж хэлсэн юм. Гонгорсүрэн надтай утсаар ярихдаа 10-аад үхэр зарна гэж ярьж байсан санагдаж байна. Баруунтуруунаас авч орно гэж ярьсан. Харин сүүлд 2016 оны 12 сарын сүүлээр Баруунтуруунаас пургонтай мах Улаангом сум руу гарсан сураг дуулаад хэний махыг нь тодруулахад Гонгорсүрэнгийн мах гэж сураг гарсан тул Гонгорсүрэн луу залгахад утас нь холбогдохгүй байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 110 тал/,

           30. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан ¹650 дугаартай “Бүх насны үхэр үнэлсэн” дүгнэлт, тайлан, танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 153-164-р тал/,

         31. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан ¹31 дугаартай “Морь болон морины дагалдах хэрэгслийг үнэлсэн” /шүүгдэгч Б.Батмөнх нь хэрэг үйлдэхдээ ашигласан/ дүгнэлт, тайлан, танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 166-168-р тал/,

         32. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан ¹32 дугаартай “Морь болон морины дагалдах хэрэгслийг үнэлсэн” /шүүгдэгч Н.Гонгорсүрэн нь хэрэг үйлдэхдээ ашигласан/ дүгнэлт, тайлан, танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 170-172-р тал/,

         33. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан ¹08 дугаартай “Мал болон мотоцикль үнэлсэн” /шүүгдэгч Н.Гонгорсүрэнгээс битүүмжилсэн/ дүгнэлт, тайлан, танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 175-179-р тал/,

         34. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан ¹09 дугаартай “Мал үнэлсэн” /шүүгдэгч Б.Батмөнхөөс битүүмжилсэн/ дүгнэлт, тайлан, танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 182-185-р тал/,

            35. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан ¹33 дугаартай “4 настай гүү” /хохирогч С.Батжаргалын/ дүгнэлт, тайлан, танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 187-190-р тал/,

         36. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан ¹51 дугаартай “Бугуйл” /шүүгдэгч Б.Батмөнх хэрэг үйлдэхдээ ашигласан/ дүгнэлт, тайлан, танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 192-193-р тал/,

       37. Шүүгдэгч Б.Батмөнхийн сэтгэцийн талаар актад “Б.Батмөнх нь сэтгэцийн хувьд эрүүл. Сэтгэцийн өвчин үгүй. Б.Батмөнх нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Б.Батмөнх нь хэрэг хариуцах чадвартай” гэх дүгнэлт, танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 200-205-р тал/,

          38. Шүүгдэгч нарт батлан даалтанд өгөх, гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-ийн 206-211-р тал/,

               39. Шүүгдэгч нарын хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 228-237-р тал/,

             40. Хохирогч С.Батжаргал, Б.Энэбиш, Г.Хоролсүрэн нарт учирсан хохирлын тооцоо /хх-ийн 248-250-р тал/,

           41. Шүүгдэгч Н.Гонгорсүрэнг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, түүний хувийн байдлыг тогоосон баримтууд /хх-ийн 238-241-р, 2-р хавтас 18-39, 40-49-р тал /,

          42. Шүүгдэгч Б.Батмөнхийг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, түүний хувийн байдлыг тогоосон баримтууд /хх-ийн 243-247, 2-р хавтас 1-17-р тал/,

            43. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гаргасан ¹128 дугаартай “Үхрийн шир үнэлсэн” /хураан авсан/ дүгнэлт, тайлан, танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 2-р хавтас 108-109-р тал/,

            44. Эд зүйл /эмээл/ таньж олуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-р хавтас 144-147-р тал/,

           45. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  /хх-ийн 52-54/

           46. Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 55-57/

          47. Шүүгдэгч Б.Батмөнхийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн: “Би өөрийн гэсэн гэр оронгүй ганц биеэрээ байдаг бөгөөд миний эгч Эрдэнэцэцэгийн нөхөр болох миний хүргэн ах Даваадоржийн гэрээр амьдардаг. Даваадорж ахынх тус аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багт мал маллаж амьдардаг. 2016 оны 10 сарын 24-ний өдөр би хониндоо явж байтал Зүүнтуруун багийн иргэн Лхамсүрэнгийн хонь Даваадорж ахын хоньтой нийлчхээр нь би хонио салгаж ялгаад байж байтал Лхамсүрэн ирээд би маргааш гэрээ нуурын цагаан гэх газрын намаржааны буйран дээр буулгах гэж байна чи манай хонийг энд манаад хончихоод өглөө Нуурын цагаан руу аваад ир гэхээр нь тэнд хадлангийн гэрт хоноод 10 сарын 25-ны өдөр “Нуурын цагаан” гэх газар Лхамсүрэнгийн хонийг туугаад очиход гэрээ барьчихсан байсан. Би тэднийд байж байтал Лхамсүрэнгийн утас дуугарч яг хэдэн цагт утас нь дугарсан мэдэхгүй үдээс хойш нар хэлбийсэн байсан. Лхамсүрэн утсаа аваад “Нуурын цагаан”-д байна чи хүрээд гэж ярьсан тэгээд би Лхамсүрэнгээс хэн бэ гэхэд Гонгорсүрэн залгаж байна гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байтал Гонгорсүрэн Лхамсүрэнгийн хээр зүсмийн нас гүйцсэн морийг унаж ирсэн. Гонгорсүрэн тэднийд орж ирээд цай уугаад суусан. Би гарч Даваадорж ахын адуу Лхамсүрэнгийн баруун талд байж байхаар нь “Тасгийн төв” рүү эргүүлж туучаад цааш нь “Тасгийн төв” гэх газар орж Гомбо гэх айлд орчихоод буцаад адуу руугаа явж байтал Гонгорсүрэн тааралдаж хоёулаа эндүүр явж байгаад эзэнгүй үхэр адуу байвал авъя гэж ярилцаад “Тасгийн төв”-ийн хойно “Шадын ар” гэх газар очиход эзэнгүй өвөлжөөн дээр ойролцоогоор 30 гаруй үхэр байснаас сувай голдуу үхрийг нь ялгаад 11 тооны үхрийг тууж Лхамсүрэнгийн араар гэрээс 4-5 км зайтай цасны цосхорыг хөөж туугаад “Хар модны сүв” гэх газраэс “Нисэх” гэх газар луу очиж “Ац ухай” гэх газарт байх эзэнгүй айлын өвөлжөө пүнз рүү хийж амыг нь таглаад цааш нь Нисэхийн гол орж Гонгорсүрэнгийнд очсон тэднийд ямар ч хүн байгаагүй. Н.Гонгорсүрэн бид хоёр эхлээд Чүлтэм гэх айлаас хонины гуя аваад гэрт нь орж цуйван хийж идээд тэндээ хоносон. Тэр үед Гонгорсүрэнгийн эхнэр нь аймгийн төв рүү явсан гэж Гонгорсүрэн хэлж байсан. Бид хоёр үхрээ пүнзэнд хийчихээд Гонгорсүрэнгийнд очиход цаг шөнө дунд 12 болж байсан би тухайн үедээ цаг харсан. Гонгорсүрэн үхэр тууж явах замд энэ үхэрнүүдийг зарж борлуулчихаад чамд мөнгө өгнө гэж надад хэлж байсан. Тэднийд хоночихоод 10 сарын 26-ны өдөр Нисэх гэх газарт байх Баавгай гэх айлд очиход тэдний гэрт Улаанбаатар хотоос том охин нь гэр бүлээрээ ирчихсэн байсан бөгөөд Тэс сум руу мэргэн хүнд очино гээд тэр өдрөө Тэс сум руу явсан. Тэгэхээр нь Гонгорсүрэн бид хоёр Баавгайн хүргэн Улаанаагийн гэрт орсон Улаанаа бид хоёрт нэг шил 0.5 литрийн Улаанбаатар нэртэй архи задалж Гонгорсүрэн, Улаанаа хоёр хувааж уусан би огт архи уугаагүй. Тэгээд тэндээ архи уучихаад Гонгорсүрэн Батмөнх /Хулаа/ бид хоёр ечигдер шенө “Шадын өвөр"-өөс 11 тооны үхэр хулгайлж ирлээ одоо үүнийг яах бэ гэсэн тэгтэл Улаанаа ямар үхэрнүүд байна хэний үхэр юм бэ гэхад С.Батжаргалын үхэр гэхэд тэр миний төрөл шүү дээ гэж хэлсэн тэр үедээ дахин үхэрний талаар өөр зүйл яриагүй. Тэгээд тэр хоёр архиа ууж дуусаад Гонгорсүрэн бид хоёр буцаж Гонгорсүрэнгийнд очиход Гонгорсүрэн чи энэ шөнө яв гэхдээ харанхуй болохоор хүн амьтанд харагдалгүй яваад энэ миний унаж яваа Лхамсүрэнгийн морийг тэднийд хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгээд би Гонгорсүрэнгийнхээс харанхуй болохоор нь мордоод Гонгорсүрэнгийн унаж явсан хээр морийг хөтлөөд Лхамсүрэнгийнд аваачиж өгөөд тэндээ хоносон. Лхамсүрэнгийн гэрт очиход тэдний гэрт Бороо Лхамсүрэн нар байсан. Бороо унтаж байхад нь Лхамсүрэнд би таны морийг авч ирлээ Гонгорсүрэн бид хоёр Шадын өврөөс 11 оны үхэр тууж “Ац ухай” руу оруулж эзэнгүй өвөлжөөн дээр хашаад би Гонгорсүрэнгийн гэрт хоноод таны морийг аваад ирлээ гэж хэлсэн. Тэгээд тэднийд хоноод маргааш нь Даваадорж ахын гэрлүү явсан. Тэгээд түүнээс хойш юу ч болоогүй мэт нам жим байж байтал миний эгч Эрдэнэцэцэг намайг чи энэ С.Батжаргалын үхэр хулгайлсан юмуу С.Батжаргал чамайг сураглаад байна гэхээр нь С.Батжаргалыг мэдчихсэн юм байна гэж бодоод С.Батжаргалын гэрт очиж бүх үнэнийг хэлсэн. Лхамсүрэн нь “Тавын бригад” гэх газарт байсан бөгөөд тэндээ хээр морио аргамжиж орхиод нүүсэн байсан тэр хээр морийг Н.Гонгорсүрэн унаж ирсэн. Гонгорсүрэн нь надтай цуг үхэр хулгайлаад туугаад явж байх замдаа би өглөө Дамдинбалжиртай цуг сумын төв орж мод зарчихаад замдаа “Тавын бригад”-ын төвд буухад Лхамсүрэнгийн морь аргамжаатай байхаар нь унаад “Нуурын цагаан” очсон гэж хэлсэн. Би Гонгорсүрэнг тухайн үхэрнүүдийг хаана хаана зарсныг мэдэхгүй. Н.Гонгорсүрэн бид хоёр С.Батжаргалын үхэр гэдгийг мэдсэн. Үхэрнүүд С.Батжаргалын хүргэн Энэбишийн өвөлжөөнд байсан тул тэднийхэний үхэр байна гэдгийг мэдсэн. Эвэр нь хугархай оодон сүүлтэй улаан үхэр, ягаан зүсмийн 2 үхэр, бөөр бүслүүр алаг үхэрнүүд байсан мөн улаан, хурэн үхэрнүүд байсан шөнө дунд явсан болохоор дээрх үхэрнүүдээс өөр үхэрнүүдийн зүсийг нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Н.Гонгорсүрэн нь хээр зүсмийн нас гүйцсэн, эмээл хазаар, ташууртай. Би өөрөө хүргэн ах Даваадоржийн хүү Очирбатын цагаан зүсмийн нас гүйцсэн морийг унаж явсан тухайн үедээ орос хар эмээл, хазаар, ногт, ташууртай байсан. Н.Гонгорсүрэн бид хоёр хоёулаа орос хар эмээлийг мориндоо тохсон байсан сур аргамж авч яваагүй. Миний тухайн үед хэрэглэсэн эмээл, хазаар, ногт, ташуур Даваадоржийн гэрт байгаа. Н.Гонгорсүрэнгийн хэрэглэж байсан эмээл, хазаар, сур, ногт нь Лхамсүрэнгийнд байгаа. Надад нас гүйцсэн 3 гүү, нас гүйцсэн 2 морь байгаа. Энэ адуунууд нь миний хүргэн ах Даваадоржийн нэр дээр тоологдсон байдаг. Мөн би 2016 оны 11 дүгээр сарын 27-ны орой 19 цагийн орчим гэрээсээ өөрийн цагаан өнгийн 10 настай морио унаад ганцаараа Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн Нисэх гэх газарт явж байтал бор азаргатай 20-иод орчим адуу байхаар нь адуун дотроос өөрийн бугуйлаараа бугуйлдаж хул саарал зүсний 4 настай гүү барьж аваад Дамиран гэдэг айлд бугуйлны өртэй байсан түүнийхээ өртөгт өгсөн. Дамиранд өгөхдөө хулгайн зүйл гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 213-221 тал/,

48. Шүүгдэгч Н.Гонгорсүрэнгийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн: “Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Б.Батмөнхтэй цуг нийлж хулгайн гэмт хэрэг хийгээгүй тийм болохоор сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ асуудлыг үнэндээ сайн мэдэхгүй байна. Б.Батмөнх нь яагаад ийм зүйл яриад байгаа мэдэхгүй байна. 2016 оны 10 дугаар сарын 20 гарсан байсан нэг өдөр Лхагвасүрэнгийн машин дээр мод ачаад явж байтал Лхагвасүрэн, Тогоо бид 3 сундалаад Тасгийн төвд Дамдинбалжир гэдэг айлд ирсэн. Би Дамдинбалжирт туслаад сумын төв орчихоо шөнө дунд үүр цайх гэж байхад ирээд гэрт нь жаахан унтаж байгаад Лхагвасүрэн, Тогоо бид 3 буцаад Нисэх гэх газар луу эвдэрсэн машин дээрээ очихоор явсан. Машин дээрээ очиж сэлбэгээ тавьчихаад модоо буулгаад маргааш нь би гэрээ өвөлжөө рүүгээ нүүлгэж буулгасан тухайн үед би ганцаараа байсан. Машины сэлбэг авахын урд өдөр нь Лхамсүрэнгийнд очиж нэг хоносон. Баавгайд тэдний охин нь Дорноговь аймгаас ирчихсэн байхад нэг удаа очиж архи уусан. Тэр үед Батмөнх буюу Хулаа надтай цуг очоогүй...” гэх /хх-ийн 223-227 тал/ мэдүүлгүүд болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

              Шүүгдэгч Н.Гонгорсүрэн, Б.Батмөнх нар нь бүлэглэж 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн нутаг “Шадын өвөр” гэх газраас хохирогч С.Батжаргалын 6 тооны, хохирогч Г.Хоролсүрэнгийн 3 тооны, хохирогч Б.Энэбишийн 2 тооны үхрийг тус тус хулгайлж, хохирогч нарт нийт 5.400.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Батмөнх нь давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын нутаг “Элсний хаяа” гэх газраас хохирогч С.Батжаргалын 1 тооны гүүг хулгайлж, 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг  тус тус үйлдсэн болох нь хохирогч С.Батжаргал, Б.Энэбиш, Г.Хоролсүрэн нарын мэдүүлэг,  гэрч Д.Эрдэнэцэцэг, А.Дамдинбалжир, Ү.Лхамсүрэн, Д.Лхагвасүрэн, О.Оюунгэрэл, Б.Даваасүрэн, Д.Дамиран, Т.Оюун, Ш.Сэнгэдорж, Э.Батбаяр нарын мэдүүлэг, Б.Батмөнхийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан морь, эмээл, тохом зэргийг хураан авах тогтоол, тэмдэглэл, эд зүйл таньж олуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, “Увс Финанс-Аудит” ХХК-ийн “Эд зүйлс үнэлсэн тухай” 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 650 дугаар, 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 31, 32 дугаар, 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 09 дүгнэлтүүд болон шүүгдэгч Б.Батмөнхийн үйлдсэн хэрэг болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

              1. Шүүгдэгч Н.Гонгорсүрэн, Б.Батмөнх нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн нутаг “Шадын өвөр” гэх газраас хохирогч С.Батжаргалын 6 тооны, хохирогч Г.Хоролсүрэнгийн 3 тооны, хохирогч Б.Энэбишийн 2 тооны үхрийг тус тус хулгайлж, хохирогч нарт нийт 5.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тухайд:

           Шүүгдэгч Н.Гонгорсүрэн, түүний өмгөөлөгч нар нь Б.Батмөнхтэй бүлэглэж хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэж, шүүгдэгч Б.Батмөнх нь би уг гэмт хэргийг ганцаараа үйлдсэн, гэхдээ 11 биш 9 тооны үхэр хулгайлсан гэж тус тус шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Тодруулбал, хохирогч С.Батжаргалын “...2016 оны 10 дугаар сарын 24-26-ны хооронд Увс аймгийн Зүүнтуруун багийн Шадын өвөр гэх газарт манай 30 гаруй тооны үхэр бэлчээрт байснаас миний өөрийн 6 тооны, авга дүү Хоролсүрэнгийн 3 тооны нийт 9 тооны үхэр алга болсон. Яг энэ цаг хугацаанд миний хүргэн Энэбишийн 2 тооны үхэр мөн алга болсон. Хулгайд алдсан үхэрнүүд нь зүстэй байсан. Би манай сумын иргэн болох Батмөнхтэй уулзахад Гонгорсүрэнтэй цуг явж танай үхэрнүүдийг хулгайлж авсан гэж надад хэлсэн. Надад хэлэхдээ Гонгорсүрэнтэй цуг яваад Шадын өврөөс туугаад Ац ухай гэх газарт эзэнгүй айлын өвөлжөөнд хашаад Гонгорсүрэнтэй цуг тэднийд хоноод маргааш нь Баавгай гэх айлд очиж Лхагвасүрэн гэх залууд хэлсэн гэсэн...” /хх-ийн 72-76/ гэх мэдүүлэг, гэрч Д.Эрдэнэцэгийн “...2016 оны 10 сарын 24-ний өдөр манай хошоо айл болох Лхамсүрэнгийн хонь тасар үлдэхэд миний дүү Батмөнх түүнийг хүргэж өгөхөөр туугаад явсан. Тэгээд 10 сарын 24-нд яваад 10 сарын 28-ны өдөр гэртээ ирсэн. Батмөнх нь хар зүсмийн морьтой яваад буцаж ирэхдээ миний хүү Очирбатын нэр дээр байдаг цагаан зүсмийн морь унаж ирсэн. ...Манай багийн иргэн С.Батжаргал нь 2016 оны 10 сарын 25-наас хойш үхрээ хулгайд алдсан гэж хайж явсан бөгөөд ...надруу залгаж таны дүү Батмөнх миний алга болсон үхэртэй холбоотой юм шиг байна гэхээр нь би Батмөнхийг очиж Батжаргалтай уулз гэж хэлсэн. Тэгээд ирэхдээ 2016 оны 10 сарын 25-ны өдөр Лхамсүрэнгийн хонь тууж хүргэж өгчихөөд Гонгорсүрэнтэй нийлж үхэр туугаад Гонгорсүрэнд хүргэж өгчихөөд 1 хоноод ирсэн гэж надад хэлж байсан...” /хх-ийн 88-90/ гэх мэдүүлэг, гэрч Д.Лхагвасүрэнгийн “...Тогоо, Гонгорсүрэн нар нь манай саахалт айлууд. Н.Гонгорсүрэн нь гэртээ ганцаараа эхнэр нь байхгүй байсан. 2016 оны 10 сарын 20-ны үед Чүлтэмийн түлшний мод ачаад явж байтал миний 131 маркийн авто машины бөгс эвдэрч сэлбэг хайхаар Тогоо, Н.Гонгорсүрэн бид 3 Тогоогийн мустанг-5 маркийн мотоциклоор “Тасгийн төв” гэх газар ирэхэд Дамдинбалжир сумын төв рүү орох гэж байна. Н.Гонгорсүрэнг цуг яваад өг гэж хэлээд түүнийг аваад явсан. Тэр орой нь Тогоо бид 2 Дамдинбалжирын гэрт хоноод өглөө эрт манай зуслангийн буйран дээр очиж тэнд байсан автомашины сэлбэгийг аваад буцаад ирэхэд Н.Гонгорсүрэн, Дамдинбалжир нар ирчихсэн байсан. Тэгээд бид тэндээсээ мотоцикль дээрээ 3-уулаа суугаад явж байтал Гонгорсүрэн намайг поолинд буулгачих тэнд Лхамсүрэнгийн морь байгаа түүнд хүргээд өг гэсэн. Лхамсүрэн орхичоод нүүсэн гэж хэлээд Тасгийн төвөөс 1км орчим яваад поолинд хээр зүсмийн аргамжаатай идээшилж байсан морины дэргэд буугаад үлдсэн. Тогоо бид хоёр цааш нь Нисэх рүү автомашиныхаа сэлбэгийг аваад явсан. Түүнээс хойш Гонгорсүрэн манай аав Баавгайнд орж ирсэн. Тухайн үед Улаанбаатар хотоос хүмүүс ирчихсэн тэнд би архи уучихсан согтуу байсан. Архи уугаад тасарчихсан байсан болохоор цааш нь юу болсныг санахгүй байна. Гонгорсүрэн ирсэнийг би санаж байна. Маргааш нь хүмүүстэй ярилцахад Батмөнх ах ирсэн гэж байсан...” /хх-ийн 99-101/ гэх мэдүүлэг, гэрч О.Оюунгэрэлийн “...2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Б.Батмөнх, Н.Гонгорсүрэн нар манайд ирсэн. Тэгэхдээ Н.Гонгорсүрэн манайд түрүүлээд алхаад ирсэн. Гонгорсүрэн манайх 2 тухайн үед ойрхон 500 метр орчим зайтай байсан. Гонгорсүрэн ирээд байж байтал Батмөнх цагаан морьтой ирсэн. Гонгорсүрэн миний нөхөр Лхагвасүрэн /Улаанаа/ 2 архи хувааж уусан. Батмөнх архи уугаагүй. Ер нь ч архи уудаггүй. Би аавынд байж байгаад ороод ирэхэд Гонгорсүрэн, Батмөнх, Лхагвасүрэн нар нь юм яриад сууж байсан…” /хх-ийн 104-105/ гэх мэдүүлэг, “...Шадын өвөр гэх газарт ирэхэд ...сэжигтэн Б.Батмөнх нь энэ газарт үхэрнүүд байсан, үүнээс Нисэх гэх газар луу Гонгорсүрэн бид хоёр 11 тооны үхэр таслаж туусан, ...би Гонгорсүрэнтэй цуг хулгайлсан үхэрнүүдээ энд авч ирж нуусан, үүнээс цааш яасныг би мэдэхгүй...” гэх /хх-ийн 52-54/ мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  “...Нисэхээс малын мах, арьс түүхий эд тээвэрлэж Баруунтуруун сумын төв явсан Д.Цэнджаргалын 37-89 УВХ улсын дугаартай Маяти маркийн машинд үзлэг хийхэд ...хохирогч С.Батжаргал, Б.Энэбиш нар улаан, ягаан зүсмийн үхрийн арьсыг миний алдсан үхэрний арьс мөн...” гэсэн /хх-ийн 55-57/ автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүгдэгч Б.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...10 сарын 25-ны өдөр “Нуурын цагаан” гэх газар Лхамсүрэнгийн хонийг туугаад очиход гэрээ барьчихсан байсан. Би тэднийд байж байтал Лхамсүрэнгийн утас дуугарч, Лхамсүрэн утсаа аваад “Нуурын цагаан”-д байна чи хүрээд гэж ярьсан тэгээд би Лхамсүрэнгээс хэн бэ гэхэд Гонгорсүрэн залгаж байна гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байтал Гонгорсүрэн Лхамсүрэнгийн хээр зүсмийн нас гүйцсэн морийг унаж ирсэн. ...Гонгорсүрэн тааралдаж хоёулаа эндүүр явж байгаад эзэнгүй үхэр адуу байвал авъя гэж ярилцаад “Тасгийн төв”-ийн хойно “Шадын өвөр” гэх газар очиход эзэнгүй өвөлжөөн дээр ойролцоогоор 30 гаруй үхэр байснаас сувай голдуу үхрийг нь ялгаад 11 тооны үхрийг тууж Лхамсүрэнгийн араар гэрээс 4-5 км зайтай цасны цоохорыг хөөж туугаад “Хар модны сүв” гэх газраас “Нисэх” гэх газар луу очиж “Ац ухай” гэх газарт байх эзэнгүй айлын өвөлжөө пүнз рүү хийж амыг нь таглаад цааш нь Нисэхийн гол орж Гонгорсүрэнгийнд очсон. Тэднийд ямар ч хүн байгаагүй, эхнэр аймгийн төв рүү явсан гэж хэлж байсан. Н.Гонгорсүрэн бид хоёр эхлээд Чүлтэм гэх айлаас хонины гуяа аваад гэрт нь орж цуйван хийж идээд тэндээ хоносон. Бид хоёр үхрээ пүнзэнд хийчихээд Гонгорсүрэнгийнд очиход цаг шөнө дунд 12 болж байсан. Гонгорсүрэн үхэр тууж явах замд энэ үхэрнүүдийг зарж борлуулчихаад чамд мөнгө өгнө гэж надад хэлж байсан. Тэднийд хоночихоод 10 сарын 26-ны өдөр Нисэх гэх газарт байх Баавгай гэх айлд очиход тэдний гэрт Улаанбаатар хотоос том охин нь гэр бүлээрээ ирчихсэн байсан. Би юу гэж өөрийгөө ялд унагах гэж худал хэлэх билээ. Болсон асуудлыг бүгдийг нь л үнэнээр хэлсэн. Би Гонгорсүрэнтэй цуг хулгайн гэмт хэрэг үйлдсэн, цуг 11 тооны үхэр хулгайсан. Би нутгийн олон жил цуг нэг дор нэг тогооноос хоол идэж өдрий хүрсэн хүнийхээ малыг хулгайлсан үйлдэлдээ маш их гэмшиж бүх зүйлийг үнэнээр нь л хэлсэн...” гэх мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Гонгорсүрэн, Б.Батмөнх нар нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Шадын өвөр гэх газраас хохирогч нарын 11 тооны үхэрнүүдийг хулгайлж, Нисэхийн Ац Ухай гэх газарт байх айлын эзэнгүй өвөлжөөний хашаанд хийсэн үйл баримт нотлогдож тогтоогдсон байна.

       2. Шүүгдэгч Б.Батмөнх нь 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын нутаг “Элсний хаяа” гэх газраас хохирогч С.Батжаргалын 1 тооны гүү хулгайлж, 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тухайд:

            Хохирогч С.Батжаргалын “...2016 оны 11 сарын үеэр манай адууг хариулж малладаг Батбаяр надтай утсаар яриад би хэд хоног адуугаа хараагүй байж байгаад харсан чинь таны саарал байдас алга болчихсон байна, танай Баруунтуруун талаас ганц нэг хүн явсан сураг байна гэж хэлсэн тул тэр хавиар явсан хүн юу байна гэж сураглаад байж байтал Хулаа буюу Батмөнх Дамиран гэх хүнд адуу авч ирж алж өгсөн байна гэж сонсоод Дамирантай очиж уулзахад Батмөнх саарал зүсний хязаалан байдас авч ирж өгсөн, зөв гуяандаа ШУ тамгатай гэж хэлсэн. Тэгээд Батмөнхөөс асуухад тиймээ би мэдсэнгүй төлж өгнө гэж хэлсэн...” гэх /хх-ийн 86-87/ мэдүүлэг, гэрч Д.Дамирангийн “...2016 оны 11 дүгээр сарын эхээр Б.Батмөнх ирэхээр нь би адууны идэш байхгүй болохоор Батмөнхөд ахын дүү хавраас үнэ өртөгийг нь өгье идэшний бага адуу байвал өгөөч гэж хэлсэн юм. Тэгэхэд тэр бага мал бол болох байх гэж хэлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 23 цагийн үед манайд Батмөнх ирээд надад Дамиран ахаа таны захисан адууг аваад ирлээ гэж хэлсэн бөгөөд тухайн үед харанхуй шөнө байсан болохоор би гарч хараагүй. Батмөнх өөрөө эмнэг байдас малын хашаанаас уячихлаа гэж хэлсэн юм. Маргааш нь алахаар гараад харахад саарал зүсмийн зөв гуяндаа ШУ гэсэн үсгэн тамгатай имгүй 3-4 настай байдас гүү байсан...” /хх-ийн 138-140/ гэх мэдүүлэг, гэрч Т.Оюуны “...2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 23 цагийн үед Батмөнх манайд саарал зүсний 4 настай байдас гүү авч ирж өгөхдөө хулгайн мал гэдгийг хэлээгүй...” /хх-ийн 141-142/ гэх мэдүүлэг, гэрч Э.Батбаярын “...Манайх энэ жил элсний хаяаны хулганы сүвд өвөлжиж байгаа бөгөөд манай адуунд авга ах С.Батжаргалын хэдэн адуу байдаг юм. Би хэд хоног адуугаа харалгүй байж байгаад харахад С.Батжаргал ахын саарал зүсмийн зөв чих нь хойноосоо сүйх имтэй зөв гуяндаа ШУ үсгэн тамгатай хязаалан байдас алга болсон байсан...” /хх-ийн 145-146/ гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Батмөнхийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн “...Би 2016 оны 11 дүгээр сарын 27-ны орой 19 цагийн орчим гэрээсээ өөрийн цагаан өнгийн 10 настай морио унаад ганцаараа Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн Нисэх гэх газарт явж байтал бор азаргатай 20-иод орчим адуу байхаар нь адуун дотроос өөрийн бугуйлаараа бугуйлдаж хул саарал зүсний 4 настай гүү барьж аваад Дамиран гэдэг айлд бугуйлны өртэй байсан түүнийхээ өртөгт өгсөн. Дамиранд өгөхдөө хулгайн зүйл гэж хэлээгүй...” гэх мэдүүлгүүд болон Увс Финанс Аудит ХХК-ийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 33 дугаар үнэлгээний тайлан зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Батмөнх нь хохирогч С.Батжаргалын 1 тооны адуу хулгайлан авсан үйлдэл нотлогдсон байна.

Шүүгдэгч Н.Гонгорсүрэн, Б.Батмөнх нар нь бүлэглэн бусдын олон тооны мал /11 тооны үхэр/ хулгайлсан гэмт хэргийн улмаас хохирогч С.Батжаргал, Б.Энэбиш, Г.Хоролсүрэн нарт нийт 5.400.000 төгрөгийн хохирол, шүүгдэгч Б.Батмөнхийн үйлдсэн 1 тооны гүү хулгайлсан гэмт хэргийн улмаас хохирогч С.Батжаргалд 450.000 төгрөгийн хохирол буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд заасан бага бус хэмжээний хохирол тус тус учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэргийн үндсэн /бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан/ болон хүндрүүлэх /бүлэглэн, давтан үйлдлээр, олон тооны буюу 11 тооны бод мал/ шинжийг хангажээ.

 

Иймд Увс аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Гонгорсүрэн, Б.Батмөнх нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан тул шүүгдэгч Н.Гонгорсүрэн, Б.Батмөнх нарыг бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Батмөнхийг давтан үйлдлээр бусдын 1 тооны гүү хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Батмөнх нь хохирогч С.Батжаргалын 1 тооны гүүг хулгайлж, 450.000 төгрөгний хохирол учруулснаа нөхөн төлж барагдуулсан болох нь хохирогч С.Батжаргал, шүүгдэгч Б.Батмөнх нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байх тул энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ.

Харин шүүгдэгч Б.Батмөнх, Н.Гонгорсүрэн нар нь бүлэглэн хохирогч С.Батжаргал, Б.Энэбиш, Г.Хоролсүрэн нарын 11 тооны үхэр хулгайлж, учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулснаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан учир нотлох баримтаар тогтоогдсон хохирол болох 5.400.000 төгрөг, мал эрж хайсаны зардал 300460 төгрөг, унааны зардал 290.480 төгрөг, нийт 5.990.940 төгрөгийг шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн хувааж, шүүгдэгч Н.Гонгорсүрэн, Б.Батмөнх нараас тус бүр 1.620.230 төгрөг (6 тооны үхрийн үнэ 2.800.000/2=1400.000 төгрөг, мал эрж хайсны зардал 300460/2=150.230 төгрөг, замын зардал 140000/2=70.000 төгрөг) гаргуулж хохирогч С.Батжаргалд, 775240 төгрөг (3 тооны үхрийн үнэ 1.400.000/2=700.000 төгрөг, замын зардал 150.480/2=75240 төгрөг) гаргуулж хохирогч Г.Хоролсүрэнд, 600.000 төгрөг (2 тооны үхрийн үнэ 1.200.000/2=600.000 төгрөг) гаргуулж хохирогч Б.Энэбиш нарт олгохоор шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.Батмөнх нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн нас гүйцсэн цагаан зүсмийн морь уналга болгон ашиглан өөрийн эмээл, тохом, хазаар, ногтыг хэрэглэсэн болох нь мөрдөн байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, түүний мэдүүлгээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар хураан улсын орлого болгох нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Н.Гонгорсүрэн нь иргэн Ү.Лхамсүрэнгийн өмчлөлийн нас гүйцсэн хээр зүсмийн морь, эмээл, хазаар зэрэг эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр авч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь мөрдөн байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хураан авсан тогтоол, тэмдэглэл, 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, гэрч Д.Лхагвасүрэн, Ү.Лхамсүрэн нарын болон шүүгдэгч Б.Батмөнхийн мэдүүлгээр нотлогдож байх тул эдгээрийг хууль ёсны өмчлөгчид буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар уналга болгон ашигласан морины үнэ 650.000 төгрөг, хэрэглэсэн эмээлийн үнэ 50.000 төгрөг, хазаарын үнэ 12.000 төгрөг нийт 712,000 төгрөг /Увс финанс аудит ХХК-ийн 2017 оны 1 сарын 17-ны өдрийн 32 тоот тайлангаар үнэлсэн/-ийг шүүгдэгч Э.Гонгорсүрэнгээс гаргуулж улсын орлого болгох үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөртэй, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морь, эд зүйл, морь эд зүйлийн үнэ гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Б.Батмөнхийн эзэмшлийн нас гүйцсэн 3 тооны гүү, нас гүйцсэн 2 тооны морь, шүүгдэгч Н.Гонгорсүрэнгийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикл, нас гүйцсэн эм үхэр, тугал, 10 тооны хонь битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 03, 04-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолуудыг уг шийдвэрийн биелэлтийг хангах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж дуустал хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Гонгорсүрэн, Б.Батмөнх нар нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, тэдгээрт эд хөрөнгө хураахгүйгээр баривчлах ял оногдуулсан тул Б.Батмөнх, Н.Гонгорсүрэн нарт өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2017 оны 6 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэхээр тогтов. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д “цаашид ашиглаж болохгүй эд зүйлийг устгах”-аар зохицуулсан тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан зүсмийн сүүл тасарсан үхрийн шир 1 ширхэг, ягаан зүсмийн үхрийн шир 1 ширхэгийг устгах нь зүйтэй.

                  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-297.5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

             1. Шүүгдэгч Б.Батмөнхийг бүлэглэн тооны мал хулгайлсан, бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлах,

- Шүүгдэгч Н.Гонгорсүрэнг бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

               2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батмөнхөд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 /тав/ сар баривчлах ял, шүүгдэгч Н.Гонгорсүрэнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 6 /зургаан/ сар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

                 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Б.Батмөнх, Н.Гонгорсүрэн нарт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчилсан эдлүүлсүгэй.

               4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батмөнх, Н.Гонгорсүрэн нараас тус бүр 1.620.230 төгрөг гаргуулж хохирогч С.Батжаргалд, 775.240 төгрөг гаргуулж хохирогч Г.Хоролсүрэнд, 600.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Энэбишд /нийт 5.990.940 төгрөг/ тус тус олгосугай.

              5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч Б.Батмөнхийн эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан нас гүйцсэн цагаан зүсмийн морь, хэрэглэсэн эмээл, тохом, хазаар, ногтыг улсын орлого болгож, шүүгдэгч Н.Гонгорсүрэнгээс гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан морь, эмээл, хазаарыг хууль ёсны өмчлөгч болох Ү.Лхамсүрэнд буцаан олгож, түүний үнэ 712.000 төгрөгийг шүүгдэгч Н.Гонгорсүрэнгээс гаргуулж улсын орлого болгосугай.

              6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан, ягаан зүсмийн үхрийн шир 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

      7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч Н.Гонгорсүрэнгийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикл, нас гүйцсэн эм үхэр, тугал, 10 тооны хонь битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 1 сарын 03-ны өдрийн, шүүгдэгч Б.Батмөнхийн эзэмшлийн нас гүйцсэн 3 тооны гүү, 2 тооны морь битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 1 сарын 04-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-уудыг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж дуустал хэвээр үлдээсүгэй.

           8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.6, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Н.Гонгорсүрэн, Б.Батмөнх нь цагдан хоригдоогүй болохыг дурдан, өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

         9. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зїйлийн 303.1, 304 дїгээр зїйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА